Улаанбаатар 1c

Хэнхэлзүүр...

Тэр яг л Галаа шигээ хөөрүү цайлган, омголон дэврүүн, өөрийнхөөрөө хэгжүүн, үзэл бодолдоо үнэнч, шартай. Бас яг л Равжаа хутагт шиг билэг танхай, ер бишийн онгод хийморьтой. “Дорнын цагаан саран”-гаа аялахаараа дотно янаг хүү шиг минь санагддаг, “Зүүдний гуйлга”-аа дуулахаараа зөрүүд хорвоогийн жамыг ухааруулдаг, “Үлэмжийн чанар”-аар үйлт орчлонг хөвсөлзүүлдэг маэстро Догмидын Сосорбарам гарцаагүй ард түмний хайртай уран бүтээлч. Аавынхаа захиасыг биелүүлж, амьдралыг хэнхэлзэж л туулж яваа түүнтэй ярилцлаа.

-Ямар ч хүний бага нас, нутаг ус, ээж, аав, эмээ, өвөө, үүсэл гарвалын тухай яриа үргэлж дотно дулаан, эерэг зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Бас уншууртай, уйдашгүй, хуучрашгүй байдаг. Тийм болохоор энэ тухай яриулах дуртай. Таныг өвөө, эмээгийнхээ хайранд умбаж өссөн гэдгийг монголчууд мэддэг болсон. Гэхдээ л тэр хүмүүсийн тухай дахиад ярихад уйдахгүй гэдэгт итгэлтэй байна?
-Ээж минь бүсгүй заяа дагаж хүнтэй суугаад явахдаа намайг өвөө, эмээ хоёрт үлдээсэн хэрэг. Би эмээ, өвөө хоёрыгоо миний ээж, аав гэж бодож өссөн, одоо ч тэднийгээ эмээ, өвөө гэж биш, ээж, аав гэж ярьдаг. Намайг хүн болгосон, миний овоглож явдаг Догмид аав төрүүлсөн ээжийг минь хадам дүүгээсээ өргөж авсан юм билээ. Миний өсгөсөн ээж буюу эмээ минь дүүгээсээ хүүхдийг нь өргөж авсан нь миний ээж гэсэн үг шүү дээ. Ээж, бид хоёул Догмидын гэж овоглодог. Ээжийг Догмидын Чимэдцэрэн, намайг Догмидын Сосорбарам гэхээр хүмүүс гайхаад байдаг юм.

Миний төрсөн аав аймгийн арслан Ш.Дамдинсүрэн гэж хүн бий. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумдаа амьдардаг. Аав, ээж минь хоёулаа 80 нэлээд гарчихсан, эрүүл чийрэг сайхан байцгааж байна. Аав, ээжтэйгээ зэрэг өтөлж явна даа.

Хүмүүний амьдралын төөрөг заяа гэх үү, эрээн бараан гэх үү, төрсөн аав, ээж минь тухайн үед хоёр тийшээ болж, салсан юм билээ. Тэдэнтэйгээ хамт амьдрах хувь тохиогоогүй ч аав, ээжийнхээ хоёр тийшээ болсныг би буруутгаж чаддаггүй. Хүмүүсийн амьдрал янз янз. Үр хүүхдээ орхиод салж, сарнисан явдал Монголд бүү хэл, хүн төрөлтхний түүхээр дүүрэн байгаа. Болохгүй болоод л салаа биз. Нас ахих тусам тэднийгээ зөвтгөн ойлгож, улам л хайрлаж, хүндэлж явна. Энэ хоёр хүн байгаагүй бол би хүний биеийг олохгүй шүү дээ. Энэ өнцгөөс харсан ч, нөгөө талаас хүний эрхийн үүднээс хандсан ч буруутгах аргагүй юм.

Энэ орчлонд ямар хүн болж мэндлэхийг тодорхойлдог хамгийн эхний үе нь эхийн хэвлийд үр болж тогтох агшин. Сайн хүн болох уу, муу хүн болох уу гэдэг нь тэр агшнаас эхлэн шийдэгддэг гэж өнөөдрийн 60 насны өндөрлөгөөс би нотод боддог. Эр, эм хоёрын нандин харилцаа, хайрын агшинг хэлж байна шүү, би. Тиймээс би аав, ээж хоёртоо их баярладаг. Намайг бий болох тэр агшинд нэгэндээ жигтэйхэн хайр юүлж, ивлэж байсан учраас миний оюун санаа, бодол сэтгэл, ертөнцийг харах, харах харахдаа чамгүй олон өнцгөөс харах сэтгэлгээ, ур чадвар чамлахааргүй түвшинд байгаа гэж боддог. Ийм бие махбод, бас энэ хорвоод тийм ч олон хувь байгаад байхааргүй, муу ч үгүй оюун санааг бий болгож өгсөнд нь маш их баярладаг.

Манайх бурхан шүтдэг айл. Харин би хүмүүсийн сүсэг бишрэлийг хүндэтгэхээс биш өөрөө тийм ч өндөр түвшний бишрэлтэй хүн биш. Сүсэглэж биширч үзсэн, худлаа гэдгийг нь мэдсэн. Харин ээж, аав хоёрыгоо бурхнаас өндөрт тавьж, шүтэж амьдардаг. 
Миний бага нас малчны хотонд, хурга, тугал маллаж, жаахан товир насандаа даага, сарваа сургаж, адуу мал хариулах, адгуулах ажилд дөт, морин дэл дээр өнгөрсөн. Баян-Овоо сумын бага сургуулийн нэг давхар цагаан байшин, багын найзууд, багш нартай уяж яривал их зузаан түүх болно. Наймдугаар анги төгсөх хүртлээ хөдөө байлаа. Энэ бол оюун санаа, бие махбод төлжин, төлөвших хоёр дахь үе. Нутгийн өвгөдийн тархины ундаргаас гарсан үг, зангараг миний төлөвшилд багагүй нөлөөтэй.

Намайг хүн болгосон аав, ээж (өвөө, эмээ) хоёр минь бол ярих юмгүй сайхан улс. Миний л хувьд лав энэ хорвоогийн хамгийн ховор нандин хүмүүс. Намайг хэтэрхий их энхрийлж, хэтийдсэн их хайраар өлгийдөж өсгөсөн. Миний оюун санаа, хүнд болон ажил үйлсэд хандах хандлагыг бүгдийг нь тос даалгаж бойжуулсан хүмүүс бол тэр хоёр минь.

-Дуулж, хуурдах, өгүүлэх гэх мэтийн урлагийн олон талын авьяас хэнээс нь өвлөгдөж ирсэн юм бол?
-Миний өвөг дээдэс дунд сайхан дуулдаг, ялангуяа уртын дуунд гарамгай, ерөөл магтаал хэлдэг олон талын авьяастай хүн цөөнгүй байсан. Дээд удамд маань морь сайхан уургалдаг, эмнэг гайхалтай сургадаг, ямар ч хангалын булигаанд тогтдогоороо зартай хүмүүс ч байлаа. Утга зохиол, биеийн тамирын оргилд гарсан улс чиг л байна. Эрдэмтэн зохиолч Дожоогийн Цэдэв, жүдогийн дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг бид үеэлүүд. Манай удмынхан 2005 оноос хойш таван жилд нэг удаа ургийн баяр хийдэг болсон. Миний дээд өвөг “дэгээ” Ламжав гэж их лут хүн байж. Тэр хүний үр удам, салаа мөчир нэг бүтэн сумын дайтай улс цуглачихдаг юм.

-“Дэгээ” Ламжав гэж олон эхнэртэй, хошуу нутагтаа зартай хүн байсан тухай сонсож байсан юм байна?
-Аа алдартай хүн байсан гэнэ билээ. Олон эхнэртэй ч байсан гэдэг. Тэр олон эхнэрийнх нь хүүхдүүд одоо бүхэл бүтэн сумын дайтай улс болчихоод байгаа нь тэр. Түүнээс өмнө, бүр дээд өвөг “булуу” Сандаг гэдэг хүн байсан. Тэр бас 2-3 эхнэртэй байсан юм даг уу. Тэр ген удмаас чамгүй гайгүй юмнууд үлдсэн юм билээ.

-Таныг сургуулийн урлагийн үзлэгт байнга оролцдог, энд тэндхийн уралдаан тэмцээнээс шагнал, медаль авчирдаг сурагч байсан гэж ээж маань ярьдаг. Дуулахаасаа илүү бүжиглэдэг хүүхэд байсан гэж ярьж байсан санагдана. Та бүжиглэдэг байсан юм уу?
Д.С:
-Ээж нь хэзээ аравдугаар анги төгссөн юм бэ?
Сур:-1978 онд.
-Би 1977 онд аравдугаар ангиа төгссөн, тэгэхээр мэдэхээс аргагүй. Бүжиглэнэ, шүлэг найраг ч уншина, юм юм л хийдэг байлаа. 1974 онд тэр үеийн пионерын байгууллагын 50 жилийн ойгоор Улаанбаатарт ирж, таван медаль аваад тухайн үедээ мандаж байв шүү дээ. Ганцаараа таван медаль авна, тэгэхдээ дандаа алт, мөнгө авна гэдэг том амжилт байлгүй яах вэ. Надад авьяас байна гэдгийг багаасаа мэдэрч, урлагийн хүн болно, кинонд тоглоно, төв театрт ажиллана гэж мөрөөддөг, өвөөдөө ч үүнийгээ хэлдэг хүү байлаа, би. “Их бүрдийн домог” киног үзчихээд гарч явахдаа “Би ингэж кинонд гардаг хүн болно” гэсэн, Драмын театрын томчууд орон нутагт тоглоход “Эдэн шиг жүжигчин болно” гэсэн гэж найз нар маань одоо хэлдэг юм. Урлагийн хүн болох цучил нь надад байна гэдгээ их эрт мэдэрсэн, сургуулийн урлаг соёлын арга хэмжээ надгүйгээр болдоггүй байсан. Оюутан болоод ч урлагийн үзлэг, элдэв арга хэмжээний магнайд л яваад байв. Одоо бодоход багын мөрөөдөл бүхнээ биелүүлжээ.

-Таныг урлагийн хүн болно гэхэд өвөө тань юу гэдэг байв. Хөдөө буйдын хүмүүст театр, киноны жүжигчин гэдэг хүршгүй холын хүн шиг санагддаг шүү дээ?
-Миний аав “Чи хэнхэлзсэн дуучин л болохгүй юм бол хэрэг байхгүй шүү” гэсэн. Манай нутагт хэнхэлзэнэ гэж их омой бардам, юманд түүртэхгүй байх аалийг хэлдэг юм л даа. Ажил төрөл, амьдрал нь нэлээд өөдрөг яваа хүнийг хэнхэлзүүр, данхалзуур гэж ярина. Аав минь намайг хэнхэлзсэн дуучин болохгүй бол хэрэг байхгүй гэсэн нь надад ташуур болж, өөртөө итгэх итгэл нэмсэн.

-Та хэнхэлзсэн уран бүтээлч болж чадсан уу?
-Чадсан гэж боддог.

-Аравдугаар ангиа төгсөөд адуучин болох гэж байсан гэсэн. Бас нэг жил багшилсан байдаг. Яагаад тэгсэн юм бэ, сургуульгүй үлдсэн юм уу?
-Есдүгээр ангид байхад Улаанбаатараас ДБЭТ-ын нэртэй дуучдын нэг Лувсандамдин бил үү, өндөр хүн аймагт ирж, дуучин болох сонирхолтой хүүхдүүдээс шалгалт авсан юм. Түүнд шалгуулаад тэнцсэн ч аравдугаар ангиа төгсөөгүй учраас явах боломж олдоогүй. Бас кино драмын ангид шалгалт өгч тэнцэхэд мөн л аравдугаар ангиа төгс гээд үлдээсэн юм. Тэгэхээр хүн өөрийгөө мэдэрчихнэ шүү дээ. “За, урлагийн сургуульд баараггүй тэнцэх юм байна” гэж бодож байтал аравдугаар анги төгсөх жил урлагийн сургуулийн хуваарь ирсэнгүй. Нэгэнт хүссэн хуваарь ирээгүй болохоор өөр ямар нэг сургуульд шалгалт өгөхөөс яах вэ. МУИС-ийн эдийн засгийн ангид шалгалт өгтөл тэнцсэнгүй. Аймгийн том дарга нарын хүүхдүүд урдуур орж, би ухарсаар Говь-Алтай аймгийн Шаргын ч бил үү, ямар ч байсан нэг ТМС дээр буудаг юм байна.

Би уг нь сурлагаар гайгүй сайн байсан юм. Аравдугаар ангиа ганцаас бусад хичээлээ онц дүнтэй төгссөн. Жамъянсүрэн багшийн заадаг нийгэм судлал буюу шинжлэх ухаан коммунизмын онол үздэг хичээл дээр муу гарсан. Яасан гэхээр, Жамъянсүрэн багш цэргийн зарлан авсан хүүхдүүдийн дүнг шууд гаргасан юм. Хүүхдийнхээ ерөнхий байдлыг харж байгаад асуухгүйгээр онц, сайн тавиад байснаа намайг ортол “Билетээ сугалаад асуугд” гэлээ. Би багштайгаа жаахан таарамжгүй, заасан хичээлийг нь шүүмжилж маргалддаг болохоор тэр биз. Билет сугалтал “Лениний социализм байгуулах төлөвлөгөө” гэдэг асуулт таарав. Тэр төлөвлөгөө нь улс орныг цахилгаанжуулах, соёлын хувьсгал хийх, хоршооллын хөдөлгөөн өрнүүлэх гэсэн гурван зүйл байсныг мэдэх тул “Шууд ярья” гэтэл багш “Онгироод бай, суу” гэж байна. Жаахан сууж байгаад гарч, ярилаа. Гэтэл багш “Манай улсад хоршооллын хөдөлгөөн яаж ялсан бэ” гэсэн нэмэлт асуулт тавив. Миний дургүй хүрээд явчихлаа.

Манай сумын “Санаачилга” нэгдлийнхэн муу аавыг минь “Нударган баян” гэх мэтээр их боорлодог байсан юм. Аав минь үр хүүхдэдээ хашаа, байшин төхөөрөөд өгчихдөг, чехийн улаан ява унадаг, манайх хөрөнгөтэйд тооцогддог айл байлаа. Хангайд 50, говьд 75 толгойгоос илүү малтай байхыг зөвшөөрдөггүй, илүү гарсныг нь нийгэмчлээд авчихдаг байсан тэр үед миний аав амьдрал нь буурайдуу 2-3 айлыг саахалт буулгаж, төл мал, өсөж үржих эм мал өгөөд, шанд нь малаа хэд тасалж, нэр дээр нь тоолуулдаг байв. “Морьтой ч болоосой” кинонд гардаг чинь Монголд олон газар болсон явдал шүү дээ. Манай аав тэдний нэг. Том хадны нөмөрт хэдэн үхэр нууж тушиж орхиод мал тооллого өнгөрөөхийг нь нүдээр харж байлаа.

Аав минь “Миний хүүгийн төрсөн тэгшилгээний жил их муу ёрын жил байсан шүү” гэж хэлсэн нь надад их тод, дотроос гардаггүй байсан юм. 1958 онд бүх малчны мал хөрөнгийг 50, 75 толгойгоор тэгшилж хураагаад нэгдэл байгуулсныг аав муу ёрын гэсэн хэрэг. Багшийн нэмэлт асуултыг сонссон чинь тэр бүхэн бодогдохгүй юу. Нэгдлийнхэн манайд ирээд аавыг минь нударган энэ тэр гэж байсан нь нүдэнд харагдаж, гэнэт дургүй хүрээд “Миний аав, ээж хоёрын мал, хөрөнгийг хураах, дээрэмдэх ажлаар л ялаа биз дээ” гээд аваад хаятал муу тавьчихсан. Муу авах ч бага хэрэг, бүр сургуулиас хөөгдөх шахсан. Намайг төрүүлсэн ээжийн төрсөн аав, миний нөгөө өвөө Сэр-Од гэж мундаг бариач байлаа. Сэр-Од өвөө багшийн эхнэр жирэмсэн болоод гажихад нь барьсан, хүүхдийнх нь тархи толгойг ч барьдаг байсан нүүрээрээ Жамъянсүрэн багшийг гуйж, муу дүнг маань анхааруулгатай дунд болгон, сургуулиас хөөлгөчихөлгүй авч үлдсэн. Ингээд аравдугаар ангийн гэрчилгээндээ нийгэм судлал дунд, бусад нь онц дүнтэй байдаг юм.

Ганц муу дүн маань үүргээ сайн гүйцэтгэж, намайг их сургуулийн хуваарьгүй үлдээж, ТМС-д хуваарилагдахад хүргэсэн. Би ТМС-д яваагүй. Сургуульгүй үлдсэн хүн чинь ээж, аав дээрээ очиж, морин дэл дээр зуслаа. Ингэж явах нь сайхан санагдаж, адуучин ч болдог юм бил үү гэж бодож байтал аймгийн Улсын тэргүүний бага сургуулийн захирал Доржсүрэн гуай намайг бага сургуульд багшил гэж дуудав. Ингээд бага сургуульд нэг жил багшилсан. Хичээлийн заах арга барил бол арай ондоо. Хүүхдүүдээр өөрсдөөр нь сэтгүүлж олуулах, биеэр нь мэдрүүлж ойлгуулах гэж их оролдоно. Доржсүрэн захирал намайг “Чи сайн багш болно. Багшийн ажлаа л хий” гэдэг байлаа. Дараа хавар нь жүжигчний ангийн хуваарь ирэхээр нь шалгалт өгч тэнцээд, 1978 онд УБДС-ийн дэргэдэх кино драмын ангид элссэн дээ.

-Танай ангийнхнаас Драмын театрт гуравхан хүн авсны нэг нь та юм билээ. Драмын урлагийн төв театр өндөр босго, нарийн шалгууртай газар шүү дээ. Та тэр шалгуурыг хэрхэн давж байв?
-Өө өндөр босго байлгүй яах вэ. Би өөрөө бол Эрдэнэт юм уу, Баянхонгор руу явдаг юм уу гэсэн бодолтой байтал Н.Сувдаа багш намайг авна гэж зүтгэсээр байгаад авсан. Тун болдоггүй хэл амтай хүн авсан учраас намайг Драмын театраас гарах хүртэл Сувдаа багшийн чих нэлээд халууцсан байх. Одоо ч чих нь халууцсаар л явдаг болов уу.

-Оюутан байхаасаа л хэл ам  нэлээд таталдаг залуу байсан гэсэн. Театрт ороод дарагдаагүй юу?
-Оюутан байхаасаа ч биш, бүр бага, дунд сургуульд байхаасаа л таатай яриатай хүүхэд байгаагүй. Төрөлхийн тийм зан юу гэж дарагдах вэ.

-Дээр үеийн хүмүүс хүүхдээ их даруулгатай өсгөдөг, тэр нь зарим талаар хүүхдээ тэр чигт нь дарчихдаг байж болох талтай санагддаг. Томчуудын өөдөөс юм хэлж болохгүй гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэхэд нь саад болдог ч юм уу. Харин таныг их дураар нь, задгай өсгөсөн бололтой?
-Дараад нэмэргүй гэж мэдэж байсан юм уу, аав, ээж минь надад ер юм хэлдэггүй, их дураар нь өсгөсөн. Би бэлэн цэцэг үгтэй гэж жигтэйхэн. Хүн амьтанд хоч нэр өгнө. Тэгэхээр аав “Биднийг заагаад өгчихсөн гэх вий дээ, яадаг билээ бурхан минь” гэж суудаг сан. Эжий л хааяа нэг жаахан ширүүлнэ. Тун болохоо байхаар бүсээрээ хүлж байгаад шилбүүрээр ороолгодог сон. Том болсон эрэгтэй хүүхдийг тэр жаахан хөгшин өвтгөнө гэж юу байх вэ. Ээжийгээ “Шаваг толгойлчихоод” гэж хэлээд нэг сүрхий банга хүртэж билээ. Шаваг гэж юу байдгийг мэдэх үү.

-Сөрвийж арзайсан бутархаг ургамал биз дээ?
-Ээжийнхээ толгойг тийм юмтай зүйрлэнэ гэдэг аюул биз дээ. Ээж минь хургаа эхэд нь тавьж өгч байсан юм. Гэтэл нэг хонь хургаа голж, муухай аашлаад, ээж хургыг нь авахуулах гэж нэлээд удаан оролдож аргаа бараад “Яадаг хохироо вэ” гэчихсэн сууж байв. Очоод хартал өөрийнх нь хургыг биш, өөр хонины хурга хөхүүлэх гэж оролдоод байж. “Тэгэхгүй яах вэ дээ, буруу хурга байна” гэтэл ээж “Тэгээд чи түрүүнээс хойш солиодохгүй яасан юм бэ” гэж байна. Тэгсэн би ээжийгээ “Шаваг толгойлчихоод дандаа хүн загнаж байх юм” гэчихсэн. Ингээд ээждээ аргал хорголоор сайн гөвүүлж билээ. Ээж минь нэлээд нас ахичихсан байсан. Хөдөө мал төллөх үеэр ямар олиг байх вэ дээ. Хэдэн муу үс нь сөөвийж, өвс, хоргол наалдчихсан л явна. Тэгээд тэгж хэлсэн хэрэг.

Ер нь хүнд их хоч өгдөг, том үгтэй жаал байсан. Манай нутагт “үүрэглээ” Хорол гэж нүдээ аньсан, харсан нь мэдэгддэггүй онигор хүн байсан юм. Түүнийг манайд хууч хөөрч суухад нь “Нойр чинь хүрээд байгаа бол харьж унт” гэж хэлээд бас ээж, аавынхаа санааг их зовоож билээ. “Яадаг билээ, биднийг заагаад өгчихсөн гэх вий дээ” л гэнэ.

Миний энэ зангаас болж аав, ээж хоёр минь надад санаа нь их зовно. Орой унтах гээд хэвтэж байхад хоорондоо “Энэ гэж хүнтэй таарахгүй хүн гарах нь, яана” хэмээн ярилцахыг бишгүй сонсож байлаа. Тэгсэн хэрнээ тэд минь намайг загнаж, зандарч, дарж хорьж байгаагүй, харин ч их онгирооно. Ажилсаг шүү, миний хүү гэнэ. Намайг үүнийг хий, түүнийг хий гэж зангарагдахгүй. Өөрсдөө л хийгээд байна. Би түүнийг нь дууриаж хийсээр үнээ, гүү саахаас эхлээд бүх ажлаа өөрөө хийчихдэг ажилсаг хүүхэд болсон. Хийхгүй ажилгүй. Нутгийнхан манай айргыг сайхан гэж магтана. Тэгэхээр аав, ээж хоёр минь “Миний хүү л бүлдэг юм. Миний хүүгийн бүлсэн айраг сайхан болдог” гэнэ. Тэгэхээр нээрэн л би айргаа сайхан болгоод байгаа юм байх гэж хөөрөөд улам дуртай бүлнэ.

Миний хүү мундаг шүү, ээждээ тусалдаг гэх тусам нь улам илүү тустай хүү болох гээд, ээжийгээ улам илүү баярлуулах гээд л ажлаа хийдэг байсан. Тугал татдаг байснаа нэг мэдэхэд үнээ саадаг болсон. Тэгсэн сүүлдээ хүүхдүүдтэй тоглож байхад “Хөөе, Сосорбарам үнээгээ саа” гэж орилоод, би нэг хэсэг “хүүхэн” Со гэдэг нэртэй боллоо шүү дээ. Үнээ, гүү саасаар дээлийн энгэр саалийн даарь болчихсон явах. Би адуунд явах их дуртай. Адууны хөлсний үнэр, тургилаа мөн ч сайхан шүү. Одоо ч адууны дэл, сүүл, хөлсний үнэр их дотно сайхан санагддаг. Би аав, ээжийнхээ ганц хүү нь болохоор ч тэр үү, тэд минь намайг хэтэрхий дураар нь өсгөсөн.

-Дураар нь өсгөсөн нь болжээ. Хүмүүжүүлж байна гэж загнаж зандарч, зодож цохиод байсан бол өнөөгийн Сосорбарамаас өөр хүн болж төлөвшихийг үгүйсгэхгүй шүү дээ?
-Ямар ч хүн болж мэднэ. Үүнээсээ бүр эсрэг хүн болсон байхыг ч үгүйсгэхгүй. Надад яс нэгтэй 7-8, цус нэгтэй мөн төдий дүү байна. Миний 14-15 дүү дор бүртээ өөр өөрийнхөөрөө, сайхан амьдарцгааж байгаа. Бид зан араншингийн хувьд тэс ондоо.
“Хурууны минь хээ хувиршгүй
Алганы минь хээ арилшгүй
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Миний хээ минийх” гэж Н.Нямдорж ах хэлсэн шүү дээ.

-Драмын театрт ороод Н.Сувдаа гуайн чихийг их халууцуулсан гэлээ. Яаж халууцуулж байв?
-Театрынхантай таардаггүй байсан. 

-Таныг Драмын театрт очих үед урлагийн алтан үеийнхэн ажиллаж байсан байх. Тэднээс айж эмээж, сүрдэхгүй юү?
-Сүрдэж, хүндэтгэлгүй яах вэ. Биширнэ. Гэхдээ тийм бишрэлтэй хүмүүс байлаа гээд буруу авирыг дуугүй өнгөрөөх нь сайн хэрэг биш шүү дээ. Драмын театрын од сод жүжигчдийг хурал хуйгаар нүүрэн дээр нь шүүмжлээд хаяна. Түүнээсээ болоод багшийнхаа чихийг мөн ч их халууцуулсан даа. Тэр ч бүү хэл, 1986 оны МАХН-ын Төв хорооны хоёрдугаар бүгд хурлын төлөөлөгчдийг театрт хүлээж авах үед театрын ажил, уран бүтээлчдийн бие биедээ гаргаж буй атаа жөтөөг нэртэй устай нь шүүмжлээд, Намын Төв хорооны Хянан шалгах хороогоор шалгуулж байлаа. Тэр шалгалтад би бууж өгөө ч үгүй. “Тэгвэл та нар Намын Төв хорооны хоёрдугаар бүгд хуралд Ж.Батмөнх даргын хэлсэн “Ардчилал, ил тод байдал, өөрийн шүүмжлэл, доороос гарсан шүүмжлэлийг өөгшүүлнэ” гэсэн үгээ авч хая” гээд үзэж тарсан. Ингээд болохоо байсан тул Драмын театр хуралдаад, театраас хөөхийг сануулж, хатуу донгодсон. Энэ нь ч олигтой үр дүн өгөөгүй тул намайг цэргийн албанд явуулж байлаа.

-Театр таныг цэргийн албанд явуулсан юм уу?
-Тийм, бүр албан журмаар, хүчээр явуулсан. Цэргийн албанд 45 хоногийн хөл хорио гараад бие өвдсөн учраас хоёр ч удаа хагалгаанд орж, аргагүйн эрхэнд ахлах түрүүч цолтой халагдаж байлаа. Ингээд эргээд театрт очсон. Тэгээд бас л болж өгөхгүй шүү дээ. Ямар сайндаа манай Цэвээнравдан надад зориулж
…Армид явуулсан ч хаширдаггүй
Автоматаар буудсан ч үхдэггүй… гэсэн шүлэг бичих байх вэ. Ер нь л театрынхантай таараагүй дээ.

-Драмын театрыг орхиж, ганц жүжигчний “Од” театр байгуулсан нь театрынхантай таараагүйгээс болсон хэрэг байх нь ээ?
-Таарамжгүй байсаар 1986-1987 оноос эхлээд ганцаараа уран бүтээл хийж, шүлэг найраг, дуу хуур, хошин шог нийлсэн цаг хагасын хөтөлбөртэй, дундуур нь хэнийг ч оруулахгүй ганцаараа үзүүлдэг тоглолт тавьчихдаг болсон. Түүгээрээ тун гайгүй мөнгө олно. Ингээд мөнгөнд дуртай болж байгаа юм. Энүүхэндээ гэхэд намайг мөнгөнд дуртай болгосон хүн нь Эрдэнэбатын Оюун гэж Монголын театрын урлагийн том зүтгэлтэн, орчуулагч, найруулагч шүү дээ. Э.Оюун гуай энд тэнд лекц тавина. Түүндээ намайг авч явж дуулуулаад 10 төгрөг өгнө. Хөдөлмөрийг маань үнэлж буй нь тэр. Мөнгөний үнэ цэнийг тэндээс мэдэж, надад боломж байна гэдгийг олж харсан.

Ингээд ганцаарчилсан үзүүлбэр, тоглолтууд бэлтгэж, сүүлдээ цалингаасаа татгалзан, театртай түрээсийн гэрээ байгуулаад бие даасан тоглолт хийдэг болсон. СТӨ-нд нэг орой ганцаараа тоглоод л 24 мянган төгрөг, Драмын театрт хоёр удаа тоглоод 24 мянган төгрөг олно. Их мөнгө байлаа шүү дээ. Энэ бол “Од” театр байгуулахаас өмнөх явдал.

-1986-1987 онд ганц тоглолтоороо 20 гаруй мянган төгрөг олдог байсан гэхээр та санхүүгийн эрх чөлөөнд эрт хүрсэн хүн байна шүү?
-Эрт, эрт. Тоглолтын орлогоо өөрөө тоолдог ч үгүй байлаа шүү дээ. Үр хүүхэд, гэр бүл маань тэр үеийн аль ховор барааг хэрэглэж, гангачуудын өмсдөг ноолуур, савхин хүрмийг өмсөх хэмжээнд амьдралаа авч явсан.

Ер нь би санхүүгийн хямралтай байгаагүй хүн. 1980-аад оны эхээр намайг гэр бүл болоход аав минь (өвөө Догмид) гэр бараа, тавилга хогшил бүгдийг бэлдэж өгсөн. Тэгэхдээ хоёрын хооронд гэр биш, 2-3 давхар эсгий бүрээстэй, иж бүрэн сайхан гэр шүү. Тэгээд миний нэр дээр 20 мянган төгрөг хадгаламжид хийснээ өгсөн. Миний муу аав ганц хүүдээ зориулж ийм их юм бэлдсэн байгаа юм. Хүүхдээрээ ч байж, Нинжээ бид хоёр дураараа үрсэн дээ. Тэгэх нь ч зөв.

Бид хоёр ерөөс цолгиун амьдарсан. Хоёр тал хаа хаанаа амьдрал боломжийн. Миний эхнэрийн аав Баасанжав гэж ихээхэн хөрөнгө зоорьтой, гахай, тахиа, галуу тэжээдэг, хувийн ах ахуйтай, асар хөдөлмөрч хүн байлаа. Хоёр талаасаа хур хөрөнгө зоорьтой, суурь сайтай айлын хүүхдүүд учраас дутагдаж гачигдах зүйл байгаагүй. Түүн дээр өөрсдөө хөдөлмөрлөөд хангалуун сайхан амьдарч байсан. Хүмүүс биднийг хэдэн хүмүүжилгүй, өмсөх ч хувцасгүй гуйлгачин ардчилсан хувьсгалыг хийгээд баяжчихсан мэт ярьдаг, харин ч үгүй шүү.

Далим гарсан дээр хэдэн найзынхаа тухай ярихад тэр үеийн бид, 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн Элбэгээ, Бат-Үүл, Амарсанаа, Баабар, Да.Ганболд, С.Цогтсайхан бүгд цовоо цолгиун, өнгөтэй өөдтэй залуус байсан юм. Өмсөж зүүсэн хувцас нь хүртэл бусдаас ондоо байсан. Ер нь ондоо байж л юм хийнэ шүү дээ.

-Та ардчилсан хөдөлгөөнд голлох үүрэгтэй оролцож, хувьсгал хийлцсэн хүмүүсийн нэг. Хүн өсөж хүмүүжсэн нийгмийнхээ эд эс болоод, болохгүй бүтэхгүйг нь олж харж чадахгүй, ийм л байх ёстой мэтээр хүлээж аваад явдаг. Таны хувьд социалист нийгэм нэг л болохгүй байна гэдгийг мэдэрч, Монголд ардчилал хэрэгтэй гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил бүрдсэн нь хэзээ вэ?
-Би арван жилийн бага сургуульд байхдаа л шударга ёс, хүний эрх шаарддаг нөхөр байсан. Хүн заагаагүй, өөрийнх нь байгаа нь л тэр. Ямар сайндаа, дөрөвдүгээр ангид байхдаа сумын эвлэлийн үүрийн даргатай тэрсэлдэж байх вэ. Би мориор хичээлдээ явдаг байлаа. Манай хоньчин нохой намайг дагаж ирээд, хичээл тарахаар дагаад буцдаг юм, зайлуул. Нэг өдөр хичээл тараад явах гэтэл нохой байдаггүй. Гэтэл Ногоон нуурын эрэгт нохойг минь буудчихсан байв. Хэн буудав гэтэл сумын эвлэлийн хорооны дарга Д.Дүүдэй болж таарлаа. Тэгэхээр нь давхиж ороод “Хонио малладаг, хүнээс ухаантай нохойг минь яагаад алав” гэж цамнаад пижигнүүлж өгсөн. Нөгөө дарга чинь сүүлдээ аргадаж, гуйгаад, хэрэндээ ялалт байгуулж байлаа.

Гэв гэнэт 1990 онд ухаарч сэхээрээд боссон юм биш, миний төрөлх чанар, уг үзэл бодол чөлөөтэй. Гэтэл театр доторх уур амьсгал, хүнд суртал, жүжиг тоглоход хүртэл эрх чөлөөгүй, дандаа уриа лоозон ярьсан, марксизм, ленинизмийн үзэл сурталд захирагдсан байдал надад тун таалагддаггүй байлаа. Ингээд эрх чөлөө хүсэж явахад ардчиллын хөдөлгөөн эхэлсэн хэрэг.

1986, 1987 оноос л Драмын театрын гадна ухуулах хуудас наачихсан байдаг байв. Тэгэх нь ээ, Бат-Үүл, Амарбаясгалан, Амарсанаа, Цогтсайхан нар нааж байсан юм билээ. МоАХ-ноос өмнө эд хөдөлсөн юм шүү дээ. Нарийн яривал МоАХ ардчиллын анхны хөдөлгөөн биш, хамгийн анхных нь “Шинэ үе” гээд Э.Бат-Үүл, Амарсанаа нарын хөдөлгөөн байсан. Дараа нь МоАХ гарч ирж Элбэгээ, бид нийлээд явсан. Бие биеэ танихгүй л дээ. Хамгийн гол нь театрт байсан зулгуйдалт, атаа жөтөө, лоозон хашхирдаг байдал, хийж бүтээх хүслийг минь боож хаадаг явдал нь намайг байлгаж суулгахгүй болсон. Би өөрөө ч зүгээр байхгүй, “Атаархал”, “Хэтэрхий” гэх мэтийн тэр нийгэмд зохицохгүй шүлэг найраг хэлнэ. Үүнийхээ төлөө хурал хуйгаар орно. Дээрх хоёр шүлгийг уншсаны төлөө намын Төв хорооны хурлаар орж байлаа шүү дээ. Тэгээд л ардчиллынхны ярьж хэлж байгаа зүйл зөв санагдаж, очсон. Тэгэхдээ ганцаараа биш, Драмын театраас хэдэн жүжигчин дагуулсан. Тэд маань намайг дагаж очсон ч буцчихсан. Би С.Зориг, Э.Бат-Үүл нарыг огт танихгүй хэрнээ дунд нь ороод явчихсан.

-Анх яаж холбогдсон юм бэ. Цуглаанд шууд явж очоод нийлчихсэн юм уу, өмнө нь уулзаж учирч яриа хөөрөө хийсэн юм уу?
-Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөнд оролцож, тухайн нийгмээ шүүмжилж, театрт хэлж ярьдаг байсан зүйлээ ч ярьж ширүүхэн үг хэлсэн. Энэ үг маань МҮОНР-гийн санд бий. Монгол Улсыг Соёл урлагийн их сургуультай болгоё гэдэг саналыг би тэгэхэд анх хэлж байлаа. Одоо   олон хүн эзэн нь болчихсон явдаг юм. Монгол туургатны театрын холбоо байгуулна, нэг жүжигчний театр бий болгоно гэх мэтийг бас тэгэхэд хэлсэн.

Тэр зөвлөгөөн дээр Дарь.Сүхбаатартай таарч, ардчилсан хөдөлгөөний тухай яриа өрнүүлж, бид хамтдаа “Улаан-Од” сонин руу очин, Элбэгдоржтой танилцаж байсан. Дарь.Сүхбаатар, Чунтын Чулуунбаатар бид Б.Лхагвасүрэн ахынд уулздаг, Чулуунбаатар, Лхагвасүрэн ах хоёр шатар тоглож, бид шүлэг найраг хэлэлцдэг танилууд юм.

Уг нь би сайн дураараа ардчилсан хөдөлгөөнийнхөнтэй нийлсэн юм. Харин Дарь.Сүхбаатар намайг хөтөлж аваачаад оруулсан шиг яриад байдаг. Тэгж ярих өөрт нь гоё байдаг юм байлгүй. Миний хувьд бүх л зүйлд итгэл үнэмшил, сайн дураар хандаж, оролцоод явсан.

-Ийм шинэ сэргэг, олон нийт итгэх үү, болих уу гэж байгаа хөдөлгөөнд олны танил, хүндэлж хайрладаг хүн оролцоод явсан нь олон нийтийн эргэлзээг тайлж, дагуулахад их хувь нэмэртэй байсан гэдэг?
-1986-1987 оны заагт “Илүү сартай зун” кино гарсан. Найруулагч нь Ж.Сэлэнгэсүрэн, зохиолч нь С.Жаргалсайхан шүү дээ. Галбадрах хүмүүсийн сэтгэлд их хүрч, хайрыг нь татан ид хошууруулж байсан үе. Сосорбарам гэдэг нэр ч байхгүй болж, гудамж талбай хаана ч явсан Галаа, Галаа л гэдэг, байгаа байдал, хэлж ярьж буй зүйлийг минь ч Галаагаар л хүлээж авдаг байсан. Тиймээс Галбадрах бол Монголын ардчилал, эрх чөлөөний түүчээ мөн.

С.Цогтсайханы “Хонхны дуу”, “Цаасан малгай” ардчиллын сүлд дуу, уриалга болсон бол Баабарын “Бүү март” нийтлэл ард олны оюун сэтгэлгээний түгжээг мулталсан. Дэлгэцийн урлагийн хувьд Галаа хөтөч нь болсон гэдгийг одоо бол эргэлзэхгүй хэлж чадна. Тухайн үед тэгж харсан ч үгүй, мэдсэн ч үгүй. Тэгж өвчигнөх цаг ч байсангүй. Одоо бол 59 нас өнгөрсний дараа эргээд харахад миний Галбадрахын дүр ардчиллын галыг асаалцсан бамбарнуудын нэг мөн гэж ам бардам хэлэхээр байна.

-Ардчилсан хөдөлгөөний цуглаанууд дээр та дандаа хаалтын үг хэлдэг байсан гэсэн. Хатуу ширүүн, гал цогтой үг ч олныг хэлсэн байдаг. Тэр үгнүүдийг өөрөө бэлддэг байв уу, зөвлөх хүн байсан уу?
-Хэн зөвлөх вэ дээ. Тухайн цаг үеийнхээ юмнуудыг өөрийнхөөрөө томьёолоод шууд ярина. Тэнд цугларсан хүмүүсийн хандлага, уур амьсгалаас ярих зүйл маань шалтгаална шүү дээ. Тэгэхээр шууд л ярина.

-Э.Бат-Үүл ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн гол хүмүүсийн нэгээр таныг нэрлэсэн. Тэр үед таны нөлөө тийм их байсан гэж дүгнэсэн хэрэг. Ардчилал ялаад, мөр зэрэгцэж явсан нөхөд тань улс төрд орж, засаг, төр удирдаад явчихсан. Харин та уран бүтээлчээрээ үлдэж, хошин урлаг, шүлэг найраг, дуу хуур гээд явсан. Яагаад нөхдөөсөө тасарч, зай бариад явчихсан юм бэ?
-Э.Бат-Үүл “Ардчиллын таван лидер бий. Тэд бол Ц.Элбэгдорж, С.Цогтсайхан, Б.Баабар, Да.Ганболд, Д.Сосорбарам” гэдэг. Би энэ таван нэрийг зөвшөөрч байна. Гэхдээ үүн дотор Э.Бат-үүл байх ёстой гэж боддог. Ялангуяа Э.Бат-үүл, С.Цогтсайхан хоёр биднээс өмнө “Шинэ үе” ардчиллын хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгийг одоо бүр тод дуугарах ёстой.

Зай барьсан тухайд, би 1991 онд нэг айхтар юм олж харсан. МоАХ 1990 оны хоёрдугаар сарын 18-ны анхдугаар их хурлаараа “Хоёрдугаар сарын 17-нд Монголын ардчилсан нам байгуулагдлаа” гэж зарласан. Түүнийг зарлах үүргийг нөхөд маань надад өгсөн учраас би зарласан юм. Ингээд Монгол Улс олон намын тогтолцоотой болоод авч байгаа юм. Анзаараад байх нь ээ, МоАХ-г ч дагасан, Ардчилсан намыг ч дагасан, МАХН-ыг ч дагасан, юмыг яаж мэдэх вэ гэсэн горьдлого тээсэн нүдтэй нөхөд улс төрийн суваг шуудуугаар дүүрээд ирсэн. Тэр үед намайг Улсын бага хурлын гишүүнд нэр дэвшүүлнэ гэсэн. Би татгалзсан. Тэгэхдээ “Миний нөхөд мэдэхгүй байж мэддэг болох гэж, чадахгүй байж чаддаг болох гэж битгий зовж тарчилж, маяглаарай.

Миний хувьд Монголын ардчилал, эрх чөлөөний тэмцэлд үүргээ гүйцэтгэсэн. “Дорнын цагаан саран”-гаа дуулж, дотно янаг хүүтэйгээ жаргалаа” гэж хэлсэн. Ингээд Улсын бага хуралд дэвшихээс татгалзтал МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлд нэр дэвшүүлж, С.Зориг, Ц.Элбэгдорж хоёртой өрсөлдүүлэв. Гэтэл миний нэр гараад ирдэг юм байна. Тэгэхээр нь бас нэрээ татсан. Яагаад нэрээ татсан бэ гэвэл, тэр үеэс эхлээд 87-ийн холбоо энэ тэр гээд нам дотор, МоАХ дотроо бужигнаад эхэлсэн. С.Зориг хүртэл Бүгд найрамдах нам бил үү юм байгуулаад бужигнуулаад эхэлсэн. Манай С.Зориг их цэвэр нэртэй шүү дээ. Гэхдээ тэр товаришд алдаа бий.

-Эрт үгүй болсон нь сайн нэртэй үлддэг тал бий…
-Ер нь хүн үхэхээрээ л баатар болдог юм шүү дээ. Адгийн шаар байсан ч гайхалтай мундаг болдог. Одоо тэр сайн мууг яриад яах вэ.

-Та бүхний эхлүүлсэн ардчилал зөв замаараа явж чадаагүй гэдэгтэй та санал нэгдэх байх?
-Монголын ардчиллын 30 жилийн түүх бол Монголын үсрэнгүй хөгжлийн түүх шүү. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Одоо залуу, хөгшингүй бүгдээрээ ардчилал гэж хар муухай үйл хэрэг болсон шиг яриад байгаа. Үгүй шүү. Арчиллын 30 жилийн хамаг ололтыг халбагадаж идчихээд аяга руу нь буцаагаад нулимаад байж болохгүй. Энэ бол маш том ололт. Үүнийг баглаж байгаа ганц зүйл нь ардчиллын гажуудал, гацаа гэдгийг би бас хараад л сууна.

-Ардчиллын үйл хэргийг хамт эхлүүлсэн нөхөд тань гажуудуулсан хүмүүсийн тоонд орж байгаа. Сайн сайхныг мөрөөдөж эхлүүлсэн их үйл хэрэг тань ингэж гажиж, гацаад байгааг харах ямар санагддаг вэ?
-Би найз нөхдөдөө шүүмжлэлтэй ханддаг ч тэдэнд дургүй биш. Харин ч би нөхдөөрөө бахархдаг. Цаашдаа ч бахархана. 1990-2000 он хүртэлх 10 жилд монголчууд олон намын системтэй болсныхоо хэргийг хийсэн. Энэ жилүүдэд их том үйл хэрэг бүтсэн. Б.Цэнддоо “Малыг малчдад, газрыг эздэд нь” гэж бичсэн. 1996-2000 онд МоАХ эвслийн Засгийн газар малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд нь өгөх, гадаад пасспортыг хүн бүрт олгох, суурь үнэ чөлөөлөх, гаалийн татвар тэглэх, банкны реформ гээд олон чухал шийдвэр, арга хэмжээг авсан. Ингээд хов хоосон орон зайг дор нь дүүргэж, эдийн засгаа өндийлгөсөн шүү дээ.

Ийм том үйл хэргийг МоАХ-ны Засгийн газар, ардчиллын анхдагчид хийсэн. Одоо тэр энерциэр л явж байгаа. Харамсалтай нь, 2000 оноос өнөөг хүртэл ихэнхдээ коммунистууд төр барьж, зүүний үзэл ноёрхлоо. Арай гэж гарч ирсэн барууны үзэл ингээд хугаслагдсан. 1996-2000 онд цэвэр барууны чиг баримжаагаар явсан учраас хүмүүс өмчтэй болсон. 2000 онд коммунистууд 72 суудалтай болж аваад албан тушаалаар ялгаварлан гадуурхах, сандал суудал наймаалцах, авлига хээл хахуул цэцэглүүлэх ажлаа эхлүүлсэн. Ингээд ардчилал гажиж эхэлсэн. Үүнийг ардчиллынхан хийсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Коммунистуудад урвасан, татагдсан зүйл бий. Өрсөлдөж, бие биенээ хянаж байх ёстой хоёр өөр үзэл баримтлалтай нам сүжирснээс ардчилал гажсан.

Харин үзэл баримтлалдаа үнэнч явсан хэдэн хүнийг өнөөдөр харааж зүхэж байгаатай би эвлэрэхгүй. Одоо Монголд Ц.Элбэгдорж шиг муухай хүн алга. Нөхрийг Ерөнхий сайд байхад ч, Ерөнхийлөгч байхад ч хамгийн их шүүмжилсэн хүн нь би. Өнөөдөр буруутгаж байхад нь хамгийн түрүүнд өмөөрөх хүн нь ч би. Яагаад гэвэл үнэнийг мартагдтал худлаа чалчиж байна. Зөвийг буруу болтол харлуулж гүтгэж байна. Үүнтэй би эвлэрэхгүй.

-Ардчиллыг гажуудлаас гаргахын тулд юу хийх хэрэгтэй талаар боддог зүйл танд бий байх?
-Гажуудлаас гарахын тулд капиталист тогтолцоо руу орох ёстой. Манайхан Монголд зэрлэг капитализм байна гэдэг. Үнэндээ Монголд хэзээ ч, ямар ч капитализм байгаагүй, бий болгоогүй. Манайд бизнесийнхэн зах зээлийн зарчмаар явахад тун амаргүй. Тиймээс мөнчгөрөөрөө яваа компани цөөхөн, харин давуу эрхээр бойжсон, төрийн мөнгөөр тэжээгдсэн угжны компани олон байна. Тэдэнтэй уялдсан авлигач дарга нар бий болсон. Үүнийг харчихаад зэрлэг капитализм гээд байдаг. Энэ бол зэрлэг социализм болохоос капитализм биш. 

Монголд 1990-2000 онд капитализм үнэртээд л алга болсон. Одоо манайх коммунист нөлөө, социалист схем, фашист хяналтан дунд амьдарч байгаа. Бид эрх чөлөөтэй гэж худлаа ярьж суугаа. Хувь хүний эрх чөлөө, өмчийн эрх байхгүй байхад ямар юмных нь эрх чөлөө байх вэ. Өмч хураана гээд хураадаг боллоо. Энэ бол марксизм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, мөнгө хэвлэх гэх мэт бол бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж, харалган болгодог коммунизм. Одоо бол манайд цэвэр зүүний үзэл явж байна. Барууны үзэл гарч ирж, баруун, зүүн хоёр өрсөлдөх ёстой. Хамгийн ёс зүйтэй нийгэм бол капиталист нийгэм шүү дээ. Чиний эрхээр миний эрх хязгаарлагддаг, хэнийг ч хохироодоггүй байхыг л нийтээрээ хүсэж байгаа биз дээ. Эрх чөлөө, хүний эрх, түүн дотроо хувь хүний эрх, өмчийн эрхийг дархлах хэрэгтэй. Өмчийн эрх байхгүй бол хүний эрх яриад хэрэггүй. Хүний эрх байхгүй бол өмч яриад хэрэггүй. Ардчиллын гажуудлыг засъя гэвэл энэ концепцыг л барих ёстой.

Улстөрчид хий хоосон амлалт биш, хүний эрх, өмчийн эрх, өмчийг хамгаалах, бизнесийг хөхиүлэн дэмжих тухай яримаар санагдах юм. Даанч тэр талаар ярьж байгаа хүн алга. Төр нэг ч өмчгүй болсон үед улсын хөгжил зөв зам руугаа явна. Төрд өмч байгаа учраас бээрсэн ялаа шиг юмнууд тийшээ очиж суучихаад, гувшаа хурга шиг амьдраад хөдөлж өгөхгүй байна. Тиймээс бүгдийг нь хувьчлах ёстой. Хүн бизнесээ хийгээд явахад саад болдоггүй, зөнд нь орхидог, элдэв зохимжгүй дүрэм журмаар багладаггүй капиталист төрийг бүтээ. Хувь хүмүүсийг, бизнесүүдийг зөнд нь орхи. XVII зуунд Францын XIV Луи хааны түшмэл Голбер үйлдвэрийн ажилчидтай уулзаж, “Та нарт төр яаж туслах вэ” гэхэд үйлдвэрийн эзэн Лежандр “Биднийг зүгээр л зөнд нь орхичих. Бид ажлаа хийе. Дэлхий өөрөө эргэдэг юм шүү дээ” гэсэн гэдэг. Энэ бол капиталист тогтолцоо. Үүн рүү орохгүйгээр бид явахгүй.

Данхагар биш цомхон бүтэц, хүчирхэг биш чадварлаг бүрэлдэхүүн, төөрөгдсөн сэхээтэн биш сэтгэгчид төрд хэрэгтэй байна. Энэ олон яам, агентлаг, дэд сайд, даргын туслах, услах ерөөсөө хэрэггүй. Залуус цүнх барьчихаад өлмий дээрээ явж, гутлынхаа өлмийг элэгдүүлж, зусардаж амьдрах хэрэггүй, бизнесээ хийгээд явцгаа л даа.
Шүүх, прокурор улс төрөөс хараат бус байх ёстой. АТГ гэж байгуулагдсан цагаасаа ямар ч хэрэггүйгээ нотолсон газар байна. Нарийн явивал, АТГ-ынхан өөрсдөө авлигачид. Хүн айлгаж сүрдүүлж байгаад Зайсанд байр сууц аваад суучихсан хүмүүс бий шүү дээ. Мэргэжлийн хяналт, санхүүгийн зохицуулах хороо гэх мэтийн нэг яамны хэлтэс байхад хангалттай газрууд том том агентлаг болчихсон. Төрийг цэвэршүүлэх биш улам бохирдуулж, саад тотгор, дарамт нэмж байдаг ийм газрыг цөөрүүлэх хэрэгтэй. Төрийн энэ занхагар бүтэц нь эргээд хувь хүний эрхийг уландаа гишгэсэн гажуудал бий болгосон. Ардчиллын гажуудал гэдэг нь энэ. Ийм гажуудал үүссэн учраас УИХ-д дэвших гээд зурагтаар гарч буй залуусын яриа нь хүртэл хуурай. Татвар бууруулна, дарамтыг багасгана, элдэв зохисгүй хууль дүрмийг цөөрүүлнэ гэж ярьж байгаа нэг ч хүн алга.

Ер нь энэ нийгэмд хандах хандлагаараа би нөхдөөсөө хахь ондоо. Төрд нэг ч өмч байж болохгүй гэж үздэг. Нэгэнт хувьд оччихсон өмчийг цэрэг цагдаагаар дээрэмдэж авч буйн эсрэг байдаг. Өнөөгийн манай төр бол цагаандаа гарсан дээрэмчид, тонуулчдын төр болж байна шүү дээ. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ аль нь ч ялгаагүй.

-Танд УИХ-д нэр дэвших, дэвшээд сонгогдох боломж байсан. Дотор нь ороод үүнийгээ ярихгүй яасан юм бэ?
-Манайд үүнийг ойлгох цар хүрээ байхгүй. Ялангуяа 2000 оноос хойш бүр ч муу болсон. Харин 1996-2000 оны үед арай дээр байсан. Тэр үед нь ордог байж гэж хааяа харамсдаг юм. Одоо бол бүх юм өнгөрсөн. Миний ярьж байгаа концепцыг ойлгож, мэдэрч ярьдаг дор хаяж 10 хүн УИХ-д байж өөрчлөлт, үр дүн авчирна шүү дээ. Давтагдашгүй, өөр өөрийн онцлогтой хувь хүний эрхийг дээдэлсэн, өмчийн эрхийг дээдэлсэн концепцтой нам Монголд байхгүйд урам хугарч байна. УИХ-д нэр дэвших гэж байгаа улсад ч ийм ойлголт алга. Ингэхэд бизнесмэнүүд бизнесээ хийхгүй яах гэж улс төрд орох гэж зүтгээд байна гэж бодож байна.

-Төр хамгийн ашигтай бизнес гэдэг хэлц үг хүртэл бий шүү дээ?
-Тийм. Улс төрд орвол илүү ашигтай байна. Бизнес нь ашиггүй, ашигтай ажиллах боломжийг нь төр хаачихаад байгаа учраас тусгай эрх эдэлж, түүгээрээ дамжуулж, бизнесээ өргөтгөх гээд байна. Төрийн оролцоо, хяналт, зохицуулалт, төлөвлөлт, удирдлага орохоороо л бүх зүйл дампуурна. АН засаглаж байхад, З.Энхболдын хийсэн хоёр нүгэл бий. Тэр нь ипотикийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр. Энэ бол цэвэр социализм, марксизм. АН-аас гарахааргүй зүйл.

-Улс төрийн сэдвээс жаахан хөндийрөөд ярилцлагаа өндөрлөе. Бага нас тань таныг зоргоор нь байлгадаг, Сосорбарамыг Сосорбарам чигээр нь үлдээж, зоригтой, эрх чөлөөний мэдрэмжтэй хүн болгож өсгөсөн өвөө, эмээ хоёрын гар дээр өнгөрч. Тэднийхээ гараас гараад Нинжээ эгчтэй таарсан нь бас том аз байжээ гэж би бодсон?
-Аз гэдэг сохор зүйл. Азаас илүү хийморь гэж сайхан юм бий. Ялангуяа баянхонгорынхон хийморь лундаа гэж их ярьдаг. Надад заяасан хийморь лундаа юм даа.

-Таныг өөрийнхөөр нь байлгаж, ойлгож дэмжиж, Сосорбарамыг Сосорбарам чигээр нь авч явах гэж хань тань их тэвчээр гаргасан болов уу?
-Хэцүү л дээ, ийм авиртай хүнийг аваад явна гэдэг. Миний эхнэр өөртөө бол их жаргалтай байдаг юм билээ. Шаналж зовохоор юм байлаа гэхэд түүнийгээ цааш нь хийчихдэг. Бид илэн далангүй ярилцдаг. Намайг тэр чинь буруу, энэ чинь зөв гэж шүүмжилнэ, хорино. Би “Өдий хүртэл ингээд явчихсан хүнийг одоо хориод нэмэргүй” гэдэг юм. Одоо хорихоо ч больж дээ. Бид хоёрын хэн хэн нь бие биеэ олсон хиймор лундаатай улс. Миний эрчмээр эхнэр минь цэнэглэгдэнэ. Эхнэрийнхээ эрчмээр би цэнэглэгдэнэ. Нас ахиад улам л бие биедээ уусаж байна. Миний эхнэр бол ховрын ховор хүний нэг. Би чинь хэд хувирна. Хувирна гэдэг нь урвахын нэр биш шүү. Өсөлт бойжилт, тэмүүлэл, мөрөөдлийг хэлж байна. Огт бүтэшгүй юмны төлөө зүтгэчихнэ. Түүндээ хүрэхээс нааш санаа амрахгүй. Тэр болгоныг олж харж, ойлгож дэмждэг. Итгэлцэл гэж чухал зүйл байна. Амьдралд өчнөөн зүйл тохиолдоно. Ажил төрлийн асуудал, атаа жөтөө, хүний амьдралд байдаг бүх л асуудал гарна. Тэр болгоныг олон өнцгөөс харж, тэвчээртэй байж, биенийхээ оюун санааг ивэлгэж яваагаараа онцгой.

-Та Драмын театрт харьцангуй цөөхөн жил ажилласан…
-Есөн жил. Есөн жил ажиллахдаа ер бусын ажилласан. Өдөр бүр асуудалтай байсан. Тэгээд л гарсан.

-Тэнд илүү удсан бол гэдэг ч юм уу, уран бүтээлчийн хувьд шунаж бодох үе байх уу?
-Үгүй. Гарсан нь оносон. Илүү удсан бол дампуурна шүү дээ. Социалистуудтай байж чадахгүй. Яагаад ганцаараа театр байгуулсан бэ гэхээр би хүнтэй таарахгүй. Би ондоо юм бодно. Нөгөөдүүл ондоо юм бодно. Тэр нь огтлолцохгүй болохоор ойлголцохгүй. Тиймээс ганцаараа, чөлөөтэй байж хийе гэснээ хийе гэж бодсон. 

-Та дэлгэцийн урлагт “Илүү сартай зун”-ы Галаа, “Догшин хутагтын сахиус”-ын Равжаа хутаг, тайзны урлагт “Атга нөж”-ийн Чингис хаан гэх мэт дүрүүдээр жүжигчнийхээ хувьд өөрийгөө дархалсан. Одоо жүжигчний тань хувьд урилга ирвэл хүлээж авах уу. Үзэгчид бол таны тоглосон бүтээлийг үзэхэд хэзээд бэлэн байдаг шиг санагддаг?
-Би цөөхөн киноны дүртэй. Ялангуяа 1990 оноос хойш 2-3 кинонд л ажилласан. Нэг талаас урилга цөөхөн ирсэн. Нөгөө талаас, ирсэн ганц хоёр урилгыг нь би буцаачихсан юм. Зохиол их голдог золиг байгаа юм, би. Одоо чамбай зохиолтой ганц нэг киноны санал ирвэл хүлээж авна гэж бодож байгаа шүү. Тэгэхдээ бас найруулагчийг нь харна аа. Эдийн засгийн боломжтой болохоороо төгс хувь хүний тухай мартагдашгүй ганц кино хийх санаа байгаа. Ер нь хэт олон юм руу үсчихгүй, цөөхөн зүйлд төвлөрч ажиллахыг боддог.

Өнгөрсөн жилүүдэд жүжигчний гэхээсээ найруулагчийн ажил түлхүү хийсэн. Айн Рэндийн уран зохиол, улс төр, эдийн засгийн бүх бүтээлийг уншиж, судлаад, гурван жүжгийг нь анх удаа Монголд найруулан тавилаа. Ардын урлагийн янз янзын бүтээл найруулсан. Наадмын нээлт найрууллаа. Тайзны бүтээлийн найруулгад нэлээд өөр хандаж, реформ хийсэн гэж бодож байгаа.

Төгсгөл үг
Бидний ярилцах сэдэв, миний тавих асуулт дуусаагүй ч сонины талбайтай хэмжээтэй тул ярилцлагаа ингээд жаргаая. Товгорын бууцанд мэндэлсэн товгор хархүүг япончууд “Дуутай ардчиллын жанжин” хэмээн тодорхойлсон нь бий. Японы хамгийн том медиа групп “Nikkei” жил бүр Азийн бүс нутгийн хөгжил, шинжлэх ухаан-технологи, соёлын салбарын зүтгэлтнүүдэд олгодог “Nikkei Asia Prize” шагналаа 2016 онд Д.Сосорбарамд хүртээсэн. Тэгэхдээ түүнийг ийн өргөмжилсөн юм. “Nikkei Asia Prize” шагналыг бүс нутгийн хөгжил, шинжлэх ухаан-технологи, соёлын салбарын тус бүрт нэг л хүнд олгодог бөгөөд Д.Сосорбарам уг шагналыг хүртсэн анхны бөгөөд одоогоор ганц монгол хүн юм.

Тэрбээр сүүлийн жилүүдэд Монголын үндэсний урлагийн залуу үеийг дэлхийд таниулах үйлсэд зүтгэж буй. Шавь нар нь 2013 онд Австрийн Вена хотод болсон Дэлхийн хөгжмийн их наадмын Гран приг авсан. Тэр жилийнхээ намар Болгарт болсон Дэлхийн ардын урлагийн наадмаас шавь нар нь Гран при авч, Д.Сосорбарам өөрөө шилдэг найруулагчаар шалгаран “маэстро” цол хүртсэн.

Тэд Японд жил бүр айлчлан тоглодог бөгөөд Японы зах зээлд Монголын ардын урлагийг гаргахад томоохон алхам хийж буй. Д.Сосорбарамын шүлгийг нь бичиж, том Жаргалсайханы ая данг нь тааруулсан “Жамаас” дуу 2015 оноос хойш Японд хит болж байгаа бөгөөд энэ дууг Японы энка дууны хатан хаан Ясира Аки дуулдаг. Ийнхүү тоочоод байвал Догмидын Сосорбарамын тухай өгүүлэх зүйл дуусахгүй билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • sara
    eldev muu sanaa onoogui saihan hun.bidnii baharal.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Dablain hvv huulich Ganbat.
    So ahaaraa baharhadag.Estoi uurinhuuruu, hend ch byalduuchilj, aya tal zasahgvi,shudraga,dyychin,urlag tvvh,uls tur sudlaash, ene tsag veiin aguu hvmvvni neg. SO hvn bvhend taalagdah albagvi! Tand ervvl enh sain saihan bvhniig hvsie.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • unchigch
    setgel saitai tuushtai mundag hundee huvi huniihee huvid. saihan yariltslaga bn unshlaa amjilt
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Боби
    Сайхан, сайн, ховор авъяастай хүн дээ. Сайн сайхныг хүсэн ерөөе өө.
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Hiimoritoi saihan hun.
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • yamar buteler turiin shagnal avsan hun be? neg ih tom turiin soyrholt hun yavaad bdag. ebe nz ni ugssun ni ch ugsun l duu ghdee yamar buteel yund?
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • болд
    хэнхэлзүүр байсан, байгаа, байх ч хүн байнадаа энэ хүн
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Хэнхэлзүүр
    Хэнхэлзүүр гэж эндээ ..... сайхан ярилцлага хийж амжилт хүсье
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
Нийтлэлчид