Улаанбаатар 1c

Иргэд өнжмөл өвсөө хяналтгүй шатааж, цахилгааны үжирсэн утсаа солихгүй байгаагаас зуслангуудад гал гарч байна

Онцгойгийнхон шуурхай ажиллаж, Яргайтад гарсан галыг унтраалаа

Газрын хөрсийг ярж ядан, дөнгөж цухуйж байсан нялх ногоо галд өртөж, тэнгэр өөд тэмүүлэн ургах улиас, гацуур зэрэг модод суурин дээрээ шатан, долоон байшин, нэг хүлэмж юу ч үгүй үнс болж, ойр орчмынх нь газар тэр чигтээ хараар хучигджээ. Энэ бол өчигдөр өглөө 08:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн XIX хороо Яргайтын Богинын аманд гарсан гал түймрээс үлдсэн дүр төрх. Азаар хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй. Галыг хэдийн унтраасан хэдий ч хөл доороос халуу дүүгэж, яарч сандарсан бололтой хүмүүсийн гутлын мөр торойн, шатсан өвсөн дээр гишгэхэд цас чихрахтай адил дуу хадах аж. Урьд нь энд байшин байсныг илтгэх шатсан дүнз, зуух, яндан, төмөр сав суулга, орны пүрш, модонд хадсан хадаас ёрдойн харагдана. 

Биднийг өчигдөр 14:00 цагийн орчимд тус гал гарсан Яргайтын Богинын ам хэмээх газар очиход уулын бэлд байрлах айлуудын арын хэдэн хашаа, байшин шатсан, тэдгээрийн үнс нурам угтсан. Харин хоёр давхар цагаан байшин л ид шидийн мэт, эргэн тойрных нь бүх л байшин шатчихаад байхад зүв зүгээр байх аж. Шатсан газрын эргэн тойрноос бусад хэсэгт өнгөрсөн зун халиуран ургасан өвс өнгөө өөрчилж, өнөө хэр ч тэр хэвээрээ, өвдөг шүргэж байв. Ийн ургасан өвс л энэ удаагийн гал авалзах гол шалтгаан гэнэ. Зуслангийн байшингуудын дундуур машин байтугай явган хүн ч явахад түвэгтэй бөгөөд хаагуур, хэрхэн явах нь тодорхойгүй аж. Гэтэл байшингуудын дундах замаар хоёр хүн ус зөөж явахтай таарав. Тэд бол онцгойгийнхон галд өртөхөөс ам мөлтөс амжиж, аварсан байшингийн эзэд гэнэ.

Гал хаяанд ирээд буцсаныг илтгэх хар толбо байшингийн хойно харагдана. Гэрийн эзэн “Үндэсний телевизийн мэдээ үзээд л гал гарч байгааг мэдсэн. Үүний дараахан хөрш маань энэ талаар залгаж хэлсэн юм. Бүүр манай байшингийн өмнө онцгойгийн албан хаагч яриа өгч байгааг хараад, яаран сандран ирсэн нь энэ. Гал унтарсан гэсэн учраас бага зэрэг тайвширлаа. Гал манай байшинд тулж ирээд, намжсан байна. Байшингийн арын хунгар маань л гал авалзахаас сэргийлж. Мөн онцгойгийнхон түргэн, шуурхай ажилласны хүчинд эд хөрөнгө маань бүрэн бүтэн үлдлээ. Шар өвснөөс болж гал гарсан гэсэн. Өөр тодорхой мэдээлэл байхгүй байна” хэмээв. Тэрбээр гал дахин гарахаас сэргийлж, ус зөөж байгаа нь энэ гэнэ. Мөн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид машинтайгаа эргүүл хийж байлаа. Тэд “Бид гал унтарсны хойно ирж, эргүүл хийж байгаа учраас нарийн мэдээлэлгүй байна. Дөрвөн ангийн 36 алба хаагч газар дээр нь ажилласан” гэв. 

“Хэвтэрт байгаа ханийгаа л байшингаас хэрхэн гаргах вэ” гэж бодсон

Энэ хавь өмнө нь Мэдээлэл, радио, телевизийн үндэсний хорооны зуслан байсан аж. Харин хувьчлалаар газар хувийн мэдэлд шилжжээ. “Урьд өмнө нь энд гал гарч байгаагүй. Харин өнгөрсөн амралтын өдөр нэг айл толгой, шийр хуйхлах гэж байгаад гал алдаж, тэр дор нь унтраасан” гэдгийг оршин суугчид хэлж байлаа. Мөн энд жилийн дөрвөн улиралд амьдардаг Ц.Оюун гуай ойр орчмынхоо айл руу утасдаж, гал гарсныг дуулгасан байна. Хэрэв түүнийг утас цохиогүй бол амралтаараа л ирдэг хүмүүс гэр орон нь шатаад байгааг хожимдож мэдэх байжээ. Ц.Оюун гуай “Намайг гал гарсныг мэдэхэд, онцгойгийнхон аль хэдийн ирчихсэн, ажилдаа орсон байсан. Тэд шуурхай, хурдан ажилласны үр дүнд олон байшинг шатахаас хамгаалж чадлаа. Уг нь манай энэ хавь амгалан, тайван газар. Хүмүүс ихэвчлэн амралтын өдөр ирээд, агаар салхинд амарч байгаад явдаг юм. Гал гарч байхад зарим шатсан байшингийн эзэд ирсэн.

Тэд юу ч хийж чадалгүй, байшингаа шатаж дуусахыг харсан. Байшингаасаа юу ч авч чадаагүй” хэмээж байв. Тэрбээр нөхөртэйгээ хамт амьдардаг гэнэ. Нөхөр нь харвасан учраас хамаагүй хөдөлж чадахгүй. Тиймээс хамгийн түрүүнд “Хэвтэрт байгаа ханийгаа л яаж гаргах вэ” гэж бодсон гэнэ. Онцгойгийнхнхоос “Нөхрийг маань гаргаад өгөөч” гэж хүртэл гуйжээ. Харин тэд “Бид галыг унтраачих учраас санаа зоволтгүй. Харин ч гадаа гарах юм бол даарчих нь” гэсэн байна. Үнэхээр ч хурдан шуурхай ажиллаж, галыг хоёр цагийн дотор унтраажээ.

Оршин суугчдын дунд “Тамхи Батаагийн хамаг хөрөнгө шатсан гэнэ. Хамгийн сүүлийн үеийн зурагт, хоёр ч хөргөгч байсан юм байх. Хамаг үнэтэй цайтай зүйлсээ энд хадгалдаг” гэх үгс өрнөнө. Галын голомт руу машинаар явахад хүндрэлтэй байсан учраас онцгойгийнхон шланк холбож, зайнаас ус шүршиж, галыг унтраасан гэнэ. Цагдаагийнхан ч мөн газар дээр нь ирж, нөхцөл байдлын үнэлгээ хийгээд явжээ. 

Газар дээр нь ажилласан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас энэ талаар тодруулахад “НОБГ-т Яргайтын Богинын аманд өнжмөл өвс, зуслангийн байшин шатаж байгаа дуудлага 08:25 цагт ирсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 74 дүгээр анги дуудлага хүлээн авснаас хойш таван минутын дотор газар дээр нь очсон. Гал хүчтэй газар авч байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Гал унтраах, аврах 10 дугаар анги, 34 дүгээр анги ажиллаж, галыг унтраасан. НОБГ-ын гурван ангийн дөрвөн тасгийн 30 гаруй албан хаагч том, бага оврын 10 автомашинтай ажиллаж, хоёр цагийн дотор галыг унтраасан. Гал түймэрт долоон зуны байшин, нэг хүлэмж шатсан. Хоёр байшин галын дөлд хайрагдсан. 38 өвлийн болон зуны байшинг бид авран, хамгаалж ажилласан. Гал гарсан газар төв замтайгаа харьцангуй ойрхон юм билээ. Тиймээс төв зам дээр том оврын машинуудаа зогсоож, галыг унтраасан. Зуслангийн бүсэд зам, гарц хангалтгүй байдаг. Шуурхай албаны, том оврын автомашин зорчих боломжгүй, хаалт, хашилт хийдэг. Тиймээс бид дуудлагаар явахдаа аль болох зам, гарцны судалгаа хийж, шаардлагатай үед хайс, саадыг авч, үүрэг гүйцэтгэдэг. Галын эцсийн дүгнэлт гараагүй, холбогдох албан тушаалтан, шинжээч, байцаагч нар ажиллаж байна” гэв. 

Онцгойгийн алба хаагчид 38 байшинг гал түймэрт өртөхөөс хамгаалсан нь нэг тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн гэсэн үг. Урьдчилсан байдлаар гал цахилгаанаас болж гарсан байх магадлалтай гэнэ. Цахилгааны утаснаас оч үсэрч, шар өвсөнд гал гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Дөрөвдүгээр сар гарснаас хойш НОБГ-т өнжмөл өвс шатсан 50 гаруй дуудлага ирээд байна. Өнгөрсөн амралын өдрүүдэд л гэхэд энэ төрлийн 34 дуудлага иржээ. Энэ нь дийлэнхдээ иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс үүдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхыг уриалж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид