Улаанбаатар 1c

Палеонтологийн хүрээлэн шинээр дөрвөн үлэг гүрвэл, маш ховор ЗАВРОПОДЫН мөрийн олдвор илрүүлжээ

Х.Цогтбаатар: бид чулуулагт хадгалагдсан нүдэнд үл үзэгдэх бичил биетнээс эхлээд аварга том үлэг гүрвэл, түүний өндөг, усны болон хуурай газрын ургамал гэх мэт өргөн хүрээнд судалгаа хийдэг

Монголын эрдэмтэн, судлаачдын ололт амжилт, шинэ нээлтийн талаар Монголын шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор  Хишигжавын Цогтбаатартай ярилцлаа.

-Палеонтологийн хүрээлэнгээс  сүүлийн жилүүдэд ямар судлагааны ажил хийж байна вэ?
-Манайх хагас зуун жилийн түүхтэй байгууллага. Эхэн үед гаднын судлаачид ирж судалгаа хийгээд, олдвороо аваад явдаг байсан.  Хүнээр авч үзвэл одоо бид эрийн цээнд хүрч, судалгаа, шинжилгээг эрчимжүүлэн ажиллаж байна. Хэдий цөөн эрдэмтэн, судлаачтай ч бид болон үе үеийн  судлаачид дэлхийн жишигт хүрч ажилласаар ирсэн. Монгол орон Төв Азийн төв хэсэгт байрладаг. Сүүлийн 120 сая гаруй жилийн турш эх газраараа байсан тул  байгалийн түүхийн олон төрөл зүйлийг хадгалж ирсэн онцлогтой. Дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны хөгжлийг Монголын палеонтологийн судалгаагүйгээр төсөөлөшгүй болжээ.

Гэхдээ зөвхөн Монголын палеонтологи гэж ярих нь учир дутагдалтай. Бид дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах замаар хамтдаа урагшилж байна. Монголын судлаачид дэлхийн палентологи судлалд шинэ төрөл зүйлийг тогтоож, дэлхийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлэн баталгаажуулсаар байна.  Аливаа олдворыг маш олон үе шат дамжлагатай судалсны үр дүнд олон жилийн дараа шинжлэх ухаанд шинэ нээлт болон бүртгэгддэг нь Палеонтологийн шинжлэх ухааны онцлог юм.

-Өнгөрсөн онд манай судлаачид хэр амжилттай ажиллав ?
-Бид өнгөрсөн жил үлэг гүрвэлийн дөрвөн шинэ төрөл зүйл болон маш ховор Титанозаврын бүлгийн завроподын мөрийн олдвор илрүүлсэн. Шинэ төрөл зүйл тогтооно гэдэг бол эртний амьтан ургамлын зүйлийн бүрдлийг баяжуулахаас гадна амьд биетийн эволюци хөгжлийг судлах боломж бүрдүүлдэг. Эртний амьтан ургамлын чулуужмал үлдвэр дээр нь судлах явцад хувьсал хөгжлийн гинжин цувааны тасалдал нийтлэг байдаг нь судалгааны ажилд хүндрэл учруулдаг. Өвөг, удмын холбоо харилцаан дээр тулгуурласан ангилал зүйн аргаар судалж, шинэ төрөл, зүйл тогтооно гэдэг нь тухайн амьтны хувьсал хөгжлийн тасалдлыг  нөхөх, удам тарлийн холбоог нь тогтоох ач холбогдолтой байдаг.

Ойрмогхон шинээр илрүүлсэн төрөл зүйлийн тухайд дурдвал Баянширээгийн цаг үе гэж нэрлэгддэг одоогоос 90 орчим сая жилийн өмнө хуримтлагдсан хурдаст давхаргаас олдсон Гадрозавройдын бүлгийн үлэг гүрвэлийг судалж, шинэ төрөл зүйл болохыг нь тогтоосон. Олон улсын дүрмийн дагуу  “Гобихадрос монголиенсис” хэмээн латинаар нэрлэсэн бөгөөд  “Монголын говийн нугасан хушуут” гэсэн утгатай.  Нугасан хошуут, өвсөн идэшт үлэг гүрвэлийн хөгжлийн дэвшилтэт бүлэг Умард америкт эрчимтэй хувьсан хөгжиж өргөнөөр тархаж байсан нь  олон жилийн өмнөөс  тогтоогдсон байдаг ч Төв ази, одоогийн Монголын Говиос тэдний өвөг үүсэн хөгжсөн гэдгийг уг судалгаагаар баталсан. Мөн Гобираптор хэмээх жижиг, махан идэшт үлэг гүрвэл болон тэмээн хяруул маягийн үлэг гүрвэлийг  илрүүлэн үлэг гүрвэлийн зүйлийн бүрдлийг шинээр баяжуулав.

Мөн шувуу төст жижиг махан идэшт үлэг гүрвэлийн сонирхолтой олдворыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг Нэмэгт уулын өврөөс олж илрүүлэн судалж, шинэ төрөл, зүйл болохыг нь батлан  “Нэмэгтоникус” гэж нэрлэсэн. Ташрамд хэлэхэд, одоогоор дэлхийн үлэг гүрвэлийн тавны нэгийг буюу 80 гаруй төрөл, зүйлийн үлэг гүрвэлийг Монгол Улсаас нээж, шинээр тогтоогоод байна. 

(Зураг 2. Газар, усны  экоморфологи шинжийг хадгалсан шувуу төст үлэг гүрвэлийн шинэ салаа мөчрийн төлөөлөл болох төрөл зүйлийг синхротрон сканиар тогтоосон судалгааны үр дүнг Nature сэтгүүлд хэвлүүлэв. /Халшкапатор/)

-Үлэг гүрвэлийн мөрний олдвор аль аймгийн нутгаас олдсон бэ. Дэлхийд ховорт тооцогдох олдвор гэж сонссон?
-Өмнөговь аймгийн зүүн хэсгээс өвсөн идэшт аварга үлэг гүрвэлийн хөлийн мөр олдсон. Тавхайн урт нэг метр 20 сантиметр орчим. Мөрний хэмжээгээр тухайн амьтны хурд хүч, жин тэр ч бүү хэл зан авирыг тогтоох боломжтой. Энэ үлэг гүрвэл нь 20-25  метр урт биетэй,  20-30 тонн жинтэй  Энэ бүлгийн үлэг гүрвэл нь Юрийн галавын үед эрчимтэй хувьсан хөгжиж байсан боловч Цэрдийн галавын төгсгөл үеийн хурдас чулуулгын үе давхаргаас харьцангуй ховор олддог гэж үздэг ч энэ мөр олдсоноор 70 гаруй сая  жилийн өмнө энэ үлэмж биет амьтан олноор амьдарсаар  байж гэдгийг нотолсон. Энэ олдвор мөр судлалын шинжлэх ухаанд нэлээн шуугиан тарьж байгаа.

-Монгол Улс палеонтологийн шинжлэх ухаанаар дэлхийд дээгүүрт жагсдаг ч олон нийт төдийлөн ойлголтгүй байдаг. Олон нийтэд таниулах сурталчилах чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ?
-Ер нь Палеонтологийн шинжлэх ухаанаар олж авсан мэдлэг, ололт амжилт  дэлхий нийтэд нээлттэй байх ёстой. Дэлхий дээр гишгэж байгаа хэн бүхэн энэ талаар мэдлэгтэй байж, эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээ төлөвшинө. Бид музейтэй болох асуудлаар олон жил хөөцөлдөж байгаа. Улсаас Шинжлэх ухааны цогцолбор байгуулах талаар санаачлагатай ажиллаж байгаад талархаж байна. Түүнд судалгаа, сурталчилгаа, сургалтын  “Танин мэдэхүйн төв” байгуулахаар төлөвлөж байна. АНУ гэхэд муж болгонд, хүрээлэн, их сургууль, музейтэй байдаг. Өнгөрсөн жил бид Японы Токио хотод зохион байгуулагдсан “Үлэг гүрвэлийн дэлхийн экспо”-д оролцсон. Энэ бол олимптой зүйрлэхүйц том арга хэмжээнд сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаагаар ололт амжилт гаргасан томоохон үр дүнгээрээ манлайлж байгаа гурван улсыг сонгон оролцуулснаараа онцлог. Тус үзэсгэлэнг гуравхан сарын хугацаанд найман зуугаад мянган хүн үзсэн нь урьд жилүүдээс хамгийн ихэд тооцогдож байсан.

(Зураг 3. Жижиг махан идэшт үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг тогтоож Гобивенатор хэмээн нэрлэв. Нэмэгтийн хөндийшөөс илрүүлсэн дээд цэрдийн үеийн Гобивеаторын эх олдвор.)

-Та бүхэн одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
-Палеонтологийн судалгаа шинжилгээ бол асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаардсан хамтын бүтээл. Түүнчлэн палеонтологийг хүмүүс зөвхөн үлэг гүрвэл судлал мэтээр ойлгодог. Тэгвэл бид чулуулагт хадгалагдсан нүдэнд үл үзэгдэх бичил биетнээс эхлээд аварга том үлэг гүрвэл, түүний өндөг, усны болон хуурай газрын ургамал гэх мэт өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг. Судалгааны ажлууд зохих журмаараа үргэлжилсээр байгаа. Онцолбол, сүүлийн жилүүдэд бактерын палеонтологийн чиглэлээр идэвхитэй ажиллаж, үр дүн гарсаар байна. Түүнчлэн орон болгон бактерийн судалгаа хийх боломжгүй.

Учир нь олдворын нөөц болон тоног төхөөрөмжийн чадамжаас шууд хамаарна. Дэлхийд энэ чиглэлээр АНУ НАСА төслийн хүрээнд, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, бас манайд судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Зарим тоног төхөөрөмж дутагдалтай тул Шведийн Байгалийн Түүхийн музейн бичил палеонтологийн лабораторитой хамтран ажилладаг.

Өөрсдөө төсөл бичих үзэсгэлэн  зохион байгуулах зэргэээр техник тоног төхөөрөмжөө сайжруулдаг. Манай хүрээлэнгийн зарим чиглэлийн лабораториуд дэлхийн жишигт хүрсэн. Нарийн багаж хэрэгтэй судалгааны ажлыг хөгжингүй орнуудтай хамтран ажиллах замаар гүйцэтгэж байна.

-Олдворын хамгаалалт, хадгалалтын асуудал ямар түвшинд байна вэ?
-Манай хүрээлэн хадгалалт, хамгаалалтын асуудлыг нуруун дээрээ үүрч явна. Үүрэхээс ч өөр арга байхгүй. Палеонтологийн олдвор цуглуулга нь ховор, цөөнөөр олддог, өмнө нь олдсон нь хожим олдох олдворын харьцуулан судлах жишиг, биет баримт нь болдог учраас дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Палеонтологийн олдвор бол үнэлж баршгүй, дахин давтагдашгүй шинжлэх ухааны болон соёлын өв.  

Соёлын өв бол нэг хүн, судлаачийн өмч биш, улсын өмч. Бид соёлын өвийг хамгаалах тухай хуулийг батлуулах гэж олон жил хөөцөлдсөн. Мөн Эрүүгийн хуульд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн зүйл заалт тусгагдлаа. Ерөнхийдөө эрх зүйн орчин сайжирсан.  Мөн соёлын үнэт өвийг ашиг хонжооны замаар худалдах, үрэн таран хийх нь байж болшгүй зүйл гэдгийг олон нийтэд таниулан сурталчилах нь чухал.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид