Улаанбаатар 1c

Монголын “Чанга гарт”

Энэ цагийн жүдо бөхийн 73 кг-ын жингийн дэлхийн шилдгүүд “Монголын чанга гарт” жүдочноос бэргэдэг байсан цаг саяхан. Олимп, дэлхийн аваргуудыг айлгах болсон Монголын 73 кг-ын шилдэг бөх, гавьяат тамирчин,  олимп, дэлхийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир билээ. Түүнтэй гар зөрүүлэн барилдаж явсан гадаадын бөхчүүд С.Ням-Очирын хоёр гарын атгалт, шууны бярын амтыг мэдэрч ямар сайндаа л “Монголын чанга гарт” хэмээн дуу алдаж байх вэ дээ. Манай С.Ням-Очир хоёр шуундаа тэнхээтэй.  Хөндлөнгөөс харж буй хүнд бярдаж барилддаг юм шиг харагддаг ч жүдогийн сонгодог техникийг эзэмшсэн бөх билээ.  Жүдо бөхийн дүрэм өөрчлөгдөхийн өмнө тэрбээр өмсөх, хонгодох мэхийг голчлон хийдэг байсан бол эдгээр мэхийг хорьсны дараа  үүрэх, тохох, хөмрөх мэхийг  маш чадварлаг, ур чадвараар нисэлттэй, хурдтай, даацтай хийдэг болсон. Ямар ч бөхөөс эмээдэггүй дайчин шалмаг барилддаг нэгэн. Хурдтай, салхитай  барилдаантай учраас заримдаа хий гаргаж өөрийн мэхэндээ явчих гээд байдаг талтай. 

С.Ням-Очир бөхийн  удам дамжсан гэр бүлд өссөн юм билээ. Түүний ээж Г.Пагма гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн болон манай улсын 81 кг-ын шилдэг жүдочин Ази тивийн аварга, ОУХМ  Д.Нямхүүгийн аав Дамдинсүрэн нарын төрсөн дүү. Гавьяат маань 1986 онд Увс аймгийн Тэс суманд төржээ.  Багын л их сэргэлэн цовоо хүүхэд байсан аж. Аав, ээж хоёрынх нь тал бөхийн удамтай болоод тэр үү, багаасаа л бөхийн спортыг сонирхож явсан гэдэг .  Дунд сургуулийн VIII ангид байхаасаа сонин дээрээс бөхийн тухай бичсэн материалуудыг цуглуулж, хайчилбар хийж хадгалдаг байж. Аав шигээ дуу цөөтэй, даруухан нэгэн. Гэхдээ бас их хичээнгүй. Шүлэг бичнэ. Хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” тэмцээнд байр эзэлж, шагнал хүртэл хүртэж явсан аж. Тэр ч бүү хэл, IV ангид, байхдаа тэр үед улсын заан цолтой байсан Б.Ганбатад захидал бичиж байв. Харин Б.Ганбат арслан захианд нь хариу илгээж, багш нь түүнийг ангийнханд нь уншиж өгч байсан дурсамжтай түүх бий. 

Түүнтэй гар зөрүүлэн барилдаж явсан гадаадын бөхчүүд С.Ням-Очирын хоёр гарын атгалт, шууны бярын амтыг мэдэрч ямар сайндаа л “Монголын чанга гарт” хэмээн дуу алдаж байх вэ дээ. Манай С.Ням-Очир хоёр шуундаа тэнхээтэй.  Хөндлөнгөөс харж буй хүнд бярдаж барилддаг юм шиг харагддагч жүдогийн сонгодог техникийг эзэмшсэн бөх билээ.

С.Ням-Очир анх өөрийн аав Р.Сайнжаргалын байгуулсан “Улаан гутал” клубт хичээллэж, Ю.Баттогтох багшийн шавь болж, бөхийн гараагаа эхэлсэн байдаг. Улмаар 2004 онд Улаанбаатарт ирснээс хойш жүдо бөхөөр эрчтэй хичээллэж эхэлжээ. “Алдар” спорт хорооны өмнөөс 2005 онд клубуудын багийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож “шилдэг бөх”-ийн шагналыг хүртжээ. Энэ үеэс эхлэн дасгалжуулагч нарын хараанд өртөн, улмаар  Улсын шигшээ багийн босгыг алхсан аж. Түүний дэлхийн цом, “их дуулга”, “гран при” тэмцээнд үзүүлсэн амжилтыг дурдвал цаг их хэрэгтэй болно. Харин 2010 онд Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд болон 2012 оны Лондоны олимпын дэвжээнд  Нидерландын Элмонттой хэсгийн аваргын төлөө барилдсан барилдааныг онцлох хэрэгтэй байх. 2010 оны ДАШТ дээр Элмонтыг ялбал мөнгөн медаль дээр бууж, цаашаа аваргын алтан медалийн төлөө барилдах боломжтой байлаа. Тэр барилдаанд С.Ням-Очир илүү явж байгаад тохойгоо мултлан, хүрлийн төлөө ч барилдаж чадалгүй  дэлхийн аваргыг орхиж байсан.  Харин “Лондон  2012” олимпод  Элмонттой дахин таарч, хоёр жилийн өмнө авах ёстой байсан медалийн хариугаа түүнээс авч чадсан юм.  Элмонтын ах нь Бээжингийн олимпод С.Ням-Очирын нагац ах Д.Нямхүүг торгуулиар ялж олимпын хүрэл медаль хүртэж байсан гэдэг. Тэгэхээр ахынхаа ч, өөрийнхөө ч медалийг авсан гэж хэлж болох нь хэтрүүлэг болохгүй биз. Нидерландын Элмонт тэр үед ДАШТ-ийн хос мөнгөн медальтай, дэлхийн чансааны гуравт жагсдаг мундаг бөх байлаа. 

Тэрбээр Лондоны олимпын тэгшитгэлд Германы бөх, залуучуудын ДАШТ-ийн хүрэл медальт Кристофер Фоэлкийг хожиж, 16-д үлдсэн. Улмаар Европын аваргын алт, мөнгөн медальт Украины Владимир Со¬роког юүкогоор хожсон билээ. Ийнхүү шигшээ наймд үлдсэн. С.Ням-Очир хэсгийн аваргын төлөөх барилдаанд, огт барилдаан таардаггүй өрсөлдөгч болох Оросын Мансур Исаевтай таарсан. Энэ барилдаанд шүүгч нэлээн эргэлзээтэй байдлаас Оросын бөхийн талд цэвэр ялалтыг заачихсан билээ. С.Ням-Очир үүнд сэтгэл дундуур байсан ч торгуулийн тойргийн хоёр барилдаандаа  АНУ-ын Николас Делпополог юүко, Нидерландын Декс Элмонтыг хоёр торгуулиар сөхрүүлж  Лондоны олимпоос монголын тамирчдын анхны медалийг хүртсэн. Энэ хүрэл медаль үнэхээр “Булган сүүлтэй” байж араасаа хоёр мөнгө, хоёр хүрэл медаль дагуулсан гэдгийг монголчууд мэдэж байгаа.

2013 оны Риогийн ДАШТ дээр Японы дэлхийн аварга Рики Накаяаг цэвэр савсан уран гоё барилдаан жүдогийн ертөнцөд домог болон үлдсэн.  Накаяагийн тархи хөдөлж, дэвжээнээс босож чадахгүй эмчийн тусламж авч байсан билээ. С.Ням-Очирыг Лондоны олимпоос хүрэл медаль хүртсэн тэр торгон агшинд  BBC-ийн тайлбарлагч “Монгол Улсын жүдочин С.Ням-Очир үнэхээр сайхан инээмсэглэх юм. Хэрвээ надаас дэлхийн хамгийн сайхан инээмсэглэдэг хүн хаана байна вэ гэж асуувал би С.Ням-Очирыг зааж өгнө” хэмээн дуу алдаж байсан. С.Ням-Очир эр бяр, хурд хүчээрээ төдийгүй даруухан зан, дулаахан инээмсэглэлээрээ дэлхий нийтийг хайрыг татсан жүдоч. Олимпын медальд хүрэх зам дардан байдаггүй. Маш хүнд хэцүү гэдгийг тэр мэдэж байсан. Гэвч зорилгодоо тэр хүрч чадсан. Монгол Улсаас төрсөн олимпын 20 дахь, Монголын жүдогийн зургаа дахь медальтан болсон.  2015 онд 28 настайдаа Казахстанд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон билээ.   Бөхийн удамтай, спортын олон алдартантай гэр бүлээс гаралтай “чанга гарт” төрмөл авьяастай бөх юм. Түүний эхнэр ОУХМ П.Лхамдэгдийг олимп, дэлхийн аваргын хэмжээний нөөц, чадвартай бөх гэдэг. Тэд зодог тайлаад өнөөдөр гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдарч байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • albaker
    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид