Улаанбаатар 1c

Д.Даваадалай: Би гитараас гадна усан спортод дуртай

Одоогоос 15 жилийн өмнө Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд  хүч түрэн орж ирсэн хамтлагийн нэг нь “Fire”.  Дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн дуучин, гитарчин нь  Д.Даваадалай. Тэдний “Бороонд урсах нулимс” дуу тухайн үед хит болж “Fire” хамтлагийг олны танил болгосон юм. Тэднийг “Харанга”, “Хурд”-ыг залгамжлах, ирээдүйтэй хамтлаг гэж  рок, поп хөгжим, дуу сонирхогчид ам сайтай байдаг. “Fire” хамтлагийн дуучин, гитарчин Дэмчигжавын Даваадалайг “Тамирчин биш, тамирчин” булангийн зочноор урьж ярилцлаа.

-Таны авга ах самбо бөхийн дэлхийн аварга З.Дэлгэрдалай.  Тийм болохоор аав тань, хүүгээ бөх болгоно гэдэг байв уу.  Бөхийн спортоор хичээллэж байсан уу?
-Аавын дүү, миний үеэл ах Зундуйн Дэлгэрдалай самбо бөхийн шилдэг мастер хүн байсан. Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин,  дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга хүн байгаа юм. Аав намайг бөх болох байх гэж бодоод Даваадалай гэсэн нэрийг өгсөн юм билээ. Миний сонирхол урлаг, дуу, хөгжим байсан болохоор, аав нэг их хүчлээгүй. Би бөхийн секцэнд явж үзээгүй. Харин багадаа Хараа голын эрэгт өсөж, усанд их сэлдэг хүүхэд байлаа. Тийм болохоор усан спортод их дуртай. Даанч тэр үед Дарханд усан спортын дугуйлан байгаагүй. Дунд ангид байхдаа олон улсын таэквондогоор долоо хоног хичээллэж үзээд больсон. Манай гэр Ширээн нуруунд байлаа. Таэквондогийн дугуйлан Шинэ Дарханы  Хүүхдийн төлөө төв дээр  орой 18:00 -20:00 цагийн хооронд хичээллэдэг байв. Орой дугуйлангаа  тарахад автобус унаа олдохгүй. Бэлтгэл тараад гэртээ ирэх гэсээр байтал 22:00 -23:00 цаг болчихно. Түүнээс өөр  спортоор хичээллэж байгаагүй. Аравдугаар анги төгсөөд нэг хэсэг фитнесээр хичээллэсэн.

-Таны ээжийн талд алдарт Самбуу дархан, уран гарт Базар, танай өвөө өндөр Бямбаа гээд уран дархчууд бий. Мөн хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, кино найруулагч гээд урлагийн хүн олон. Тэдний дуу, хөгжмийн авьяасыг өвлөн авчээ. Харин дархчуудын  уран гарын чадвар өөрт тань өвлөгдсөн үү?
-Ээжийн талд миний мэдэхээр 3-4 үеийн уран дархан бий. Би өвөөгөө болон Дагдан дархны талаар бага, зэрэг мэднэ. Бусад дархчуудын талаар огт мэдэхгүй. Надад бага зэрэг гарын ур дүй бий шүү. Би гэрийнхээ ойр зуурын жижиг тавилгыг зав гарвал өөрөө хийгээд тавьчихдаг. Нүдний ур, гарын чадвар, сэтгэхүйн мэдрэмж шаардсан зүйл хийх дуртай. Ээжийн талд урлагийн хүн олон бий. Хамгийн наад захын жишээ гэвэл Дарханы “Залуучууд” театрт ээжийн ахынх нь охины хүүхэд хөгжимчин. Мөн дуучин Э.Энх-Эрдэнэ байна.  Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа гуай ээжийн талын хамаатан юм билээ. Г.Бирваа гуайн хүүхдүүд найруулагч, хөгжимчин, хөгжмийн зохиолч хүмүүс. Аавын талд ч гэсэн урлагийн хүн олон. Баянхонгор аймгийн Хөгжимт, драмын театрын дуучин Хандсүрэн гэж хүн бий. Одоо тэр эгч тэтгэвэртээ гараад Дархан хотод амьдарч байгаа.

-Хөлбөмбөг их сонирхдог. “Барселона” багийн фен гэж сонссон?
-“Барселона” багийн фен биш ээ. Анх хөлбөмбөг сонирхож эхлэхдээ Английн багийг дэмждэг байсан. Тэгсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Португалиуд их сайн тоглож Криштиану Роналду ид мандан гарч ирлээ. Манайхаар бол А.Сүхбат аварга шиг уран чадвар гэдгийг мэдрүүлж, харуулдаг байгаа. Тэгээд л Роналдугийн тоглодог “Манчестер” багийг дэмждэг болов.  Роналдуг “Реал Мадрид” рүү шилжихээр нь Реалыг дэмждэг болсон. Миний хувьд хөлбөмбөгийн фенүүд шиг нэг багийг дэмжээд байдаггүй. Хувь тамирчныг шүтэж, тухайн тамирчныхаа тоглож байгаа багийг л дэмждэг.

-Одоо чөлөөт цагаараа ямар спортын төрлөөр хичээллэж байна вэ?
-Спортоор хичээллэх сонирхол их бий. Цаг, зав, боломж, бололцоо нь нэг л бүрдэж өгөхгүй юм. Хүүхдүүдээ ч гэсэн спортоор хичээллүүлэх сонирхолтой байгаа. Хааяа зав гарвал биллиард, теннис тоглодог. Би гитараас гадна усан спортод тун ч дуртай.

-Монголын шилдэг гитарчдын ихэнх нь мэргэжлийн сургууль төгсөөгүй юм билээ. Таны хувьд  яагаад гитар хөгжмийн ангийг сонгон суралцах болов?
-Гадаадад гитар хөгжмийн мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс байдаг. Харин Монголд СУИС-ийг төгссөн анхны мэргэжлийн гитарчин гэвэл би.  Би дунд сургуульд байхдаа гитар тоглож сурсан. Гэхдээ мэдээж сонирхогчдын түвшинд, эхлэн суралцагч байдлаар сурч байлаа. Аравдугаар анги төгсөөд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Би долоон настай сургуульд ороод, III ангиасаа V анги руу үсрээд 16 нас хүрээгүй шахам байх үедээ СУИС-д шалгалт өгсөн юм. Шалгалтын комиссын багш нар “Чиний хоолойны өнгө сайн тогтоогүй байна. Сайн бэлтгэж байгаад дараа жил ирж шалгалт өг” гэсэн. Тэгээд сургуульд орж чадалгүй бүтэн жил хийх зүйлгүй Эрдэнэтэд эгчийндээ өнжсөн. Эрдэнэтийн фитнес клубт хааяа нэг очиж хичээллэдэг байлаа.  Жилийн дараа шалгалт өгөх гээд ирлээ. Тэгсэн СУИС-д анх удаа гитарын анги нээгдэж байгаа үетэй нь таарсан. Гитар хөгжмийн анги сонирхол татаад болдоггүй. Ээж болохоор дуучны ангид шалгалт өг гээд. Ээжтэй ярилцлаа. “Ер нь гитар хөгжим,  дуулаачийн ангид хоёуланд нь шалгалт өгөөд үзье” гэсэн чинь ээж зөвшөөрсөн. Шалгалт өгөөд  хоёуланд нь тэнцчихлээ. Тэгээд өөрийн хүсэл сонирхлыг  дагаад гитарын ангийг сонгосон. Манай ангийнхан төрөл бүрийн хөгжмийн мэргэжлээр суралцаж байлаа. Харин би гитар хөгжмөөр ганцаараа сурч байв. Би драмын оюутнуудтай их сайн найзууд байлаа. Тэд намайг цаашлуулан “Чи гитарын ангийн дарга нь уу. Танайх монтажаа хэзээ хийх вэ. Гитарын ангийнхан, хамт олноороо ангийн  даргатайгаа явж байна.  Ангиараа ариун цэврийн өрөөнд орчих юм аа” гэх мэтээр наргиж, шоолдог байлаа. Онолын хичээл болон лекц орох үед драм, хөгжим, дуулаачийн ангийнхантай нийлж орно. Би СУИС-ийн гитарын ангид таван жил суралцаж байж төгссөн. Миний дараа гитар хөгжмөөр нэг залуу ганцаараа төгссөн байдаг. Түүнээс хойш хэдэн хүн гитараар мэргэжил эзэмшиж төгссөнийг мэдэхгүй.

-Дунд сургуульд байхдаа “Харанга” хамтлагийг шүтэн биширдэг байсан гэдэг. “Харанга” хамтлагийн тоглолтын үеэр тайзан дээр гарч тэдний дууг хамтарч дуулсан түүхээ хуваалцаач?
-Дунд сургуульд байхад аав, ээж хоёр надад магнитфон авч өгсөн юм. Магнитфоноор “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”, “Айзам”, “Өргөө”, хамтлагийн И.Болоож, С.Бархас ахын дууг их сонсдог байв.  1989 онд “Харанга”  байгуулагдахад тэдний дууг сонирхдог болсон. Түүний дараа арай том болоод “Хурд”, “Никитон”, “Чингис хаан” Камертон, “Номин талст” гээд тухайн үеийн Монголын рок, поп урлагийн хамтлаг, дуучдын дууг сонсдог байсан. Намайг аравдугаар ангид байхад “Залуу Монгол” корпорац Дарханы “Залуучууд” театрт “Харанга” хамтлагийг урьж тоглолт зохион байгуулсан юм. “Харанга”-ын ах нар үзэгчдийн дунд “Харанга”-ын дууг хэн сайн дуулах вэ гэсэн шалгаруулалт явуулсан. Үзэгчдийн дундаас 4-5 хүн гарч дуулсан. Нэг жаахан хүү түрүүлсэн юм. Би “Үгүйлэн санана” дууг нь дуулж байлаа. Саяхан надтай “Facebook”-ээр нэг залуу холбогдож баахан хууч хөөрөв. “Ахаа та намайг танихгүй байна уу. Би “Харанга”-ын тоглолт дээр тэдний дууг дуулж түрүүлсэн Энхманлай байна” гэсэн. Оюутан байхдаа би  “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолтыг  “Бөхийн өргөө”-нд үзсэн. Харин үүний дараа “Харанга”-ын 20 жилийн тоглолтод хамтлагаараа тоглож, шүтээн болсон ах нартаа бэлэг барьсан. Саяхан болж өнгөрсөн 30 жилийн ойн тоглолтод орж уянгын дуунаас нь болон хамтлагийнхаа дууг  дуулсан. Одоо ч гэсэн “Харанга”-ын ах нараа шүтэж явдаг. Уран бүтээлээрээ ойр дотно яваадаа баяртай байдаг.

-Оюутан байхдаа рок хөгжмийн урсгал сонирхдог, үсээ урт ургуулдаг байсан. Гэтэл рок хамтлагийн дуучин, хөгжимчин болчихоод  их даруу болжээ. Танай хамтлагийн гитарчин Д.Батбилэг та хоёроос бусад нь урт үстэй. Үүний учир юунд байна вэ?
-Оюутан байхдаа рок, метал рок урсгалын хөгжмийг их сонирхон сонсдог байсан. Метал рок урсгалаар гитар тоглох техник их хүнд, ур чадвар шаарддаг учраас сонирхож эхэлсэн. Түүнийгээ дагаад үсээ ургуулдаг байлаа. Манай хамтлагийн хувьд эхний үед бүгд урт үстэй байсан. Сүүлдээ бидний стиль имиж арай тогтвортой болж, гишүүдийн сонирхол, төлөвшил өөрчлөгдсөнтэй холбоотой байх. Миний хувьд урт үснээс уйдаж залхсан гэж хэлж болно. Богино үстэй толгой хөнгөрөөд амар юм билээ. Ер нь рок хамтлаг гээд заавал урт үстэй байх албагүй л дээ. Хамтлагийн гишүүдийн өөрсдийн сонирхол. Түүнээс, тийм, ийм байх ёстой гэсэн учир шалтгаан байхгүй.

-Танай хамтлаг анх “Сэрүүн” гэсэн нэртээ байсан юм уу. Нэрээ өөрчлөн “Fire” болоод сонсогчдын анхаарлыг татав уу?
-Манайх сэрүүн гэсэн нэртэй байгаагүй. “Сэрүүн” компанийн дэргэдэх “Харанхуй” гэсэн нэртэй хамтлагийн, метал рок сонирхдог залуус байлаа.  Тэгээд “Харанхуй”-гаас  гал асаан гэрэлд гарч  “Fire” болсон юм.  Манай “Fire” хамтлагийн анхны “Араншин”  цомгийг “Сэрүүн” компани ивээн тэтгэж байсан. Биднийг уран бүтээлийг их дэмжиж, туслан ажилладаг компани.

-Сүүлийн үеийн хамтлагууд байгууллагдаад ганц, хоёр жил болоод тарж байна. Гэтэл “Амьд хөгжим”-ийн хамтлагууд арай илүү удаан олон жил оршин тогтнох юм. Үүний цаад нууц нь юунд байдаг вэ?
-Энэ талаар огт бодож байгаагүй юм байна. Нээрээ тийм байна шүү. Амьд хөгжмийн хамтлагууд олон жил оршин тогтножээ. Амьд бодит хөгжим тоглож байгаад нууц нь оршдог байх. “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Нисванис”,  “Мэднис” гээд хамтлаг одоо хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа. Ганц нэг хөгжимчин орж, гарч солигдсон  байдаг юм. Олон жил хамт тоглохоор хамтлагийн гишүүд бие, биенийхээ сайн, муу ааш, араншинг  мэддэг, илүү дотно болдог байх. Энэ нь тэднийг сайн уран бүтээл гаргах, нягтрах гол үндэс болдог байхыг үгүйсгэхгүй.  Манай “Fire” хамтлаг саяхан л байгуулагдаж байсан. Гэтэл одоо 15 жил болсон байна. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа.

-Танай хамтлаг “Араншин” нэртэй анхны цомгоо гаргасан. Тэр цомогт орсон “Ойлгооч”, “Бороонд урсах нулимс”, “Мөрөөдлийн бүсгүй”, “Хэцүү”, “Араншин”, “Миний амьдрал” гээд бараг бүх дуу хит болж чадсан. Түүнээс хойш ахин цомог гаргасан уу?
-“Fire” хамтлаг анхны  “Араншин” цомгийнхоо дараа “Мандан бадраг” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. Мөн “Наашаа, цаашаа”, “Надаас бүү”, “Миний хөрш чөтгөр” киноны “Хүлээлт”дуугаа клипжүүлсэн байгаа. Одоо олон шинэ дуу бий. Эдгээр дуунуудаа удахгүй клипжүүлэн сонсогч, фенүүддээ хүргэнэ.

-Сүүлийн үед гаргасан шинэ дуу, шинэ уран бүтээл гэвэл?
Сүүлд гаргасан уран бүтээл гэвэл, манай гитарчин  Д.Батбилэгийн “Хүсэл” гэсэн уянгын дуу байна. Сонсогчдод хүрсэн сайн дуу болсон. Хурандаа Лувсанравдангийн “Үрсэд минь үлдэх эх орон” гэдэг  шинэ концертод орж “Алсад байгаа 18 нас” дууг дуулсан. Тоглолтын дараа хурандаа болон хурандаагийн танилууд, манай найз, нөхөд “Алсад байгаа 18 нас” дуу чинь гоё дуу байна. Энэ дуугаа бичүүлээч гээд байна лээ. Удахгүй бичлэг хийлгэх бодол бий.

-Шөнийн клубүүдэд гэрээгээр тоглодог гэсэн. Хэдэн клубтэй гэрээтэй ажиллаж байна вэ?
-Манай хамтлаг Улаанбаатарын бараг бүх шөнийн клубт тоглосон. “Их Монгол” клубт хамгийн удаан, олон жил тоглож байна. Мөн “Khan broi”,  “Hard pok”, “River Sounds”, “Stella”, “Vegas”, “Strings”, “Mass”, “Max” клубт тоглодог. Шөнийн клубүүдэд тоглохоор шинэ уран бүтээлийн ажил хаягдаж, хоцрогдоод байгаа учраас сүүлийн үед тоглоогүй. 2020 онд хамтлагийнхаа  байгуулагдсан 15  жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хариуцлагатай жил учраас  уран бүтээлээ чанаржуулах, бэлтгэлээ шамдан хийх шаардлагатай. Үүнд бид анхаарал хандуулан ажиллаж байна. Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дэргэд өөрсдийн бэлтгэлийн байртай болсон.

-Танай хамтлагийн “Бороонд урсах нулимс” дуу хит болсон. Дархансэлэнгийн шүлэгт та бүхэн ая хийсэн гэдэг байх аа?
-“Бороонд урсах нулимс” дууны аялгууг бид  тоглодог байсан. Таарах үг олдохгүй нэлээд удсан. Би Дархан руу явж ирэх үедээ Дархансэлэнгэ ахын шүлгийн дэвтрийг олж ирсэн. Тэр дэвтрээс энэ дууны “Бороо чи ороосой, Нулимс минь урсаасай” гэдэг үгийг олж, үг бадаг нэмж найруулан “Бороонд урсах нулимс” дуу төрөн гарсан юм. Одоо ч хүмүүс их сонсдог юм билээ. Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • albaker
    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид