Улаанбаатар 1c

Э.Эрдэнэ: Гэрэл даргатай холбоотой нотлох баримтаа гаргаж, холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй

Цаг үеийн асуудлаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэтэй ярилцлаа. 

-Та манай уншигчдад ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэлийн талаар товч танилцуулаач?
-Тагнуулын байгууллагын дарга, бригадын генерал Д.Гэрэл нь 1974 онд НАХЯ-д төлөөлөгчөөр томилогдож анх ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Тэрээр системийн байгууллагуудад 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын тусгаар тогтнол, ҮАБ-ыг хангах үйлсэд бага залуу наснаасаа өдгөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Дипломат албанд консулын газрын дарга, зөвлөх, элчин зөвлөх, элчин сайдаар тус тус ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүн юм. Үүний хажуугаар олон нийтийн байгууллага, сонгуульт ажлуудад идэвхтэй оролцдог хүн бөгөөд Монголын Таеквондогийн холбоо, самбын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

-Олны анхааралд байгаа цаг үеийн хоёр гол асуудал болох УИХ-ын ээлжит сонгууль болон Covid-19 вирусний нөхцөл байдалтай холбоотой зүйлээр яриагаа үргэлжлүүлье. ТЕГ сонгуультай холбоотой асуудлаар ямар үүрэг хүлээж ажиллаж байна вэ?
-Тагнуулын байгууллага бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй гол байгууллагуудын нэг юм. Төрийн сонгуулийн үед үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний үүрэг. 
Энэ хүрээнд тагнуулын байгууллага Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар цагдаа, төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хариуцан хэрэгжүүлэх саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтад хяналт тавих, сонгуулийн итгэмжилсэн ажилтныг томилоход санал өгөх байдлаар оролцдог.

Мөн сонгуулийн үеэр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх, Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх, хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах, Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах, Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах зэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон тодорхой төрлийн зөрчлийг тагнуулын байгууллагад харьяалуулсан байдаг. Иймд одоогийн байдлаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.

-Коронавирустэй тэмцэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага ямар үүрэгтэй оролцож байгаа вэ. Сэлэнгэ, Дархан, Орхонд вирус тархсан, манайхан алдчихлаа гэх мэдээлэл цахим орчинд үе үе гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Цар тахалтай тэмцэх, тархалтаас сэргийлэх, хязгаарлах ажлыг Улсын онцгой комисс нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Энэ чиглэлээр олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төв байгууллага хариуцаж байгаа. Тиймээс энэ чиглэлийн мэдээллийг албан ёсны зөвшөөрөгдсөн эх сурвалжаас авах нь зөв байх. Тагнуулын байгууллагын тухайд Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан “... хүн, мал, ургамлын гоц халдварт өвчний шалтгаан нөхцөлийг тогтоох ажлыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хийх” үүргийн дагуу улсын онцгой комисс, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн цар тахалын үед иргэд, олон нийтийг цочроох худал мэдээлэлтэй тэмцэх, эзэн холбогдогчийг олж тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. 

-Тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, тухайлбал хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ямар бодитой ажлуудыг хийж байна вэ. Хүнсний аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл гарсаар байгаа. Хэрэв бид анхаарвал хүнсний, мэдээллийн, улс төрийн гэх мэт аль салбартаа анхаарахаар байгаа вэ?
-Тагнуулын байгууллага бол ҮАБ-ыг хангахад төвлөрч ажилладаг. ҮАБ нь өөрөө цогц ойлголт, түүн дотор харилцан уялдаатай, нийлмэл бүтэцтэй асуудал. Иймд аль нэгийг нь онцгойлон чухалчилж, эрэмбэлэх боломжгүй юм.  Тухайлбал өнгөрсөн онд манай байгууллагыг махны асуудалд оролцлоо хэмээн шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөн. Энэ бол жижиг асуудал байгаагүй юм. Завшааныг ашиглаад үүн дээр тодруулга хийхэд,  мах бол Монгол хүний чухал хэрэглээ, энэ ч утгаараа стратегийн хүнсэнд тооцогддог. Гэтэл энэ зах зээлд гадны нөлөөтэй зохиомол хомстол үүсч улмаар хүн амын хүнсний хангамж, цаашилбал, монгол хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болзошгүй асуудал байсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлж чадсан.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зарим асуудлыг танаас тодруулмаар байна. Тухайлбал, танай даргын хүүтэй холбоотой алтны шороон ордын лиценз эзэмшдэг, энэ лицензийг авахад Д.Гэрэл даргын оролцоо байсан гэх мэт асуудал олны анхааралд ороод байна. Энэ талаарх тодруулахгүй юу?
-Энэ асуудлын тухайд АТГ, ЦЕГ болон холбогдох байгууллагаас шалгаад ТЕГ-ын дарга Д.Гэрэл уг асуудалд холбогдолгүй тухай хариуг албан ёсоор өгсөн байгаа. Д.Гэрэл даргаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэний нэр хүндэд халдсан асуудлаар тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцагчаар татаж, иргэний журмаар шүүхэд асуудлыг тавьсан. Ингэснээр хариуцагч олон нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох, олон нийтийг хоёр талын тэнцвэртэй мэдээллээр хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн зарим төрлийн хэрэг дээр шүүхээс шийдвэр гараагүй байхад хэргийн оролцогчид олон нийтэд хандан мэдээлэл өгөхгүй байх эрх зүйн зохицуулалт байдгийг ч анхаарах хэрэгтэй юм. 

-Үүнээс гадна түүний эхнэрийн гэгдэх “Ойрад импекс” компанитай холбоотой асуудал сөхөгдсөн. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх боломжтой вэ?
-Тухайн компани 16 жилийн өмнө зөвшөөрөл авсан, гэрчилгээ нь хэвлэлд гарч байсан санагдаж байна. Төрийн өндөр албан тушаалтны хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу жил бүр Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ талаараа дурдсан байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй тул сонирхсон хэн ч үзэж танилцах боломжтой.

-Д.Гэрэл даргын хүүгийн алтны лицензтэй холбоотой мэдээлэл цацагдсаны дараа Зариг.мн сайтыг та нөлөө бүхий цөөнгүй хүнээр дарамтлуулсан, мэдээллээ авахыг шаардсан, гуйсан, мөн сайтыг нь хаалгана гэсэн гэх мэдээлэл сошиалаар түгсээр байгаа?
-Тийм асуудал байгаа бол нотлох баримтаа гаргаж холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй. 

-ТЕГ болон хууль хяналтын байгууллагын мэдээлэхгүй, магадгүй нууцалж байгаа мэдээллүүдийг сэтгүүлчид л ил болгож байна. ТЕГ болон хууль, хяналтын байгууллагынхан намын харьяат болсон, улс төрийнхний гар хөл болсон нь эндээс харагдаж байна гэдэгт та ямар хариулт өгөх вэ? 
-Аливаа тагнуулын байгууллагын гол зарчим бол өөрийн үйл ажиллагааны нууцлалыг хангах явдал байдаг. Манай байгууллагын хувьд ч энэ зарчмыг баримталдаг онцлогтой. Ажиглаж байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд маань ихэвчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд байгаа шалгагдаж тогтоогдоогүй асуудлаар мэдээлэл авах сонирхолтой нь анзаарагддаг. Гэтэл мөрдөн шалгах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах үүрэгтэй. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүй байх үүднээс хуулийн дагуу нууцлалыг хангадаг боловч үүнээс үүдэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр элдэв таамаглал, хардлага үүсч мөн л шалгах ажиллагаанд саад учруулах явдал гарсаар байна. Манай байгууллагын тухайд таны асуусан шиг улс төрийн нөлөөлөлд ороод байгаа зүйл байхгүй, байгууллагын хуульд ч энэ талаар тодорхой заасан байгаа.

-Сэтгүүлчдийн утсыг чагнадаг, хувийн мэйл болон бусад мэдээллийг нь байнга тагнадаг гэх асуудал сүүлийн хэдэн жил гарлаа. Тусгай шаардлагаар ч юм уу ийм төрлийн ажиллагаа үнэхээр явагддаг гэж үү?
-Тагнуулын байгууллага нь сэтгүүлчдийг тагнах ажиллагаа явуулдаггүй. Харин сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлыг болон манай байгууллагад хуулиар харьяалуулсан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг шалгаж байсан тохиолдлууд бий. Гэхдээ нотлогдож тогтоогдсон тохиолдол үгүй байна.

-Утсаар ярьж байхад тасалдах, юм шажигнаж паржигнаж дуугарах зэргийг хуулийн байгууллагаас утас чагнаж байна гэж иргэд ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-XXI зуунд ийм ядарсан технологи ашиглаж байгаа тусгай алба арай байхгүй байлгүй дээ.

-Гаднын тагнуул манайд хаа сайгүй байрлачихаад биднийг болон бүх салбарыг тагнаж байдаг гэх мэдээлэл байдаг. Манайхан ч сүүлийн хэдэн жилд цөөнгүй тагнуулчийг, бүр тагнуулын байгууллагыг тагнаж байсан гаднын тагнуулчийг илрүүлсэн. Энэ талаар баримттай мэдээлэл хэлж өгөөч?
-Тийм асуудал байгаа. Олон нийтэд мэдэгдсэнээр нь Голомт хотхон дээр явагдсан ажиллагаа үүний нэг тод жишээ юм. Гадны тусгай албад манай улсын иргэдэд төрийн нууц мэдээ, мэдээлэл олж өгөх хүсэлт тавих, мөнгө санал болгох, бусад амлалт өгч ажилладаг асуудал нэгэнт нууц биш болжээ. Үүнээс болж манай иргэд ч гэмт хэргийн золиос болж байгаа нь сэтгэл зовоосон асуудал мөн. Монголын тагнуулын байгууллага ийм төрлийн хэд хэдэн хэргийг илрүүлж шүүхээр гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн нь төрийн нууц алдагдахаас сэргийлэх, өөр олон олон иргэд энэ төрлийн гэмт үйлдэлд өртөх эрсдэлээс хамгаалсан нь хамгийн чухал юм. 

-Монгол Улсын тагнуулын байгууллага гаднын орнуудад нэр хүнд сайтай гэгддэг. Гэтэл дотооддоо ёс зүйн болоод зодоон цохионы асуудалд холбогдох болжээ. Үүнийг тухайн тусгай ажилтан, албан хаагчийн хүмүүжилтэй холбох уу, тагнуулын байгууллагын хариуцлага, хүмүүжлийн ажлууд сул байгаатай холбох уу?
-Тагнуулын байгууллагын албан хаагчид сахилгын болон ёс зүйн тусгай шаардлага мөрддөг. Албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тагнуулын байгууллагын үе үеийн удирдлагаас онцгой анхаарч шаардлага тавьж ажилладаг боловч сүүлийн үед тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйг зөрчиж гэмт хэрэгт холбогдох явдал гарсан. Энэ нь мэдээж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогийн адилаар үүргээ нэр төртэй биелүүлж буй бусад албан хаагч болон байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь харамсалтай. Саяхан манай байгууллагын нэр бүхий албан хаагчид сахилга хариуцлагын ноцтой зөрчил гаргасан. Тэдгээрт хатуу хариуцлага тооцсон. Цаашид ч байгууллагын зүгээс энэ мэт болон бусад төрлийн зөрчил гарахаас сэргийлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг авч байгаа.

-Та тагнуулын ажилтны сахилга, хариуцлагад анхаарахаас гадна, ар гэр, ахуй нөхцөлд нь хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ хүрээнд байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, тагнуулын байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг баталж, ажилтнуудын цалин хангамж, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллаж байна.

-ТЕГ гадаадын ийм залилангаас сэргийл гэх мэтээр мэдэгдэл цөөнгүй хийсэн. Энэ нь манайд гаднынхан дуртай зүйлээ хийдэг, гаднын тагнуулынхан дуртай мэдээллээ авдаг гэх ойлголтыг бас төрүүлээд байх шиг. Олон нийт ч тагнуулын байгууллага мэдэгдэл л хийдэг байгууллага боллоо, залилан хийхээс нь өмнө тагнаж сэргийлдэггүй юм уу гэх талтай. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч?
-Иргэдийн санамсар болгоомжгүй байдлыг ашиглан хувийн мэдээллийг нь олж авах, улмаар түүнийг залилангийн болон бусад хууль бус үйлдэлд ашиглах явдал, хандлага дэлхийн цөөнгүй оронд гарч байгааг тагнуулын байгууллагаас иргэддээ анхааруулж байгаа хэрэг. Мөн та анзаарсан бол иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын боловсролд дэм болох, анхаарч сэрэмжилж явбал зохих асуудлыг мэдээлэх замаар нийтлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг тагнуулын байгууллагаас цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулдаг. Тухайлбал, хилийн чанадад зорчихдоо гадаадын тусгай алба, гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаанд өртөхөөс сэргийлэх санамжийг байнга өгч байна.

-Гаднын орнуудад байгаа монголчууд хар тамхи, мансууруулах бодис, зэвсэгийн наймаа гэх мэт гэмт бүлэглэлд элсэх явдал цөөнгүй гараад байгааг албаны эх сурвалж хэлж байсан?
-Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, хүний наймаа зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд манай байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, мөнгө угаах гэмт хэргийн чиглэлээр хэд хэдэн гэмт хэргүүдийн мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна. Хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр тагнуулын байгууллага гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, зарим үр дүнд хүрч байна. Манай байгууллага болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах боломж олгосон танай хамт олонд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсэе.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид