Улаанбаатар 1c

Хос хунгийн “ээж”

Өвсний толгой шарлан бөхийж, нар буцан, өдөр өдрөөр хүйтний эрч чангарах нь аргагүй харьж яваа цагийг илтгэх мэт. Далай ээжийн толин мандалд ижил олон сүргээрээ өдөржин, шөнөжин чуулж, дэвж нэг тэнгэрт дүүлж, эргээд доош буун, гоо зүсээрээ нуураа чимэн хөвөх хунгууд ч хоног хоногоор цөөрч, халуун орныг зорино. Харин нисгэл дэгдээхэй, нэгэн үед тэнгэрийг эзэгнэн, агаар салхийг хүчит жигүүрээрээ алгадан хөөрч, ижил олон сүрэгтээ тэнгэрт зам гарган дүүлдэг байсан ч одоо энэ бүхнийг санагдуулах юу ч үлдээгүй, нас дээр гарсан хунгууд сүрэгтэйгээ буцалгүй, нуурандаа үлдэнэ. Тэд өвлийн тэсгим хүйтэнд харзлан үлдсэн жаахан усыг далавчаараа алгадан, аньсага чийгтмээр хатуу өвлийг туулж, хүний тусламжгүй бол амьд гарах нь тун ховор.

Нуурын ус захаасаа зайрмагтан хөлдөж хумигдахад хун хамт үлдсэн дэгдээхэйгээ тойрон, хүйтэн мөсийг тас тасхийн алгадаж, жигүүр нь цусан улаан болсон ч тэмцсээр байдаг тухай түүх бий. Үүн шиг хоёр нисгэл дэгдээхэй өнгөрсөн намар Хөвсгөл нууранд үлджээ. Харин тэднийг дайснаас хамгаалж, хүйтэн мөсийг хүчит жигүүрээрээ алгадах хэн ч байсангүй. Хөвсгөл нуурынхаа усанд ижилдэн дасаж, сүлэлдэн нисэх шувууд цөөрсөөр, нэг л өдөр “Энд ер нь шувуу байсан бил үү” гэмээр эл хуль, анир чимээгүй ертөнцийг бүрхэж, нуурын ус ч хатууран мөсөн бүрхүүл тогтох мөчид хунгийн хоёр дэгдээхэй ижил олон сүргээсээ үлдэж хоцорчээ. Хөвсгөл нуур орой хөлддөг тул нэгдүгээр сарын сүүлчээр битүүжиж, хоёрдугаар сарын эхээр бүрэн хөлддөг гэнэ.

Тиймээс ч хоёр нисгэл дэгдээхэй Жанхай орчмын нуурын эргээр намаржиж, өвлийн эхэн сартай золгов. Харин Хөвсгөл нуур бүхэлдээ хөлдөж, мөсөн бүрхүүл тогтоход идэш, тэжээлгүй болсон дэгдээхэйнүүдийг нутгийн айл гэртээ авчирчээ. Гэвч хэрхэн, яаж тэжээх учраа олоогүй тул Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Д.Үржинбадамд хунгуудын талаар хэл хүргэсэн байна. Энэ дагуу тэрбээр нутгийн айлд өвөлжиж байсан хоёр дэгдээхэйг тээвэрлэн авчирч, хамгаалалтын захиргааныхаа байранд тэжээжээ. Эхлээд тэдэнд талх өгч үзтэл сангас нь хэт шингэн гараад байж. Ингээд өгч болох бүхнийг туршиж үзсэний дараагаар малын тэжээлийн будааг чанаж, нухсан талхтай холих нь хамгийн шим тэжээлтэйг олж мэдсэн байна.

Хунгуудыг өдөрт гурван удаа хооллох бөгөөд нэг өдөрт тэд хоёр талх иддэг байсан гэнэ. Ийн хос хунг өөрийн хүүхдүүд мэт тэжээж, асарч, тойглон, бүр “Ээжийн хөөрхнүүд” хэмээн нэрийдэх болжээ. Дэгдээхэйнүүд ч Д.Үржинбадам эгчийг хөлийнх нь чимээнээр андахгүй болж, ирэх үеэр нь гуагалан, далавчаа дэвэн, анхаарал, халамж хүснэ. Ингэж сар гаруй гардан тэжээж, хоол унд нь таараад ирэх үед ээлжийн амралтаа авчээ. Хамт ажилладаг залуучууддаа хунгуудыг хэрхэн, яаж хооллох, асрах гээд, хүүхдээ хүнд үлдээж байгаа аятай захиж үлдээсэн байна. Урин дулаан цаг ирж, усны шувууд болон хунгийн сүрэг Хөвсгөл нуурандаа айлчлахад Д.Үржинбадам эгч томилолтоор явж таарч.

Түүнд утсаар хунгуудыг нууранд тавьж байгааг хэлэхэд “Нисэж сураагүй амьтдыг эрт тавиад яах вэ, жаахан харзнахгүй” гэж харамлан байснаа ч дурссан. Энэ нь яг л эх хүн үр хүүхдээ нас биед хүрсэн ч хэзээд амьдрал хэмээх их далайд жигүүрээ дэлгэх болоогүй гэж бодож, хүүхэд хэвээр нь насан туршид нь хайрладагтай адилхан мэдрэмж төрүүлсэн. Энэ тухай тэрбээр “Одоо бодоод байхад тэр үед тавьсан нь зөв болсон байна лээ. Тэгээгүй байсан бол хожуу нисэж сураад, оройтохгүй юу” хэмээсэн юм.

Д.Үржинбадам: Эгийн гол дээр очоод, хунгуудаа нэрээр нь дуудтал таньж, хариу дуугарсан

Хөвсгөл нууранд үлдсэн хос хунгийн “ээж”, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч  Д.Үржинбадамтай ярилцлаа. 

-Дэгдээхэйнүүд нууранд үлдсэн талаар та анх хэзээ мэдсэн бэ?
-Нэгдүгээр сарын 10-дын үеэр нэг малчин утасдаж “Хоёр хун үлдсэнийг малын хүүхэд авчирч, гэрийнхээ гадаа авчирлаа. Хоёрын хоёр хун болохоор тэжээхэд хэцүү юм. Та ирж үзээч” гэсэн. Очоод үзтэл, хоёр хөөрхөн нисгэл дэгдээхэй байсныг байгууллагынхаа удирдлагад хэлж, тээвэрлэж авчирсан. Ингээд малын тэжээлийн будааг чанаж, талхтай нухаж өдрийн гурав хооллоно. Өвөл оффистоо байлгаж, хавар дулаан орсон хойно гаргасан. Гуравдугаар сарын 10-даар анхны хунгууд нууранд ирэхэд сүрэгт нь нийлүүлсэн. 

-Идэш, тэжээлийг нь хэрхэн яаж, бэлтгэж байв?
-Анх хунгуудыг олж авчирсан айлынхан “Талхнаас өөр зүйл иддэггүй юм байна” гэсэн. Талх өгөөд анзаартал ногоон өнгөтэй зүйлээр шингэн баагаад, түүнээс нь идэш, тэжээл нь тохирохгүй байгааг мэдсэн. Хун усны ургамал, бичил шавьжаар хооллодог болохоор мах өгч болохгүй. Судалж үзтэл хун уураг ихтэй тэжээл хэрэглэх ёстой юм билээ. Тэгээд малын тэжээл, хорголжин, хивэг өгч үзсэн. Хивэг идэхгүй, хорголжинг талхтай холихоор бага зэрэг л идэж байсан. Малын тэжээлийг нэлээн судалсан шүү. Хамгийн уураг сайтай нь чанадаг будаа гэдгийг мэдээд, талхтай хольж зуурч өгтөл сангас нь аятайхан болоод ирсэн.

-Одоо хунгууд нь нисэж сурсан уу?
-Сурсан. Энэ жил манай нууранд 250 гаруй хун ирснээс одоо 4-5-хан л үлдсэн байна лээ. 

-Таны хөөрхнүүд бас явчихсан уу?
-Хэд хоногийн өмнө явсан, эсэхийг нь зорьж очин, шалгаж үзсэн. Явчихсан байна лээ.

-Явахаас нь өмнө эргэж тойрсон биз дээ. Тэр олон хунгаас яаж ялгаж таньсан бэ?
-Хараад л шууд таньсан. Манай хоёр том болсон байна лээ. Нэрээр нь дуудсан таниад байгаа бололтой, урдаас хариу дуугарч байсан. Одоо ирж байгаа хунгууд бие том, хамар нь шар өнгөтэй. Харин манай хоёр бие жижигтэй, хамар нь шарлаагүй, тэгээд ер нь илт л дээ. 
Хун хурдан өсдөг юм байна лээ. Нугасны муухай дэгдээхэй шиг царай муутай хоёр юм авчирч байсан бол өнгө зүс нь хурдан сэргэсэн. Гэхдээ байнга халуун байранд байж, талх идээд байхаар өд нь бохирдох янзтай болдог юм билээ. Тийм болохоор төмпөнтэй ус тавина. Тэгэхээр өөрийгөө маш сайн угаана. Хүзүү, энгэр, цээж талаасаа цайж эхэлсэн. Бор цоохор өнгөтэй болох үед нь тавьсан. Усанд тавьсны дараа маш хурдан цайсан байна лээ. 

-Өөрийн хүүхэд адил өсгөж, тэжээсэн хунгуудаа нууранд нь тавихад та өөрөө байгаагүй гэсэн. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ? 
-Намайг хөдөө явсан хойгуур манай ажлынхан хунгуудыг тавьж, бичлэг хийж, надад үзүүлсэн. Уснаас айж, цэрвэж байгаа бололтой, савраа усанд дүрж үзэж байгаад л ус руу орж  байна лээ. Надад бол хүүхдүүдээсээ холдож байгаа юм шиг санагдсан.

-Хун дэгдээхэйгээ орхиж явах нь хэр элбэг вэ?
-Би 10 гаруй жил байгаль орчны чиглэлээр ажиллаж байна. Ийм тохиолдолтой анх удаа таарсан. Оройтож гарсан нисгэл дэгдээхэйгээ арга буюу л орхисон байх. 

-Хөвсгөл нууранд ингэж хун үлдэж, тэжээсэн тохиолдол олон байдаг уу?
-Ахмад байгаль хамгаалагч Батжаргал гэж хүн нэг хун тэжээж байсан юм билээ. “Өвөл их хэцүү, савар нь хөлдчих гээд байдаг юм шүү” гэж надад захисан. Хөөрхнүүдийнхээ саврыг хөлдөөчихгүйн тулд, усаар дутаачихгүйн тулд их хичээсэн л дээ. 

-Хунгуудыг оффист байлгахаар шээж, баахаас эхлээд дуу чимээ нь хүртэл ажлаа хийхэд төвөгтэй байгаагүй юу?
-Ерөөсөө ч саад болоогүй. Гурвуулаа байхад ер нь бол дуугарч барих нь бага. Харин олон хүн байх тусам тавгүйрхэж, дуугарч, тухгүй байгаагаа илэрхийлнэ. Хавар дулаараад эхлэнгүүт мэдэрдэг юм уу, цонх руу дүүлээд л, хошуугаараа чөлөө зайгүй цонх тогшино шүү дээ. Шувуу давсаггүй амьтан. Тийм болохоор боловсруулсан ялгадас нь шууд гардаг. Явж байсан ч, тоглож байсан ч бааж байдаг гэсэн үг. Тиймээс маш ойрхон хэвтрийг нь солих хэрэгтэй болдог. Хэвтрийн хамгийн сайн шийдэл нь хуурай өвс байсан. Өвсөө ойр ойрхон солино.

-Та дэгдээхэйнүүдийг эр, эм гэж яаж мэдсэн бэ?
-Би шувууны хүйс сайн мэдэхгүй ч нэг нь эр, нөгөө нь эм гэдгийг биеийн хэлбэр, ааш зангаас нь мэдсэн. Эм нь нарийхан, хөөрхөн, цэвэрхэн хүзүүтэй, тэгсэн хэрнээ ааш муутай. Эр нь харин бие том, тогтуун, тайван ааштай.

-Хүмүүс хунгуудыг үзэхээр хэр зорьж ирсэн бэ?
-Хүүхдүүд  ирж их үзсэн. Мөн ажилчдын гэр бүлийн хүмүүс аймгаас ирж үздэг байлаа. Манай эко бүлгийн хүүхдүүд талх авчирч өгнө. Талх хийдэг Мөнхөө, Сараа гэх залуус шуудай талх хүртэл өгч, дэмжлэг үзүүлсэн. 

-Хөвсгөлийн байгалийн цогцолбор газар ямар зорилготой хэчнээн хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Мөн танай энэ бүс нутагт хэдэн төрөл зүйлийн амьтан, ургамал байдаг вэ?
-Манайх танин мэдэхүй, шинжлэх ухааны зориулалтаар байгалийн унаган төрхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэдэд сурталчлах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой, 35 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн арваад нь эмэгтэй, 25 байгаль хамгаалагчтай. БОАЖ-ын сайдын тушаалаар бүтэц, орон тоо нэмэгдэж батлагдсанаар дөрвөн гэрээт байгаль хамгаалагчтай болсон. Мөн Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрыг хамгаалдаг. 

1990-ээд оны үед нэг хэсэг амьтдын тоо толгой цөөрсөн боловч сүүлийн жилүүдэд өсөж байгаа. Одоо бол малын бэлчээр дотор л нарийн гөрөөс гүйж явах жишээний. Бугын баас ч харагддаг. Манай Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт зургаан төрлийн хөхтөн амьтан, 250 гаруй зүйлийн шувуу, 100 гаруй төрлийн бодгаль байдаг гэж үздэг гэв. 

Удам дамжсан байгаль хамгаалагч

Д.Үржинбадам бол удам дамжсан байгаль хамгаалагч. Найман настайгаасаа аавыгаа дагаж, Хөвсгөлийн хөх уулс, тайгаар хэрэн хэсүүчилж өссөн охин. Аав нь одоо тэтгэвэртээ гарсан бөгөөд өмнө нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд инженерээр ажилладаг байжээ. Айлын ганц охин тэрбээр багаасаа хүсэж, мөрөөдөн энэ мэргэжлээ сонгосон. Ажлынхаа талаар тэрбээр “Байгальтай ойрхон, их гоё, сайхан ажил шүү дээ.

Ажлаараа үргэлж бахархдаг. Ямар нэгэн стресс байхгүй. Хүн хүнтэйгээ харьцаж л хамгийн их стресстдэг юм билээ. Энэ бол хамгийн тансаг ажил” гэсэн. Хунгуудтайгаа өнгөрүүлсэн өдрүүдийнх нь өглөө “Ээжийн хөөрхнүүд сайхан амарсан уу” гэж эхэлнэ. Түүний дууг таньсан хунгууд ганганан гунганалдаж, ээжийгээ харсан хүүхэд аятай хөөрцөглөнө. Хашаан дээгүүр хошуу ам нь гарч ирээд л цорвогононо. Тэрбээр “Хун их сайхан шувуу шүү” гээд яг хүүхдийнхээ тухай ярьж байгаа аятай утаснаасаа зураг үзүүлэн “Царай муутай байгаа биз дээ. Ийм хөөрхөн жижиг хоёр юм ирсэн. Одоо ийм болсон” гэх мэтээр үргэлжлүүлэн ярина. 

Хүзүүгээ эвхэн хөвж, бие биенийхээ өөдөөс харан, хошуугаа нийлүүлэхдээ зүрхэн хэлбэр үүсгэдэг хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоороо, жигүүрээ хумин хумитлаа хамтдаа амьдарч, хоёр биенийх нь нэг үгүй болоход  үлдсэн нь өндрөөс унаж, үнэнчээ илтгэдэг нь тэдний хайрын бэлгэдэл болсны шалтгаан биз ээ. Харсаар байж нэгнийгээ алдаад, харуусан гансарсаар хамт хорвоог орхих эмгэнэлтэй хувь заяа ч бас тэднийх. Харин ийм нэгэн хос хунгийн “ээж” нь Д.Үржинбадам эгч. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид