Улаанбаатар 1c

Д.Амарсайхан: Хурдан морины уралдаан бол даатгагдсан, хамгаалагдсан үндэсний спорт

Монголын морин спорт, уяачдын холбооны шинэчлэл, хурдан морины уралдааны хөгжил, унаач хүүхдийн эрх, хамгааллын талаар АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал, Анагаах ухааны доктор, профессор, Монголын морин спорт, уяачдын холбооны дэргэдэх “Эрдэмтэдийн зөвлөл”-ийн Хүний хөгжлийн зөвлөлийн дарга Д.Амарсайхантай ярилцлаа.

- Та аль нутгийн хүн бэ. Мал малын захтай өссөн хүүхэд бололтой?
-Миний аав Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынх, би аймгийн төвд төрсөн.  Тиймээс Алтай нутгаар овоглож явдаг. Сүүлийн 20 гаруй жил Архангай аймгийн Их тамир суманд суурьшин нутаглах болсон. Өвөө маань Говь-Алтай аймгийн Түмэн бригадын Х.Базардарь гэж  шаггүй уяач хүн байсан. Би өвөөгийнхөө хайртай ач нь байсан болохоор 1974 онд бурхан болоход мориных нь хазаар, эмээл  нь надад өвлөгдөж  үлдсэн. Аав, ээж маань намын алба хашдаг. Би хөдөө явах, мал маллах сонирхолтой.

Миний хүүхэд ахуй нас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Тарлан, Буга, Хонгор хайрхан, Зара Борчи, Завхан голын хөндийгөөр мал маллаж, хонинд явж өнгөрсөн.  Хэнийх морьтой байна, тэр айлд хурдан морь унаж, мал ахуйн соёлтой холбогдсон.  Тухайн үед эрэгтэй сурагчдад  эмнэг сургах даалгавар өгнө. Зун нэгдлээс хорин даага авч сурган намар хичээл эхлэхийн өмнө хүлээлгэж өгөөд  нэг даага бэлгэнд авдаг байсан юм. Миний анхны даага алаг зүсэмийнх байсан. Есөн настайгаасаа даага сургаж унаж эхэлсэн.

- Зун амралтаар л хөдөө явж, морь малтай ноцолдох боломж олддог байв уу?
-Манайх төвийн айл учраас зунжин хөдөө байх боломжгүй.  Би мэргэн н.Ойдовынх хэмээх айлд  зусна. Ураг төрлийн холбоогүй ч моринд хайртай сэтгэл минь биднийг ижий ахай болгож, намайг малын захтай болгосон. Хөдөөний амьдралын хамгийн сайхан нь хурдан морь унах байлаа. Зургадугаар сарын 27,28-ны үеэр морьдоо барьж, долдугаар сарын эхэн хүртэл нутгийн уяачид нийлж үсэргэнэ. Есний өдөр амарчихаад морьдоо хөтлөөд аймгийн төв явна даа. Морьд эргэх зурхай манай хажууханд. Би гэртээ байж байгаад эндээсээ шууд мордчихож болдоггүй юм уу гэхээр н.Ойдов ах “Төрийн наадамд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Төрийн туганд мөргөх ёстой” гэнэ. Тэгээд 30-аад километр хөтөлгөө морьтой явж, аймаг хүрнэ:

- Наадмын дурсамж зөндөө биз?
-Наадмыг хоног тоолж хүлээнэ. Наадмын хуушуур идэх, жүржийн ундаа уух, морио унаж уралдах гээд л тэр шүү дээ. Тэр үед ундаа  ховор, наадмаар л олдоно. Хэдэн настай байлаа даа. Анх аймгийн наадамд долоод хурдалж, хагартлаа  баярлаж  байсан үеэ санаж байна.  Харин хамгийн хөгжилтэй нь 15 настайдаа даага унаж уралдсан юм. Овоо хэдэн жил морь уначихсан пээдэгнээд нэг найзтайгаа худлаа ярьчихсан давхиж явтал морь маань ганга дээгүүр харайгаад, ямар ч бэлтгэлгүй явсан хоёр нөхөр унаад хоцордог юм байгаа биз дээ. Хоёулаа баахан инээлдэж билээ. 

- Хөдөөний амьдрал, моринд дуртай хүн яагаад мал аж ахуйтай холбоотой мэргэжил сонгосонгүй вэ. Эмч болоход аав, ээжийн шийдвэр нөлөөлөв үү?
-Миний эмч болсон түүх сонирхолтой.  Би пионер сурагчдын “Дөл” тоглолтын улсын аварга болж батлион командалж байсан учраас гадаадын цэргийн дээдийн Улс төрийн анги надад нэр цохож ирж байсан юм. Гэтэл ээж цэргийн хүн болохыг дэмжээгүй. Эцэг эхээс дөрвүүлээ ч би бага хүү нь болохоор нэлээд эрх. Тэгээд л ээжийнхээ дэргэдээс ч холдохгүй зүгээр юм гэж бодоод Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуульд элсэж, сувилагчаар төгссөн.

Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц сурдаг оюутан байлаа. Тэгээд1989 онд Анагаах ухааны дээд сургуульд урилгаар орсон түүхтэй. Багадаа зоотехникч юм уу мал аж ахуйн мэргэжилтэй болъё гэж боддог л байсан. Тухайн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүнд байсан. Сумаас эмч авах гэж хөтөлгөө морьтой очдог тийм  үе. Эмч гэдэг нэр хүндтэй сайхан мэргэжил. Эрүүл мэндийн салбарт сувилагчаас эхлээд өдий хүртэл зүтгэж байна. 

- Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Сургуулиа төгсөөд эрүүл мэндийн сайдын тушаалаар Анагаах ухааны их сургуулийн сургалтын албанд аргазүйчээр үлдсэн. Түүнээс хойш тасралтгүй 25  жил сургуульдаа ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд аргазүйчээс эхлээд боловсрол эрхэлсэн дэд захирал хүртэлх албан тушаал хашсан. Одоо Мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар ажиллаж, Монгол улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил дээшлүүлэх, олгох асуудлыг бодлогын хүрээнд зохицуулах ажлыг хариуцаж байна.

- Эрдмийн мөр хөөсөн ч дуртай зүйлдээ үнэнч үлджээ. Морь гэдэг юугаараа тийм онцгой юм бэ?
-Оюутан ахуй үед мориноос нэлээд хөндийрсөн. Харин 90 онд ардчилал ялах үед аав ээж маань тэтгэвэртээ сууж, хөдөө гарч зургаан жил орчим мал малласан.  Тэр үеэс л өөрийн гэсэн малтай болъё гэж шийдсэн.Морь бол төрийн сүлдэнд залагдсан молор эрдэнэ. Морь бол биднийг хүрэх газар хүргэж, дайн тулааны үед хамгийн том түшиг болсон  эртний,  дотны анд нөхөр. Монгол адуу гэдэг тэсвэр тэвчээрийн гайхамшиг. Монголчууд  морьтойгоо байхдаа дэлхийн талыг эзэлж явсан. Таван адуугаа эргүүлээд явж байхад сэтгэл тэнүүн байдаг. Ер нь морь  хүнтэй  ойлголцдог. Унаач хүүхэд хоёулаа энэ удаа ингэж уралдлаа, дараа заавал түрүүлнэ шүү гэх мэтээр ярьж байгаа харагддаг. Манай адууг эзэнтэйгээ адилхан их зөөлхөн гэж найзууд маань ярьдаг.

- Таныг нийслэлийн алдарт уяач гэж сонссон. Морины уяа, сойлго тааруулаад хэр удаж байна? 
-Аймаг, сумын наадамд морь уралдуулж эхэлснээс хойш 20-иод жил болж байна. 2017 оноос эхлэн  Нийслэлийн морин спорт холбооны дэд тэргүүн Дагвасүмбэрэлийн Очирсүрэн найзтайгаа гал болж,  улсын наадамд оролцож эхэлсэн. Манай галаас өнгөрсөн 2019 оны улсын баяр наадмын соёолонгийн түрүү магнай тодорч, торгон жолоо өргүүлсэн. Морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр.  Намар яаж таргалуулах, өвөл нь хэрхэн унаж эдэлж, хорыг нь гаргах, хавар хэзээнээс бэлтгэл сургуулилт хийж, хурд хүчийг нь тааруулах вэ гэх мэт. Наадам дуусаад  дараагийн наадмын бэлтгэл эхэлнэ. Тавдугаар  сараас эхлээд бүсийн уралдаан дуустал хамгийн их ажилтай үе. Хэдийгээр туслах уяачтай ч ажлын зав чөлөө олдвол байнга очно. Өвс тэжээл, хашаа хороо засах гээд бүхий л ажилд гар бие оролцдог.

- Таны хувьд морь сайн уях, уралдуулахад мэргэжлийн онцлог нөлөөлдөг байх. Морь, монгол адууны чиглэлээр хийсэн эрдмийн бүтээл бий юү?
-Одоогоор морьтой холбож хийсэн эрдэм шинжилгээний ажил байхгүй. Би анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Гэхдээ морь уяна, хурд хүчийг нь тааруулахад шинжлэх ухааны үндэслэл чухал. Манай уяачид  анатоми, физиологийн хувьд малыг сайн мэддэг. Тийм ч байх хэрэгтэй гэж үздэг. Уяа, хөлсний дараа натри, кали, эрдсийн алдагдал үүснэ. Энэ шингэн алдалтыг шинжлэх ухааны үндэстэй нөхөхгүй бол болохгүй. Хэдийгээр хүний эмч ч өөрийн мэргэжлийг шингээж ажиллахыг хичээдэг.

- Зарим уяач унаган адуугаа хурдлуулахыг илүүд үзээд байх харагддаг. Морь хурдлахад угшил чухал уу?
-Ер нь угшил хардаггүй уяач гэж байхгүй. Бөх, морь, дуучин гурав эх талаа дагаж удамшдаг гэж үздэг. Миний хувьд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тонгойн Жамъяан угшлын адууг илүүд үздэг. Энэ хугацаанд олон ч угшлын адуу цуглуулж, үржил сэлгэх гэж оролдсон. Гэхдээ хэн дуртай нь хийдэг ажил биш юм билээ. 

- Монголын морин спорт уяачдын холбоо дэргэдээ эрдэмтэдийн зөвлөл байгуулсан, холбооны дүрэм, бүтцэд нэлээд өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа дуулдсан?
- Өмнө нь уяачийн хувьд холбоонд харьяалагддаг, жирийн гишүүн байсан. Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сард ММСУХ-ны VII их хурал болсон. Мөн дөрөвдүгээр сард удирдах ажилтны улсын V зөвлөгөөн болж, аймаг, нийслэлийн галын тэргүүн, нарийн бичгийн дарга нар оролцсон. Энэ хурлаар холбооны дүрэм, бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэр гарсан. Үүнээс онцолбол, холбооны дэргэд “Эрдэмтэдийн зөвлөл” байгуулж дотроо Хүний хөгжлийн, Малын хөгжлийн, Өв соёлын гэсэн гурван чиглэлээр эрдмийн зөвлөл ажиллуулахаар шийдвэрлэсэн. Миний хувьд Хүний хөгжлийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. 

- Хүний хөгжлийн зөвлөлөөс юун дээр анхаарч ажиллах вэ?
- Манай холбоо 120 мянга гаруй гишүүнтэй. Мөн даатгалд хамрагдсан байдлаар авч үзвэл  5000 орчим унаач хүүхэд бий. Тэгэхээр энд хүний хөгжлийг онцгой анхаарах шаардлага гарч байгаа юм. Энэ зөвлөл нь Монголын үндэсний өв соёлын цөм болох монгол адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, түүний дотор хурдан морь уралдаанч хүүхдийн бие бялдрын болоод сэтгэхүйн хөгжлийг судалгааны түвшинд тодорхойлж, адууны өв соёл ба унаач хүүхдийн харилцан шүтэлцээ, морь унахын ач холбогдлыг нэгтгэн тодорхойлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг залгамжлан хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Өөрөөр хэлбэл, нэг талаас уяачийн хөгжил, нөгөө талаас унаач хүүхдийн эрүүл мэнд, эрхийн асуудалд нэн тэргүүн анхаарч байна. Монгол хүн мориноосоо холдох учиргүй. Нөгөө талдаа морь унахын ач тус чийрэг монгол хүн эндээс эхтэй гэж үздэг. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын саналыг холбоо, бодлого үйл ажиллагаандаа тусгаж байгаа нь эрдэмтэн, судлаач хүний хувьд их зөв зүйтэй алсыг харсан ажил гэж бодож байгаа.

-Жилийн жилд унаач хүүхдийн эрхийн асуудал хөндөгддөг. Энэ талаар холбооны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөнөөр унаач хүүхдийн даатгалын асуудалд Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран онцгой анхаарал хандуулсан. Тус зөвлөгөөнөөр даатгалын асуудал бүрэн шийдэгдсэн.  Гэнэтийн ослын даатгал 100 мянган төгрөгөөс доошгүй, нөхөн төлбөрийн хэмжээ 25 сая төгрөг байхаар тогтоосон. Энэ даатгал нь зөвхөн хурдан морь уралдах үеийн эрсдлийг хамгаалах биш, бүтэн жилийн турш бүх төрлийн эрсдлээс хамгаалахад үйлчилдэг болсон.

Мөн уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэл стандарттай болж, түүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой. ММСУХ 2019 онд хүүхэд хамгааллын жилийн хүрээнд наадмын талбай дээрх хамгийн үнэт зүйл бол хүүхэд, хурдан морь, уралдаанч хүүхэд “Өв соёлын баатар” нэртэй урт хугацаанд хэрэгжих төслийг санаачлан хэрэгжүүлж хүүхэд бүрийг стандарт хэрэглэлээр бүрэн хангах, холбооноос зохион байгуулсан уралдаан наадмуудын өмнө 16 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулах зэргээр хүүхдийг эрсдлээс  урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулсан. Мөн цаашид “Чийрэг монгол хүн” төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ нь морь, монгол хүн хоёрын харилцан шүтэлцээ,  монгол хүн морь унахын ач тус эрүүл мэндэд хэрхэн чухал болох зэргийг судалгаанд суурилсан байдлаар гарган хүүхэд бүр бага балчраасаа морь унах, мал ахуй, өв соёлдоо ойр байх зорилгыг агуулж байгаа.

Жишээ нь, Английн хатан хаан тогтмол цагаар морь унаж, морин спортоор хичээллэж байгаа нь үндэслэл, судалгаанд суурилсан эрүүл мэнддээ анхаарсан зүйл гэж бодож байна. Түүнчлэн наадмын талбай дээр хамгийн чухал үнэт зүйл нь  уралдаанч хүүхэд гэх ойлголтыг төлөвшүүлж, уралдаанч хүүхэд бүрийг алдаршуулах асуудалд манай холбоо, эрдэмтэдийн зөвлөл онцгой анхаарч байна. Тиймээс хурдан морины уралдаан бол даатгагдсан хамгаалагдсан үндэсний спорт. Нэг жишээ дурдахад өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 135 хүүхэд хандсанаас мориноос унаж бэртсэн хүүхэд байгаагүй тухай тус тасгийн эрхлэгч П.Баярсайхан ярилцлага өгсөн байсан. Энэ бол холбооноос цогц арга хэмжээ авч ирсний үр дүн.

-Морь унах нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Зөвхөн хүүхдийн гэлтгүй, монгол хүний эрүүл байх нь  морь унахтай шууд хамааралтай. Морь унах үед олон булчин ажиллаж,  морь хазайх үед хүн тэнцвэрээ олж сурснаар тэнцвэр сайжирдаг. Мөн морь унах, уралдах үед холыг харж, орон зайгаа төлөвлөдөг учраас хараанд сайнаар нөлөөлдөг. Өнөө цагт түрүү булчирхайн үрэвсэл  толгой дараалан тохиолддог болж ,энэ бол морь унах соёл, мал ахуйгаас салсантай холбоотой. Монгол хүүхдийн  ерөнхий өсөлт хөгжлийн чиглэлээр хийсэн үе үеийн эрдэмтдийн судагаа бий. Анх 1961 онд Ч.Чүлтэмдорж доктор “Бие бялдарын өсөлт хөгжлийн стандарт” батлуулсан байдаг.

Түүнээс хойш монгол хүүхдийн өсөлтийн төлөв байдал, бие бялдарын өсөлт хөгжлийн талаар бүсчлэн авч, судалсан нь ч бий. Гэвч яг уралдаанч хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн талаар хийсэн судалгаа хараахан байхгүй тул үүнийг судлах нь чухал. Тиймээс  Хүний хөгжлийн зөвлөл байгуулагдсанаар морь сонирхдог, эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийг нэгтгэж судалгаа шинжилгээний ажил хийхээр төлөвлөсөн.

-Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ гэж ойлгож болох уу?
-Зөвхөн бие бялдрын төдийгүй сэтгэхүйн хөгжлийг судална. Сүүлд МУБИС-ийн багш Ц.Тамир, АШУҮИС-ийн багш, доктор Х.Цэрэнвандан нарын тус тусын судалгаагаар хүүхдийн бие бялдрын хөгжил болон хөдөлгөөний хөгжил шууд хамааралтай. Хүүхдийн хөдөлгөөний хөгжил нь амьдралын хэв маягаас шууд хамаарна гэсэн үр дүн гарсан байгаа юм. Энэ судалгаа Монгол, Япон, Өвөр Монгол гурван  улсын хүүхдэд хийгдсэнээрээ онцлог. Мөн Ц.Тамир докторын судалгаагаар өөхлөгийн хэмжээ ихтэй сурагч, хэвийн хүүхэдтэй харьцуулахад хөдөлгөөний чадвар бага хэмээх үр дүн гарчээ.  Тиймээс Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж, улсын хэмжээнд  хурдан морь уралдаанч хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хөгжлийг үнэлэх судалгаа зохион байгуулахаар төсөл бэлдэж байна. Судалгааны үнэн бодит байдлыг хангах үүднээс арга аргачлал, судалгаа авах ажилтанг  тусгайлан бэлтгэнэ. Мөн судалгааны явцад морь унадаггүй хүүхэдтэй харьцуулж үзэх бодол ч бий.

-Та сэтгэхүйн хөгжил гэж нэлээд ярилаа?
-Эрүүл мэнд гэдэг  зөвхөн бие бялдрын 
асуудал биш. Нөгөөтэйгүүр, хурдан морь унах нь хүүхдээс авхаалж самбаа, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, уралдах газрын зай, морьны хурдыг тааруулах зэрэг оюун ухааны өндөр чадамж шаарддаг. Мөн бие бялдрын хувьд эрүүл чийрэг, илүүдэл жингүй байна гэдэг хүний сэтгэн бодох чадварт нөлөөлж байдаг. Тэгэхээр унаач хүүхдийн сэтгэн бодох чадвар өндөр байх магадлалтай. Үүнийг судалгаа хийж, шинжлэх ухаанчаар тайлбарлан таниулах нь чухал. Ерөөс бид эрүүл монгол хүүхэд гэж олон жил ярьсан. Үүнийг “Чийрэг монгол хүүхэд” хэмээн нэрийдэх нь зүйтэй санагддаг. Чийрэг монгол хүүхдийн тод жишээ бол хурдан морины уралдаанч хүүхдүүд юм.

-Танай холбооноос “Морьтны хийморь аян” зохион байгуулсан байсан. Энэ тухай мэдээлэл өгвөл? 
- Тийм ээ. Манай холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайханы санаачилгаар “Морьтны хийморь” аяныг хэрэгжүүлсэн. Ер нь манай улс төдийгүй дэлхийн нийт улс орнуудыг зэвсэггүй дайн гэх коронавирус цочроож байгаа хүнд цаг үед уяачид, малчид, морьтон монголчууд бид сайн санааны үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой гэдэг үүднээс ММСУХ-ны ерөнхийлөгчийн зүгээс уяачиддаа хандаж уриалга гаргаж, хандивын аян өрнүүлснээр 120 сая төгрөгийг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулахыг илэрхийлэн УОК-т хандивлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмэн “Ковид-19” вирустэй тэмцэхэд дэмжлэг болгож  30 мянган хонь хандивласан ажлыг дэмжиж 1000 хонь Ерөнхийлөгчийн тамгын газарт хүлээлгэн өглөө. 

-“Морьтны хийморь”аянд бүх аймгийн уяачдын холбоод нэгдэж хандив үзүүлсэн үү?
-Манай холбоо Дэлхийн морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн байгууллага. 21 аймаг, нийслэл болон түүний 6 дүүрэг, 330 суманд салбар нэгжтэй 120 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжмээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагын хувьд бид түүчээлж оролцох ёстой. Ер нь энэ ажилд 100  хувь оролцсон гэж хэлж болно. Бид заавал тийм байх ёстой гэсэн босго тавиагүй. ММСУХ-ны аймаг, нийслэлийн салбар холбоод таван сая төгрөг, 50 хонь хандивласан.

Зарим нэг холбоо хонь өгөх боломжгүй ч мөнгөн хандив өгсөн, зарим нь мөнгөн хандив өгөх  боломжгүй нь сэтгэлээрээ туслалцаа үзүүлсэн. Нэмж хэлэхэд, улсын том цолтой уяачид өөрийн өсгөн үржүүлж байгаа адуун сүргээс удамт хурдан азарганыхаа үр төлийг хандив болгон өгч,  сайн дураараа гурав нь гурав, нэг нь нэг сая төгрөг хандивласан. Энэ бүхэн бол  морио дээдэлдэг Монголчууд бидний өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл юм. Ийм олон мянган уяачдыг нэгтгэсэн том байгууллага учраас бид энэ аяныг санаачилж хэрэгжүүллээ.

Энэ мэтээр уяачид, унаач хүүхдийн хөгжлийг дэмжих, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх чиглэлэр олон ажил хийж байна. Бидний хичээл зүтгэлийг үнэлэн 2019 онд “Бөртэ чоно” наадмаас шилдэг спортын холбоогоор шалгаруулсан. Энэ нь  бидэнд илүү ихийг хийж бүтээх урам болж байна даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид