Улаанбаатар 1c

Ц.Хулан: Морин хуурын чуулга, ардын хөгжимтэй хамтран жазз концерт хийх мөрөөдөлтэй

Дуулсан дуу бүхнээ сонсогчдын сэтгэлд “амилуулдаг”, орчин үеийн Монголын жазз хөгжмийн нүүр царай, тод өнгө болон гялалзаж яваа  Монгол Улсын Филармоний гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ц.Хулантай ярилцлаа.

-Дэлхийн од болох мөрөөдөлтэй хүүхэд байсан гэж сонссон. Багын дайчин, том зорилготой байжээ. Урлагт хэр ойрхон өссөн бэ?
-Би гавьяат уран барималч, гавьяат эмч аав, ээжийн том охин. Эцэг, эхээс хоёулаа. Аав, ээж хоёр минь арван жилийн нэг анги. Захиагаар харилцаж, бие биедээ сэтгэлээ илчилсээр гэр бүл болсон гэдэг. Би энэ түүхийг нь ярих дуртай, их сайхан санагддаг. Багаасаа дуулах сонирхолтой, ямар нэг дууг үргэлжлүүлээд зохиож дуулна.  Мөн үеэлээ дагуулаад айлын хаалга тогшоод “Намайг Ц.Хулан гэдэг, манай найзыг Х.Солонго гэдэг. Би танд дуу дуулаад өгье” гээд дуулаад явдаг байсан тухай хамаатнууд одоо ч ярьдаг. “Монос” косметиксийн захирал Х.Солонго бид хоёр үеэлүүд, нас ойролцоо тул хамтдаа дуулж, тоглож өссөн.

Хүүхдийн ордонд С.Ганчимэг багшийн удирдлагад суралцаж, анхны “Хатан” бүрэлдэхүүнд багтаж байлаа. Тухайн үеийн бүх л  тэмцээн уралдаанд оролцож, дандаа эхний гуравт орно. Нэг удаа II байранд ороод уйлж байлаа. Есөн настай байхдаа Ш.Чимэдцэеэ эгчийн дуулахыг сонсоод “Ямар гоё дуулдаг эгч вэ. Энэ хүн шиг мундаг дуучин болно доо” гэж бодож, гарын үсгийг нь авсан.  Ер нь урлагт их ойрхон, элэгтэй өссөн. Миний аав Москвагийн Суриковын академийг төгсөгч.

Оюутан байхдаа олон пянз цуглуулсан, түүнийгээ надад сонсгоно. Хожим найз маань Орост суралцахаар явж, MTV сувгаар явж буй дуунуудыг кассет дээр буулгаж, надад илгээдэг болсон. Түүгээр дамжуулан барууны хөгжмийг сонсож, судалж, дурлах болсон. Багадаа поп дуунууд сонсдог байсан бол өсвөр насандаа металл, цаашлаад жазз хөгжим сонсдог болжээ. Ер нь хөгжмийн урсгал хил хязгааргүй.

-Та дуучнаас гадна зураач мэргэжилтэй. Энэ тухай яривал?
-Би арван жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Тухайн үедээ нэлээд эрт буюу 15 насандаа оюутан болж, Дүрслэх урлагийн дээд сургуулийн зургийн ангийг  н.Нарангэрэл багшийн удирдлага дор  сурч төгссөн. Аав минь уран барималч учраас охиноо зураач болгохыг хүссэн юм. Хэдий сургуулийг нь төгссөн ч хүмүүс  намайг зураач гээд байхаар санаа зовдог. Яагаад гэвэл хэчнээн мэдрэмж, өгөгдөл байлаа ч бэлтгэл, хичээл зүтгэлгүй бол “зэвэрдэг”. Төгссөнөөсөө хойш зураг зурсангүй. Сүүлийн үед зураг зурах, хуучнаа сэргээх бодол байна. Би чимэглэлийн уран зургийн анги төгссөн.

Энэ нь уран зургаас өөр. Байшин, барилгын гадна талын архитектур, мозайк, дотор, гаднах янз бүрийн нүсэр хэмжээний чимэглэл хийдэг. Маш сонирхолтой. Хуучны барилгуудын үүд, хана, багананы барималаар хүмүүс илүүтэй мэднэ. Би төгсөлтийн ажлаа өнгө өнгийн шавар хайрцганд давхарлаж хийгээд, хатахаас нь өмнө сийлбэрлэсэн Бетхавоний хөргөөр хамгаалж байсан.

-Манай улсад жазз төрлөөр уран бүтээл хийдэг дуучин ховор. Та яагаад энэ урсгалыг сонгох болсон бэ?
-Дүрслэх урлагийн сургуулийг төгссөний дараа СУИС-иин дуулаачийн ангид элсэж, МУГЖ Ж.Насантогтох багшийн удирлага дор сурч, төгссөн. Намайг жазз урсгал руу эргэлт буцалтгүй ороход концертмейстер  М.Эрдэнэбат багш их нөлөөлсөн. Төгөлдөр хуур дарж, дуулалтыг маань давтуулдаг байсан. Мөн миний анхны суурийг маш зөв тавьж өгсөн учраас өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тухайн үед дуу сонсохгүйгээр, зөвхөн нот харж, нотын дагуу дуулж, жазз хөгжимд суралцаж байсан. Ингэснээр хэн нэг дуучныг дууриахгүй, өөрийн дуулах өнгө аясыг бий болгоход нөлөөлсөн.

2000 онд байхдаа “Jazz trio” хамтлагт гоцлол дуучнаар орж байлаа. Жазз дуулдаг хүүхэд хайж сургууль дээр ирэхэд нь хүмүүс намайг зааж өгсөн юм билээ. Энэ урсгалыг сонирхдог, сонсдог хүн ч цөөхөн байсан л даа.  Тус хамтлагтаа 2005 он хүртэл зүрх сэтгэлээ нэгтгэж, уран бүтээл хийх хугацаандаа “Цаг агаарын мэдээ” цомог гаргаж байсан. Түүнээс хойш “Вlack and White”, S&I хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, уран бүтээл хийж байсан. 2002 оноос зохиогдож эхэлсэн “Их талын жазз” хэмээх Монгол Улсад зохион байгуулагддаг жазз хөгжмийн олон улсын фестивальд өнгөрсөн жилийг хүртэл тасралтгүй оролцсон. Миний жазз хөгжимд зориулсан сэтгэл, хөдөлмөрийг үнэлж 2007 онд Францын элчин сайдын яамнаас Монголын урлагт барууны хөгжмийг сурталчилсан хэмээн “Талархалын бичиг” гардуулж байлаа. 

-Та 20 орчим жилийг урлагт зориулсан, хүмүүсийн хайртай дуучин мөртлөө цөөхөн цомог гаргажээ? 
-Анх 2005 онд “Мy world 1” анхны бие даасан цомгоо гаргаж байлаа. Өөрийн цомгоо гаргана гэдэг уран бүтээлч хүний хувьд хамгийн гоё мэдрэмж. Ялангуяа анхны цомог гэдэг бүр ч онцгой. Тухайн үед бүх хөгжмийг нь амьдаар бичсэн. Амьд хөгжимтэй цомог гаргана гэдэг маш олон хүний хөдөлмөр. Түүнээс хойш “My world 2”, “Нэг биений хоёр зүрх” цомог гаргасан. Өөрийн уран бүтээлийг сонсогчдоо хүргэнэ гэдэг бол уран бүтээлч хүний ажил. Тиймээс ажлаа сайн, чанартай хийх хэрэгтэй. Надад болсон болоогүй дуу дуулаад, ойр ойрхон цомог гаргах сонирхол байдаггүй. 2000 оноос дуулж эхэлсэнээс хойш урын сан чамлахааргүй дуутай болсон. Дууны санал ирвэл сонгож дуулдаг. Мэргэжлийн уран бүтээлч байх сан гэж хичээдэг.

-Үе үеийн шилдэгүүдийн дуулж, олонд таниулсан “Аав ээж хоёр минь” хэмээх дууг дуулсан. Уярал, ухаарал хайрласан, хэн бүхний сэтгэлд хоногшсон дууг дуулна гэдэг дуучин бүхэнд олдохгүй том завшаан байх?
-“SBN”  телевизийн “Манай аялгуу” төслийн хүрээнд энэ гайхамшигтай дууг дуулах боломж олдсон. Дууны зохиогч ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав нараас зөвшөөрөл авч дуулсан. Бага зэрэг эмээлт байсан ч, дуу цацагдсаны дараа Б.Шарав гуай надад “Энэ бол сопрана хоолойнд зориулж бүтээсэн, олон улсын опера дуучдын шалгаруулалтад заавал дуулах дуунд багтсан хүндтэй дуу. Мэргэжлийн дуучдын чансааг шалгасан бүтээлийг хамгийн энгийнээр ард түмэнд хүргэж, амьдруулж чадсан дүүдээ баярлалаа” гэж хэлсэн. Миний хувьд аугаа хүнээс ийм үг сонсох гайхалтай байсан. Тухайн үед аавыгаа алдаад удаагүй байсан учраас мэдрэмжийнхээ гүнээс, хүний зүрх сэтгэлд хүрэхүйц дуулсан ч байж магад.

“Нэг биений хоёр зүрх” цомог тань кино, жүжгийн дуунуудаас бүрдсэн. Үзэгчид дуугаар дамжуулан тус уран бүтээлийг хүлээж авдаг тул хариуцлагатай ажил байх?
-Кино жүжгийн арав гаруй дуу дуулсан. Бусад дуутай харьцуулахад үг нь гүн утгатай, хатуу хэллэгтэй байдаг. Тиймээс үгийг нь маш ойлгомжтой, хүнд хүргэж дуулах нь чухал. Мөн аялгуу нь хүнд, драмм талдаа байдаг. Дууны цаана тус зохиолын утга санаа, уран бүтээлийн агуулга байдаг учраас мэдэрч дуулахыг хичээдэг.

-Ээжийгээ дууриасан авьяаслаг охинтой гэдгийг хүмүүс мэднэ. Охиныхоо тухай яривал?
-Охин маань урлагт хайртай. Гурав, дөрөвхөн настай байхдаа ээжтэйгээ хамт “Playtime” наадам үзэж, рок дуун дээр унтдаг хүүхэд байсан. Ер нь хүүхдүүд маань урлагт хайртай. Магадгүй миний ажил нөлөөлдөг байх. Хүүгээ найман сартай  байхад тайзан дээр дуулж байлаа. Урлаг хүүхдийн хүмүүжилд чухал нөлөөтэй учраас хүүхдүүдээ урлагт аль болох ойр байлгахыг хичээдэг. Охин маань Дүрслэх урлагийн сургуульд суралцаж байна. Ирээдүйд чадварлаг дизайнер болох мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлийг нь үргэлж дэмжих болно.

-Улсын Филармониор овоглоод цөөнгүй жил болжээ. Хариуцлагатай, нэр төртэй алба байх?
-Аливаа улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудад хамгийн шилдэгүүд байдаг. 2012 онд –“Баянмонгол” чуулгаас урилга ирснээс дуучнаар орсон. Одоо есөн жил болж байна. Энэ том айлд орсоноор надад симфони оркестар, Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулгатай дуулах боломж олдсон. Ийм том оркестар ардаа суулгаад дуулна гэдэг дуучин хүн бүхний мөрөөдөл. Би хөгжимчдөөр бахархдаг. Хөгжимчидгүйгээр дуучинг төсөөлөшгүй. Өмнө нь ганцаараа уран бүтээл хийж байхдаа болж байна гэж боддог байсан тэр бүхэн ердөө эхлэл байж гэдгийг ойлгосон. Тайзны уран бүтээл бол ганц хүний хөдөлмөр биш. Маш олон хүний, нөр их хөдөлмөр. Энэ байгууллагын нэгээхэн эд эс болж яваадаа бахархдаг, өндөр босгоор нь алхсанаас хойш өдөр бүр суралцаж байна.

-Та их том мөрөөдөлтэй хүн шиг санагддаг. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Морин хуурын чуулга, ардын хөгжимтэй  хамтран жазз концерт хийх мөрөөдөл бий. Төсөл боловсруулаад явж байна. Мэдээж маш их бэлтгэл сургуулилалт, цаг хугацаа, олон хүний  хүч хөдөлмөр хэрэгтэй. Хэрвээ энэ төслөө хэрэгжүүлчихвэл дэлхийд хамгийн анх ардын хөгжимтэй жазз концерт болох юм. Карентины үеийг ашиглан төслийн ажил, төлөвлөгөө, уулзалтуудаа амжуулж байна. Нэг л өдөр ард нь гарчихаад, үр дүнгээ хараад, үзэгч, судлаачдын санал шүүмжийг сонсоод сууна.

Ер нь сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд уран зураг, сонгодог хөгжим, модерн арт сонирхож, урлагт хайртай болсон нь анзаарагддаг. Энэ нь ирээдүйд шинэ давалгаа болно. Урлаг соёл хөгжил нь  эргээд ард түмний, хөгжил төлөвшилд нөлөөлдөг. Энэ хэмжээгээрээ Монгол Улс маань хөгжинө гэдэг найдаж байна.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Шинэ уран бүтээлд тань чих тавин суугаа  хүн олон бий?
-Найз нөхөд, сонсогчид намайг залхуу байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би тооноос илүү чанарт анхаарч үнэ цэнтэй, урт настай уран бүтээл хийхийг хүсдэг. Хоёр шинэ уран бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон. Тун удахгүй дүрсжүүлж олон нийтэд цацна. Энэ хоёр дууг миний хайртай найз, хөгжмийн зохиолч, талийгаач  Ганг хийсэн. Найзын маань сүүлчийн уран бүтээлүүдийн нэг учраас хайртай дуунуудын минь нэг байх болно. Сэдвийн тухайд нэг нь шинэ жил, нөгөөх нь миний амьдралын тухай өгүүлнэ. Өмнө гаргаж байсан дуунуудаасаа илүү шинэлэг, орчин үеийн болсон гэж найдаж байна. 

-Та бол Монголын жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг. Хөгжлийн хандлагыг юу гэж харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд залуучууд жазз хөгжмийг мэргэжлийн түвшинд суралцаж байна. Энэ бол том боломж, дэвшил. Мөн “Баянмонгол чуулга”  дээр үеийн бүтээлүүдээ орчин үеийн жазз хөгжмийн урсгалтай хольж, шинэчилэн найруулж байна. Аливаа нэг урлаг тодорхой давтамжтайгаар давтагдан хөгжиж байдаг. Хүний хөгжлийн түүхэнд илүү хөгжингүй болж өөр хөгжмийн хэлбэрүүдтэй хоршиж, шинэ зэмсэг ашиглах гэх мэт сонирхолтой болж байгаа ч хуучны үндэс суурь нь байж л байдаг. Эргээд ковер жазз дэлгэрэх хандлагатай байна.

-Эмэгтэй хүн урлагийн замналаар алхах, амжилтад хүрэхэд чамгүй золиос шаарддаг. Танд шантрах үе байв уу?
- МУГЖ Б.Сарантуяа эгч “Урлагийн эмэгтэй хүнд хоёр сонголт байдаг. Нэг бол тайзан дээр амьдрах, нэг бол гэртээ хүүхдээ хараад, сайн хань, эзэгтэй болж үлдэх” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч тийм.  Ар гэр, үр хүүхэд бүх зүйлээ хойш нь  тавьж, урлагт өөрийгөө зориулах хэрэг гардаг. Магадгүй урлагийн хүн маш их ганцаардал дунд байдаг. Ганцаараа байж, өөрийгөө золиослож, өөрийнхөө төлөө зүтгэхгүй бол хэцүү. Шантрах үе зөндөө байсан ч ухрахгүй байх шалтгаан бас байдаг. Зорьсон, төлөвлөсөн ажлуудаа бүтээхгүй бууж өгөх байсан бол энэ хүртэл явах хэрэггүй шүү дээ. Одоо бол хоёр хүүхдээсээ эрч хүч, урам авдаг. Хэрвээ хүүхдүүд маань байгаагүй бол одоогийнх шиг эрч хүчтэй, зоримог байж чадахгүй ч байж магад.

-Таныг хүмүүс дуучных нь хувьд мэддэг. Гэр бүлийнхээ тухай яриач?
-Би хоёр хүүхэдтэй, ганц бие ээж. Хайр сэтгэлээр холбогдож амьдрал зохиосон ч хоёр тийшээ болсон. Маш олон эмэгтэй үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэнгээ, урлагт зүтгэж байна. Би тэдний л нэг. Ээж хүний хувьд хүүхдүүдээ хүнийг хайрладаг, хүндэлдэг, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, зорилго тэмүүлэлтэй хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, найзууд байхыг хичээдэг. Хэдийгээр ганц бие ээж ч гэлээ залуу гэр бүлүүдэд хандаж хэлэхэд, элэг бүтэн гэр бүл бол ирээдүйд үр хүүхдийг тань хайраар тэжээх хамгийн чухал зүйл. Тиймээс бие биенээ хүндэлж, уучилж, амьдралд ухаалаг хандаж байгаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид