Улаанбаатар 1c

Цусаараа бичсэн гавьяатай ч цэргийн гавьяаны одонгүй ахмад дайчин

100 насныхаа босгон дээр ирсэн ахмад дайчныг хэдий хүртэл хүлээлгэх вэ, Ерөнхийлөгч өө 

Тэртээ долоон арваны өмнө эх орныхоо тусгаар тогтнол, монгол түмний эрх чөлөө, жаргалант амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эх оронч цэрэг эрсийн яруу алдрыг бид мартах учиргүй. Ийм л учраас эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин тулалдсан халуун эх орончдын баатарлаг гавьяаг жил бүр дурсан санаж, тэднийг алдаршуулж, шагнаж урамшуулдаг. Гэхдээ түүхэн ойн өдөр нь л дайнд оролцож, ялалтыг дархалсан баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийж, хожимдсон хойно нь шагнал, урамшуулал олгодог  баймааргүй байна.

Ийн хэлсний учир нь, өдгөө 99 насыг зооглож буй, ахмад дайчин Тагирваагийн Дорж Чөлөөлөх дайнд оролцож, хороо цэрэгтэй тасгийн даргаар үүрэг гүйцэтгэж байжээ. Харамсалтай нь эх орныхоо төлөө халуун амиа зориулахаас буцахгүй тулалдаж явсан түүнд цусан гавьяаны гэгддэг цэргийн гавьяаны улаан тугийн одон үгүй. Нас залуу байхдаа одон медалийн араас гүйж яваагүйгийнх нь гэм хор илэрсэн нь энэ. 100 насны босго руу дөхөж яваа, ач охиноороо асруулан, хэвтэрт байх буурлын хамгийн сүүлчийн хүсэл нь цусан гавьяаны одонгоо энгэртээ зүүх.

Түүхийн хуудсыг эргэн сөхөж, түүний цэрэгт явсан үе рүү эргэн очвол цэл залуухан хүү 18 нас хүрэнгүүтээ 1941 онд өөрийн хүсэлтээр цэрэгт татагдаж, Чоно голын гэж алдаршсан 20 дугаар отрядад алба хаажээ. Ийн бага түрүүч цолтой хоёр жил гаруй алба хаасан гэнэ. Энэ үе бол Японы цэргийн довтолгоон, өдөөн хатгалт, хилийн зөрчил, будилаан үлэмж ихэссэн дайны цаг байж. Т.Дорж хилийн торгон шугаман дээр ажиллах тушаал авч, Орос, Монголын хилийн төлөөлөгч нарын морь бариачаар ажиллаж байсан гэнэ. 20 дугаар отряд 100 гаруй цэрэгтэй бөгөөд гуравдугаар заставынхан ажилладаг хилийн шугам дээр орос цэргүүд олон байжээ. 

Тэд хил дээр байдаг “Далай булаг”-ийн уурхайг хамгаалдаг байсан аж. Т.Дорж “Манай анги үргэлж байлдааны бэлэн байдалд байсан. Бид япончууд бууж өгч, хилийн байдал тайвширтал эх орныхоо тусгаар тогтнол, хилийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, эр цэргийн албаа нэр төртэйгээр хаасан” хэмээн ярьсан. Тэрбээр 1945 онд “Бид ялав” медаль хүртэн, цэргийн албанаас халагджээ. Эх орны дайны галын шугамнаас ирсэн залуу дайчны халагдах тушаалд сум орон нутгийн удирдах албан тушаалд ажиллах чиглэл байсан ч Т.Дорж гуай хүний ая тал засаж явах дургүй нэгэн тул мөрөө хөөж, Хатгалынхаа Гал командад гал сөнөөгчөөр ажиллажээ.

Ийн зургаан жил ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зүтгээд, Хатгал, Алаг-Эрдэнэ сум, нэгдэл, худалдааны байгууллагад малчин, тууварчин, тээвэрчин зэрэг ажлуудыг 40 гаруй жил нэр төртэйгээр хашсан гэнэ. Мөн Социализмын материал, техникийн баазыг байгуулалцаж, улс орон, төрсөн нутгаа хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж иржээ. Харин түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас үнэлж, Г.К.Жуковын медаль, Халх гол, Чөлөөлөх дайны ойн медалиуд хийгээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль зэргээр шагнаж, урамшуулжээ.

Одоо л тэрбээр хэвтэрт орж, хэн нэгнээр асруулах дээрээ тулсан болохоос цагтаа тэнгэр баганадсан ханагар сайхан эр явсан. Мөн  адуунд хорхойтон нэгэн бөгөөд хоёрхон жилийн өмнө машин дотроосоо ач охиндоо зааварчлан, морь уяж байжээ. Түүний алаг, хээр морьд сум, аймаг, бүсийн наадамд хэдэнтээ айрагдаж явсан, аймгийн алдарт уяач. Түүнд ажилгүй өдрүүлсэн өдөр, амарч явсан цаг гэж үгүй. Гэсэн хэрнээ л тэтгэвэр нь хамгийн бага хэмжээгээр тогтсон нь хачирхалтай. Тэрбээр өдгөө түрүү булчирхайн хавдартай. Мэс засал даахгүй учраас ширгээх эмчилгээ хийе гэхээр бэл бэнчин, чадал нь хүрдэггүй.

Харин  сум дундын эмнэлэг хэдэн эм бичээд орхидог. Мөнгө нь хүрвэл тэрийг нь авна, эс бөгөөс аргагүй гэнэ. Өмнө нь бол эмч долоо хоногт гурван удаа үздэг байсан бол одоо гурван сар дуудаад ч ирэхгүй болсон гэдгийг хэлсэн. Бас тэрбээр сум, орон нутгийн удирдлагууд  биеийг нь асууж, эргэж тойрдоггүйд дотроо битүүхэн гомдож, бас тэднийг харуулдаж суудаг юм билээ. Хэдэн жилийн өмнө л гэхэд сум, орон нутгийн удирдлагууд ахмадуудыг хүлээн авчээ. Ачтайгаа яаран сандран очтол суудалгүй гээд гарын бэлэг өгөөд явуулсныг тэрбээр хэзээ ч мартдаггүй. Үүнээс хойш ямар нэгэн арга хэмжээнд очоогүй гэсэн.

Т.Дорж: Халуун зүрх, зоригоороо бид дайнд явж байлаа

Өдгөө өсөж торнисон Хөвсгөл аймгийнхаа Хатгал тосгонд ач охин М.Оюунтунгалагийнхаа асрамжинд амьдарч байгаа Т.Дорж гуайтай уулзаж, ярилцсанаа хүргэе. Тэрбээр дайн, тулааны хүнд хэцүү цаг үеэ, бүслэлтэд байсан мөчүүдээ ярихдаа нулимс цийлэгнүүлэн, хоолой нь зангирч байлаа. Мөн зарим хүний нэр, газрын байршлыг санахгүй байсан учраас алдаа эндэгдэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс амар мэндийг нь  асуухад “Хардаг нүд, хазах шүд байхгүй болохоос цасанд мөртэй, цаасанд нэртэй л явна, хүү минь” гэсээр инээд алдан угтсан юм. 

-Дайнд хэрхэн анх явж байв. Зарим ам дамжсан яриагаар эрчүүд өрөөл татанхай болоод ч хамаагүй, цэргээс мултардаг байсан гэдэг?
-Миний алба хааж байсан 20 дугаар отряд орос цэргийн ангитай. Тэндээс гайгүй цэргүүдийг нь л 1945 онд хамж авснаар дайнд татагдсан. Үлдсэн нь арын албаа хариуцаж, үлдсэн. Эх орныхоо төлөө л, хойно үлдэх аав, ээж, ах дүү нараа хамгаалж, халуун зүрхээрээ, зоригоороо бид дайнд явж байлаа. Дэжид гэж бүсгүй хүртэл сайн дураараа сувилагчаар явсан. 

-Та цэрэгт яваад хэдэн жилийн дараа нутаг усандаа ирсэн бэ?
-Таван жил зургаан сарын дараа ирсэн. Гэр орон гэж юу байдгийг бараг мартсан шахуу амьтан ирж байлаа. 

-Та Г.К.Жуковын удирдлага доорх цэргүүдтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан гэсэн. Тэр талаараа дурсахгүй юу?
-Оросын цэрэгтэй хамжсан, 100 гаруй монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан. Бид цэргийн бэлтгэл, сургуулилалт, газар шороо ухсан ажил хийнэ. “Амраад” гэнгүүт таван минут л нуруугаа амраана шүү дээ. Тэгээд л шүгэл тас хийхэд гарна. Шөнөжин яваад, бор хоногтоо эргэж байрандаа ирнэ. Бидний хамгийн хүнд үе Өндөр эрээний заставт бүслэлтэд орсон үе байлаа. Бүслэлтээс биднийг орос, монгол цэргүүд гаргасан. Бид төрөл бүрийн буутай, газар ухаж, өнгөлөн далдлалт байнга хийнэ. 

-Тухайн үед ямар буу, зэвсэгтэй үүрэг гүйцэтгэж байсан бэ?
-Их буу, пульмёт, гранат байсан. Амь эрсэдмээр хүнд үед гранатаа л шиднэ. 

-Амь эрсэдмээр хүнд нөхцөлүүдтэй хэр их нүүр тулж байв?
-Тэр бол тоо томшгүй шүү дээ. Айхаас өөр зүйлгүй үеүд ч байлаа. 

-Г.К. Жуков гуай өөрөө үүрэг, даалгавар өгөх үү?
-Монгол офицерууд явж байсан. Тэд Жуковын командан доор бидэнд үүрэг өгнө. Надтай цуг явсан Пүрэвжав гэж манай нутгийн хүн биднийг хариуцаж, ахалж байсан юм. 

-Өлсөж, цангасан хүнд үеүд олон байсан биз дээ?
-Олон байлгүй яах вэ. Ямар сайндаа урсаж байгаа голоос ус хутгаад уух аргагүй байлаа. Дайн, байлдаанаас болоод тас хар ус урсана. Гэлээ гээд уухгүй байлтай биш, аягаараа хутгаад л ууна шүү дээ. Заримынх нь гэдэс, гүзээ нь өвдөөд үхнэ. 

-Дайны үед юу хамгийн их бодогдож байв. Амьд үлдэх юм бол... гэж бодогдоно биз?
-Бодолгүй яах вэ. Гэхдээ шувуу ирэх, буцах үеэр л хамгийн их бодогдоно доо. 

-Тантай хамт үүрэг гүйцэтгэж явсан хүмүүсээс одоо амьд мэнд хүн хэр олон байгаа бол?
-Хатгалд 1945 оны дайнд явсан 12 хүн байснаас одоо би л үлдчихээд байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд одоо таван хүн байгаа сураг дуулдана лээ. 

-Дайнаас ирэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авав?
-Тэр үед морин өртөө устаад, “ГАЗ-53” автомашин аймгуудад өгсөн. Манай аймагт өгсөн анхны “ГАЗ-53” машинаар нутагтаа ирсэн. “Хүү ирлээ” гээд ах, дүү, хамаатан садан цугаараа цугларсан. Зарим нь ч үхсэн гэж бодож байсан гэдэг. Гурван жилээс хойш гэр орон мартагдана шүү дээ. Гэр бүлтэй хүмүүс санаа зовдог л байсан байлгүй. Надад ямар эхнэр байх биш. Дайнаас ирээд амьдралаа босгосон. Хүзүүндээ тэрэг углахаас бусдыг хийж, амьдарсан даа. 

Энгэрээрээ дүүрэн одон медаль яралзуулсан ч цэргийн гавьяаны улаан тугийн одонгоо тэрбээр дайнд явсан хүүгээ хүлээж байгаа аятай хүмүүсээс асууж сураглана. Аймгийн удирдлагууд удаа дараа хүсэлт гаргасан ч бүтдэггүй гэнэ. Мөн тэрбээр “Засаг нь мэдэж байгаа байлгүй гэж бодоод шагнал, урамшуулал авахаар хөөцөлдөж байсангүй. Сайн гүйсэн бол олдох л байсан байх. Цусан гавьяаныхаа одонг авчихаад үхмээр байдаг. Өгөх л юм гэсэн. Өгдөггүй шүү.Одоо хүлээж дийлдэг байгаа” хэмээн харуусангуй өгүүлсэн бол хөрш Б.Ням-Очир гуай “Байлдаж явсан нь үнэн.

Амьд байгаа дээр нь өгөх ёстой юмыг нь өгчихмөөр байх юм. Бид биш юмаа гэхэд үр хүүхэд нь дурсах, санах зүйлтэй үлдэнэ. Бид уг нь аймаг, орон нутгаас асуудаг ч ихэнхдээ “мэдэхгүй” гэсэн хариулт өгдөг” гэв. Т.Дорж гуай надад хандан “Чи марталгүй асуугаад өгөөрэй, цаадуулаасаа” хэмээн нэрийг маань асуугаад үлдсэн. 100 насныхаа босгон дээр ирсэн ахмад дайчныг хэдий хүртэл хүлээлгэх вэ, Ерөнхийлөгч өө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид