Улаанбаатар 1c

Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх 14 арга хэмжээ авна

УИХ:
NPost.mn
2020-04-03 13:10

УИХ-ын дарга ГЗанданшатарт коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр өргөн барилаа.

Засгийн газар өөрийн нөөц бололцоонд таарсан арга хэмжээг оны эхнээс үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийгээд буй.

Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэх аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид