Улаанбаатар 1c

Л.Дашдооров: Соёлыг хадгалсан кино бүтээхийг хүсдэг

“Filmapalooza -2018” олон улсын фестивалиас “Шилдэг-график” шагнал хүртэж, “Шилдэг бүтээл” номинацид нэр дэвшин монгол киночдын чансааг дэлхийн тавцанд тодотгосон чадварлаг найруулагч, “Бид хэд нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч Ламжавын Дашдооровыг “Шинэ танил”-даа урилаа.

-Яагаад найруулагч мэргэжлийг сонгосон бэ?
-Багаасаа  МҮОНРТ-ийн дэргэдэх “Цоглог” студийн дугуйланд явдаг байсан. Нэг удаа “Интерном”-д болсон хүүхдийн номын нээлтийн үеэр манай дугуйлангийнхан жүжигчилсэн тоглолт хийх болсон юм. Тухайн үед би наймдугаар ангийн сурагч байсан учраас баг ахлах үүрэг ногдсон. Тэр үеэс найруулагч болъё гэж бодсон. Бас есдүгээр ангиасаа Завхан аймгийн Тосонцэнгэл суманд шилжин суралцаж, сургуулийнхаа шинэ жилийг гурван жил дараалан  найруулсан. Тэгээд улам бүр энэ мэргэжилд татагдах болсон.

-Орон нутгаас урлагийн чиглэлээр хуваарь авахад хэцүү байдаг уу? 
-Улаанбаатартай харьцуулахад цөөн хуваарь ирнэ, олон хүүхэд өрсөлдөнө. Зарим  анги, мэргэжил ирэхгүй гэх мэт. Тийм учраас би хотод ирж, шалгалт өгч байсан. СУИС-ийн Радио, телевизийн сургуулийг 2014 онд Халтарын Дамдин багшийн удирдлага дор найруулагч мэргэжлээр төгссөн. Багшийг маань “Зуслангийн найзууд” киноны найруулагч гэдгээр олон хүн мэддэг.

-Хүссэн мэргэжлээрээ суралцаад, төгсөөд ажлын талбарт гарахад төсөөлөл, бодит байдал хоёр өөр байв уу? 
-Найруулагч мэргэжлээр  сурч төгсөөд л найруулагч болчихдог юм биш гэдгийг ойлгосон.Би оюутан байхаасаа туслах ажилтан, зураглаачаар ажилладаг байв. Тэр үед сурсан зүйлс маань одоо надад туршлага болдог. 

-“Бид хэд” нэгдлээ хэзээ байгуулсан бэ? 
-2014 онд мэргэжлээрээ өөр, өөр газарт ажилладаг зураглаач, найруулагч, сэтгүүлч, эвлүүлэгчээс бүрдсэн хэсэг залуус “Бид хэд” нэгдлийг үүсгэн байгуулж, чөлөөт цагаараа хамтран уран  бүтээл хийж эхэлсэн. Ер нь бол “48 цаг” кино наадамд оролцох болоод багтаа нэр өгөх хэрэгтэй болсон. 

-“Бид хэд”-ийнхэн юу хийж бүтээв. Байгуулагдаад нэлээд  хэдэн жил болжээ?
-Бидний нэгдэх шалтгаан “48 цаг-Монгол” кино наадам. Энэ наадамд тасралтгүй таван жил оролцсон. Цаашдаа ч оролцоно. Өнгөрсөн хугацаанд “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг найруулга”, “Олны таашаал хүртсэн бүтээл” зэрэг номинацын эзэн болсон. 2017 онд “Хөхөө” кино маань “Шилдэг бүтээл”-ээр шалгарч Франц улсад зохион байгууллагддаг “Filmapalooza -2018”-д өрсөлдөн “Шилдэг- график” номинац хүртэн, “Шилдэг бүтээл” номинацад нэр дэвшин “Каннын кино наадам”-д өрсөлдөх эрхээ авч байлаа. Тус наадамд оролцогчид биднийг “Энэ залууст маш их ирээдүй байна” гэдэг. 

-Залуу найруулагчид шантрах үе хэр их байв? 
-Шантрах үе их тохиолддог.  Санхүүгийн бэрхшээлтэй тулгарах л хэцүү. Түүнээс ажлын хүндээс халшраад, шантраад байгаа юм биш. “Найруулагч хүн эхний арван жилдээ өлсдөг. Харин түүнээс хойш өлссөөр байвал өөр ажил хий” гэж Японы нэг найруулагч хэлсэн байдаг. Тиймээс ирээдүйнхээ төлөө одоо хөдөлмөрлөж байна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Залуу хос, гэр бүлд зориулсан “Хайрын томьёо” нэртэй богино хэмжээний цуврал контентоо удахгүй үзэгчдэд хүргэнэ. Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж байгаа энэ үед  “Хамт байна гэдэг тэвчээр, ухаан шаардсан зүйл” гэдгийг олон нийтэд ойлгуулах, нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсэж байна. Өнгөрсөн өвөл “Отор” гэж баримтат кино хийсэн. Энэ жил түүнийгээ сайжруулах зорилготой.  Энэ киног Монгол орны хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын жирийн малчны отроос сэдэвлэн, бүтээсэн. Отор бол монгол малчны арга ухаан, хүн байгалийн шүтэлцээг харуулсан, нүүдлийн  маш том соёл. 

 -Таны мөрөөдөл юу вэ? 
-Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, соёлыг хадгалсан кино бүтээхийг хүсдэг.   Өнөөдөр Монгол хөөмий, Төвөд унзад хоолой хоёрыг ялгахгүй залуус олон байна. Төвөдийн “Чойр” явж эхлэхэд унзад хоолойг сонсоод хүмүүс хөөмий гэж ойлгоод байна. Би өөрийнхөө бүтээлд нэг ч гэсэн “Монгол шигтгээ” суулгах гэж хичээдэг, уран бүтээлч. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Amjilt husie
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Сувдаа
    Миний найз амжилт гарганаа!!! 🙏🏽🙏🏽🙏🏽
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Мятав
    Уламж их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ууганаа
    Мундаг
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
Нийтлэлчид