Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Дуучин Т.Бат-Оргилын тухай ТАВАН АСУУЛТ?

Дуучин, дуу зохиогч Т.Бат-Оргилын хэвлэлүүдэд өгсөн өөрийнх нь ярилцлагаас таван асуултыг түүвэрлэн хүргэж байна. Бид түүнийг "Жигүүртнээс дээгүүр", "Аж богдын харуул" гэх мэт дуунуудаар нь сайн мэдэх билээ. Мөн тэрээр МУАЖ Н.Сувдын хүү юм.

Таны дууны шүлэг, ая ерөөсөө л сэтгэлд нандин мэдрэмж төрүүлдэг. Ийм нарийн нандин бүтээлүүд хэзээ төрдөг вэ. Та яг ямар үедээ бичдэг вэ?

Миний зохиосон дууны үгийг шүлэг гэж хэлж болохгүй байх. Шүлэг, яруу найраг гэдэг маш том эрдэм. Би тэр эрдмийг эзэмшээгүй, мэдэхгүй. Дууныхаа хэмжээнд л үгээ бичдэг. Харин үгэндээ их ач холбогдол өгдөг л дөө. Ер нь дууны санаа гэнэт орж ирнэ. Заримдаа ийм юм хэлчих юмсан гэж бодсон бодлоор маань үг орж ирнэ. Миний арга гэвэл аяаа зохиогоод дараа нь аяндаа зориулаад үгээ зохиодог. Үгээ дотроо удаан бодож явна. Санааны мухарт байж байгаад л олон бодлоо хооронд нь тааруулаад дуугаа бүтээдэг.

Миний мэдэх дуучин Бат-Оргил гэдэг хүнээс тэс өөр ертөнц мэдрэгдэж байна. Гэхдээ л таны амьдрал урлагтай салшгүй холбоотой?

Би дуучин биш. Миний энэ төрлийг бард гэж нэрлэдэг. Хүн өөрийнхөө үг аяыг зохиогоод дуулахыг бардын стиль гэдэг юм. Жинхэнэ дуучин хүн тайз дүүрэн дуулна. Бас маш олон дуу мэддэг. Миний хувьд өөрийнхөө дуунаас өөр дуу мэдэхгүй, гайхуулах хоолойгүй.

Танд ганцаардах үе байна уу?

Ер нь бол ганцаарддаг. Хүмүүстэй сэдэв нийлэхгүй байх хамгийн ойрын жишээ. Хүмүүс ихэнхдээ гутал хувцас, бусад хүмүүсийн талаар жижиг сажиг юм ярихаар надад сонирхолгүй байдаг. Харин миний ярьж байгаа зүйл нөгөө хүнд “Энэ одоо солиорчихсон юмуу” гэх сэтгэгдэл төрүүлдэг биз.

Та их мэдрэмжтэй эр хүн байх, тийм үү?

Мэдэхгүй байна. Гэхдээ би хичээдэг. Эрчүүд бид чинь бүдүүн баараг улс шүү дээ.

Бид ер нь амьдралд юун дээр алддаг юм бол?

Үндэстнээрээ их омголон байна. Үг дуулж сураагүй. Ажил хийж мэдэхгүй. Ажил их голж байна. Залхуу байна. Ер нь хүн юу ч хийж болно. Харин цаг алдсан бол тэрнийг чи яаж ч чадахгүй. Хайран цагаа дэмий зүйлд үрдэг, бас их шантрамтгай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид