Улаанбаатар 1c

Ц.Шагдарсүрэн: Аавын минь авах цолыг хүүд нь өгсөн юм биш байгаа

Я.Цэвэл хэмээх нэр, Я.Цэвэлийн толь гэдэг бүтээлийн талаар сонсоогүй монгол хүн үгүй биз. Их үйлс бүтээж, эгэл даруухан оршсоор бие барагдсан ч нэр нь мөнхөрсөн эл эрхэм хүмүүний үйлсийг хүү нь үргэлжлүүлж яваа. Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Цэвэлийн Шагдарсүрэнг “Үргэлжлэл” буландаа урилаа.

-Аав тань нутаг ус, бага насныхаа тухай ярьдаг байв уу. Хувьсгалын өмнөх монголчуудын амьдрал, тэр үеийн хөдөөний хүүхдүүдийн талаар аавынхаа дурсамжаас хуучлаач. Нэрт эрдэмтний аав, ээж, амьдрал ахуйнх нь талаар тэр бүр хүмүүс мэдэхгүй шүү дээ?
-Аав нутаг ус, хүрээ хийд, бага байсан үеэ хааяа ярина. Нутаг орон, хүрээ хийдийнхээ талаар “Чин сүзэгт номун хан хутагтын шавь” гэдэг томоохон өгүүлэл бичсэн ч шар феодалыг магтсан гэж хэвлэлээс хэдэнтээ хасагдсаар амьд ахуйд нь гараагүй, бичсэнээс нь хойш арав гаруй жилийн дараа 1990 онд “Түүхийн судлал” сэтгүүлд сая нэг хэвлэгдсэн. Тэр өгүүлэлдээ шавийнхаа гарал, удаа дараагийн хутагт нар, хүрээ хийдийн хурал ном, жас жав, алба татвар, цам майдар,  “тийз” хэмээх цаасан мөнгө, иргэний сургалт бүхий Шавийн бага сургууль зэрэг олон зүйлийг багтаасан даа. Толгойдоо цагаан алчуур зангидсан, урт модны үзүүрт хайчны гуя багласан хуй хуй нар нутаг орныг түйвээсэн тухай гээд аав минь юм юм л ярьдаг асан. Харин тэр мэт зүйл тэр өгүүлэлд нь ороогүй.

Намайг сургуульд орохын урд жил аав минь ээж, эгч, бид гурвыг нутагтаа аваачсан юм даг. Тэгэхэд өвгөн аавыгаа анх харсан, наятай гэхэд ануухан, хонины морио унаад тугал бяруугаа эргүүлээд ирдэг байсан. Аавын дүү нар, хүүхэд шуухад гээд бараг нэг багийн дайтай бужигнасан олуулаа, цөм тэр үеийнхээ жишгээр малаа даган амьдардаг байж билээ. Аавын ах нь гавж мяндагтай, хүрээ хийддээ цогчин гэсгүй байгаад 1938 онд Ёнзон хамбын хэрэг гэгчид нэр холбогдож цаазлуулсан 137 хүний нэг байсан бөгөөд 1992 онд цагаатгасан юм гэдэг.

-Аав тань багадаа Мандалын хүрээнд шавилж, төвөд ном үзэж байсан гэдэг. Ер нь бичиг үсэг хэрхэн сурч, боловсорсон хүн бэ?
-Аав наймтайдаа Чин сүзэгт номун ханы хүрээнд шавилан нэгэн өвгөн лам багшийндаа суух болжээ. 1914 онд тус шавьд хутагт Цэдэнбалжирын санаачлагаар иргэний чиглэлтэй Бага сургууль байгуулахад өвгөн багш нь “Цаг төр өвөрдөх янзтай, чи тэр сургуульд орсон нь дээр” гэснээр Мөнхтогтох шансан багштай тэрхүү сургуульд орж, монгол хэл бичиг, манж, хятад хэл, сампин бодлого үзэж 1917 онд төгссөн юм гэсэн.

-15 настайдаа Чин сүзэгт номун хан хутагтын Шавийн Тамгын газарт бичээч болсон гэсэн. Тэр үеийнхээ тухай ярьдаг байв уу?
-Сургуулиа төгсөөд Шавийнхаа Тамгын газар эхлээд тал бичээч (тал цалинтай), улмаар бичээчээр ажиллах болсон гэдэг сэн. Энэ нь өдөр тутмын засаг захиргааны ажил байсан буй заа, онцлон ярьсан зүйл санаанд орохгүй байна.

-1923 онд Хүрээнд сургуульд суух гэж ирээд Засгийн газарт бичээч, нягтлан бодогч болсон гэж сонссон. Яагаад сургуульдаа сууж чадаагүй, бас яаж Засгийн газарт ажил олсон юм бол?
-Нийслэл хотод Оюунтаны сургууль байгуулагдсан гэж сонсоод сар шахам жин даган хотод ирж, шалгалт өгч тэнцсэн ч нэгд, орон тоо дууссан, хоёрт, Цэцэрлэг мандалын аймгаас нэр заан ирсэн хүн багтан орсон гэдэг шалтгаанаар зорьсон сургуульдаа элсэж чадаагүй гэдэг. Тэгээд алба хаах хүсэлтээ тавьж улмаар Засгийн газарт бичээчээр ажилд орсон юм билээ. Хэдэн сарын дараа нягтлан бодогчоор дэвшсэн гэж байгаа.

-Цэцэрлэг Мандалын аймагт суух Засгийн газарын төлөөний түшмэлийн туслах, төлөөний түшмэлийн алба мөн хашиж байсан юм билээ. Тэр нь юу хийдэг ажил вэ?
-Хотод нягтлан бодогчоор ажиллаж байтал нь орон нутагт Засгийн газрын төлөөний түшмэл суулгах болж. Ингээд аав төлөөний түшмэлийн туслахаар томилогдож аймагтаа очсон ч жинхэнэ түшмэл нь очоогүйн учир төлөөний түшмэлийн үүрэгт ажлыг 1926 он хүртэл буюу уг албыг татан буулгах хүртэл гүйцэтгэсэн юм билээ. Энэ алба нь орон нутагт ардчилсан засаг төр байгуулах, улмаар бэхжүүлэх  зорилготой байсан. Тэр үед одоогийнх шиг олон аймаг байгаагүй, дөрвөн аймаг, шавь тав гэдэг засаг захиргааны нэгжтэй байсан тул тэр дөрвөн аймагт төлөөний түшмэл сууж байсан бөгөөд бичгийн зохих боловсролтой, элдэв нугалаа завхрал гаргаад байхааргүй төлөв төвшин хүнийг энэ албанд томилж байжээ. Алтанбулагт төлөөний түшмэлээр академич Ринчений багш асан Хурц билэгт гүн Намсрайн Билэгсайхан томилогдож байсныг өвгөн бичээч Галсангийн Навааннамжил гуай тэмдэглэн үлдээсэн байдаг.

-1926 оноос Ардыг гэгээрүүлэх яамны Ардыг боловсруулах хэлтсийн дарга, мөн яамны эрхэлсэн түшмэл (одоогийнхоор дэд сайд) бөгөөд Гадаадад суралцагчдыг эрхэлсэн комиссын нарийн бичгийн дарга гэх мэтийн хариуцлагатай ажил албанд хэрхэн томилогдсон, тухайн үед Монголын сэхээтнүүдийг бэлтгэх ажилд яаж оролцож байсан талаараа ярьдаг байв уу?
-Аав Цэцэрлэг мандалын аймагт суух Засгийн газрын төлөөний түшмэлийн ажлаа дуусгасны дараа нийслэлд ирээд Эрдэнэбатхан сайдтай Ардыг гэгээрүүлэх яаманд Таны дээр дурдсан алба тушаалыг удаа дараалан, заримыг нь хавсран 1929 он хүртэл хашсан байдаг. Энэ үеийн тухай ярьсан зүйл хомс. Харин албан ёсны тайлан маягаар бичсэн “Сургуулийн байдлын тухай”, “Олон сургуулиудын явуулга хөгжилтийн тухай” хоёр өгүүлэлд нь нэлээд мэдээлэл бий.

Ялигүй тодруулахад, хоёрдугаар өгүүлэлд тэр үед Монгол даяар улсын болон орон нутгийн чанартай хэчнээн сургуульд хэдэн сурагч сурч байсан, тэдний зардалд улсаас хэдэн төгрөг, хэдэн мөнгө зарцуулж байсан зэрэг тоо байг аймаг, хошуу бүрээр жагсааж, зардал сүйтгэлийг улсын сан хийгээд орон нутгаас гаргасан нь хэмээн ялгаж, задгай мөнгөтэй нь тооцсон байдаг. Гадаадад суралцагчдыг эрхэлсэн комиссын нарийн бичгийн даргын хувиар гадаадад, тухайлбал, Герман, Франц, Оросын Ленинград, Эрхүү, Москва, Үдэ хотод сурч байсан сурагчийн тоо, нийт зардал, үүнээс нэг хүнд оногдох нь гэх мэтээр тайлагнасан нь олон нийтэд сонирхолтойн дээр манай боловролыг түүхийг судлах хүмүүст хэрэгсэж гэмээ нь ховор, чухаг хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэдэг.

Ардыг гэгээрүүлэх яамны эрхэлсэн түшмэл буюу одоогийнхоор тэргүүн дэд сайд байхдаа гүйцэтгэсэн нэгэн чухал ажил нь эрх үүргийнхээ дагуу Улсын хэвлэх үйлдвэрийн барилгыг захиалан бариулсан явдал. Энэ талаар Улсын хэвлэх үйлдвэрийн тухай “Номын ууган ордон” дурдатгалдаа “Герман инжинер Дебел (Döbel)-ийн зургаар захиалан бариулж, тоног төхөөрөмжийг Германы “Востваг” (Wostwag) хэмээх худалдааны пүүсээр зуучлуулан Шанхай хотод ажиллаж байсан Германы “Сиемссен”  (Siemens) пүүсээр дамжуулан авч суурилуулсан” гэсэн байдаг.

-Аав тань Монголын шинэ утга зохиолын гол үйл явдал “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм” буюу Монголын зохиолчдын эвлэлийн үндэс суурийг тавьсан анхны 17 хүний нэг шүү дээ. “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм” байгуулсан талаараа юу ярьдаг байв?
-Тийм. 1929 онд хэвлэгдсэн ”Уран үгсийн чуулган” хэмээх анхны эмхэтгэлд аавын “Бяцхан найруулга” гэдэг, тэр үед дэлгэрээд байсан холбоот өгүүллэг хэмээх төрөл зүйлээр бичсэн толгой холбосон өгүүллэг нь багтсан байдаг. Аавын анхны зохиол л доо. 1984 онд аавыг нас эцэслэхэд Монголын зохиолчдын хороо “Утга зохиол” сониндоо гашуудлын мэдээ гаргая гэхэд МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтэсээс зөвшөөрөөгүй юм гэсэн. Харин дараа жил нь БНХАУ, Францад эмгэнэлийн томоохон дурсамж өгүүлэл гарсан нь буй. 

-Хүүхдээрээ шахам төр, засгийн хариуцлагатай алба хашиж байгаад Судар бичгийн хүрээлэн, ШУА-д шилжиж, хамаг амьдралаа эрдэм шинжилгээний ажилд зориулсан хүн юм билээ. Хүүгийн хувиар дурсахад аав тань ямар ааш араншинтай, ажилдаа хэрхэн ханддаг, хүүхдүүддээ хэрхэн үлгэрлэж, юу гэж сургадаг хүн байв?
-Аав минь тайван талдаа, хэн хүнтэй эвсэг нийцтэй хүн байсан, уурлаж байхыг нь үзээгүй. Элдэв тоглоом, найр наадамд төдий л таатай бус. Өөрийн бодолтой, дүн нуруутай байхыг л ярьдаг байж дээ, одоо санахад.  Улс төр гэдэг яаж ч эргэж хөрвөж мэдэх барьцгүй, холхон явахад гэмгүй гэдэг сэн. Зориуд сургаад байхгүй ч, юм юманд сэвэх хэрэггүй, сайн чадах юмаа л хийсэн шиг хийж яв, хүнд муу юм хийх хэрэг огт үгүй, шунал унал руу л хөтөлдөг гэсэн санаа ярианы явцад гардаг байжээ.

-Та аавынхаа тухай нэг дурсамждаа “Цаг үеийн байдлаас болоод хэвлэгдээгүй бүтээл цөөнгүй бий” гэсэн байсан. Ямар бүтээлүүд нь яагаад хэвлэгдээгүй юм бол. Ер нь хавчлага шахалт байсан гэж ойлгож болох уу?
-Нэлээн дээр гарсан дурсамж байх аа, одоо тэдгээр бүтээлийг нь энд тэнд бараг хэвлүүлж амжсан. Аавын тухай нэг ном хэвлэлд бэлтгээд дуусаж байгаа. Хэвлэгдэж амжаагүй зарим бага сага гар бичмэлийг нь үндсэндээ багтаасан. Бас одоо олдохгүй болсон, сонирхол татахуйц, судалгааны хүнд баримт болох бүтээлээс нь түлхүү оруулахыг хичээсэн, харин элдэв хүний магтаал дурсамжийг бараг оруулаагүй.

Уг номыг бэлтгэх явцад холбогдол бүхий баримт хэрэглэгдэхүүнийг нэлээд хайж үзлээ. Элдэв хавчлага огт байгаагүй гэх аргагүй. Аав социализмын үед үндэсний үзэлтэнд тооцогдогсодын нэг, нам бус, ЗХУ-БНМАУ-ын хилийн хэлэлцээрийн үед ГЯЯ-ны сайд байсан, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэгч С.Аварзэдийн зөвлөх байсан, хуучин соёл болон монгол бичигт талтай гэх зэрэг шалтгаанаар тэр үеийн МАХН төвтэй нийгмийн ой санамжид сөрөг байр  эзэлсээр байсан нь мэдрэгддэг юм.

-Аавын тань намтарт намаас хөөгдсөн гэсэн байдаг. Юу болсон юм бол?
-1929 онд намын хоёрдугаар шалгалт буюу хоёрдугаар цэвэрлэгээ гэгчээр үндэслэлгүй хилс мэдээллийн учир “Гишүүн Цэвэлийн биед холбогдол бүхий мэдээ буй тул түүнийг боловсортол хөөсүгэй, дахин орох эрхтэй” гэсэн тогтоолын заалтаар намаас хөөгдсөн гэдэг.

-Дахиж намд элсээгүй гэсэн. Ногоон толио зохиогоод, хэл шинжлэлийн сайн эрдэмтэн гэгдэж байхад намд элс гэдэг л байсан байх даа. Яагаад дахин элсээгүй юм бол?
-Эрхэлсэн түшмэл байх үетэй нь холбоотой уг мэдээллийг шалгаж Улсын дээд шүүхээс холбогдолгүй болохыг тогтоосон тул намын батлахыг буцаан олгоно уу гэж Намын хянан байцаах комисст хандсан боловч “Дахин шинээр элсэх хэрэгтэй” гэсэн хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нам анх хөөхдөө хэлсэн амандаа хүрээгүй гэсэн үг. Энэ тухай өөрөө “Би хилс хөөгдөөд биед холбогдуулсан хэрэг холбогдолгүй болоод байхад батлахыг минь буцааж өгөөгүй болохоор дахин шинээр элсэхийг хүсээгүй” гэж бичсэн байдаг.

-Хэн бүхний мэдэх “Цэвэлийн толь” гэж алдаршсан ардын Засгийн үеийн анхны монгол тайлбар толийг зохиоход 30 гаруй жил зарцуулсан гэдэг бил үү?
-1920-1930-аад онд төлөвлөн Ринчен, Гомбожав, Нацагдорж, Цэвэл, Тубянский зэрэг олон хүн оролцон эхлээд зуурам орхигдсон тайлбар толийн байдлыг үзвэл нэвтэрхий толийн шинжтэй байсан. Энэ нь уг ажилд гар бие оролцож явсан Ж.Цэвээн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан нарын захидал, дурсамж, тайлан зэргээс харагддаг. Гэвч зарим нэг хүний дурсамжид 1966 оны “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг түүнтэй холбоотой мэтээр өгүүлсэн нь санамсаргүй ташаарсан буюу санаа зорилготой байсан эсэхийг одоо ялгахад хэцүү.

-Я.Цэвэлийн ногоон толь гэдгийг мэдэхгүй, сонсоогүй хүн байхгүй. Ийм толь бүтээсэн хүн Гавьяат, Төрийн соёрхолтой л байж таарна гэж бодож байтал аль нь ч байхгүй юм байна. Яагаад өгөөгүй юм бол?
-Тэр үеийн нам төвтэй нийгмийн үнэлгээ жишгээр бол сонин зүйл огт биш, номоороо л болсон нь тэр.

-Толиос гадна номзүйн хоёр бүртгэл нь Монголд шинэ цагийн номзүйн суурийг тавьсан гэж үздэг юм билээ. Энэ бүтээлийнх нь тухай яриач?
-Хэвлэгдэн гарсан хоёр бүртгэл байгаа. Хэвлэгдэлгүй үрэгдсэн бас нэг бүртгэл хийсэн нь тэр үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн тайланд байдаг юм. Эргээд бодох нь ээ, аав минь ажил алба эрхэлж байсан салбартаа тухай бүрт нь нэг үлдэцтэй юм хийдэг байжээ. Тэгээд ч Номын сангийн Азийн ангийн эрхлэгч байхдаа Монгол Улсын арван нэгдүгээр оноос эдүгээ хүртэлх хэвлэмэл зүйлийн бүртгэл, Монгол Улсын номын сангийн Азийн ангид буй монгол ангийн бичмэл ба дармал номын бичгүүдийн бүртгэл гэдэг номзүйн хоёр бүртгэл хэвлүүлсэн байдаг. Тэр үед одоотой адил ном болгож хавтасласан гээд хэн бүхний нэрийг гадна нь тавиад байдаггүй тул гадар хавтаснаа Я.Цэвэл гэсэн нэр байхгүй боловч хүрээлэнгээс бичсэн оршилд нь нэрийг нь дурдсан нь буй. Аав хоёр бүртгэлээ тухайн үед олон улсад мөрдөн эхлэж, одоо ч нийтээр даган мөрдсөөр буй аравтын тогтолцоо (Dewey Decimal System –DDS)-гоор зохиосон. Тэр үед ЗХУ-д энэ тогтолцоог хөрөнгөтний үзэл суртал гэж ид шүүмжлэж байсан цаг.

Гурав дахь нь гэвэл, Шинжлэх ухааны хүрээлэнгийн 25 жилийн ойгоор И. Ф. Шульженкогийн тайланд дээрхи хоёр бүртгэлээс гадна Я.Цэвэлийн “Монгол бархангийн хэвлэл ба Шинжлэх ухааны хүрээлэнгээс хэвлэсэн зохиолууд” гэдэг номзүйн бүртгэлийг зохиох ажил 1946 онд дууссан талаар тусгайлан дурдсан байдаг. Харамсалтай нь, үг бүртгэл үрэгдсэн бололтой бөгөөд хэрэв байсан бол хувьсгалаас өмнө Монгол нутаг даяар байсан 800 орчим томоохон сүм хийдийн дэргэд асан бархан хэмээх модон барын хэвлэлийн газар Монгол, Төвөд ямар ямар ном хэвлэж ирснийг тоочин гаргах боломжтой байх байжээ. 

-Эрдмийн ажлын хажуугаар багшлах үйлсэд зүтгэж, нэр томьёоны комисст ажиллаж байсан гэсэн. Нэр томьёоны комисс тэр үед их ажилтай байсан байх. Аавын тань оноосон, өргөнөөр хэрэглэгддэг нэр томьёоны түүхээс яривал сонин байх болов уу?
-Багшилсан тухайд аав их төлөв янз бүрийн түр сургуульд монгол хэл, монгол бичиг, Монголын эртний хууль цааз, Үндсэн хууль, Нутгийн захиргааны дүрэм зэрэг хичээл заадаг байсан. Тэр түр сургууль гэдэг нь одоогийн курс, дамжаа гэсэн үг. Бага байхад аавыг өөрөөс нь ахмад хүмүүс “Багш аа” гэхэд нь гайхдаг байж билээ.
Улсын нэр томьёоны комиссын гишүүн байсан тухайд, уг комисс 1924 онд байгуулагдсан. 1944 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ардын Сайд нарын Зөвлөлийн 116-р хурлын тогтоолоор УНТК-ын бүрэлдэхүүнийг 23 гишүүнтэйгээр батлан Ерөнхий сайд Чойбалсан гарын үсэг зурсан байдаг. Энэ тогтоолд УНТК-ын дарга нь Ринчен, гишүүдийн тавдугаарт нь Я.Цэвэл гэж буй. Аав үүнээс өмнө ч гишүүн байсан гэдэг юм. Үүнээс хойш ч 1967 онд тэтгэвэрт суун суутлаа гишүүн байсан. Тэр олон жилд олон л нэр томьёог оноосон нь гарцаагүй.

-Та бас нэр томьёоны комиссын гишүүнээр олон жил ажилласан байх аа?
-Би 1977-1991 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Нэр томьёоны тасгийн эрхлэгч, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх УНТК-ийн нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ үед тус комисс Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад ороход Орос-Монгол нэр томьёоны толийг нь гаргасан. Мөн цахим, газрын хэвэл, хувьцаа, хэм гэх зэрэг одоо ч нийтээр өргөн хэрэглэсээр буй нэр томьёог оноон батласан юм даг. Бас машин-техник зохион бүтээх салбарын 1000 гаруй хар зурагтай орос-англи-монгол толь батлан гаргасан нь тухайн үедээ цоо шинэ сэдэл болсон билээ.

-Аав тань сургуульд сурах гэж нийслэлд ирээд сургуульд орж чадаагүй буцсан гэдэг. Дахиж сургууль соёлд явах талаар хөөцөлдсөн юм болов уу. Намтарт нь тийм зүйл алга. Хийдэд шавилж, хөдөөний бага сургуульд сурсан хүү ийм толь бүтээж, Монголын хэл шинжлэл, шинжлэх ухааны салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэхээр гайхалтай санагдаж байна?
-Миний мэдэхээр сургууль явъя гэсэн зүйл үгүй л болов уу даа. Монголчууд айлын үүд гэж ярьдаг даа. Манай үүд гэвэл аав ч тэр, МУИС төгссөнийг эс тооцвол би ч тэр, улсын мөнгө зардлаар ийш тийш явж сурсан, мэргэжил дээшлүүлсэн удаа нэг ч үгүй. Миний хувьд хоёр академийн хамтын ажиллагааны хүрээнд Польшид докторын зэрэг хамгаалсан, монгол-франц толь бичгийн ажлаар Францад удаа дараа ажилласан. Тэр бүхэнд цаад талаас зардал даасан юм даг.  ЗХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч нэрт түрэгч Э.Р.Тенишев профессор 1988 онд Хорлоо захиралд захиа үлдээж монголчуудын бичиг үсгийн түүхийн чиглэлээр намайг хүлээн авъя гэсэн боловч эс явах шалтага мундаагүй билээ.

Аав хөдөөгийн бага сургууль дүүргэсэн ч, багшаа дагаж “Хэ Ван Юаны бичиг”, “Жин Пин Мэй” зэрэг нангиадын сонгодог зохиолын орчуулгыг сийрүүлэлцэж, идэр залуугаасаа дорно дахины сонгодог зохиолыг шимтэн уншсан хүн. Бидний өссөн орчин ч тийм байлаа. Орой унтахын өмнө аав бидэнд ном зохиол уншиж өгдөг, заримдаа ээж уншиж, бид сонсдог байсан даа. Төвөд, самгард, хятад нэр ус ээжид амаргүй байсан байх, тэгээд аав л голдуу уншина. Сонгодог зохиолын сонгодог орчуулга, найруулга  цаанаа л нэг өөр. Гүн агуулга бүхий алдартай зохиолын яруу сайхан хэл найруулга, баян тансаг үг хэллэг нь чихэнд унацтай, багц багцаараа санаанд үлддэг юм билээ. Аавд ч бас л тийм байсан биз. Таны асуултанд аавын судалгааны ажилд нь уншсан ном нь багш болсон гэхээс өөр хариулт олдохгүй нь.

-Аавын тань намтарт сонирхож асуухаас аргагүй зүйлүүд бас байна. Улсдаа их хандив өгдөг хүн байжээ. Гэр, мөнгө гээд зөндөө зүйл хандивлаж. Тэр талаар нь та мэдэх үү?
-Би ер нь мэднэ, бас оролцож ч явжээ. Надаас өмнө Халх голын байлдааны үеэр цэргийн хэрэгцээнд ээжийн нэрээр “чанар сайн нэг гэр үнэ төлбөргүй өгөв” гэсэн баримт нь одоо надад бий. Сүүлд 1980-аад оны эхээр Угсаатны зүйн музей байгуулах болоход боломжийн дунд чинээний амьжиргаатай айлын санаанд таарахуйц гэр олдоогүй тул ШУА-иас аавд “Гэрээ зохих үнэ хөлсөөр нь өгөхгүй юү” гэсэн юм. Аав ч “Та нар болно гэвэл үнэ хөлс гэлгүй бэлэглэе” гэсэн. Би тэгэхэд хажууд нь байсан. Тэгээд багадаа сууж байсан гэр минь Монголын тухай үзэсгэлэн Япон, Европ дахинд гарахад “аялан явж” надаас илүү олон улс орныг үзсэн юм даг. Миний хувьд, нэгэнт олон жил суусан гэрээ үнэ төлбөргүй өгсөн учир тэр гэрийн тайлбарт “Я.Цэвэлийн бэлэглэсэн өөрийнх нь сууж байсан гэр” гэсэн үг байгаасай гэж боддог. Энэ тухайгаа хэлж байсан удаатай. Олон улсын музейн үйл ажиллагаанд ийм л байдаг, түүхэн хүнтэй холбогдохоороо уг үзмэрийн үнэ цэн улам ч өсдөг, музейн нэрд ч бас хэрэгтэй билээ.

Аав, ээж хоёр сэрүүн тунгалаг байхдаа хүүхдийн байгууллагад нэлээд мөнгө төгрөг удаа дараа хандивласан, сүүлд аав чилээрхүү байхдаа “Нийт зуун мянган төгрөг болгож мухарлавал зүгээр” юм сан гэж захиж билээ. Бид ч тэнгэрт хальсны нь дараа хүслийг нь ёсоор болгосон. Монгол сэтгэлгээнд хүүхэд, нохой баярлуулахыг их буян гэдэг. Аав, ээжийн хийсэн тэр буяныг одоо ч бид хүртсээр байгаа гэж бодож, итгэдэг. Тэр үеийнхэн тийм л бодолтой байжээ. Ринчен багш Төрийн шагналын бүх мөнгөө сурч байсан Ленинград хотынхоо өнчин хүүхдийн байгууллагад, бас өөр нэг шагналаа Вьетнамын өнчирсөн хүүхдүүдэд илгээсэн юм даг. Монгол ардын сэцэн үгэнд “Сайн хүүд бүү нөө, муу хүүд бүү зөө” гэдэг үг байдаг нь хүү сайн бол өөрийгөө аваад явчихна, хүү муу бол үрэн таран хийгээд нохойн хоол болгоно гэсэн санаа. Энэ хэллэг цаанаа учиртай, зуун жилийн насгүй байж мянган жилийн хөрөнгө шунан хураах хэрэггүй гэж байгаа юм.

-Зохиолч Д. Нацагдоржийн музей байгуулахад өөрийн сууж ажиллаж байсан бичгийн ширээгээ үзмэрт нь шилжүүлсэн гэсэн. Тэр ширээн дээр ямар бүтээлүүд нь төрсөн, яагаад Нацагдоржийн музейд өгсөн юм бол?
-Би 1967 оны зунаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд академич Ринчений гарын шавиар, шинэ батлагдсан орон тоон дээр эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орсон юм. Сарын дараа аав ч саналаараа тэтгэвэртээ сууж, би аавынхаа ширээн дээр ажиллах болсон юм. Түүнээс хойш жил болоогүй байхад Д. Нацагдоржийн музей байгуулах болж, аавтай ярилцаж ширээг минь авч яваад надад тэр үеийн  мебелийн үйлдвэрийн жижигхэн шар ширээ өгсөн юм. Тэгэхэд би тийм ч дуртай байгаагүй ч одоо бодох нь ээ, хэрэв тэгээгүй бол аав, бид хоёрын сууж байсан ширээ цагийн эрх, мөнхгүйн жамаар, шинэчлэгчдийн ширвээсэнд өртөн аль эрт хог үртэсгүй болох байсан биз. Миний лав мэдэхээр аав “Монгол хэлний товч тайлбар толь”-ио энэ ширээн дээр дуусгасан юм даг.

-Нас өндөр болж, гавьяаны амралтдаа суусан ч эрдэм номын ажлаа хийсээр байсан юм билээ. Тэр үед та аавыгаа залгамжлан хэл шинжлэлийн салбарт ажиллаж, эрдэм шинжилгээний ажлаа хийгээд эхэлсэн байсан байх. Аав тань юу гэж хэлж сургадаг байв. Таны хийж буй ажилд санаа оноо хэлэх үү?
-Аав тэтгэвэртээ суугаад “Монгол хэлний дагавар” гэдэг төлөвлөгөөнд орсон сүүлчийн ажлаа дуусгаж сийрүүлэн бичгийн тал цаасан дээр бичсэн гар бичмэлээр нь хүрээлэнд хүлээлгэн өгсөн. Дараа нь бичье гэсэн зүйлээ бичиж, бас Улсын анхдугаар их хурал, анхны Үндсэн хуулийн тухай гэх мэтээр хэвлэл мэдээллийн газруудаас захиалсан зүйлийг дурсамж маягаар нэлээд бичсэн дээ. Дурсамж гээд санаандаа орсноор бичээд байдаггүй, номын сан, архиваас холбогдох юм захиалах, үзэх гээд цаг багагүй ордог юм билээ. Бас хүүхэд залуучуудын хүмүүжлийн талаар өгүүлэл бичиж “Улаанбаатарын мэдээ” сонинд  цуврал болгон гаргадаг байлаа.

Судалгааны ажилд хөлөө олоход минь аав, Ринчен багш нарын зөвлөгөө, дууриал үлэмжхэн тус болсон нь мэдээж. Тэр үед онол гэж их ярих. Ам ангайхаараа онол гэдэг нэг бус хүн гарч, зарим нь Онолбаатар гэдэг хоч нэртэй болсон нь ч буй. Тэр үеийн гол онол нь мэдээж марксизм-ленинизм шүү дээ. Аав “Цагийн аяс даган, онолд тааруулж хийсэн юм насгүй байдаг. Онол өөрөө ч тиймэрхүү. Эрдэм шинжилгээний ажилд эн тэргүүний зүйл бол баримт. Баримтаас дүгнэлт гарах ёстой” гэх маягийн юм хэлдэг байжээ. Аавын энэ бодол, багшийн хийж байгаа ажил зэргээс үүдэж тэр цагт нийгмийн зүгээс онц үнэлгээгүй, хуучирсан, баларсанд тооцогдож байсан монголчуудын үсэг бичгийн түүх, тэдгээрийн дурсгал, монголчуудын уламжлалт сэтгэлгээ зэрэг сэдэв рүү үндсэн ажлын хажуугаар орсон гэж боддог. Гэхдээ цалин авч байгаа төлөвлөгөөт ажлаа хийсэн шиг хийхийг чармайж ирсэн. Ринчен багш судалгааны ажилд ч, эрдэм шинжилгээний “хар бор” ажилд ч хүний гар харахгүй, судалгааны дөрвөн хэл, шинжилгээний дөрвөн хэл дээр мордох ёстой гэдэг сэн. Тэр үед би янз бүрийн үсэгтэй бичгийн зургаан машинтай болсон. Одоо дөрөв нь байгаа. Академич Б.Ширэндэв гуайн В.Котвичийн албан захидлын тухай ном, бас “Монгол ард улсын угсаатны зүй, хэл шинжлэлийн Атлас”-ыг миний бэлтгэсэн хэвлэлийн эхээр хэвлэсэн юм даг.

-Аав тань асар баян намтартай, хийж бүтээсэн зүйл ихтэй хүн болохоор аавыг тань ярьсаар таныг мартах нь. Таны бага нас хэрхэн өнгөрөв. Өдгөө домог болсон эрдэмтдийн дунд өссөн үү?
-Тэгж хэлж болно. Манай хашаа одоогийн “Мөнгөн завьяа”-гийн ардхантаа байхад аав, ээжийн танилууд их ирдэг байлаа. Тэгээд хашаа газарт орж, Төв номын сангийн хашааны зүүн үзүүрт хэдэн жил болсон юм. Тэгэхэд Номын сангийн гуравдугаар давхарт Хэлний хүрээлэн байрлаж байсан тул аавын ажлынхантай улам ч ойртсон. 1959 онд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал хуралдахад хичээлээ тараад гадаадын эрдэмтдийг улс орон, нэр усаар нь эчнээ таних болтлоо л тэнд байдаг байлаа. Сүүлд тэр үеийн Японы Ш.Озава, Г.Абемацу, Английн Ч.Бауден нартай ойр дотно харилцаатай болсон билээ. Тэр үеийн баримт сэлтийг бараглан хадгалж байснаараа өнгөрсөн жил уг хурлын 60 жилийн ойд зориулж, 250 орчим зурагтай цомог хэвлүүлсэн дээ.

-Тэр үед сэхээтэн, эрдэмтэн хүний хүүхдүүд арай л өөр орчин, соёлд байсан шиг санагддаг. Танд тэгж санагддаг уу?
-Анзаардаггүй байж дээ, ямар ч байсан номд илүү ойр орчин байсан байх аа. Аав, ээж хоёр намайг хэтэрхий эрхлүүлээгүй, даруулгатай өсгөсөн. Амьдрал ахуй боломжийн байсан юм байлгүй дээ, хүүхдийн баяр, наадам болоход “Иддэггүй, хөөрхөн юм өгөөрэй” гэдэг байсан гэж аав, ээж сүүлд ярьдаг сан. Сургуульд ороход би монгол бичигтэй, шинэ үсгээр ном уншдаг болчихсон тул 1, 2 дугаар ангид заасан зүйлийг мэддэг, сурлага сайтай гэгдэж явлаа. Номын сангийн хашаанд хэдэн жил болоход орос хэлний асуумаар зүйлийг хүрээлэнгийн машины бичээч Галон гэдэг авгайгаас асуудаг, Батнасан гэдэг хүний гэргий болж ирсэн Женя гэдэг орос бүсгүйгээр англи хэл цагаар заалгадаг байж билээ.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв. Монгол хэлний хүн бол гэж аав тань зөвлөсөн үү, өөрийн шийдвэр байв уу?
-Аав яг тэг гэж хэлж байгаагүй. Одоо бодоход ил биш ч, монгол хэл, монголчуудын соёлд эчнээ зугуухан ойртуулсаар байжээ. Арван жил төгсөөд Польшид мах комбинатын нэр дээр инженерийн сургуульд явах боломжтой байлаа. Тэр үед баруунд явна гэдэг гайхамшиг мэт байсан ч ээж, аав хоёр амьтны амь тасалдаг ажил хэрэггүй гэж шууд хорьсон. Тэгээд МУИС-д сэтгүүлчийн ангид бүртгүүлэх гэтэл элсэлтийн комиссын дарга Бор багш “Тоо гүйцсэн, математикийн ангид ор” гээд халгаагаагүй. Аав Н.Содном ректортой уулзаж, “Мэргэжлээ өвлүүлэх санаатай” гэж гуйж байж хүссэнээр минь монгол хэл, утга зохиолын ангид оруулсан юм даг.

-Тийм аавын удмыг залгаж, ажил үйлсийг нь үргэлжлүүлж яваа хүүгийн хувьд үүрэг хариуцлага мэдэрч, хичээж ажилладаг байв уу?
-Нэгэнт судалгааны чадмаар гэсэн салбартаа нэг насыг зориулсаар өдий хүрсэн болохоор зүтгэхээс өөр аргагүй. Яваандаа зуршил болчихдог, хагас, бүтэн сайн өдөр, амралтын үед ч, эрээн цаас шагайж, хуучин бичгийн машин дээр, одоо бол цахим оюут дээр сууж гэмээ нь амар амгалангийн дээдийг эдэлдэг болчихжээ. Хуучин жижигхэн байранд хүүхдүүдээ унтуулаад хэдэн номоо дэлгэж суудаг маань зуршил болсон, одоо ч шөнө гурваас өмнө бараг унтдаггүй, харин ажилгүй үед өглөө босохдоо хойрго талдаа.

-Монгол хэлэнд аав, хүү хоёрын оруулсан хувь нэмрийг тодорхойлооч гэвэл?
-Миний ажлыг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй ч өөрийгөө үнэлэх нь нэг л биш, хүмүүний муу араншингаар зохих хязгаараа давж болзошгүй. Хүн хүн өөрийнхөөрөө үнэлсэн нь дээр. Миний эрдэм шинжилгээний өгүүлэлээс арай дөнгүүрийг нь сонгосон эмхэтгэл 2017 онд гурван ботиор гарсан. Гуравдугаар ботийн эцэст бүтээлийн жагсаалт буй. 1967 оноос 1991 он хүртэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байгаад МУИС-д салбар сургуулийн захирлаар шилжсэн минь цалин хөлсний илүүг харсан хэрэг огт биш (харин ч ялигүй буурсан), хүмүүсийн харилцаанаас үүдсэн өөр шалтгаантай байсан юм. МУИС миний тухайд ШУА-ийн нэгэн адил ээл өгөөжөө хайрлаж багш, профессор гэгдэж, гадаад, дотоодод олон шавьтай болохын үүдийг нээсэн.

Аавын ажил, амьдралын тухай нэлээд том ном хэвлэлд бэлтгээд дуусаж байна. Тэр ном гарахаар аавын монгол хэлний салбараас гадна түүх, соёл, боловсрол, угсаатны зүй, номзүй, түүхэн газарзүйн талаар хийсэн зүйл нь харьцангуй тодорхой болох буй заа.

-Аавын шийрийг хатаасан эрдэмтэн боллоо гэж өөрийгөө тоож, баярлаж бахархсан үе бий юү?
-Өөрийгөө тоох гэдгийн эсрэг утга нь биеэ үгүйлэх. Энэ үг одоо огт хэрэглэгдэхгүй болж. Уг нь би манлайлагч, би чадна гэж дайраад байхгүй, би чадах бил үү гэж бодож цэгнэж бай, эс тэгвэл түмний доог болно гэсэн утгатай.  Баярласан үе гэвэл чамгүй олон, ном өгүүлэл энд тэнд гарах тоолонд сэтгэл сэргэж, таатай байдаг. 1969 онд судалгааныхаа анхны жижиг өгүүллийг Польшид (францаар) гарахад илүү баярласан байх. 

-Танд Төрийн шагнал олгосон зарлигт ямар бүтээлийг тань онцолсон байдаг билээ?
-2005 онд “Монголчуудын үсэг бичгийн товчоон”, “Монголчуудын утга соёлын товчоон” гэдэг номоороо Төрийн шагнал хүртсэн. Тэр хоёр бүтээл бол социализмын үед нийгмийн үнэлгээгүй сэдэв байсан тул улсын төлөвлөгөөнд огт тусаагүй, гэрээрээ бичсэн ном. Тэгээд ч сүүлчийнхээр нь энд биш, Польшийн Академид 1977 онд хүмүүнлэгийн ШУ-ы докторын зэрэг хүртсэн юм. Эхний номд Хүннүгийн үеэс одоо хүртэлх монгол туургатны хэрэглэж ирсэн үсэг бичгийн түүхийг хэл шинжлэл, нийгэм судлалын үүднээс харьцангуй бүрнээр нь гаргахын чармайсан. Бас Зүрчид, Солонгос, Манж зэрэг Төв Азийн бусад улс үндэстэний үсэг бичигт хэрхэн нөлөөлсөн тухай авч үзсэн.

Нөгөө номд нь монголчуудын соёл, уламжлалт мэдлэг ухааны ерөнхий тоймыг гаргаж, бидний өвөг дээдсийн оюун ухаан дэлхийн бусад улс үндэстэнд хэрхэн тусаж нөлөөлснийг товч гаргахыг зорьсон билээ. Ер нь бид гаднын нөлөөг түлхүү ярьдаг хэрнээ өөрсдийнхөө нөлөөг бага ярьсаар ирсэн нь социализмын далаад жилд үндэсний үзэлтэн гэгдэхээс болгоомжилсон айдас дадал болсонтой холбоотой гэж санагддаг. Одоо энэ хоёр номын нэмж дэлгэрүүлсэн гуравдугаар хэвлэлийг гаргана гэж бодож сууна.

-Тэгвэл Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолны зарлигт юу гэсэн байдаг вэ. Ерөнхийлөгч “Цэвэлийн Шагдарсүрэн аавынхаа 30 мянган үгтэй толийг 50 мянга гаруй үгийн сантай болгож нэмж дэлгэрүүлэн хэвлүүлсэн” гэж хэлснийг санаж байна.
-1966 онд аавын толь хэвлэгдэж байхад олон нийтийн эх хэлний боловсрол одоогийнхоос илүү дөнгүүр сайн байжээ. Уг толь 2002 онд Бээжинд монгол бичгээр гарсныг эс тооцвол анх хэвлэгдсэнээс нь хойш 50-иад жилийн дараа нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг бэлтгэхдээ энэ бүхнийг харгалзаж, одоогийн залуусын эх хэлний боловсролд хэрэг болох талыг нь илүү харж, шаардлагатай нөхцөлд тухайн үгийн гарал, утга сэлт тэргүүтнийг хэл тогтолцоо гэдэг зарчмаар таниулахыг хичээсэн. Хавсралтад нь гадаадын томоохон тольд хэдийнээ жишиг болчихсон түүх, соёлын харилцаатай холбогдол бүхий, хэрэг гарахад сөхөж үзэх гарын авлага болохуйц зүйлийг нэмж оруулсан. Одоо толгой үг, салаа утгын зүйлийг яльгүй нэмж, бас миний алмайгаас үүдсэн зарим алдааг засаж, гуравдугаар хэвлэлийг бэлтгэж нэлээн дөхүүлсэн. Та дээр “Ийм толь бүтээсэн хүн Гавьяат, Төрийн соёрхолтой л байж таарна гэж бодож байтал аль нь ч байхгүй юм байна. Яагаад...” гэж асуусан. Тэр үедээ бол гайхах зүйл биш, харин одоо уг толийн ач холбогдлыг нэхэн харгалзаж, авах цолыг нь үе залгамжлуулан хүүд нь өгчихсөн юм биш байгаа гэж санагдах удаа байдаг.

-Та одоо судалгаа шинжилгээ, бүтээл туурвил хийж байна уу?
-Зүгээр сууж чадахгүй л байна. Солонгосын хөрөнгө оруулалттай Олон улсын Улаанбаатар их сургуульд арав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд аавынхаа толийн хоёрдугаар хэвлэлийг гаргасан, тэр боломжийг олгосон сургууль, ялангуяа Чой Ги Хо профессорт гүнээ талархаж явдаг. Алтай хэлний хүрээнд монгол, солонгос хэл, бичгийн түүхэн харилцаа холбооны талаар арваад өгүүлэл нийтлүүлж, хэд хэдэн хамтын бүтээлд оролцжээ. 
Насны нар хэвийсэн тул тавь гаруй жил цуглуулсан хэрэглэгдэхүүнээ янзалж, бодсон юмаа бичиж гараас гаргах сан гэж боддог. Энэ хэр хэвлэгдээгүй, бэлэн болгочихсон Ширээт гүүш цоржийн нэгэн орчуулгын судалгаа, монгол, англи, францаар хэлний хичээл заах багшийн ном, дуртгалын түүвэр гэх зэрэг хэд хэдэн ном бий. Тэгж байгаад ая нь таарахаар гаргах санаатай, аливаа юманд өөрийн гэсэн цаг байдаг даа...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Negen deever dor khamtran ajillaj baigaadaa bakharkhaj yvdag shu. Erdmiin ajil n ulam ikh delgerekh boltugai
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
Нийтлэлчид