Улаанбаатар 1c

Ч.Одгэрэл: Толгой дээрх нүдний шил, халаасанд байгаа түлхүүрээ хайх зэрэг мартах, санах үйлийг хайхрахгүй явсаар тэнэгрэл үүсдэг

Сүүлийн жилүүдэд нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр нийгмийн шалтгаант өвчлөлүүд нэмэгдэж байна. Үүний нэг нь насны доройтлын улмаас үүсдэг өтлөлтийн тэнэгрэл буюу альцхаймерын өвчин юм. Ахмад настны дунд зонхилон тохиолддог тус өвчин амьдралын хэв маягаас шалтгаан залуужиж буй. Иймд тэнэгрэл өвчний оношилгоо, эмчилгээ,  урьдчилан сэргийлэх арга, хандлагын талаар Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, настны эмч Чинбатын Одгэрэлтэй ярилцлаа.

-Манай уншигчдад өтлөлтийн тэнэгрэл өвчний тухай тайлбарлавал?
-Хүн нас ахих тусам бүх үйл ажиллагааны чадвар буурч байдаг бөгөөд тархины танин мэдэхүйн чадвар буурч буй үйл явцыг тэнэгрэл гэж нэрлэдэг. Тархи бор болон цагаан гэсэн хоёр  гадаргуутай. Хамгийн гадна талд байгаа цагаан гадаргуу  дээд мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулдаг. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа  гэдэг нь сэтгэн бодох, нарийн үйл хөдлөлийг зохицуулдаг.

Гэтэл нас ахих тусам тархины цусан хангамжийн алдагдал, судас хатуурал үүсэх, сэтгэн бодох үйл ажиллагаа хийхгүй байснаар тархины гадна талын эд, эсийн нөхөн төлжилт удааширч, тэжээлийн хямрал алдагдсанаар тэнэгрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны чадвар, чадамж алдагдсанаар өөрөө хоолоо идэж чадахгүй, нэрээ мэдэхгүй, асуултанд ухаалгаар хариулж  чадахгүй, гадагшаа гараад хаашаа, юу хийх гэж яваагаа мэдэхгүй болдог. Хүмүүс үүнийг зөнөх өвчин гэж ярьж хэвшсэн.

-Хэдэн наснаас эхэлж тэнэгрэл үүсдэг вэ?
-Ерөнхийдөө 65 наснаас хойш өтлөлтийн тэнэгрэл үүсдэг гэж үздэг. Гэхдээ хотжилт, технологийн хөгжил, дэвшил, стресс ихтэй, цаг наргүй амьдралын хэв маягаас шалтгаалан жил ирэх тусам залуужиж байна. Залуучууд завгүй, биеэ хайхрахгүй, эрүүл мэнддээ цаг гаргахгүй явсаар эрсдэлд ордог. Хэдий залуу ч гэсэн аль хэдийн холестерины хэмжээ ихсэж, судасны хатуурал, даралт ихсэх өвчин үүсэн, бие  махбодид өөрчлөлт явагдсан байдаг. Өвдөж эхэлсэн үед л эрүүл мэнддээ анхаардаг нийтлэг дутагдал залууст ажиглагдаж байна.

Хөгжингүй орнуудад 40-өөд насныханд тэнэгрэл оношлогдох болсон. Тийм учраас  хүн бүр оюун тархиныхаа хөгжилд анхаарч байх шаардлагатай. Жишээ нь, ном уншихад бид харах, унших, уншсан зүйлээ төсөөлөн бодох зэргээр тархины бүх гадаргуу ажилладаг. Гэтэл хүүхэлдэйн кино үзэх үед тархины нэг л хэсэг ажиллана. Мөн хүмүүс цахим орчинд байгаа мэдээллийг гүйцэд уншдаггүй гарчиглаад өнгөрдөг. Энэ мэт уншиж, сэтгэн бодож, дүгнэлт хийх зэрэг нарийн үйл хийхгүй байснаар тархины танин мэдэхүйн чадварыг сулралд оруулдаг. 

-Монголчуудын хувьд тэнэгрэл ямар түвшинд байна вэ. Энэ талаар хэр судлагдсан бэ?
-Нийт хүн амын 7.4 хувийг ахмад настан эзэлдэг. Насжилт өндөртэй орнуудад 65-аас настай хүнийг настан гэж үздэг бол Нийгмийн хамгааллын тухай хуулиар манай улсад 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүнийг настан гэж үздэг. Доктор Р.Оюунханд нарын 2012 онд хийсэн “Монгол настны  сэтгэц, бие махбодийн өвчлөл” судалгаанд 100 мянган ахмадын аравт нь тэнэгрэл өвчин байна гэж дурдсан байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй.

Тус судалгаанаас монголчуудын дунд тэнэгрэл маш бага байгаа мэт харагдаж буй боловч энэхүү судалгаанд хүнд хэлбэрийн тэнэгрэлтэй хүмүүсийг л авч үзсэн. Мөн манай улсад харьцангуй залуу хүнийг ахмад настанд тооцдогтой холбоотой. Амьдралын хэв маяг,  хотжилт, технологийн хурдацтай дэвшил зэргээс шалтгаан хүн амын дунд тэнэгрэл нэмэгдэх, залуужих хандлагатай байна.

-Тэнэгрэл үүсэх хүчин зүйлсийн тухай тодруулбал?
-Түгээмэл шалтгаан нь насны доройтол. Дээр хэлсэнчлэн жил ирэх тусам хүний үйл ажиллагааны чадварууд буурдаг. Гэвч настай хүн бүр тэнэгрэлтэй байх, эсвэл зөвхөн настнуудад тэнэгрэл үүсдэг гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр, өвчин эмгэгийн улмаас тэнэгрэл үүсэх боломжтой. Даралт ихсэлт, тархины гэмтэл, цус харвалт, чихрийн шижин, уушгины архаг бөглөрөл зэрэг өвчнүүд тэнэгрэл үүсэхэд нөлөөлдөг.  Зүрхний архаг дутагдлын үед зүрх эд, эрхтэнд хэрэгцээт бодисыг хангалтай шахаж чадахгүйн улмаас хамгийн нарийн судастай тархины гадна талын тэжээл доройтож, үхжилт явагддаг. Улмаар нарийн үйл хийх чадвар буурч, тэнэгрэл үүснэ. 

-Хэдэн наснаас эхэлж анхаарах шаардлагатай вэ?
-Би хүмүүст 25 наснаасаа эхлээд эрүүл мэндээ төлөвлөх шаардлагатай гэж зөвлөдөг. Хүн эрүүл байхын тулд ажил, амьдралаа зохицуулах, зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхээс гадна эрүүл мэнддээ төлөвлөгөөтэй хандах ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл 30 насандаа холестерины хэмжээ, биологийн насаа хянах, булчингийн массаа хэмжих, 40 наснаас хеликобактерийн шинжилгээ өгөх, жилдээ нэг удаа ходоодоо дурандуулах, биологийн насыг залуугаар нь хадгалах, дааврын шинжилгээнд хамрагдах, 50 насандаа даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, хавдрын эрт илрүүлэгт хамрагдах, уушгины хатгалгаанаас сэргийлэх вакцин хийлгэх, 60 насандаа  ясны хэврэгшилээ тодорхойлуулах, бүдүүн гэдэс, ходоодны дуранд хамрагдах, зүрхний үйл ажиллагаа, тархины цусан хангамжаа үнэлүүлэх гэх мэтээр насны онцлогтоо тохируулан, жил жилээр төлөвлөдөг байх хэрэгтэй. Хүн нэг л өдөр настан болчихдоггүй. Аажимдаа хөгшрөх процесс явагдаж байдаг. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал. 

-Нэгэнт тэнэгрэл үүссэн үед ямар эмчилгээ хийдэг вэ. Энэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Тэнэгрэл бол даамжран хүндрэх процесс. Тиймээс нэгэнт тэнэгрэл үүссэн үед бүрэн эмчлэх гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн танин мэдэхүйн чадварыг одоо байгаа түвшинд нь аль болох удаан хугацаанд барихыг зорьдог. Голлох эмчилгээ нь сэргээн засал. Юун түрүүнд танин мэдэхүйн чадварыг үнэлж, алдагдсан чадварыг тодорхойлсноор тохирох эмчилгээг хийнэ. Жишээлбэл, унших чадвар алдагдсан тохиолдолд ном уншуулж, яриулах, ярих чадвар алдагдсан бол намтар  түүх, хүүхдүүдийнх нь бага нас, амьдралынх нь чухал үеүдийн тухай дурсан санах зүйлс ярилцах хэрэгтэй. Мөн алдагдсан үйл ажиллагааг сэргээх, хамт олонд тулгуурлан сэргээх засах эмчилгээ, тархи булчингийн хамтарсан үйл ажиллагааг дэмжсэн дасгал хийлгэдэг. Хүнд зэргийн тэнэгрэлийн үед сайн асаргаа, сувилгаанаас өөр эмчилгээ байхгүй. 

Тэнэгрэлийг хөнгөн, дунд, хүнд  гэж гурван зэрэгт ангилдаг. Зэргээс шалтгаалан илрэх шинж тэмдэг нь өөр. Таван хүүхэдтэй хүн нэг хүүхдээ дуудах гэж бүх хүүхдийнхээ нэрийг дуудсаны эцэст дуудах гэсэн хүүхдийнхээ нэрийг олдог. Үүнийг анагаах ухаанд нэрлэхийн хэлгүйдэл гэж нэрлэдэг. Энэ бол тэнэгрэлийн анхны шинж тэмдэг. Хүнд зэргийн тэнэгрэлийн үед яаж бие засдагийг мартсаны улмаас өмдөндөө бие засах гэх мэтээр даамжирдаг.

-Тэнэгрэлийг хэрхэн оношилдог вэ?
-30 асуулт бүхий олон улсын стандарт сорилооор настны эмч нар үнэлж, оношилдог. Зөвхөн Геронтологийн үндэсний төв бус Өрхийн эрүүл мэндийн төвд хоёр асуумж бүхий сорилоор танин мэдэхүйн чадварыг үнэлдэг.  Хэрвээ тус сорилоор өөрчлөлт  илэрвэл аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн ахмадын кабинетэд илгээнэ.  Хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэнд төв болон манай байгууллага руу шилжүүлнэ. Ингэснээр багажийн болон сэтгэц, танин мэдэхүйн цогц үнэлгээ хийж онош тогтооно.

-Хэрвээ аав, ээж нь тэнэгрэлтэй бол гэр бүлийн гишүүд юуг анхаарах ёстой вэ?
-Ерөөсөө гадуурхаж, ад шоо үзэж болохгүй. Байнгын хараа хяналт, асаргаа шаардлагатай учраас төрүүлж өсгөсөн ачийг нь санаж амьдралын эцсийн мөч хүртэл асран халамжлах хэрэгтэй. Тэнэгрэлтэй хүн гадаа хүйтэн байгаа учраас би дулаан хувцаслах ёстой гэж бодож чадахгүй. Тиймээс тэр хүний өмнөөс бодож, санаа тавих нь гэр бүлийн гишүүдийн үүрэг.

-Үр хүүхэд, асран хамгаалагчгүй тэнэгрэлтэй ахмад настныг ямар байгууллга хариуцах вэ?
-Гадаадад танин мэдэхүйн чадамжаар нь ангилсан асрамжийн газрууд байдаг. Манай улсад энэ асуудал хүндрэлтэй. Хэрвээ ухаан самуурч, гэр бүл болоод нийгэмд хортой үйлдэл хийдэггүй бол Сэтгэцийн эрүүл мэндийн төв авахгүй. Хэрвээ тэнэгрэлтэй хүн бүрийг аваад байвал тэр байгууллага ачааллаа дийлэхгүй. Мөн улсын хэмжээнд байдаг ахмадын дөрвөн сувилалд авах болмжгүй. Манай байгууллага болохоор байр, сууцны асуудалтай. Нөхцөл байдал ийм л байна.

-Монгол Улсад настны эмч хэр олон байдаг вэ. Настанд үзүүлэх тусламж үйлчилгээ хүртээмжтэй байж чадаж байна уу?
-Настны эмч танин мэдэхүйн чадвар сулралыг эрт оношилж, аль болох удаан хугацаанд тухайн түвшинд барих, оюун тархин хөгжлийг сайжруулах арга хэмжээ авснаар тэнэгрэлээс сэргийлдэг. Улсын хэжмээнд ахмадын эмчээр бэлтгэгдсэн 15 хүн бий. Тэдний дөрөв нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Шинэ төгсөгчид тэр бүр энэ салбарыг сонирхдоггүй.

Настанд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх ёстой манай байгууллагын хувьд байр сууц, төсөв мөнгөнөөс шалтгаалан батлагдсан орон тоогоороо ажиллаж чаддаггүй. Тодруулбал, манай байгууллага  52 орон тоотой хэдий ч 40 гаруй хүн ажилладаг. Үүнээс 20 орчим эмч, сувилагч настантай ажиллаж байна. Мөн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд ахмадын кабинет байдаггүй гэх мэтчилэн олон асуудал бий. Тиймээс ахмадад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй байж чадахгүй байна. 

-Настны эрүүл мэндийн онцлог юу вэ. Яагаад онцгойлон анхаарах шаардлагатай юм бол?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд өвчин эмгэггүй төдийгүй нийгэм, сэтгэлзүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс өвчнийг үүсгэж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Настай хүний эрүүл мэнд насны доройтол, танин мэдэхүйн сулрал, нийгмийн хувьд үүсэж байгаа ганцаардал зэргээс шалтгаалдаг. Хэрвээ хүүхэд нь гэртээ архи ууж, дарамталдаг учраас даралт нь ихэссэн бол зөвхөн эм уугаад  тухайн хүний эрүүл мэндийн байдал сайжрахгүй. 

-Танин мэдэхүйн чадвар сулрал буюу тэнэгрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ерөөс танин мэдэхүйн чадвар сулрал анзаарагдахгүй явагддаг учраас залуучууд эрүүл мэнддээ анхаарах, ахмад настнууд жил бүр танин мэдэхүйн чадвараа үнэлүүлэх шаардлагатай. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, ажил, амралтаа зөв зохицуулж, ном унших, сэтгэн бодох зэргээр тархиа хөгжүүлэх хэрэгтэй. Хэдий чинээ залуугаасаа эрүүл мэнддээ анхаарна тэнэгрэлээс төдий чинээ урьдчилан сэргийлж чадна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид