Улаанбаатар 1c

Баян-Уул, Баяндунгийн талд цагаан зээр л цав цагаан

ХАЛИУРАХ ӨВСГҮЙ ХАРЛАХ БАЯН-УУЛЫН ЭНГЭР БЭЛЭЭР

Өдөржин давхисаар Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн зурваст туллаа. Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид бие бүрэлдэхүүнээрээ түймрийн голомтод ажиллаад бууж байхтай  нь бид таарав. Гурван өдөр ойн түймрээ цурамлаж, аюулгүй болгосон алба хаагчид ОХУ-ын хил рүү “хийсчихсэн” түймрийн араас сэтгэл зовниж, хамтарсан баг гарч хүч нэгтгэсэн гэдгээ онцоллоо. Түймэр Оросын хил рүү 5-7 орчим км орчихжээ. Түймэр асаж буй хилийн цаад руу саравчилбал хар утаа нүүгэлтэн уугисаар л.

Тэнгэр газрын завсраас олгойдсоор байх утаа санаа амрах болоогүйг илтгэх бөгөөд нүд цуцам шаргалтсан зэгст хөндий нэлэнхүйдээ өнжмөл өвсний тортогт хучигджээ. Хөл дор бургих тортог задгай салхинаа хийсэж, зээр нь харагдахгүй нөмөрчихдөг халиурсан их өвс үндсээрээ үгүй болжээ. Хүн, машины чимээнээр хаачихаа мэдэхгүй үргэн, сортолзох цагаан зээр харласан талд сувдран цайрах нь Баян-Уулын баруун суганд амьдрал дуусаагүйг илтгэх мэт. Гэвч хангай дэлхий түймрийн утаанд хөхрөн суунагтах нь сэтгэл өвтгөнө. Халиурах өвсгүй харлах Баян-Уулын энгэр бэлээр асгасан сувд шиг цайрах зээрийн сүрэг уй гашуудлаа зарлах мэт энд тэнд тонголзох нь уйтай. 

Манай сонины сурвалжлах баг энэ сарын 15-ны 12:00 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын хилийн отряд дагуу гарсан ой, хээрийн түймрийн голомтод өнгөрөгч амралтын өдрүүдэд ажиллаад ирлээ. Биднийг тус сумын нутагт очих үеэр хилийн 0275 дугаар ангийн Ар тал, хангалтын дарга, хошууч Б.Бямбасүрэн хэллээ. Тодруулбал, “Манай отрядад түймрийн дуудлага энэ сарын 15-нд ирсэн. Үүний дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг түймрийн голомтод ажилласан. Ингээд хоёр дахь өдөр нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бүлгээр хүч нэмсэн ч салхи хүчтэй салхилаад хурд нэмэгдээд байсан тул дахин дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг илгээсэн. Одоогоор гал бүрэн унтарсан. Хилийн зурваст гарсан энэхүү түймэрт нийт гурван машин, 26 хүн ажиллалаа. ОХУ-ын хил рүү гал 7-8 км орчихсон харагдаж байгаа. Бид хилийнхээ баруун талыг барьж, цурам тавьж галыг бүрэн унтраалаа. ОХУ-аас долоон хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хил дагуух зурвас дээр ажилласан. Бидний авсан мэдээллээр ой хээрийн түймэр Баяндун сумын нутаг, Халиун гэх газраас гарсан байна” гэв.   

 ТАХИЛГАТ ДУН УУЛ НОГООН ХҮРМЭЭ ТҮЙМЭРТ ӨРГӨЧИХЛӨӨ

“Үлээгчээ аваад яваарай, гурван хэсэг болж явцгаая. Цурмынхаа зүүн энгэрийг угтуулж унтраая. Хүрз, цохилуураа авцгаагаад бушуу хөдлөе” гэх залуусын яриа Дун уулын энгээр хадна. Хуйларсан улаан гал дунд Түргэн багийн 60 орчим малчин залуу дөрөв дэх өдрөө ажиллаж байгаа нь энэ. Бид Баян-Уул сумаас Баяндунг зорьж ирсэн нь энэ. 

“Буриад зон модгүй болчихлоо доо. Баян хангай минь шатаж байна. Бид дөрвөн өдөр хүч нэгтгэн түймрийг цурамлаж байна. Шөнө, өдөргүй  цурмаа манаж, Дун ууланд асаж байгаа их түймрээс хохирол багатай гарахаар зүтгэцгээж байна. Түймрийн аюулыг намжаахаар ажиллаж байгаа бидний дунд дөрвөн өдөр гэртээ хариагүй залуус бий.  Манай Дун уулын ар, өвөр бэлийг хучсан энэ ой бол Дорнодын модны нөөцийн 70 гаруй хувийг дангаараа хангадаг. Харамсалтай нь, дөрвөн шөнө, таван өдөр дамжиж гарсан ой, хээрийн түймэрт Дун уул ногоон хүрмээ өргөчихлөө. Даанч баян хайрхан даа. Баяндунгийн шаргал талыг бид өдөр шөнөгүй манасаар цурамлачихлаа. Хайрхан уулын мод л ойрын арав, хорин жил нөхөн сэргээгдэхээргүй шатаж байна. Өвсөт тал минь эхний чийгээр л тэжээгдээд сэргэчих нь л дээ” хэмээн Ц.Цэдэн-Иш гэх гуч гаруй насны залуу хархүү халаглана. Тэрбээр Баяндун сумын Түргэн багийн малчин. 

Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө бид нутгийн 60 гаруй залуустай хээрийн түймрийг цурамдаж хонолоо. Тэд хоёр цаг тутамд нэгдэж ар гэрийнхнээсээ ирүүлсэн хоол, цай, буриад талхаа идэж, хүрз, цохилуур, үлээгчийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгацгаах юм. Нутаг орныхоо төлөө хэн ч хэлээгүй байхад өөрсдийн зүрх сэтгэлээр нэгдэж, зохион байгуулалтад орсон тэдний гол унаа нь хятад мотоцикль. “Шатахуун бага зарцуулдаг энэ унаагаар л хээрийн түймрийг унтраах их ажил нугарч байна. 20-иод мянган га газар шатчихлаа гэж бид таамаглаж байна. Энэ хэмжээний газрыг цурамлахын тулд мотоцикль, залуучуудын нэгэн цул сэтгэл хоёр шиг хэрэгтэй “зэвсэг” бидэнд алга гэж тэд ярина билээ. 

Нутгийн залуусын хүч, хөдөлмөрийг бахдахгүй байхын аргагүй байлаа. Буриад зон гэдэг юутай тэнэгэр сэтгэлтэйг ой, хээрийн томоохон гамшигт түймрийн халуун цэг дээр ажилласан хоёр өдөр, нэг шөнийн нөр их зүтгэлээс тод харагдлаа. Баяндунгийн малчин олон түймрийн гамшигт үзэгдэлд ямагт бэлэн байдаг гэв. Учир нь, 2015 онд Дун ууланд гарсан их түймэр Буриад зон олонд том сургамж болжээ. Онцгой байдлын гурван алба хаагчийн амийг авч одсон харуусалт их түймрийн балаг Баяндунгийнханд болгоомж, сэрэмж бий болгосноос гадна нэгдэн нийлэхийн давуу талыг ойлгуулжээ. Бэлчээр, газар нутаг, ойн сан бүхий тахилгат уулаа хэрхэн түймрийн гамшгаас хохирол багатай авч үлдэх вэ гэх нэгэн зорилго, ухамсартай болгосон гэнэ. Малчин бүрт нутаг, усаа гэх халуун сэтгэл бий учраас Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул сумын нутгаас залуучууд сайн дураараа ирцгээж гамшгийн голомтод ажиллацгааж байгаа нь энэ байлаа. Энэ тухайгаа “Баяндун сумын I багийн малчин Ц.Буянцог ийнхүү ярилаа. 

“Баяндун сумын Халиун уул, Бэлчирийн үзүүр гэх газар ассан түймрийн голомтод орон нутгийн залуучууд тав дахь хоногтоо ажиллаж байна. Бидний 60 орчим залуусаас гадна Дорнод аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-аас томоохон баг гарч ажиллаж байгаа. Түймрийн бүсээс хоёр км-ийн зайд эхний айл байгаа учраас бид аюулгүй байдлыг хангаж, нойр, хоолгүй галыг унтраахын төлөө зүтгэж байгаа юм. 2015 онд яг энэ газарт их хэмжээний түймэр ассан. Энэ түймэр түүнээс дутахааргүй гамшиг боллоо гэж бид үзэж байна. Одоогоор малчны өвөлжөө, хаваржаа, морь мал, хүн  галд өртөөгүй” гэж ярилаа. 

ТҮЙМРИЙГ ОЙЛГОХ НЬ УНТРААХ ХАМГИЙН ТОМ АРГА

“Ууланд асаж байгаа их түймрийг унтраана гээд урдаас нь явбал хүний амь эрсдэх хамгийн том аюул юм. Түймрийг угтуулж цурамлах нь гал унтраах шалгарсан арга. Түймрийн хамрах хүрээг урьдчилан тооцож, эргэн тойрных нь талбайг цурманд оруулж чадвал ой, хээрийн түймрээс хохирол бага амсана. Тэгэхээр түймрийг ойлгож сурах нь унтраах гол арга юм” хэмээн ярих Ц.Буянцог баавайн яриа олон залууст сургамжтай аж. Малчин хүний ухаан гэдэг байгалиа таньж мэдэх, байгаль, дэлхийнхээ аашийг олохоос эхэлдэг нь энэ юмсан уу. Гартаа барьсан бүхнээрээ дүрэлзсэн улаан галтай “тулалдах” эдгээр залуус салхины  дөрвөчиг хаашаа эргэж байгааг андахгүй мэдэх юм. Энэ нь тэдний ярианаас илт. “Үлээгчээ аваад ир. Салхи эргэчихлээ. Одоо баруун талаас нь цурамлая.

Алив шалавлацгаая. Авчирсан шатахууныхаа хэмжээг хараадхаарай. Бүгд аюулгүй байдлаа хангах ёстой шүү” хэмээн хашхирах залуугийн зүг харвал өнөөх Ц.Цэдэн-Иш байлаа. Залуус түүний хэлснийг ёсоор болгож, хоёр хоёроороо мотоцикль дээрээ сундалж сууцгаагаад салхины чигийг андуулж, уулын баруун энгэрийг ороов. Гар хумхиж суух нэг ч хүн энд алга. Шөнийн тэнгэрийг өнжмөл өвсний их утаа бүрхжээ. Хаа сайгүй дүрэлзэх улаан гал дундуур мотоцикльтой залуус сүлжилдэн, өөр өөрийн байх ёстой, очвол зохих газартаа давхилдан хүрч хүрзтэй нь хүрзээрээ, цохилууртай нь түүгээрээ хөрс сэндийлж, онгичих юм. Тэд цурамлаж дууссан газрынхаа цогшсон хэсгүүдийг салхинд хийсэхээс нь урьтаж ийнхүү аюулгүй болгож байгаа нь энэ аж. Баяндунгийн Халиун, Дун уулын өвөр бэлд шөнөжин малчин залуусын дуу хадаж хонолоо. Тэд Буриад аялгуут хэлээр нэгнээ уриалан дуудаж, түймрээ унтраачихвал бидэн шиг жаргалтай малчид байхгүй хэмээн омойтоцгоох юм. Арга ч үгүй биз. Баяндунгийн их талд  бод мал зоолон таргалдаг хамгийн сөлтэй өвстэй газар. Улз, Түргэний гол энэ нутгаар урсдаг ба малчдын баянбүрд болсон үзэсгэлэнтэй байгальтай. Энд л Буриад зон олон амтат талхаа барьж, цөцгийгөө цохиж, гоёмсог модон байшиндаа амар тайван амьдардаг. 

Хэнтийн нурууны салбар уулсын төгсгөл, Дорнодын тэгш өндөрлөг талын баруун хойд хэсэгт ой хээр, хээрийн бүсэд байрлаж Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдтай хил залгаа оршиж, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг онцгой сум. Баяндунг хар мод, нарс, хус, улиас, бургас бүхий ойн сан бүс нь хамгийн үзэсгэлэнт хөндий нутаг болгодог. Энэ тухайгаа нутгийн малчин Ц.Цэдэн-Иш тун ч гоёхон онцолж ярина билээ. Тэрбээр “Галын шугам дээр ирж сурвалжилга хийж байгаа та бүхэнд баярлалаа. Нутгийн малчид бэлчээр, уул усныхаа төлөө хэрхэн ажиллаж байгааг газар дээрээс нь харуулахаар зорьж ирж байгаа нь сайхан санагдаж байна” гэдгийг онцлоод “Угтам, Хайрхан, Хуучид, Гөлгөд, Тэмээн, Их газар, Сонгоол даваа, Хайч, Зүрх, Эмт, Халиун, Дун, Солоон, Үлийн шилд үрэл, мойл, улаагана, үхэр нүд, нэрс, хармаг, нохойн хошуу, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнэ ургадаг.

Манай нутагт Монголд нэн ховордсон 12 төрлийн ургамал ургахаас гадна баавгай, зэрлэг, гахай, буга, гөрөөс, шүлүүс, чоно, үнэг, хярс, мануул, илбэнх, дорго, тарвага, зурам, цагаан, зээр зэрэг ан амьтан элбэгтэй” хэмээн сум, орон нутгаа бидэнд таниулав. Тэрбээр Буриад зон олон ураг, удмаа долоо, найм, есөн үеэр нь мэддэг ард түмэн. Тиймээс нутаг орноо судлаж мэдэх тал дээр гарамгай хүмүүс байдаг. Тухайлбал, манай сумын нутагт гэхэд л 400 гаруй булш хиргэсүүр байна гэдэг юм. Ийм түүхэн өв тээсэн газар нутгаа үр хойч болсон бид хайрлан хамгаалах үүрэгтэй байхаас ч аргагүй” гэв. 

Энэ мэтээр нутаг орныхоо онцлог, хүн зоныхоо хөдөлмөр, эв нэгдлийн тухай ярилцан цурамласан талбайн захаас өндийвөл 05:25 цаг. Наран ургахаар яаран байгаа нь илт. Хэдэн өдөр дараалж ассан их түймрийн утаа тэнгэрт зузаан хар үүл болон тогтжээ. Дун уулын дээр харлан бүүдийх тэнгэрийн зүг ширтвэл шөнийн тэнгэрт цойлсон их гал харьцангуй намжжээ. 

Шөнөжин мотоцикльтой  давхилдаж ойн түймрийг угтуулж цурам манасан залуус уулынхаа хойд, өвөр бэлээр хуваагдан тарцгаажээ. Үүр хаяарах энэ мөчид уугисан их утаа манан мэт тогтож, Халуин уулын амыг бүрхэх нь санааг жаахан амраана. Учир нь шөнөжин ассан их гал цурманд оржээ. Харлаж, шатсан их талын дунд таван залуу тонголзон шороо, чулуу, уугиж буй аргал, хомоол хөдөлгөн цогшсон бүхнийг нэг бүрчлэн шалгаж унтраах нь энэ түймэрт малчин залуусын нөр их зүтгэл хөдөлмөр юутай ихийг өгүүлэх шиг. Хүрз мөрлөж, дээлийнх нь хормой салхинд хийсэж үзэгдэх залуус түймэр намжсан их талын дунд аанай л тайван алхацгаах нь салхинд үс, сор нь хийсэн үзэгдэх тэмээд шиг сүртэй юм. Ийнхүү бодон Халиун уулын орой руу саравчилбал, түймэр унтарсан байх нь юутай их зол баяр вэ.   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид