Улаанбаатар 1c

Д.Мөнхөө: Шийдэж, зорьсон зүйлээсээ ухарч буцна гэсэн ойлголт энэ хүнд байдаггүй

Эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг төр, нийгмийн зүтгэлтэн, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөөтэй ярилцлаа.

- Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байнагэж ярьдаг хүмүүсийн томоохон төлөөлөл нь та. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очихын зайлшгүй шаардлага нь юу юм бэ?

-ХХ зуунысүүлийн  хагаст феминизмийн суурь онол, арга зүйн үндсэн дээр жендер судлал гэж бие даасан шинжлэх ухаан бий болсон. Жендер судлал гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог, байгалийн болон нийгэмд гүйцэтгэж буй үүргийн ялгаатай байдалд тулгуурлан тэдний эрх тэгш байдлыг хангах, үүний тулд хэрхэх вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс гаргаж тавьсан шинжлэх ухаан. Энэ дотроос хүн төрөлхтний анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудал нь эмэгтэйчүүдийн эрх. Эмэгтэй хүний байгалийн өмнө гүйцэтгэдэг эх болох үүрэг,гэр бүлийн дотоодод асрамж, халамж,үйлчлэх хөдөлмөрийг голлон эрхэлж, эрхмэдэл, эзлэх байр суурь нь асар хязгаарлагдмал явж ирсэн. Энэ нь улс үндэстний соёл уламжлалд баттай байр суурь  эзлэж ирсэн.

Эрэгтэй, эмэгтэй хүйсийг байгаль өөр, өөр онцлогтой бүтээсэн. Эрэгтэй хүйс онол сургаальд суурилсан, өрсөлдөж, маргалдахыг илүүд үзсэн, алс хэтийг харсан байгалийн өгөгдөлтэй, эмэгтэй хүйсийг байгаль харилцааг эрхэмлэсэн, хайрлах, үйлчлэх, асран тэтгэх зан үйлтэй, тухайн нөхцөл байдлыг үнэлж шийдвэр гаргадаг хүмүүс юм. Нүүдэлчний соёлд үүнийг “Нөхрийн нэрээр ороод, эхнэрийн нэрээр гардаг” гэж томьёолсон. Харин жендер судлалын шинжлэх ухаанд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, үнэлэмжийн ялгааг зөв дүгнэн шинжилж, хөгжлийн бодлогод тусгах нь хөгжлийн арга зүй” гэж үзэж байгаа. Дэлхий дахин ч эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмж байж хүнд ээлтэй, энэрэнгүй, хүний хөгжлийг дэмжсэн бодлого явуулах асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

- 194 орон нэгдэн орсон тогтвортой хөгжлийн зорилтын гуравдугаарт жендер ордог шүү дээ?

-Нэгдүгээрт, өлсгөлөнг арилгах, хоёрдугаарт, ядуурлыг бууруулах, гуравдугаарт, тэгш байдлыг хангана гэж байгаа. Энэ нь жендерийн асуудал ямар ач холбогдолтойг батлах нэг жишээ. Дэлхий нийтийн болон улс орны хөгжлийг урагшлуулж, сайн сайхан болгох үндсэн шалгуур нь жендерийн тэгш байдлыг хангах гэж хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөөд байгаа учраас эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулах асар олон технологи бий болсон. Олон орон сонгуульд нэр дэвшүүлэхэд квот тогтоосон. Тэр ч бүү хэл Африкийн олон оронд суудал хадгалах квот тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн орны парламентын гишүүдийн тодорхой хувь нь заавал эмэгтэй хүн байна гээд хуульчилчихсан. Энэ мэтээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр улс орнууд өөр өөрийнхөөрөө оролдож байна.

- Эмэгтэй улстөрчдөө бэлтгээгүй байж заавал төдөн хүн байх ёстой гэх нь зарим талаараа өрөөсгөл гэж боддог уу?

- Бэрхшээлтэй зүйл байгаа юу гэвэл бий. Эмэгтэйчүүдэд туршлага дутдаг. Бодлого боловсруулахад оролцох хэмжээний мэдээлэл олж авах, боловсроход тодорхой цаг хугацаа шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийг улс төрд, шийдвэр гаргах түвшинд бэлтгэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо их юм. Шийдвэр гаргах түвшинд тэгш байдлыг хангая гэвэл бүсгүйчүүдээ бэлтгэх ёстой шүү дээ.Тэр ч бүү хэл, УИХ-д сонгогдсон ч юм уу, тодорхой шатанд гарсан хойно нь  ч хүмүүсээ хөгжүүлж, бэлтгэхэд улс төрийн намууд асар их ажил хийх ёстой гэж жендер судлалын шинжлэх ухаан үздэг. Харамсалтай нь манайд энэ ажил дутмаг.

Тиймээс би Монголын улс төрийн хүчнүүд, парламент энэ асуудалд анхаарлаа  хандуулаасай гэж боддог. Энэ талаар сүүлийн 20 жил ярьж байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлуулах ажилд бүтэн дөрвөн жил оролцож, ном бичиж, тэр үеийн УИХ-ын гишүүн  байсан дөч гаруй хүнтэй биечлэн  уулзаж  байсан дурсамжийг чи олон зүйл асуугаад сэргээчихлээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хуульчилж нэмэгдүүлэх нь маш ач холбогдолтой. Жендерийн асуудал, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулах гэдэг эмэгтэй хүнийг дарга болгох төдий үйл хөдлөл биш юм. Эмэгтэй хүний л олж харах, ойлгож мэдрэх олон асуудал бий. Түүнийг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй. Жишээ нь, хүн амын эрүүл мэндийн асуудал байна. Тааруухан баримт хэлэхэд, өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүтэй 50-60 хүүхэд төрлөө. Үүний учир  шалтгаан, нийгмийн хүчин зүйл, хүн амын хөгжил, гэр бүлийн хамтын амьдрал дэмжих төр, аж ахуйн байгууллагуудын хүлээх үүрэг. Монголын хөгжил, цаашлаад аюулгүй байдлыг хангах хөгжлийн суурь болох эрүүл хүн амыг бий болгох асуудалд эмэгтэйчүүүдийн оролцоо чухал үүрэгтэй байх нь гарцаагүй. Үүнийг шийдвэр гаргагчид, иргэд, эмэгтэйчүүд бид өөрсдөө ойлгох хэрэгтэй. Намайг ингэж ярихаар хүмүүс “Сонгогчдын 50 гаруй хувь нь танай эмэгтэйчүүд шүү дээ.

Тэгээд эмэгтэйчүүдээ сонгохыг нь хэн байг гэсэн юм бэ, Мөнхөө гуай” гэдэг юм. Бодох л асуудал. Эмэгтэйчүүд бидэв нэгдэлтэй байж, нэгнээ дэмжих хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, малчин эмэгтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй бүсгүйчүүд, орлого багатай хүмүүс, өрх толгойлсон ээжүүд яаж амьдарч байна, тэдэнд юу хэрэгтэй вэ гэдгийг гаргаж тавих хүмүүсээ дэмжиж, хөгжүүлэхгүйгээр бидний зовлон, жаргалыг өөр хүн ярина гэж бодохын ч хэрэггүй. Гадагшаа явж ажил хийнэ гээд явсан залуусын 30-аад хувь нь гэр бүлээсээ салж  байгааг  эрдэмтэд  судалсан. Монголын 10 гэр бүл тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэй боллоо. Энэ бүхэн хөгжлийн бодлогыг жендерийн мэдрэмжтэй болгох хэрэгцээ шаардлага аль хэдийн бий болсныг харуулж байгаа юм.

Нүүдэлчний соёл хаан ухаан, хатан ухаан хоёрыг төрийн хэрэгт оролцуулж байснаараа дэлхийд үнэлэгддэг. Их хаан тэнгэрт халиад, дараагийн хааныг ширээнд залтал хатад төр барьж байсан гурван том тохиолдол бий. Зарим оронтой харьцуулахад эмэгтэй хүнд хандах хатуу бэрх өв үлдээгээгүй. Нүүдэлчний соёлын дэвшилт уламжлалаа яаж тээж, энэ зуунд хүн төрөлхтөнд давуу талаа хүлээн зөвшөөрүүлж, бодит ажил болгож явах вэ гэдэг нь өнөө үеийнхний асуудал болоод байна. Улс төрийн намууд эмэгтэй улстөрчдийг бэлтгэж, хөгжүүлэх, тодорхой үүрэг хүлээсэн нэгнийг нь дэмжиж, туслах бодлого хэрэгжүүлэх ёстой. Нэг см талбайд дөрвөн тонн ачаа дарахтай тэнцэх хүчээр үрээ дүлж гаргадаг эх хүний зовлон, физилогийн ачааг ямар ч эр хүн хэзээ ч мэдрэхгүй.

Үүнийг мэдэрсэн хүн л эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй, тэднийг дэмжихийн тулд юу хийх, эрүүл мэндэд нь хэрэгтэй ямар арга хэмжээ авахыг ойлгоно шүү дээ. Манайхан хэдэн төгрөг өгчихөөд түүнийгээ сүрхий арга хэмжээ авлаа гэж яриад байдаг. Нарийн яривал 20, 40 мянган төгрөг зүгээр өгөх үү, хөдөлмөр, ур чадварыг нь яаж дэмжвэл  тогтмол орлоготой, хийж  бүтээх чин эрмэлзлэлтэй, монгол дархлаатай хүн төлөвшүүлж  эх орны  аюулгүй  байдал, хөгжлийг  баталгаажуулах вэ гэдэг  асуудлыг бүх түвшинд  авч үзэж эмэгтэйчүүдийн хатан ухааныг төрийн хэрэгт оролцуулах нийгмийн хэрэгцээ  шаардлага буй болжээ. Энэ мэт олон зүйлээр жендэрийн тэгш  байдлыг хангах нь хөгжлийн аргазүй  болсныг олон зүйлээр  баталж болно.

Өнөөдөр Монголд өрх толгойлсон эмэгтэй, өрх толгойсон эрэгтэй, хань ижил нь ажил хөдөлмөр эрхлэх гэж явсангэрбүлийн гишүүнийэзэнгүй орон зай, эргэж ирээгүй орон зай, хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай гэр  бүл, дахин гэрлэсэн гэр бүл гэх мэтээр гэр бүлийн арваад хэв шинж байна. Энэ бүхэнд тус тусын онцлогтой дэмжлэг, үйлчилгээ шаардлагатай байгаа. Энэ мэтээс эхлээд эмэгтэйчүүд улс төрд орж, эмэгтэй хүний сэтгэлгээ, мэдрэмжээр төрийн бодлогод оруулах ёстой асуудал захаас аваад олон байна. Эрэгтэйчүүдийн асуудал ч анхаарал татаж  байна. Дундаж нас нь эмэгтэйчүүдээс 10  жилээр доогуур болж,нас барж буй дөрвөн эрэгтэй  хүний нэг нь гадны  хүчний  нөлөөтэй  байж, архинд донтох эмгэгтэй хүний тоо өндөр  байна.

2020 оны сонгуульд улс төрийн намууд үүнийг бодож оролцоосой. Хорьдугаар  зууны дэлхийн хөгжлийн  бодлогын суурь болсон “Тогтвортой  хөгжлийн  бодлого”-ын үзэл санааг ойлгож, дэмжсэн, нийгмийн  асуудлуудын зовлон жаргалыг мэдэж, онол аргазүйн  талаас нь  судалсан, сонирхсон, тодорхой үйл ажиллагаа явуулсан, хүмүүсийн дэмжлэг хүлээсэн сорилт, туршлага туулсан, улс төрийн тогтвортой үзэл, үнэт зүйлтэй түүнийхээ төлөө ажиллах, чадах хүмүүсээ намууд нэр дэвшүүлж чадаж байна уу, үгүй юү гэдэг ч эргээд асуудал шүү дээ.

- Эмэгтэй улстөрчдийн гаргаж буй санал санаачилгын тухай асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд байна. 70 сая мал гэдэг бол маш том баялаг. Үүнийгээ дэлхийн зах зээлд гаргая гэж УИХ-ын гишүүн М.Билэгт ярьдаг. Энэ хэр оновчтой, төрийн бодлогод тусах боломжтой санал гэж та боддог вэ?

- 70 сая малынхаа ашиг шимээр дэлхийн брэнд хийж, олон улсын зах зээлд гаргах бүрэн боломж бидэнд бий. Экологийн цэвэр хүнсний болон хэрэглээний бүтээгдэхүүнийг дэлхий нийт алгаа тосоод авахад бэлэн шүү дээ. Мөнхийн хөрш хоёр том гүрний зах зээл бидний өмнө байна. Бид тараг, сүү, ээдэм, бяслаг гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахад төрийн бодлого, дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй. Тэгэхгүй бол уулын аманд байгаа малчид хэдэн малынхаа сүүг аваад хаачих билээ. Энэ талаар М.Билэгт гишүүн овоо дуугардаг. Засгийн газар ч ярьж эхэлж байх шиг байна. Үүнийг би маш зөв гэж бодож байгаа.

- Ингэхэд та М.Билэгт гишүүнийг нэр дэвшихэд дэмжиж, сонгуулийн кампанит ажилд нь оролцож байсан юм билээ. Бас зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж сонссон. Энэ хүний ямар чанарыг та үнэлдэг вэ?

- Арваад жилийн өмнө хавдрын эмнэлэг барьж эхлэхдээ намайг санаа оноогоо хэлж, зөвлөж ажиллаач гэж хүссэн юм. Тэр үеэс бид нэлээд ойртож танилцсан. Хавдар гэдэг тавилан муутай өвчин учраас хавдрын эмнэлэг барьдаг бизнесмэн байдаггүй. Ийм ажлыг зориглож эхлүүлсэн нь сэтгэлд нийцсэн учраас дэмжиж, Японы  талтай хамтарсан эмнэлэг барих үйл ажиллагаандаа зөвлөгөө өгч ажиллахыг  хүссэний нь дагуу хоёр жил орчим зөвлөх гэсэн хаягтай байсан. Хавдар судлалын төвийн дарга Чинбүрэн зөвлөж, хамтран ажиллаж эхэлснээс миний үүрэг шаардлагагүй  болсон юм.

Би М.Билэгт гишүүний сонгуулийн ажилд хоёр ч явсан хүн. Тэгэхдээ яагаад энэ хүнийг дэмжсэн бэ гэвэл, нэгдүгээрт, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зовлон, жаргалыг өөрийн биеэр туулсан, амьдралыг нь сайн мэдэх хүн. Хоёрдугаарт, арав гаруй хүүхэдтэй малчин айлын хамгийн том охин. Дүү нараа өсгөж өндийлгөсөн. Тиймээс энэ хүний амьдралын туршлага төрийн бодлогод хэрэгтэй гэж үзсэн.

Энэ хүний хоёр чанар надад таалагддаг. Бүр онцолж хэлмээр хоёр чанар бий. Эхнийх нь, аливаа зүйлийг хийе гэж шийдэж, зоривол түүнээсээ ухарч буцна гэсэн ойлголт энэ хүнд байдаггүй. Ямар сайндаа тэр олон тэрбум төгрөг зарлагадаж, эмнэлэг барих гэж арваад жил зүтгэж байх вэ. Өөрт нь унасан ямар ч ашиггүй, харин ч өрөнд орчихсон, тэгээд баахан хэл аманд орооцолдоод явдаг. Гэсэн ч зорилгодоо хүрч, эмнэлгийн барилгаа ашиглалтад оруулсан байна билээ.Зорилгынхоо төлөө няцаж буцахгүйгээр зүтгэдэг нь улстөрчид байх нэг чухал шинж шүү дээ.

Мөн, 1990-ээд онд Монголын нийгэмд өрнөсөн тэр том өөрчлөлтөд М.Билэгт маш хурдан зохицож, жижиг, дунд бизнесийн салбарт 20 жил зүтгэж, амжилтад хүрсэн. Тэр анхны хувийн “Ачлал” их дэлгүүрийг байгуулж, маш олон хүнд ажлын байр гаргасан. Дэлгүүрээ анх нээхдээ ямар түрээстэй байсан, одоо болтол түүнийгээ өөрчлөөгүй юм билээ. Үүнийг нь би үнэлдэг. Энэ хүний нийгэм, хамт олонд хандах хандлага чухал байгаа биз дээ. Олон хүүхэдтэй малчин айлын ууган охин, олон дүү өсгөж хүмүүжүүлсэн эгч хүний сэтгэл энд гарч байгаа юм. Жирийн иргэдийн эрх ашгийг бүрэн ойлгох чадвар байгааг нь би үнэлдэг.

УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилд нь бол би дэргэд нь ажиллаагүй. Ер нь би хүний зөвлөхөөр ажиллах сонирхол багатай хүн. Би өөрөө бие даасан төрийн бус байгууллага удирдаж, гэр бүлийн асуудал хариуцсан үндэсний тогтолцоог Монголын төрд бий болгох асуудлыг шийдвэр гаргагчдад ойлгуулах, монголчуудыг гэр бүлийн боловсролтой болгож, гэр бүлүүдийг аз жаргалтай, сайн сайхан амьдрах үндэс суурийг бүрдүүлэх гэсэн хоёр асуудалд сэтгэл зүрхээ зориулж яваа хүн. Үүндээ цаг заваа зориулах хүсэлтэй учраас үүнийгээ өөрт нь хэлж “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой надаас асуух зүйл байвал татгалзах зүйлгүй” гээд зөвлөхөөр ажиллах боломжгүйгээ тайлбарласан.

- Таны дэмжиж гаргасан гишүүн хэр ажилласан гэж харж байгаа вэ?

- Би М.Билэгт гишүүнд үнэлгээ өгөх үүрэгтэй хүн биш. Гишүүнд үнэлгээ өгөх хуулиар зөвшөөрөгдсөн хоёр субьект бий. Нэгдүгээрт, тухайн хүнийг дэвшүүлж гаргаж ирсэн улс төрийн нам нь ажилд нь үнэлгээ өгнө. Нам ямар бодлогоор, яагаад илгээсэн, тухайн гишүүн түүнд нь хэр нийцэж ажилласан гэдгийг дүгнэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, төр барих эрхээ тухайн гишүүнд итгэж шилжүүлсэн сонгогчид үнэлгээ өгнө. Наймдугаар тойргийн сонгогчид л энэ хүн бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллаж чадав уу, үгүй юү гэдгийг дүгнэж, үнэлэлтээ өгөх эрхтэй. Түүнээс надад М.Билэгт сайн ажилласан, эсвэл муу ажилласан гэх эрх, үүрэг байхгүй. 

Гэхдээ М.Билэгтийг УИХ-д суусан дөрвөн жилдээ төрийн ажилд зүтгэх асар их мэдлэг туршлага, ухаарал олж хуримтлуулсан гэдэгт нь итгэж байна. Дээд сургуульд суралцах хугацаа дунджаар дөрвөн жил. Төрийн эрх барих дээд байгууллагад дөрвөн жил ажиллана гэдэг их зүйл сурч, боловсордог юм шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Гүнжидмаа
    Тэгээд ч Мөнхөө дарга шиг хүн хүн нэгнийг худал магтаж, бусдын толгойг эргүүлэх хүн биш. Энэ хүн үнэхээр хүний мөн чанарыг таньж, хамгийн зөв гэснийг л дугардаг тулхтай улс төрч юм шүү.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Гүнжидмаа
    М.Билэгт гишүүн бол энэ УИХ-ын танхимд жирийн иргэд, аж ахуйн нэгж байгуулж бусдыг цалинжуулан бор зүрхээрээ зүтгэж байгаа бизнесменүүд хамгийн гол нь малчин түмнийхээ төлөө хамгийн их санаа нь зовж, тэдний төлөө үнэн үг хэлдэг гишүүн. Энэ хүнийг ирэх 4 жилд ч гэсэн бидний дуу хоолой болж УИХ-д заавал байх ёстой хүн гэж боддог доо.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид