Улаанбаатар 1c

Хайгуулч, сэтгэл судлаач, уртын дуучин Ж.Эрдэнэцэцэг

Уртын дуучин Жанчивын Эрдэнэцэцэг 1975 онд Дархан хотод төрсөн.  1983 онд Хуучин хорооллын арван жилийн гуравдугаар дунд сургуулийн нэгдүгээр ангид орж, 1991 онд аравдугаар анги төгссөн аж.  Улмаар Дархан хотын Политехникумын геологи хайгуулын ангийг 1991- 1994 оны хооронд  суралцсан. Политехникумын оюутан байхдаа 1992 онд “Миний ардын дуу” ардын богино дууны улсын уралдаанд амжилттай оролцон “Тусгай байр”-ын шагналыг хүртэж байв. Түүний дараа 1994 онд Улаанбаатар хотын “Хан Хөхий” дээд сургуулийн  Сэтгэл судлалын салбарт элсэн орж 1998 онд сурган, сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшсэн.

2012 онд СУИС-ийн уртын дууны ангид шалгалт өгч тэнцэж Дашцэрмаа багшийн шавь болжээ. 2016 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр дүүргэж их урлагийн замд хөл тавин орж ирсэн юм. Урлагийн сургуулиа төгсөөд 2016 онд “Үлэмж нандин ээж”, “Ижийгээ зүүдлэхийн жаргал”, 2017 онд “Хайрын тэнгэр” дууг дуулж урын сангаа баяжуулжээ. 2018 онд “Намрын дурдатгал 12 дуутай анхны цомгоо гаргаж, сонсогч, фенүүддээ бэлэг барьсан. 

Тэрбээр ээжийгээ үргэлж хайрлаж явдаг сэтгэлийн илэрхийлэн болгон “Ээждээ өргөх эгшгэн цацал” кино концертыг дуу, хууранд дуртай Монгол түмэндээ зориулан бүтээсэн байдаг.  Дуучин Ж.Эрдэнцэцэг ээжтэйгээ хамт суугаад дуулахыг хүсэж мөрөөддөг байжээ. Гэвч энэ эгэлхэн бөгөөд хамгийн том, хамгийн их аз жаргалыг хүссэн, хүсэл мөрөөдөл нь биелээгүй үлдсэн. Тэр мөрөөдөл нь хөнгөн гуниг татуулаад үүрд мартахын аргагүйгээр мөнхөрсөн билээ. Гэвч тэрбээр тэнгэрт дэвшсэн хайрт ээждээ дуун цацал  өргөж байхаар шийдсэн нь үнэхээр гайхалтай, бас хайрлаж, уярмаар. Хүн ижийгээ бодох бүрт, “Ээж ээ” хэмээн дуудах төдийд л муу бүхэн хажуугаар холуур өнгөрдөг гэдэг  домог яриа бий. Тиймээс  Ж.Эрдэнэцэцэг Монголын бүх сайхан ээжүүдийг бодон дуундаа шингээж, олон сайхан уран бүтээл туурвиж яваа.

Дархан хотоос төрөн гарсан сайхан хоолойтой, энгийн эгэлгүй дуучин бүсгүй Ж.Эрдэнэцэцэг “Миний л хангай”, “Тамирын голын хархүү”, “Хуримын танго”, “Хүүгээ санасан сэтгэл”, “Намрын дурдатгал”, “Говийн өглөө”, “Эх нутгийн уянга”, “Хайрын тэнгэр”, “Ижийгээ санахын жаргал” дуугаар уран бүтээлийн сангаа арвижуулсан. 2018 онд “Намрын дурдатгал” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо үзэгч, сонсогчдод хүргэсэн авьяаслаг дуучин бүсгүй юм. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны 15 жилийн ойд зориулсан  хүндэтгэлийн “LIVE” тоглолт болно. Тус тоглолтод 99 дуучин нэгдэн тайзнаа гарах бөгөөд Ж.Эрдэнэцэцэг өөрийн уран бүтээлээ хүргэнэ.  Энэхүү тоглолтыг “Univision”, “DDISH” LIVE-аар шууд дамжуулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид