Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН "Цагаан уул" наадмын эзэн, залуу зохиолч, яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхамын тухай ТАВАН АСУУЛТ?

Яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхам. Дундговь аймагт төрсөн.“Намрыг мартагсад” яруу найргийн түүвэр, “Шинэ Үнэр” /хамтын/ ном тус тус хэвлүүлжээ. Хайрын шүлгийн “Цагаан уул-2013” наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн. Утга зохиолын “Шинэ-Үнэр” бүлгэмийн гишүүн юм.

Ингээд Э.Бүжинлхамын тухай Онцлох таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

-Хүн бүр энэ хорвоо дээр ирэхдээ ямар нэг зүйл хийхээр ирдэг байх. Энэ зүйлээ хэрхэн олох хэрэгтэй гэж боддог вэ. Ер нь өөрөө хүрээд ирдэг болов уу?

Энэ тухай сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ би хүн бүрт энэ дэлхий эрх тэгш ханддаг гэдэгт итгэдэггүй. Анхнаасаа хүн бүр ухаантай төрдөг гэдэгт, анхнаасаа хүн бүр сайхан сэтгэлтэй байдаг гэдэгт, үүнд нь зөвхөн нийгэм гадаад хүчин зүйлс нөлөөлж, бид нэг мэдэхэд л бусад хүмүүсээс шалтгаалаад муу муухай болоод өсчихдөг гэдэгт, нэг бол сайхнаараа үлддэг гэдэгт би лав итгэдэггүй. 

Би хүн бүрт энэ дэлхий эрх тэгш ханддаг гэдэгт итгэдэггүй. Би зүгээр л хүмүүсийн хорвоо ертөнцөд ирэх шалтгаан нь ганцхан ажил мэргэжил, хайрлах энэрэх бус, бидний дурсахыг ч хүсдэггүй үй олон зүйлд байдаг болов уу л гэж боддог юм.

Худал хэлэхээр, хулгай хийхээр төрсөн хүн ч байж болно шүү дээ. Хайрлахаар заяагдсан, зураач болохоор төрсөн, уран бүтээл туурвихаар ирсэн, удирдагч байх гэж амьдарч буй хүмүүс байхад яагаад тэд ч гэсэн байж болохгүй гэж?

Ер нь бодоод үзэхэд л аймаар шүү дээ. Бүгд сайхан зүйл хийхээр ирчихээд ихэнх нь муухай болчихдог гэж бодсоноос, угаасаа муу үйл хийхээр ирчихээд түүнийгээ хийгээд буцлаа гэж бодвол илүү амар. Хэн нэгний амийг хороочихоод л үхэх тавилантай байсан хүн бол түүнийгээ л хийчихээд буцдаг байх. Ямар нэг зүйл хийхээр ирсэн гэсэн зорилгод энэ үйл хэрэг ч гэсэн багтана биз дээ?

-Амьдралын үнэ цэнэ гэж юу юм бэ гэж. Ер нь таны хувьд амьдралд юу хамгийн чухал нь бол?

-Энэ их сонин асуулт юм аа. Аймаар ч асуулт юм. Зүгээр л миний амьдрал модон ч бай, халцархай ч бай, төмөр ч бай хамаагүй дөрвөн хөлтэй ширээ шиг л тогтвортой байвал л хамгийн чухал. 

Миний амьдрал модон ч бай, халцархай ч бай, төмөр ч бай хамаагүй дөрвөн хөлтэй ширээ шиг л тогтвортой байвал л хамгийн чухал Тэр нь ийм үнэтэй, энэ нь ийм үнэтэй гэж нэгийг нь онцгойлчихвол, гурван богино хөлтэй ширээн дээр яаж хоол идэх вэ. /Инээв/

-Та хувь тавиланд итгэдэг үү

Хүмүүс зуун хувь итгэдэг гэвэл би зуун нэг хувь итгэдэг. Ёстой л “Absolutely”! /Инээв/

-Зохиол дээр гардаг шиг ид шид байдаг гэдэгт итгэдэг үү?

Ид шид хаа сайгүй байдаг.

-Танд тохиолдож байсан уу?

Зөвхөн тохиолдсондоо л итгэнэ гэвэл, би хайр гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байлаа. Нүдэнд үзэгдэхгүй хэрнээ бид сэтгэл гэж байдгийг мэдэрдэг л шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид