Улаанбаатар 1c

Э.Очирсайхан: Мэргэжилдээ дурлаж, сэтгэл зүрхээ зориулж явна

Дуурийн залуу дуулаачдын “Bella Voce” олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт,  Италийн “Интернэйшнл опера студи”-ийн дуучин Эрдэнээгийн Очирсайханыг “Шинэ танил”-даа урилаа

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?
-Би Дархан уул аймгийн Дархан суманд төрж өссөн. Цэцэрлэгт байхаасаа  дуулдаг байсан. Урлагийн үзлэг, уралдаан тэмцээнд их орно. 2010 онд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид элсэн суралцсан. Анх зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийнхаа шавь болж, МУГЖ  Ж.Үнэнхүү багшийн удирдлага дор сурч, дуурийн дуучнаар төгссөн. Өнгөрсөн онд магистрийн зэргээ хамгаалсан.

-Багаасаа ,дуурийн дуучин болохыг мөрөөддөг байсан уу?
-Тухайн үед нийтийн дуу хит болж, МУГЖ Б. Болдбаатар,  МУГЖ С. Жавхлан, МУГЖ Т.Баясгалан  зэрэг  дуучдын дууг сонсож, даган дуулж өссөн. Мэргэжлийн сургуульд сурч, энэ мундаг дуучид шиг болно гэж боддог байлаа. Хөгжим бүжгийн коллежид элсэхээр очтол нийтийн дуучны анги гэж байдаггүй. Дуурийн дуулаачийн анги байв. Энэ ангийг  төгсөгчид сонирхлын дагуу нийтийн дуу дуулдаг гэдгийг  тэгэхэд ойлгосон. 

-Та мэргэжилдээ үнэнч үлджээ. Энэ мэргэжлийн юунд тэгтлээ татагдав?
-Анхнаасаа дуурийн дуучин болно гэж бодоогүй ч суралцах хугацаандаа мэргэжилдээ дурлаж, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулж явна.  Дуурийн урлаг бол цаг хугацааны урлаг. Тухайн үеийн тайз, чимэглэл, найрал дуучид, симфони хөгжим, үзэгчид дахин давтагдашгүй. 100 хувь амьд урлаг гэдгээрээ онцлог.  Тэгэхэд нэг санаандаа хүртэл сайхан дуулж билээ гэж бодогдох сайхан мэдрэмж байдаг.

-Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцаач?
-Оюутан байхаасаа гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргаж байсан. Заримаас нь дурдвал, 2012 онд ОХУ-ын  Москва хотноо болсон залуу дуурийн дуучдын “Bella voce” олон улсын уралдаанд IV байр, 2013 онд тэргүүн байр, 2014 онд СССР-ын Ардын жүжигчин Л. Л. Линховойны нэрэмжит уралдаанд III байр, 2018 онд Хятад улсын Нингбо хотын Олон дуурийн дуучдын уралдаанд шилдэг тавд шалгарч байсан.

-Таныг Италийн студид ажилладаг гэж сонссон?
-Би 2015 онд Италид дуурьт дуулах уран бүтээлчийн шалгаруулалтад оролцож “Үнсгэлжин” дуурийн ханхүүгийн туслахын дүрд тэнцэн Ромын их театрын тайзнаа дуулж, 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан белканто арга барил, итали хэлний дуудлагаа сайжруулсан. 2016 оноос Италийн “Интернэйшнл опера студи”-д гэрээт  дуучнаар ажиллаж байна. 2018 онд Итали улсын Фожжиа, Сан Северо, Бари, Перужа, Неаполь зэрэг зургаан хотод  Дж. Вердигийн “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрд найман удаа тоглосон. 

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн зохицуулдаг вэ? 
-Төлөвлөгөөт тоглолтыг гурван сарын өмнө мэдэгддэг. Уран бүтээлчид тус тусдаа бэлтгэл хийж байгаад сарын өмнө цуглаж, нэгдсэн бэлтгэл хийдэг. Дуучин хүнд байгалиас заяасан хоолой, авьяас байгаад хангалтгүй. Өдөр бүр бэлтгэл хийх хэрэгтэй.  

- Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцвал ?
- Эх орондоо байх хугацаандаа нийтийн дууны чиглэлээр ажиллаж байгаа. Саяхан “Орхон нутаг” дуугаа үзэгчдэд хүргэсэн. Түүнчлэн “Covid-19” хурдацтай тархаж буй энэ үед хүмүүсийг эх дэлхийгээ хайрлахыг уриалах “Алтан дэлхий бидний нутаг” хэмээх дуугаа тун удахгүй хүргэнэ. Мөн өнгөрсөн сарын 27-нд олон улсын театрын өдрөөр Залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Очир” нэртэй продакшнаа байгуулсан.

-Таны зорилго юу вэ?
-Энэ онд гадаадын гурван дуурьд тоглох төлөвлөгөөтэй  байсан ч өвчний улмаас цуцлагдсан. Монголд дуурийн урлаг жил ирэх тусам хөгжиж байгаа  ч шимтэн сонсдог үзэгч цөөхөн. Эх орондоо дуурийн урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дагва овогтой Буриад.
    Маш сайн бна Урлагт сэтгэл итгэл зүтгэлтэй байж. Санасандаа хүрэх зорилгоо биелүүлэх ёстой. Дүүдээ Баяр хүргэе амжилт.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
Нийтлэлчид