Улаанбаатар 1c

Бусдад санаатаигаар коронавирус халдаавал 15 хүртэлх жилиин хорих ялтай

Хөл, хорио зөрчсөн болон коронавирусийн халдвар авсан байж болзошгүй атлаа бусдад санаатайгаар тараасан иргэдэд дэлхийн улс орнууд ямар шийтгэл ногдуулж буй талаар тоймлон хүргэж байна.

ОХУ- Тус улсын Төрийн дум коронавирусийн эсрэгбагцхуулийн төсөл баталсан. Хуульд зааснаар хэн нэг иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүний амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд долоо хүртэлх жилийн хорих ял ногдуулах багтжээ. Мөн коронавирустэй холбоотой худал,ташаа мэдээлэл тараасан хүнд тав хүртэлх жилээр хорих ял ногдуулахаар болсон байна. Нийслэл Москва хотод хөл хорьсны дараа Оросын бусад бүс нутагт адил арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Сүүлийн үед тус улс дахь коронавирусийн тархалт нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 2400-д дөхөөд байгаа билээ.

БНХАУ- Тус улсын хойд хэсгийн Хэйлунжянь мужийн Ардын дээд шүүх коронавирустэй холбоотой хамгийн хүнд шийтгэлүүдийг ногдуулж байгаа аж. Тухайлбал,

•    Нийгмийн эрүүл мэндэд санаатайгаар заналхийлж, коронавирус тараасан нь баримтаар нотлогдвол ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноох юм байна.

•    Коронавирусийн тархалтын тухай худал мэдээ, хэм хэмжээнээс гажуудсан үйлдэл гаргаж улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн этгээдэд 15 жилийн хорих ял оноох аж.

•    Нийгэмд аюул учруулах зөрчил гаргасан буюу хорио цээрийн дэглэмийг зөрчвөл долоо хүртэлх жилийн ял оноох юм.

Румын- Тус улсын Засгийн газар өнгөрсөн сарын 18-наас хөл хорио тогтоож, коронавирусийн үед дагаж мөрдөх хэд хэдэн тогтоол баталсан. Тогтоолд вирусийн халдвар авсан ч нуун дарагдуулж, санаатайгаар бусдад тараасан тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял ногдуулахаар тусгажээ. Хэрэв тухайн хүнээс халдвар авсан иргэн амиа алдвал 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх гэнэ. Түүнчлэн гаднын улсаас ирсэн иргэдээс асуумж авах бөгөөд худлаа бөглөсөн тохиолдолд нэлээд өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулах аж.

Итали- Тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо хурдацтайгаар өсөж байгаатай холбоотойгоор Итали даяар хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хэрэв хөл хориог зөрчвөл гурван сарын хорих ял оноож, 206 еврогийн торгууль ногдуулах юм байна. Харин санаатайгаар бусдад халдвар тараах гэсэн оролдлогод мөн л хорих ял ногдуулах ажээ.

Саудын Араб- Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн ч холбогдох газар нь мэдээлж арга хэмжээ авалгүй олон нийтийн газраар явсан болон аяллын мэдээллээ үнэн
зөв бөглөөгүй иргэдэд 133 мянган ам.долларын торгууль ногдуулах гэнэ.

Австрали- Хориг арга хэмжээ болон тусгаарлах байрны дүрэм, журмыг зөрчсөн иргэнийг 50 мянган фунт стерлингээр торгож эхэлсэн байна. Харин санаатайгаар бусдад халдаах гэсэн тохиолдолд хорих арга хэмжээ авах юм байна. Г эхдээ яг хэдэн жилийн хорих ял ногдуулах нь тодорхойгүй байна.

Шинэ Зеланд- Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн тусгаарлах байрны дүрэм, журмыг дагаагүй иргэдэд торгууль ногдуулахаас гадна, эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Филиппин- Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте цэрэг, цагдаагийнхандаа хандаж хууль, дүрмийг дагаж мөрдөлгүй эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг шууд буудахыг үүрэг өгчээ. Сүүлийн өдрүүдэд нийслэл Манила хотын захын дүүргүүдэд хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид