Улаанбаатар 1c

Ц.Цэцгээ: Аав минь Соном нэрээр олныхоо сэтгэлд мөнхөрсөн, гавьяатын энтэй жүжигчин

Алтан үеийн Монгол кино санд “Аман хуур” гэх үнэ цэнтэй бүтээл бий.Хэдэн ч удаа үзсэн уйддаггүй, тус киноны  ёжтой, сэргэлэн өвгөний дүрээр дэлгэцийн бүтээлд мөнхөрсөн, жүжигчин Т.Цэрэнлхүндэвийн охин Ц.Цэцгээг “Үргэлжлэл”-дээ урилаа.

-Аав тань аль нутгийн хүн  байв. Туулж өнгөрүүлсэн түүх, бага залуу насныхаа тухай тантай хуваалцдаг  байв уу?
-Манай аавыг Түвдэнгийн Цэрэнлхүндэв гэдэг.  1917 онд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эх нь “Махан дов” гэж бойны газар  ажилладаг.  Аав нь цус харвасны улмаас өрөөл татуу болж,  ээж нь гэр зуур байдаг  ядуу айлын ганц хүү явсан гэдэг. Аав ээж нь хүүхдийнхээ ирээдүйг бодож,  багад нь Богд хааны харьяа хүүхдийн асрамжид өгсөн тухай хуучилдаг байсан. Тэгээд нэгэн тахилч ламын дэргэд, номын дуу сонсож өссөн юм билээ. Харин хэлмэгдүүлэлт эхлэхийн өмнөх жил тэр лам нь  “Цаг цэвүүн боллоо. Амьтны нялх үрийг аав, ээжид нь хүлээлгэж өгье”  гээд гэрт нь  авчирсан гэсэн. Тэр үед аав 14-тэй байсан гэсэн.

-Багаасаа номын дуу сонссон хүн байжээ. Ном айлддаг байсан уу?
-Аав нэлээд эрх өссөн хүүхэд. Хэдий хөрөнгө чинээ муутай ч айлын ганц хүү. Дээрээс нь тухайн үед Богд хааны ивээлд багтаж, элбэг дэлбэг өссөн болоод ч тэр үү  тахилч ламын дэргэд байсан тухайгаа “Би ном эрдэм сурч гийгүүлээгүй. Ганц усан тахил өргөж сурсан” гэдэг юм. 

-Ихэнх дүрээ нас тогтсон хойноо бүтээсэн байдаг.  Хэзээнээс урлагийн амьдралд хөл тавьсан юм бол?
-Анх 16 настайдаа Сүхбаатарын нэрэмжит “Жанжин” клубт туслах жүжигчнээр орж урлагийн хүн болсон. Дурсамж ярианаас нь сонсоход “Жанжин” клуб нь одоогийнхоор цэргийн байгууллага байсан шиг байгаа юм. Тэгээд цэргийн хувцас, дээл өмсөж сэлэм зүүдэг байж. Аав шавилхан биетэй учраас сэлэм нь газар шүргээд, явсан газраар нь зам татдаг байсан гэдэг. “Жанжин” клубт байхдаа “Дамбийжаагийн Тоодгор” гэдэг жүжигт Тоодгорын дүрд тоглоод, дараа нь гудамжаар явахаар хүмүүс чулуугаар шидээд явуулдаггүй байсан гэж ярьдаг. Түүнээс хойш урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн дээ.

-Танай удамд ааваас тань өөр урлагийн хүн байдаг уу?
-Миний мэдэхийн урлагийн хүн байхгүй. Аав өөрөө л дур сонирхолоороо жүжигчин болохоор шийдсэн байх. Богд хааны өргөмөл хүүхдүүдээс Л.Мөрдорж гуай гэх мэт урлагийн олон хүн төрсөн байдаг.  Тиймээс  өргөмөл, хүүхдүүддээ урлагийн боловсрол, хүмүүжил олгодог байсан юм болов уу гэж боддог. Бас “Сэрэлт” киноны лам ахын дүрд тоглосон Цэндээхүү гуайтай их ойр дотно, орж гардаг байсан. Яг ямар хамаатайг нь сайн мэдэхгүй байна. Би жаахан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна.

-Та хэд дэх хүүхэд нь вэ. Үр хүүхдүүд нь одоо хаана, юу хийж амьдарч байна вэ?
- Аав маань ганц хүү, нэг өргөмөл охинтой.  Би хүүгийнх нь том охин. Төрсөн цагаасаа өвөөгийнхөө дэргэд байж хайртай охин нь болж өсөж, өндийх буян заяасан. Аав маань бурхан болчихсон. Өргөмөл охин нь буюу ажаа маань амьд сэрүүн үр, ачаа үзээд сууж байгаа 70 гарсан хөгшин бий. Аав, ээж минь бага залуу байсан болохоор өвөө, эмээ намайг өөр дээрээ авч, охиноо болгон өсгөсөн. Ажаагийн тухайд, нутгийн ядарсан эмэгтэйг гэртээ байлгаж, асарч тойлж, төрүүлсэн юм билээ. Тэгээд ганц хүүтэй айл учраас бэлэгшээгээд охиныг нь өргөж авсан гэдэг.  

Би эцэг, эхээс наймуулаа,  одоо таван хүүхдийн ээж болсон. Ажаа долоон хүүхэдтэй гээд бодохоор Т.Цэрэнлхүндэв гэх хүний ганц хүү өнөр болжээ. Мөн Ажаагийн хоёр дүү нь ч манайхаар орж гарч, ойрхон өссөн.  Аавыг өвөө гэж дуудна. Одоо ч  холбоотой байдаг. Одоохондоо манай хүүхдүүдээс урлагийн авьяас илэрсэн хүн байхгүй .

Нэг удаа хичээлээ тараад ирсэн чинь  баахан хувцас угаагаад тохчихсон, ус нь дуслаад байна. Гар муутай болохоор сайн мушгиж чаддаггүй байсан юм. Тэгсэн гудамжинд гуйлга гуйгаад сууж байсан  хүүг дагуулж ирээд, хамаг хувцсыг нь хуу угаачихаад, хоол  цай болоод сууж байгаа нь тэр байж.

-Хүмүүс “Аман хуур” киноны Соном өвгөний дүрээр нь андахгүй мэднэ. Ер нь хэдэн кинонд тоглосон бэ?
-Аав маань нийт есөн кинонд тоглосон байдаг.  Хамгийн анх 1930 оны эхээр гарч байсан “Аймшиггүй эх оронч”  кинонд япон манаачийн дүр бүтээсэн гэдэг. Мөн 1961 онд “Гологдсон хүүхэн” киноны  согтуу тайж,  1971 онд “Тэмцэл “, 1965 онд “Хүний мөр” кинонд нутгийн өвгөн, 1963 онд  “Нүгэл буян” кинонд “Гэлэн гэх битгий хэл гөлөг ч гэх хүн байхгүй дээ” гэж хэлдэг лам,  1971 онд “Тунгалаг тамир-2” дээр  Цахиур Төмөрийг ирэхэд өртөөн дээр байдаг хөгшин зэрэг туслах дүрд тоглосон.

Анхны гол дүр нь “Аман хуур” киноны Соном өвгөн байсан. Сономын дүрд Цагааны Цэгмид гуай тоглох ёстой байсан юм билээ. Гэтэл бие нь өвдөж таараад  “Нэг ийм жүжигчин байгаа, энэ дүрд яг тохирно” гэж аавыг зааж өгснөөр тус дүрийг бүтээх болсон гэдэг. Намайг төрөөгүй байхад бүтсэн кино хэдий ч  хүүхдүүд намайг Соном өвгөний охин гэж дууддаг байсан. Аав минь өдгөө ч Соном нэрээр олонд хүндлэгдэж, дуурсагдаж явна. 

-Ер нь ямархуу зан араншинтай хүн байсан бэ. Сортоотой нүд, дэлчгэр чихийг нь харахад, Соном өвгөнтэй их адилхан ааш зантай хүн болов уу гэж бодогддог?
-Ер нь л “Аман хуур” киноны дүр шигээ сэргэлэн, хөдөлгөөнтэй нүүрэмгий, их ёжтой хүн. Гэхдээ “Аман хуур”-ын өвгөн хажууд нь даруухан шүү. Аав бол их сэргэлэн. Автобус унаанд явж байхад киноныхоо үгээр хүмүүстэй ярина. Бараг гудамжинд жүжиг тоглочихдог. Аавын минь хамгийн сайхан чанар бол хүнийг албан тушаал, ажил мэргэжлээр нь ялгадаггүй сайхан харилцдаг, их тусч хүн. Гудамжинд яваа хүнийг гэртээ дагуулж ирээд, хооллож ундална.

Нэг удаа хичээлээ тараад ирсэн чинь баахан хувцас угаагаад тохчихсон, ус нь дуслаад байна. Гар муутай болохоор сайн мушгиж чаддаггүй байсан юм. Тэгсэн гудамжинд гуйлга гуйгаад сууж байсан  хүүг дагуулж ирээд, хамаг хувцсыг нь хуу угаачихаад, хоол  цай болоод сууж байгаа нь тэр байж. Намайг “Хүнд тустай хүний ажил үйлс бүтдэг” гэж хүмүүжүүлсэн. Захиасыг нь санаж олондоо тустай явах сан гэж хичээдэг дээ.

-Жүжигчнээс гадна билет таслагч, манаач, жижүүр гээд олон ажил хийж байсан гэж дуулсан?
-Тийм. Аав маань “Ажилчны соёлын ордон”-д туслах найруулагч, “Ард”, “Элдэв-Очирын нэрэмжит кино театр,  “Хүүхдийн ба баримтат кино театр”  зэрэг газарт билет таслагч байсан. Манай эмээ ээж намайг дөрвөн настай байхад бурхан болж, залуу аав, ээж хоёр Архангай явж, ажаа хүний хүн болчихсон учраас бид хоёул амьдарна. Би сургуулийн сурагч учраас ямар ч дэм болохгүй,  аавын нуруун дээр бүх ачаа бууж байгаа юм. Ер нь зүгээр сууж чаддаггүй, хөдөлмөрч хүн. Тэтгэвэрт гарсан хойноо нэг үе автобус баазад кондуктор хийж  байсан. Мөн  “Од” кино театрын суурь тавигдах цагаас манаач, үйл ажиллагаагаа эхлүүлсэн хойно нь  жижүүр болсон. Түүнчлэн цэцэрлэг, сургууль гээд янз янзын газар манаач хийдэг байсан. Нас нэлээд дээр гартлаа, хийж болох бүх ажлыг хийсэн дээ. Бараг 70 хүрч байж ажил хийхээ больсон. Яалт ч үгүй хөл гар нь муудаад л тэр. Түүнээс ажил олдоод, чадал байвал хийгээд л байхаар ажилсаг хүн. Манай залуу аав, ээж, олон хүүхэдтэй тэр бүр бид хоёрт тусалж чаддаггүй байсан.

-Таны хүүхэд насны дурсамж “өвөө” аавтай тань салшгүй холбоотой юм. Одоо аавыгаа дэлгэцнээс харах сайхан биз?
-. Миний амьдралын түүх, хүүхэд насны дурсамж, хүн байхын утга учир бол миний аав.  Мэдээ орсон цагаас хоёулахнаа болохоор хаа яваа газраа дагуулаад явдаг. Кино, музей үзүүлж надад соёл хүмүүжлээс эхлээд, амьдралын ухаанд сургасан. Тоглосон киног нь үзэхэд аавтайгаа уулзсан юм шиг болдог. Хэдий жижиг дүр бүтээсэн ч тухайн дүрээ амилуулж, киногоо чимж, үзэгчдийн сэтгэлд хүртэл бүтээж дээ гэж боддог. Хүмүүс кинон дээрээ хэлдэг үгийг нь цээжилчихсэн байдаг нь их сайхан санагддаг. Хүүхдүүд, ач, зээдээ өвөөгийнх нь тухай бахархан ярьж, үлгэрлэж явахыг сануулдаг. Мөн аавын тоглосон кино гарахаар хүмүүс намайг дурсдаг.

-Та хоёр ямаршуухан амьдардаг байсан бэ ?
-Манайх хуучнаар 500 айл одоогийн III, IV хорооллын нутаг дэвсгэрт байдаг байсан. Таван ханатай гэртэй айл айлын хашаа дамжаад, нүүж явдаг байв. Аав байранд суух дургүй. Байранд оръё ч гэж  өргөдөл өгдөггүй,  улсаас ч байр өгье гэдэггүй байсан. Хүмүүс “Та чинь “Аман хуур” кинон дээрээ байранд орчихдог биз дээ” гэж их асууна. Хожим Сонгинохайрхан дүүргийн ахмадын хорооноос  нэгдүгээр хороололд хоёр өрөө байр өгсөн. Бид хоёр баян цатгалан байгаагүй. Аавын тэтгэвэр нэлээд бага тогтоогдсон, жижүүрийн цалин нь хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ аав урлагийн хүн болоод ч тэр үү их тансаг,  амттай, чамин, зүйлс  эдэлж хэрэглэдэг байсан. Чихэр, жимс ховор үед сэргэлэнтэж гүйж яваад ховор нандин амттан олоод ирнэ. Бас их цэвэрч хүн. Надад нүүрний тос, уруулын будаг авч өгөөд яаж хэрэглэхийг нь хүртэл зааж өгнө.

-Та хоёрын дурсамж уудлаад дуусашгүй биз. Одоо хүртэл санаанаас гардаггүй хөгтэй дурсамжаасаа хуваалцаач?
- “Эмээ” ээж маань ааваас хэд эгч н.Цэрэндулам  гэж 36 дугаар цэцэрлэгийн тогооч хүн байсан. Тогооч эхнэртэй болохоор аав хоол унд хийж чаддаггүй байж. Ээжийг өнгөрснөөс хойш тогоо, шанага барьж эхэлсэн. Аав “Таван халуунтай хоол” гэдэг гарын хоолтой. Тэр нь таван төрлийн халуун ногоо орсон хоолыг хэлж байгаа юм. Өөрөө ч тэрэндээ их дуртай. Нэг удаа миний доод талын дүү ирж, аав хоол хийж өгсөн чинь маргааш нь халуун ногооны харшил өгөөд дүүгийн хамаг нүүр мантайтал хавдчихсан байж билээ. Аав ч сандраад, би шоолоод, бөөн инээдэм болсон.  

Манай найзууд “Танай аавын чинь хоол гоё шүү “гэдэг.  Ер нь их марзан хүн л дээ. Нэг орой гэртээ иртэл хөнжлийнхөө даавууг шалан дээр тавьчихсан савандаж байна.  “Яаж байгаа юм бэ аав” гэтэл “Алаггүй савандаж байна” гэж хариулах жишээтэй. Би ч нэлээд эрх өссөн. Нэг үе манайх  Усны гудамжинд байсан. Их дэлгүүртэй ойр учраас байсхийгээд дэлгүүр орно. Нэг удаа аав надад бөмбөр авч өгөхөөр нь шаналгасаар байгаад өөрт нь нэгийг авахуулаад хоёулаа бөмбөрөө нүдээд гэртээ ирж байлаа. Бас “Гологдсон хүүхэн” киноны агсам тавьдаг согтуу тайжийн дүрд тоглочихоод “Тэр томчууд чинь жинхэнэ архи уугаад л тоглоод байна.  Би ус уугаад согтоод байх юм” гэж ярьсаар ирсэн. Архи огт уудаггүй хүн байсан.

-Таныг оёдолчин гэж дуулсан. Урлагийн хүн болох бодол байсан уу? 
-Анх урлагийн хүн болъё гэж боддог байсан ч аав эрс эсэргүүцсэн. Урлагаар явсан хүн яагаа ч үгүй эрт баранклагдчихдаг юм. Мэргэжил эзэмшиж, ажил хийсэн нь дээр гэж зөвлөсөн. Одоо бол аавынхаа зөвлөгөөг дагасан нь зөв байжээ гэж боддог. Би аавыгаа урлагт гомдчихсон юм болов уу гэж боддог. Хэдий цөөн дүр бүтээсэн ч олныхоо дунд гавьяатын энтэй хүндлэгдсэн жүжигчин. Гавьяат гэдэг цолыг нь хэнд ямар журмаар олгодогийг  мэдэхгүй л дээ. Нэг үе хүмүүс “Та бол гавьяат болох ёстой хүн” гэж их хэлдэг байв. Магад сэтгэл дотроо горьдлого тээсээр байсан болов уу гэж боддог.  

Аавынхаа зөвлөснөөр  Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн гутлын анги  төгссөн. Чех Улсын тусламжаар байгуулагдсан савхин гутлын үйлдвэрт зургаан жил ажилласан. Зах зээлд шилжсэнээс хойш хуваариа гутал хийсээр байна.  Ихэвчлэн европ гутал оёдог. Залуу ээж оёдолчин бас аав намайг юм оёхыг их дэмждэг байсан. Тэр үед торгон утас ховор учраас  торго, хоргойг нэг бүрчлэн хөвж өнгө өнгийн утас гаргаж, надад өгдөг байсан. Ер нь хүн өөрийнхөө сонирхсон зүйлийг хийх хэрэгтэй. Тэр нь хөгжиж дэвшихэд дэмтэй. Одоо нэг дүү маань Заамарт гутлын цех нээж, би чадлаараа дэм болоод явж байна.

-Хүн насаараа ханилсан ханиа алдахад их өнчирдөг юм гэсэн. Аав нь бурхан болох үед танд хэчнээн хэцүү байсныг өгүүлшгүй байх аа ? 
- Аав маань 1994 онд өөд болсон. Хүний хүн болж, хүүхэд төрүүлсэн хойноо ч аавтайгаа байсан. Бурхан болсноос нь хойш би орь ганцаараа, хамаг нөмөр нөөлөг үгүй болчихсон мэт санагддаг юм билээ. Би тэр сайхан хүний буянд эрхэлж, цамнаж өсчихөөд ач буяныг хариулж, асарч тойлж чадаагүйдээ маш их харамсдаг. Өөд болох амьдралын эрхээр  уулзаж, зүг захиасыг нь сонсож чадаагүй л дээ.

Одоо бодоход аавтайгаа авахуулсан олигтой ганц зураг байдаггүй. Үнэхээр бодох тусам гол эмтэрмээр мэдрэмж гэж байдаг юм. Ааваасаа хойш их зовлон үзсэн. Нөгөө ахмадын хорооноос өгсөн байрыг нь хувьчлалын үед буцаагаад, хураагаад авсан. Хоёр нялх хүүхдээ хөтлөөд хөөгдөөд гарч байлаа. Тэгээд орц цэвэрлэж, нойл тоот өрөөнд амьдарч байтал байрыг чинь буцаагаад өгөхөөр боллоо гэхээр нь нөгөө өрөөгөө суллаж өгчихөөд, байрандаа очсон. Гэтэл дахиад хураах шийдвэр гарсан. Түүнээс хойш айл, айлын хашаа, түрээсийн байр саваар дамжиж  явсаар өөрийн  гэр оронтой болсон. 

-Танд манай сониноор дамжуулан хэн нэгэнд хэлэх үг байна уу?
-Хүн бага залуу байхдаа ухаардаггүй юм билээ. Миний төлөө бүх амьдралаа зориулсан аавыгаа олигтой ачилж чадаагүйдээ маш их харамсдаг. Энэ орчлонд эцэг, эхийн хайрыг гүйцэх хайр хаана ч байдаггүй. Аав ээжийгээ хайрлаж, дээдэлж яваарай гэж хүүхэд залууст хэлье. Сэтгэлийг нь амгалан, зовоохгүй байх л ачийг нь хариулж байгаа хэрэг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Тэр мундаг жүжигчинд гавъяат жүжигчин цол тэмдэгийг нөхөн олгож өгөх хэрэгтэй байхаа. Үр хүүхдүүд нь баярлана ш дээ.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • оуин.
    сайн жүжигчин байсан. ард түмний сатгэл зүрхэнд хоногшсон дүрүүд бүтээсэн шүү. охинд сайн сайхан бүхнийг хүсэи.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • ,zocin
    Mndag sain jujigchin baisan shuu. Odoo ch gesen togloson kinonuudig ni uzeed uiddaggui. Uildver kobinot 5 buudal chigleliin avtobusand konduktor hiigeed yavj baihad ni taaraldaad orj irj baigaa zorchichdod yag l Sonom ovgonii baigaa baidlaar hatitsahad ni humuus ineeldeed l uur amisgalig ih goe bolgodog baisan ni odoo ch nudend haragddag.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Тэгсэн бхаа. Нэг луйварчин нь авсан бх. Яаж 2 хүүхэдтэй хүнийг гудамжинд гаргадаг бнаа. Сурвалжлагчаа энэ талаар нь бүр сайн судлаад наад хүндээ туслаарай
    2020 оны 05 сарын 08
  • Сурвалжлагчдаа баярлалаа. Өвөөгийнх нь байрын буцааж авахад нь тусалбал бүр сайн бна. Яахаараа үр хүүхдэд нь өвлүүлдэггүй гудамжинд гаргадаг бнаа
    2020 оны 05 сарын 08
  • Tsewelmaa aman hkuur mash goe tiim kino odoo alga
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Аавынхаа алдар нэрийг дуурсах ухаантай сайхан охинтой юм байнаа манай Соном өвөө. Байрыг нь буцааж өгөх хэрэгтэй шүү дээ . Яаж нойр нь хүрч унтаж байдгийн болдоо хөөрхий, хүний орон гэр булааж гудамжинд гаргачаад...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Г.Эрдэнэчимэг
    Мундаг жүжигчин шүү.кондуктор хийж байхад тааралддаг байсан .нэг удаа мартын 8нд таарсан чинь Эрчүүд ээ хүүхнүүдийн баярын өдөр учраас нэгч эмэгтэйг зогсоогоор явуулж болохгүй суудал тавьж өгөөрэй гэж инээгээд алиа хошин яриагаар хүмүүсийг инээлгээд .хүмүүс үгэнд нь ороод суудал тавьж өгөөд .ер нь хүмүүс тэр автобусанд суух дуртай байж билээ.сайхан хүн байсан шүү.үр ач нарт нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Энэ эгэл олондоо хүндлэгддэг жүжигчний охин өргөдөл бичиж аавынхаа байрыг нөхөж олж авар хэрэгтэй!!!! Сэтгүүлч энэнд нь туслаач! Ярилцлага авсан сэтгүүлч үнэний хойноос эрэн сурвалжиж охиндтнь байрыг нь буцаан олгуулах хэрэгтэй!!!
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Сурвалжлагчдаа баярлалаа. Өвөөгийнх нь байрын буцааж авахад нь тусалбал бүр сайн бна. Яахаараа үр хүүхдэд нь өвлүүлдэггүй гудамжинд гаргадаг бнаа
      2020 оны 05 сарын 08
  • Даваадолгор
    Гавьяат болох л хүн байсан даа хөөрхий мундаг хүний сэтгэлд хоногшсон жүжигчин
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Cz
    Saihan, sain ch jujigchindee
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Swed
    Hezee ch martagdahaargyu mundag jujigchin shuudee ! Araichdee, ohind n bairi n butsaaj ugmuur yum!
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • сосорбарам
    тэр байрыг нь буцааж өгөх хэрэгтэй бас гавьяат цолыг нөхөж олгож болдог бол нөхөж олгох хэрэгтэй шүү
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Тухайн үед ямар эрхтэн дархтан байрыг нь хураах шийдвэр гаргадаг байнаа. Аавынх нь нэр төрийг нь бодож болоогүй л юм байх даа. Ямар нэг луйюарчин дарга өөртөө хувьчлаад авчихсан байх даа.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Тэгсэн бхаа. Нэг луйварчин нь авсан бх. Яаж 2 хүүхэдтэй хүнийг гудамжинд гаргадаг бнаа. Сурвалжлагчаа энэ талаар нь бүр сайн судлаад наад хүндээ туслаарай
      2020 оны 05 сарын 08
  • Тэр байрыг нь бас нэг нь далимдуулаад завшаа биз. Гавьяат өгөөгүй юм байна. Байрыг нь энэ охинд нь буцааж өгмөөр юмаа
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Акгүль
    Сайхан ярилцлага байлаа, нүдэнд харагдах шиг л боллоо таны ааваар бахархаж байна. Амьдралд тань аз жаргалыг хүсье!
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Анд минь ямар гоё дурсамж бэ.баяр хүргэе
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Dashjamts Enhmaa
    Minii naiz ymar mundag yriltsagand orson ym be naiziihaa umnuus mash ih bayrlaj bn tiim mundag aawiiga odoo l dursahgv bol hezee dursah ym be naizdaa aj jargal ervvl enh ene horwoogiin hamgiin sain saihaniig hvsie
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид