Улаанбаатар 1c

Юань гүрний модны холтостой мөнгөн тэмдэгт

Эрхэм уншигч танд Монгол Улсын музейн үзмэрүүдийн 30 гаруй хувийг хадгалж буй “Монголын үндэсний музей”-н түүх, соёлын хосгүй үнэт үзмэрүүдээс дээжлэн, цувралаар танилцуулж байна. Тус музейн сан хөмрөгт  монгол нутагт хүн аж төрж эхэлсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг тээгч 60 мянга орчим үнэт, 30 хосгүй үнэт үзмэр багтдаг. Өнөөдрийн дугаарт ХIII зууны үед холбогдох “Цаасан мөнгөн тэмдэгт”-ийг толилуулж байна.

Энэхүү цаасан мөнгөн тэмдэгтийг модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж, тусгай аргаар боловсруулан гарган авчээ. Хубилай хааны зарлигаар Юань Улсын гүйлгээнд гаргасан тул түүний хаанчлалын оны цолоор буюу “Жи Юань” хэмээн нэрийдсэн байна. Түүнчлэн “Хоёр күан” -буюу “Хоёр хэлхээ” хэмээн нэрлэх нь ч бий. Энэ нь цаасан мөнгөн дээрх хоёр хэлхээ нь хоёр мянган ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэсэн утгыг агуулна. Тухайн үед мянган ширхэг зоосон мөнгөний хэлхээг “хэлхээ” гэж нэрлэдэг байж. Мөнгөн тэмдэгт дээрх ихэнх бичээсийг хятадаар бичсэн боловч тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” хэмээн дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамга даржээ. Мөн тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазаар авна. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнд таван лан мөнгөөр шагнана. Энэ мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй. Бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн хятад бичээстэй.  Уг цаасан мөнгө нь Юань Улсын мөнгөн тэмдэгтүүдээс хамгийн өндөр номиналтай тэмдэгт гэдгээрээ онцлог юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид