Улаанбаатар 1c

Төв аймгийнхныг төрд төлөөлсөн гурав

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар Төв аймагт аль намаас хэн хэн нэр дэвшихээр яригдаж буйг тоймлон хүргэж байна. Уг нь Төв аймгийнхан Ардын намд элэгтэй явж ирсэн. Өөр намаас гэвэл До.Ганболдыг л сонгож байлаа. Бусад бараг бүх цаг үед МАН-ынхныг дэмжиж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд улаан байсан Төв аймаг цэнхэртэж эхэлсэн. 20 гаруй жил МАН орон нутгийн сонгуулиар ялдаг байсан олон суманд  Ардчилсан намынхан ялалт байгуулсан. Тиймдээ ч Төв аймгийнхныг Ардчилсан намд элэгтэй байгаа гэж болно. Ард иргэд нь ч “Ерөнхийдөө МАН-аас уйдаж байна.

МАН-ынхан Төв аймагт гарт баригдаж нүдэнд харагдахаар олигтой зүйл огт хийгээгүй. Тэд УИХ-ын гишүүн болчихоороо аймгийнхаа хэдийг ор тас мартаад алга болчихдог зантай” гэх болсон байна. Өөр нэг тал нь Төв аймгийнхан залуу үеийг дэмжих цаг дээрээ ирээд байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн гаралтай, шижигнэсэн ганц хоёр залуу гараад ирвэл шууд л дэмжиж, итгэл найдвар хүлээлгэхээр байгаа.

МАН-ын  хоёр  Энхболд УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон. Тэд энэ жил ч гэсэн нэр нь дуулдаад л байгаа. Тэдний араас А.Сүхбат дэвших үү, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна. Аваргын оронд аудит Д.Хүрэлбаатар нэр дэвшихээр тойрогтоо ажиллаад эхэлсэн гэх мэдээлэл сүүлийн үед гарч буй. Бүр цахим орчинд ч өөрийгөө танилцуулах ажлыг эрчимтэй хийгээд эхэлсэн харагдана лээ. Гэхдээ А.Сүхбат тийм ч амархан байраа тавьж өгөхгүй. У.Хүрэлсүхтэй ойлголцоод ороод ирэхийг хэн ч байг гэхгүй. Харин Ардчилсан намаас гурван ч хүний нэр дуулдаж байна.

Ардчилсан намын генсек Ц.Туваан Төв аймагт “үзнэ”  гэж байгаа. Тэрбээр хэдийнэ өөрийгөө сойгоод эхэлчихсэн. Амралтын өдрүүдэд сумдаар тойрч, мөн ч сүрхий байгаа. Түүнээс гадна Төв аймгийн Ардчилсан намын дарга асан Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв мөн л нэр дэвшинэ гэж буй. Мөн Зуунмод хотын гаралтай Атарцэцэг гэх эмэгтэй ч бас сонгуульд нэр дэвших гээд намын дэмжлэг хүлээж байна. Тэдэнтэй хамт Хууль зүйн асан Х.Тэмүүжин дэвшихээр яригдаж байна.  Ийм л хүмүүс МАН, АН-аас Төв аймагт нэр дэвшихээр гэгэлзэж сууна даа, цаана чинь.

Төв аймгийнхан түүнд дахин итгэл үзүүлэхэд бэлэн байгаа гэнэ

МАН-ынхан Төв аймагт судалгаа хийжээ. Тэдний араас Ардчилсан намынхан ч судалгаа хийсэн байна. Энэ судалгаагаар М.Энхболд нэр хүндээр бусад горилогч, нэр дэвшигчээс хол тасархай түрүүлж байна гэнэ. Төв аймгийнхан “М.Энхболд даргыг арай дэндүү дээрэлхэж боорлосон. Үнэндээ ялагдчихсан байсан МАН-ыг 65 суудалтай болгосон хүн шүү дээ. Гэтэл аядуу зөөлөн зангаар нь дээрэлхэж, УИХ-ын даргын суудлаас нь унагасан.  

Мөн ч увиагүй улс төр хийсэн. Төв аймгийнхныг давхар доромжилж, дээрэлхсэн шүү дээ. М.Энхболд УИХ-ын дарга болчихоод аймгийнхаа олон хүнд итгэл найдвар хүлээлгэж, удирдах албан тушаал өгсөн. Тэд бүгд одоо ажилгүй болсон. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг ч муу муухайгаар нь хэлж байгаад л ажлыг нь авсан. Төв аймгийнхныг арай л дэндүү буланд шахсан даа. Бид тэгж дээрэлхүүлж чадахгүй. М.Энхболд даргыгаа яадаг ч байсан дахин сонгоно”  гээд л  ярьж байна. Ер нь М.Энхболдыг МАН-аас дэвшүүлэхгүй бол бие даагаад үзсэн ч Төв нутгаас түвэггүй дахин сонгогдохоор байна. 

Урвасныхаа төлөө Батлан хамгаалахын сайдаар шагнуулсан Нямаагийн Энхболд

 Нямаагийн Энхболдод Төв аймгийнхан мөн ч олон удаа итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүний зөөлөн суудалд суулгасан. Тэр 40 гаруй наснаасаа УИХ-ын гишүүн болж, 20 жил тасралтгүй сонгогдсон. Өдгөө У.Хүрэлсүийн засагт багтаж, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй. Төв аймгийнхан түүнийг төлөв төвшин хүн гэж өнөөдрийг хүртэл итгэж ирсэн. Түүнд улсын төсөв шамшигдуулсан, идэж уусан но гэхээр юмгүй. Гэхдээ тэр аймагтаа хийсэн ажил цөөтэй. Мөн аймгийнхаа хойд сумд буюу өөрийн нэр дэвшсэн жижиг тойрогтоо л ажиллаж, бусад сумыг орхигдуулсан.

Үүнээс болж түүний рейтинг жил ирэх тусам буурсаар 2016 оны УИХ-ын сонгуулиар арай чүү ялсан. МАХН-ын нарийн бичгийн дарга н.Буяннэмэх гэх залуу нэр дэвшээгүй байсан бол тэр яах аргагүй унах байлаа. н.Буяннэмэх Цээл, Угтаалцайдам суманд өндөр санал авсан. Ингэхдээ Д.Доржпүрэвийн саналыг хуваачихсан. Энэ нь Н.Энхболдод сайнаар эргэсэн. Тэр 2016 онд ингэж л азаар сонгогдсон. Гэхдээ яг үнэндээ Н.Энхболдод Төв аймгийнхан дургүй байна. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгаж авах улс төр өрнөсөн.  Энэ дунд Н.Энхболд, А.Сүхбат хоёр гар бие оролцсон.

Үүнийхээ үр дүнд Батлан хамгаалахын сайдын албан тушаалаар шагнуулсан хэмээн хардаж буй. Төв нутгийнхан “Бусад аймгийнхан М.Энхболд руу дайрч болно. Харин нэг нутгийн хоёр гишүүн түүнээс урваж, эсрэг ажиллаад байх даа яахав дээ. Арай дэндүү увиагүй юм аа. М.Энхболдтой хамт явж байхдаа юу гэж ярьдаг байдаа. Арай ч ингэж урваж болохгүй” гэж дургүйцэж байсан нь одоо ч шинэхнээрээ хадгалагдаж байгаа.

Тэр Төв аймагт нэр дэвшихдээ М.Энхболдоос урваж сайдаар шагнуулсан талаараа нутгийн олондоо юугаа хэлж хуйхаа маажих юм бол доо, зайлуул. Түүний “Би төлөв түвшин эгэл даруу хүн. Улсаас мөнгө иддэггүй. Миний аав амьдралаа газар тариаланд зориулсан хүн” энэ тэр гэж ярьдаг пиар нь одоо хол явахгүй болсон биз ээ. 

Мөөеө аваргыг нутаглуулж байхад Бөхийн өргөөнд хэрүүл тэмцэл хийгээд зогсож байсан А.Сүхбат

А.Сүхбатыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн анх АН-д элсүүлж байсан. Тэрбээр Төв аймгийн АН-аас нэр дэвшиж чадахгүй гэдгээ мэдээд төд удалгүй ардын нам руу гүйж М.Энхболдыг бараадсан. Миеэгомбын Энхболд түүнийг Ардын намаас Төв аймгийн 30 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн. Төв аймгийн зүүн урд талын сумынхан нутгийнхаа аваргыг мөн ч сайхан дэмжиж, УИХ-ын гишүүн хэмээн дуудуулах их хувь заяаг А.Сүхбатад оноосон.

Гэвч А.Сүхбат дөрвөн жил тойрогтоо олигтой юм юу ч хийж чадаагүй. Ядахдаа Сангийн сайдын урд ард гүйж байгаад нутагтаа ганц ширхэг худаг ч гаргуулах төсөв шийдүүлж чадаагүй сул гишүүн. Тэрийгээ мэдэхгүй нутгийнхандаа жудаггүй зан гаргасан байдаг юм. Төв аймаг төдийгүй монголчуудын домог, бахархал болсон Монгол Улсын Далай, Даян, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат таалал төгссөн. Аваргыг эцсийн замд нь Спортын төв ордноос үдсэн. А.Сүхбат нутгийнхаа домогт аваргын ажил явдалд оролцож дуусаад яг тэр өдрөө  Монгол бөхийн өргөөн дээр очоод өдөржин хэрүүл хийсэн.

Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав нартай телевизийн камерийн өмнө хэрүүл хийсэн. Нутгийнх нь аваргын буяны ажил болж байхад хэрүүл хийгээд зогсож байсан нь Төв аймгийнхан төдийгүй Монгол түмний жигшил зэвүүцлийг ихэд төрүүлснийг олон нийтийн ам, үг өнөөг хүртэл гэрчилдэг. Монгол бөх хүний жудаг бүү хэл эрийн нуруугүй түүнийг Эрдэнэсант сумынхан түүнээс хойш үзэн ядах болсон гэхэд хилсдэхгүй. “Арай ч дээ А.Сүхбатыг бид ямар их дэмжлээ. Нутгийн минь бахархал болсон хөгшин аварга ойчоод уй гашуутай байхад энэ яаж байгаа юм бэ. Манай суманд ирвэл ташуураар тархийг чинь хага цохино доо” гээд л занасан залуус тухайн үед цөөнгүй байсан гэдэг. 

А.Сүхбат Төрийн ордонд Чөлөөт бөхийн холбооны хурал болоход Рио-де-Жанейрогийн олимпод оролцож, хүрэл медалиас хасагдаж ирсэн МУГТ Г.Мандахнаранг загнаж байлаа. Тодруулбал, А. Сүхбат “Чи миний нутгийн хүүхэд. Би чамд итгэж байсан. Хэчнээн үнэтэй азарга адуу би чамд өгч байлаа. Гэтэл чи ингэж ярилаа” хэмээн толгой өөд татахгүй болтол нь загнасан. Харамсалтайгаар олимпийн  медалиа луйвардуулаад ирсэн гавьяат тамирчин нэг сумынхаа хүүг олон түмний өмнө бүлтийтэл загнаж,  хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх адуу чамд өгсөн гээд л аархаж байлаа.

Түүний аархал үүгээр дуусаагүй. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцыг УИХ-ын гишүүдийн өмнө мөн л загнаж байв. Тухайлбал “Шашин хоорондын тэмцэл хийх гээд байгаа юм уу хаашаа юм. Шашин шүтлэг, нутаг ус чинь энд хамаа байхгүй шүү” гээд Төрийн ордон дотор дөвчигнөсөн. Яагаад ч юм бүү мэд боломж олдвол нутгийнхаа хэдийг загнаж, хэл амныхаа загатнааг тайлаад байгаа юм. Мөн түүний мэдлэггүй эсвэл мэдрэмжгүйдээ хэлсэн үгнүүд тренд болж үлддэг.

Тэрбээр “Туул голын бүх загас эм сүвтэй болсон” хэмээн хэлж мөнхийн онигоонд орсноос гадна “Бөх бол төр юм аа” гэж хэлээд ад шоо болсон. Энэ жилийн хувьд түүний рейтинг Н.Энхболдод ч хүрэхээргүй маш бага хувьтай байгаа аж. Найдлага тасарсан гэхэд хилсдэхгүй. Бас дээрээс нь улс төрд итгэл хүлээлгэж, намдаа гишүүнээр элсүүлж, нэр дэвших эрх олгож байсан М.Энхболдынхоо эсрэг ажиллаж, ЖДҮ авсан хэрэгт буруутгагдаж байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид