Улаанбаатар 1c

Мартагдахгүй хүн

Бид танилцаад 36 хоног өнгөрч байна. Түүнээс цаг гаруйханд нь л танилцаж, ярилцаж, Говь-Алтайгаас ирснээсээ хойш утсаар хоёр л удаа ярьснаас өөр харилцаа үгүй атлаа өнө удаан хамт байсан мэт сэтгэлд үгүйлэгдэж, хөгжилтэй яриа, шалмаг хөдөлгөөн, залуу насныхаа гэрэлт өдрүүдийн дурсамжуудаа дуртай нь аргагүй ярин хөхрөх түүний дүр төрх сэтгэлээс ер гарсангүй.

Говь-Алтай аймгийн үүх түүх хийгээд хүмүүсийн аж амьдралын сонин сайхныг мэддэг хөгшчүүлийн төлөөлөлтэй уулзаж, хамгийн гол нь “Ховор нандин түүх эсвэл ховрын ховор яриа” сонсох хүсэлтэй намайг тус аймгийн Улаанзагалмайн хорооны дарга Н.Туул дагуулсаар “Ахмадын өргөө” гэсэн хаягтай нэг давхар байшингийн гадаа очив. Биднийг очоод удаагүй байтал Ахмадын өргөөний модон хаалгыг жаахан хүүхэд дотроос нь түлхээд байгаа бололтой хаалга үл мэдэг доргисноо больж, ахин түлхсээр арайхийн онгойв. Будаг нь арилж, цайрсан саарал модон хаалганы цаанаас ягаан дээлтэй шавилхан эмээ гарч ирсэн нь Дэмидийн Нямжав гуай. Тэрбээр өнөөх том хаалгыг хаангаа “Энэ хаалгыг дийлж онгойлгохоо байж. Хэтэрхий олон орж, гарлаа гэж байгаа юм байх даа” гэсээр ирэв.

Тэр бол Говь-Алтай аймгийн Наран сумын уугуул, энэ нутгийн жаатай хөгшчүүлийн нэг. Ийн хэлсний учрыг түүний яриа түвэггүй батлах биз ээ. Н.Туул даргыг “Нямжав гуай өнөөдөр ахмадууд ямар ажилтай цуглаав” хэмээхэд “Баасан гаригийн уулзалт, бүртгэл болж байна. Аймгийн хэдэн хөгшнөө долоо хоногийн гурван өдөр бүртгэж, нийгмийн ажилд идэвхтэй оролцуулна шүү дээ. Чамайг хүнтэй ирж явна гэхээр би даргаас арайхийн чөлөө авч гарч ирлээ. Ирсэн л бол хурал дуустал чөлөө өгнө гэж гонж шүү дээ” гэв. “Хөгшчүүл ингэж цуглаад юу хийдэг юм бэ” гэтэл “Улс орны амьдрал, эдийн засгийн хямрал, залуусын ажилгүйдэл, ядуурлаас эхлээд засаж, янзалчихаар бүхнийг ярина, зөвлөнө, талцана, санал гаргана. Маргаашийн оройн бүжгээр шинэ тэмцээн юу зохиохоо ч яриад амжина” гэв. Тэгснээ “Манай ахмадын зөвлөлийнхөн бямба гариг бүрт бүжиг зохион байгуулдаг юм. Тэр үеэр хос, вальс, ча ча, диско гээд олон төрлийн тэмцээн зохионо. Хөгшчүүл идэвхтэй оролцоно. Аймгийн бараг бүх настан ирнэ шүү дээ. Бидний гол ажлын нэг нь” хэмээгээд бидний урд орон таягаа бараг тулалгүй алхаж гарав. Ийн явсаар гэрт нь ирлээ.

Ганцаараа амьдардагийг нь илтгэх шиг эргэнэг дээр ганц аяга, хөнгөн цагаан том халбага байх аж. Тэрбээр “Эмээгийнх нь бие жилээс жилд жижигрээд хүүхдүүдийг гуйж байгаад ихэнх тавилга, сав, суулгаа намхан болгуулаад авсан. Өндөр юмны дээр нэг юм тавьчихвал мартчихаад, эсвэл авах гэж нэлээн юм болоод байсан. Энэ жил бүх тавилга маань надтай ижил жижиг болчихоод гарын дор сайхан байна” гэлээ. Биднийг цай, идээгээр дайлсны дараа бурхандаа мөргөчихөөд бараг 50 жил болсон болов уу гэмээр модон сандал дээр суунгаа “За, эмээд нь сонин хэвлэлд яриад байхаар онцын гойд зүйл, амьдралын элдэв сонин хачин чимэг гэхээр юм бараг үгүй дээ” гэв. Тэгснээ “Эмээ нь зээгийнхээ жаахан улаанд нэг баривч оёж байгаа ухаантай. Нүд юм харахаа байж. Гэхдээ бараг дуусгачихлаа.

Одоо дахиж хөх зүү барилтгүй болсноо мэдэрлээ. Өөрийгөө голохгүй янз янзын юм хийх санаатай” гээд инээд алдан авдарнаасаа бидэнд зургийн цомог гарган өгөв. Таних нэг ч хүнгүй, дээр үеийн хүмүүсийн зургийг хэсэг харж суусны эцэст “Та Л.Түдэв, Ч.Лодойдамба зэрэг Говь-Алтайгаас төрсөн мундагчуудтай уулзаж, ярилцаж явсан уу” гэсэнд хоёр жилийн өмнө хатгаж оёсон цэнхэр цэцэгтэй дэрний уутаа барингаа “Хэн нь ч намайг танихгүй. Би тэднийг таньдаг дэлхийн олон сая хүний л нэг нь. Ялгаатай нь нэг нутгийнх. Монголын оюун санааны сор болсон хүмүүстэй нэгэн дор амьдарч байгаа минь бас том хувь юм шүү. Аль аль нь нутагтаа, нутгийнхандаа ойртож, элэгсэтлээ байсан биш дээ. Ном зохиол, үгийн уран, гайхамшгийг нь л уралдан ярьцгаадаг юм. Тэднийг нутагтаа байх үед эмээ нь нэгдлийн малчин явсан юм чинь. Тэрнээс өмнө нь адилхан хүүхдүүд явахдаа биенээ мэдэх биш.

Гэхдээ цөөхөн ард түмнийхээ оюун санааг удирдан чиглүүлсэн мундаг гавьяатай хүмүүс юм шүү. Харин сүүлийн жилүүдэд залуус мэдэхээ байх тал руугаа орж байхыг үгүйсгэхгүй. Юмны учир мэддэг залуу үе ер нь цөөхүүлээ байна шүү” гэв. Хэсэг бодолхийлснээ “Цэдэнбал гуай Монголын төрийг ганцаараа 40 гаруй жил удирдаж явахдаа ард түмнээ торго, тос хоёрт хөлбөрүүлж, өлгийдсөн хүн дээ. Гэтэл одоо дөрвөн жил тутамд Засаг солигдохоор юун ард түмнээ бодох, өөрсдийгөө бодож ч амжилгүй үүрэгт хугацаа нь дуусаад байгаа бололтой. Монголоос гаднын улс оронд анх илгээсэн, сургуульд сургасан сэхээтнүүд Монголыг, монголчуудыг хоёр зуун дамнуулан оюун санаагаар нь тэжээсэн. Одоо хумигдах гээд байна. Эрээвэр хураавар сэхээтнүүд дунд залуу үе таарч будилаад, боловсролыг цэгцтэй, зөв, суугаад эзэмшиж чадахгүй байгаа бололтой юм. Суугаад гэдэгт их учир бий шүү, хүүхээд. Чи юу гэж ойлгож байна” гэж асуухад нь түдрэсхийн “Сууж сурахгүй бол юу ч сурахгүй гэж өвөө маань хэлдэг байсан.

Сууж сурна гэдэгт учир их бий байх тийм үү” хэмээн эргүүлтэл “Ай, одоогийнхоор бол хөгшчүүл, дээр үеийнхэн л сууж сурахын ач тусыг мэдэж, хэлдэг байлаа. Одоо бол хүүхдүүдээ “Номоо бариад суу л гээд байхаас сууж сурахын учир утгыг ойлгуулж, мэдрүүлж байгаа хүн цөөн, бараг үгүй болоод байна шүү” гэв. Түүний энэ ярианаас сэдэл авч “Та хэр сууж сурсан хүн бэ. Өөрийнхөө тухай ярьж өгөөч” гэсэнд “Би сууж сураагүй хүн. Айлын ганц охин юуны сууж сурах вэ. Буурай ээж гэж том өмгөөлөл байлаа. Хүнээр үг хэлүүлэхгүй. Гэхдээ өөрийнхөө эрх хэмжээндээ суулгадаг л хөгшин байсан юм уу даа. Буурай ээж минь байгаагүй бол би өдий дайны сэмбэлзэж явахгүй. Эмээ намайг сургуульд суулгах гэж их үзсэн. Ээж, нэгдлийнхэн мал дээр гаргах гээд буцаагаад аваад ирэх юм чинь. Хүсээд байхад сургуулиас ирээд авчихгүйн хэцүүг яана. Би хэдхэн хоног бичиг, үсэг заалгаад хяналт гээч юмаар ороод 170 үгтэй цээж бичгийн шалгалт авахад ганцхан алдаад шууд тэнцэж байв. Тэгсэн ээж “Миний охин одоо нэрээ бичихтэйгээ болсон юм чинь сургуулиар юу хийхэв.

Малаа малла. Алс нь хэрэгтэй” гээд л тэнцсэн бичгийг минь өвөртлүүлээд, хөтлөөд харьж байлаа. Тэрний хүчинд би нэрээ бичнэ, сонин цоохорлоод уншчихна. Бичиг, эрдмийн араас хөөлгөөгүй хэрнээ ээж, эмээ хоёр минь намайг ажлын араас бол мориор бол амыг нь сул тавиад давхиулчихсан гэхэд болно. Эмээд нь хийж үзээгүй ажил гэж үгүй. Наран суманд нэгдлийн малчин, саальчин, захиргааны галч, хоршооны манаач, сургуулийн галч, төмөр замын техникумд ажилчин, барилгын ажилтан, оёдолчин гээд бараг бүх ажлыг хийж үзлээ. Хийгээд үзчих юмсан гэх ажил үлдсэнгүй. Аан тийм, дарга болж л үзээгүй юм байна гэхэд нь “Хурдан морь унадаг байсан юм биш биз дээ гэхэд “Үгүй чишш. Тэрнээс харин хол байсан. Буурай ээж “Ганц охиноо тэгж баллаад юу хийхэв гээд хурдан морь руу ойртуулаагүй. Буурай ойртуулсан бол би морины хүүхэд болох ч байсан юм бил үү” гээд инээд алдав.

Энэ бүх ажлаас миний сэтгэлд хамгийн сайхан, гэгээн дурсамжтай нь Наран сумын захиргааны галч хийж байсан үе минь. Арван хэдхэн настай мөртлөө Бумба уулыг хүртэл морьтой давдаг байлаа. Тэр үед ёстой л юу л бол юу хийчихээр шижигнэсэн залуу явжээ гэхэд нь “Эмээ, шижигнэсэн залуу явлаа гэж ихэвчлэн эрчүүд ярьдаг шүү дээ. Таниас сонссон их сонин байна. айлын ганц хүүхэд болохоор тэгдэг байх даа” гэсэнд “Алтай нутгийн охины амнаас гарах л үг” гээд яриагаа үргэлжлүүлэн “Халиун, Наран сумын миний үеийн хөгшчүүл одоо дууссан байна. Байгаа хэд нь уулзахаар “Калибр үүрчихээд алхаж явдаг жаахан охин байж билээ” гэж ярьдаг юм. Захиргааны хамаг юм нь хашаанд ил байдаг байсан болохоор буутай хамгаална.

Гэхдээ тэр үед буугаа яаж үүрэх, гохыг нь хэрхэн дарахаа ч мэдэхгүй жаахан амьтанд буу өгч мануулж байсан л байгаа юм. Нөгөө хулгайч, зэлгийч нар нь буугаа дийлэхгүй шахам охиноос айх уу даа. Тэр үеийн хүмүүсийн ухаан, сэтгэхүй гэж огт өөр шүү. Харанхуйд томхон дуугарахад нь л айгаад үүрч явсан буугаа өөдөөс нь шидчихээд зугтааж мэдэхээр турьхан амьтныг хэдэн жил манаач хийхэд нэг ч удаа тэгж айлгаж, ичээгээгүй юм даа. Би тэр үед 15-тай байл уу даа” гээд арьс нь үрчийсэн ч цэвэрхэн, ягаавтар жижиг гараараа хошуугаа даран даран  хэсэг ганцаараа хөхрөв. Тэр үед тохиосон ямар нэг хөгжилтэй зүйлийг санасан нь илт ганцаар хэсэг хөхөрсөнөө “Галч хийнэ гэдэг тийм сайхан ажил биш шүү дээ. Гал түлнэ, мод, нүүрсээр галлана. Утаа, тортог болсон амьтан л буу үүрчихээд өөрийгөө нэг их том хүнээр бодож алхдаг байсансан. Хүмүүс харагдахгүй бол сүүдрээ харж, цэрэг шиг хэсэг алхах дуртай байлаа. Тэр үед энд тэндээс хүн харсан бол яана” гээд хөхрөв.

Ийн ярьж суусан түүнээс “Аав, ээж, буурай ээж чинь яагаад ганц охиноороо тийм ажил хийлгэсэн юм бол” гэх асуулт өөрийн эрхгүй ам давчихлаа. Үүрсэн буундаа дийлдэх шахам алхаж явсан үе нь нүдэнд нь зургийн хальс шиг зурсхийн өнгөрч байв уу гэлтэй хөөрөн суусан Нямжав гуай дуугаа хурааж хэсэг суугаад, бурхныхаа өмнөх хүрдийг эргүүлж, бугуйнаасаа эрхиэ аван амандаа маань хөгжөөв үү гэлтэй бувтнаснаа “Ажилд сургасан хэрэг. Эцэг минь намайг төрөхөөс өмнө гэрээдээ буцсан юм гэнэ лээ. Ижий минь таван хүүхэд төрүүлснээс би үлдсэн гэдэг. Аавыг явснаас хойш ээж хүнтэй бүл болоогүй. Эмээтэйгээ, ээжтэйгээ гурвуулаа л амьдардаг байлаа. Тэрний хүчинд ажлын захтай, юм юм хийж өдий хүрсэн хэрэг. Буурал ээж маань “Ажил л сайн хийж сур.


Миний охин ч хүнээр үг хэлүүлэхээргүй, өөрийгөө даагаад явчихаар хүүхэддээ” гэж л их хэлдэг байсан. Ээж болохоор “Ганцаараа хүнд өөрөөс нь өөр хэн ч тус болдоггүй юм. Чиний сурсан юмыг хэн ч чамаас булааж чадахгүй учраас юм хийж сур. Бусдаас юу ч битгий хүлээ” гэдэг байсан. Бүгдийг өөрөө хийдэг, намайг нэг илүү хөдөл, тэг ингэ гэж байсангүй. Тийм хүний дэргэд байхаар өөрөө бүгдийг хэнээр ч заалгахгүй хийгээд сурчихдаг юм билээ. 11 настай байхдаа надад оёж өгсөн дээлийг нь хонины бэлчээр дээр нууцаар задлаад, цээживч шиг юм хийж өмсөж байлаа. Юм оёж сурах гэж байгаа нь тэр. Тэгээд нууж очсон гоё цээживчээ барааны дор нуучихаад хааяа ганцаараа байхдаа гаргаж өмсөнө. Тэгж байгаад буурал ээжид баригдсанаас хойш дандаа өмсдөг болсон доо. Тэгж явсаар юм оёдог болж, олон ч хүнд дээл, ууж, хүрэм оёж өгсөн дөө.

Би дөрөв төрөөд нэг нь ч бүтээгүй. Дөрвөн нас хүрээд л бурхны тааллыг олчихоод байсан. Өвгөнтэй нийлэх үед хоёр настай охин цуг ирсэн юм. Тэр минь л миний элгийг дэвтээж, эх хүн болгож, түүнээс төрсөн дөрвөн зээ одоо бүр олуулаа болчихоод байж байна. Буруу ярьвал эмээ нь орчлонд ганцаараа хүн. Зөв ярьвал өвгөн минь намайг өдий олуулаа болгож үлдээчихээд бурхан болсон доо. 25 жил болж байна, өвгөн намайг орхиж, тэнгэрт одоод. Одоо байсан бол 90 гарсан өвгөн мод толгойгоо цохиод намайг цаашлуулаад сууж байгаа. Юун бүжиг, бүртгэлийн хуралд явах. Гангар гунгар гээд хоёулаа мал дээр ч байж байж мэднэ” гээд зураг өөдөө нь хараад санаа алдах шиг болов. “Та өвгөнтэйгээ хэрхэн танилцаж байсан тухайгаа ярь л даа” гэхэд “Хүн нэгнийгээ дэргэд байхад юу ч мэддэггүй юм.

Эрхлээд л, уурлаад л , байгаагаа хувааж идчихээд л, хэрэг гаргаж хэрүүл хийгээд л. Хүн тэртусмаа эмэгтэй хүн ямар гэнэн тэнэг байдаг гэж санана. Гэтэл ижлээрээ байгаа хүмүүсийн хамт өнгөрүүлж байгаа цаг мөч бүр ямар үнэ цэнэтэй хэлхээс гэж бодно. Үүнийгээ огтхон ч мэдрэлгүй явсаар явсных нь дараа л нэхэн харуусаж, дурсамж, сайн сайхан үедээ сэтгэлээрээ хүлэгдэж амьдардаг юм байна. Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” гэж ямар үнэн үг гэж санана. Амьдад нь хайрлаж, уучилчихаар зүйлийг уучилж дөнгөхгүй хэчнээн ярьж зовоосон жижиг сажиг гэлтгүй ямар олон юм байдаг юм бэ. Үхсэний нь дараа мянга уучлаад ямар ч нэмэргүй. Үүнийг ганцаараа болсон хөгшчүүл л мэдэх байх. Та нар шиг жаахан хүүхдүүд ойлгох ч үгүй” гэж үгээ тасдаад бор цайгаа дахин аягалах нь чимээ аниргүй болсон гунигтай уур амьсгалыг эвдэн сарниулав.

Таныг Говь-Алтай аймгийн Халиун сумыг анх байгуулахад тэнд байсан гэж сонссон гэхэд “Лодой дарга тэр үед залуучуудыг үгүй мөн сайхан нэгтгэж, хөдөлмөрлүүлж чадсан. Эмээ нь Халиун сумыг төвхнүүлсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Дарга, даамал болж, удирдах албан тушаал хашиж, хүмүүст үүрэг өгч яваагүй ч өөрийн чадах хар бор бүхий л ажлыг хумьж, хугасалж явсан. Нарангаасаа илүү Халиун сумандаа очих дуртай. Гэхдээ сүүлийн хэдэн жил очсонгүй. Өвгөнийг талийдаг болсоноос хойш охин намайг нааш нь авчирсан. Эхэндээ хүн танихгүй хэцүү байсан. Ямарсайндаа охин “Ээжийг яаж гадуур гаргая даа. Юм оёж өөрийгөө ядраагаад дандаа гэртээ суучих юм” гэж байсан. Одоо бол бараг яаж ээжийг гэрт нь байлгая даа гэхээр найзуудтай болсон.

Найз, нөхөд, танилтай болоход аймгийн Улаанзагалмайн хороо их тус болсон. Би огт ганцаарддаггүй. Адаглаад л гэртээ байхдаа хүртэл урд, хойд хашааны хөлтэй, хөлгүй хэдэн ахмадынхаараа ороод хэд гурван үг солиод суучихаж байгаа юм. Нэг буянтай хүү бий. Бүрэнбилэг гэж, улаанзагалмайн сайн дурын гишүүн. Намайг асарч, тойлдог юм. Миний төөрсөн хүү юм уу гэж заримдаа боддог. Шөнө орой гэлтгүй гэртээ хийсэн хоолоо “Сайхан амттай болохоор таныг идэг гээд аваад ирлээ” гэсээр гүйгээд ирнэ. Гэр ганцаараа буулгаад угаагаад, янзлаад бариад өгчихнө. Баяр, ёслол болохоор гэр орон цэвэрлээд, таваг хүртэл засаж өгнө. Нэлээд хоногийн өмнө хот явчихсан чинь алга болчихлоо. Би саяхан утсаар “Чи чинь яагаад намайг хаяад алга болчихов оо. Би өнчирч байна шүү дээ.

Би юм бүгдэд өөрөө явах болоод байна. Таяг байгаа ч сүйдтэй дэм болохгүй юм. Чи ирээч” гэсэн чинь “Удахгүй очно оо. Биеэ бодоод, цай хоолоо сайн идэж, уугаад байж бай” гэсэн. Хэдэн ааруул хадгалж байгаа. Нөгөө зээ нарын жоохнуудаас нуух гэж том ажил ундарч байна. намайг эзгүй хойгуур хийсэн газрыг минь мэдээд идчихвий гэж бодож орж ирдэг болсон. Түрүүн орж ирээд шалгаж үзсэн, хэвээрээ байна лээ. Бид үйл заяагаар учирсан байх. Өөрөө аав, ээжтэй, ах дүү олонтой атлаа намайг өөрийнх юм шиг хайрладаг юм” гэв. Бидний энэ яриаг сонсож суусан Н.Туул эгч “Улаанзагалмайн сайн дурын ажилтнууд маань хөгшчүүлдээ хүүхэд шиг нь л хандаж, халамжилдаг. Тохоож өгсөн үүрэг биш атлаа л сэтгэлийнхээ дуудлагаар бүхнийг хийдэг нь сайхан байдаг” гэлээ.

Нямжав гуай “Эмээ нь өдий наслахдаа сонины сурвалжлагчид өөрийнхөө тухай яриад сууна гэж огт бодож байсангүй. Гэхдээ залуудаа радио сонсоод “Надаас ийм юм асуувал ингэж хариулна” гэж дотроо нууцхан боддог л байлаа. Үнэхээр бодож, санаж явбал бүтдэг гэж үнэн юм” гэхэд нь “Та тэр үедээ өөрөөсөө юу гэж асуувал ингэж хариулна даа гэж боддог байсан бэ” гэвэл “Сурвалжлагч надаас таны мөрөөдөл юу вэ” гэж асуувал “Эмч болох” гэж хариулна гэж боддог байлаа” гэсэн юм. Ярилцлагынхаа төгсгөлд түүнээс “Одоо таны мөрөөдөл өөрчлөгдсөн үү” гэхэд “Ирэх насандаа хүүхдийн эмч болно” гээд инээсэн.

Харин “Эргээд очих боломж байдаг бол аль насандаа очмоор байна” гэсэн асуултад маань “Калибр үүрсэн 15 насандаа л очно доо. Тэр үед би анхны цалингаараа ээж, буурай ээж хоёртойгоо одоогийн яриагаар тансаглаж, ёстой л уулыг ч эргүүлэхээр их урам зоригтой байсан санагддаг юм” гэж билээ. Нямжав гуайнхаас гараад буцах замдаа Н.Туул эгчээс “Та яагаад заавал Нямжав гуайг онцолж, зааж өгсөн юм бэ” гэхэд “Сургуульд сурч, мэдлэг боловсрол эзэмшиж, ажил эрхэлж, хамт олонтой явж, үр хүүхэдтэйгээ жаргаж суугаа хүнийг хаанаас ч олж болно шүү дээ. Харин өдий наслахдаа нэг ч удаа “Би ганцаараа, намайг тордож, асар” гэдэггүй, зовлонгоо дотроо хадгалж, хүмүүст сайн сайхныг өгч явдаг ийм их хатуужилтай, ухаантай хүн ховор таарах байх л гэж бодсон юм.

Аймгийн хөгшчүүлийнхээ дунд нэр хүнд сайтай, ядарсанд их тусархаг. Өөрийнх нь хөл өвддөг хэрнээ хөл нь өвдсөн найз эмээдээ нэмэр болно гээд аяга, шанагыг нь ч болтугай угааж өгөөд сууж байдаг. Миний л хувьд түүнтэй танилцаад 10 гаруй жил болж байгаа ч ийн ярьж суугаа нь, аливаа юмны голыг олж хэлж, хүмүүст зөвлөдөг нь огтхон ч мартагддаггүй” гэв. Түүний зөв байсан. Түүнтэй нэг л удаа уулзсан бол тэр хэзээ ч, хэнд ч мартагдахгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид