Улаанбаатар 1c

Сонгуулийн маргааш: Шинэ Засгийн газарт ирэх сорилт

Сонгууль болох гээд улстөрчид ёстой л байдгаа, байдгаа ч гэж дээ, улсын дансанд байгаа бүхнийг барьж, сэгсэрч байна. Тэд тэтгэврийн зээл тэглэх, нийгмийн даатгалын шимтгэл, татвар чөлөөлөх, хүүхдэд 100, ямаанд 20 мянган төгрөг, ногдол ашиг өгөх, хүнсний талоны үнийн дүнг нэмэх зэргээр улсын дансанд байгаа хэдийг баруун солгойгүй цацаж, баяны дүрд тоглож явна. Харин тэдний энэ их өгөөмөр сэтгэл, хаялгыг даах хүч улсын эдийн засагт бий бил үү.

Өмнөх УИХ-ын сонгуулиар МАН засгийн эрх аваад, улс орон өрөнд баригдаж, өтөнд идэгдэж, данс улайсныг гайхан уйлан дуугарч, зовлон тоочин, ард иргэдийг бүсээ чангал, хэмнэлтийн горимд шилж хэмээн яаж шаардаж, татвар шимтгэл нэмж, ам.долларын ханш хэрхэн өсөж, төгрөг үнэгүйдэж байлаа байлаа. Тэр түүх давтагдана, баталгаатай. Улстөрчид баруун солгойгүй цацаж, буянтны дүр эсгэсэн энэ сонгуулийн дараа дөрвөн жилийн өмнөхөөс ч дор нөхцөл байдал үүснэ үү гэхээс дээрдэхгүй. Шинэ Засгийн газрыг ямар нөхцөл байдал угтахыг товч сануулъя.

Хятадын своп хэлцэл

Шинэ Засгийн газрын хамгийн эхний бөгөөд том сорилт нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл байх болов уу. Уг своп хэлцлийн хугацаа долдугаар сард дуусна. Монголбанк БНХАУ-ын Ардын банктай анх 2011 онд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг гурван жилийн хугацаатай, таван тэрбум юанийн дүнтэйгээр байгуулсан бөгөөд уг хэлцлийн мөнгөн дүнг 2012 онд хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. 2014 онд своп хэлцлийн хугацаа дуусахад гурван жилээр сунгаж, дахиад таван тэрбум юань нэмэн, 15 тэрбумд хүргэсэн юм.

2017 онд уг хэлцлийн хугацаа дуусах үед Далай лам манай улсад айлчлан, өмнөд хөршийг уурлуулсан тул БНХАУ-ын зүгээс хугацааг дахин сунгахгүй гэж манайхныг нэлээд шахамдуулсан билээ. Тухайн үед манай улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн хэмээн эрх баригчид уйлан дуугарч, гадаад валютын нөөцөө шавхаад ч тэдний мөнгийг өгч чадахгүйгээ учирлан толгой гудайлгаж байв. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсноор своп хэлцлийг 2020 оны долдугаар сар хүртэл үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн юм.

Эрх баригчид эдийн засаг өсөлттэй, төсөв ашигтай, гадаад валютын нөөцөө арвижуулсан хэмээн өөрсдийгөө хөөргөж байгаа ч 15 тэрбум юань гаргаж өрөө төлөөд, ард нь санаа зовох зүйлгүй, толгой гэдгэр суух хэмжээний чадал чансаа Монголын эдийн засагт суугаагүй. Тиймээс ч  Төвбанк болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд своп хэлцлийг үргэлжлүүлэх талаар эртнээс ярьж, өмнөд хөршид удаа дараа хүсэлт тавиад буй.

Тухайлбал, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долдугаар сард дуусахтай холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчилж, Төвбанкных нь ерөнхийлөгчтэй уулзан, тодорхой асуудлуудаар ойлголцсон. Энэ асуудлыг цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ Сангийн яам, Гадаад харилцааны яамнаас нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” хэмээж байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг хүлээж авч уулзахдаа своп хэлцлийг концесс руу шилжүүлэх санал тавьж байв.

Гэвч манайхны шаргуу хүсэлтийн дагуу своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах албан ёсны хэлэлцээ эхлүүлэхээр уулзалт товлосон ч Хятадын тал болзоот өдрөө Монголын төлөөлөгчдийг хүлээж авалгүй, хаалга мөргүүлсэн удаатай. Түүнээс хойш олигтой үр дүнд хүрээгүй л байна.

Хэрэв Хятадын тал энэ чигээрээ хатуурхаж, хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс хэрхэхийг тэнгэр л мэдэх байх. Хэрэв зайлшгүй төлөхөөр болбол төсвийнхөө талыг өгч, улсаараа дампууралтай нүүр тулалтай биш, сурснаараа бонд босгохоор зүтгэх биз. Гэтэл хар жагсаалтад орох орны тоонд орсон манай улсад зээлдэгчид улам л хатуу нөхцөл, өндөр хүү тулгах нь тодорхой. Энэ нь эргээд нөхцөл байдлыг улам муутгахыг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэх хэдий ч тэд өөр сайн арга олж чадахгүй нь мэдээж.

2020-2024 онд бондуудын өрийг төлнө

Ирэх оноос томоохон бондуудын өрийг төлж эхэлнэ. 2021-2024 онд Засгийн газрын “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондууын зөвхөн үндсэн төлбөрт 2.9 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Мөн Хөгжлийн банкны DBM 500, “Самурай” бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, 30 тэрбум иений үндсэн төлбөр хүлээгдэж буй. Эдгээрээс гадна 7-8 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр дотоодын банк, аж ахуйн нэгжүүдийн өмнө бий.

Эрх баригчдын амнаас гарч буй ганц сайн мэдээ, тэдний нүүрийг тахалж буй цөөхөн гэгээтэй үзүүлэлтийн нэг нь валютын нөөцийг 2016 онд засгийн эрх хүлээж авсан үеийнхээсээ дөрөв дахин нэмэгдүүлж, дөрвөн тэрбум ам.долларт хүргэсэн явдал. Гэвч дөрвөн тэмбум ам.доллар гэдэг манай улсын 2020-2024 онд төлөх гадаад валютын өрөөс хэд дахин бага тоо юм. Дээр нь, 2015 онд Монголбанк, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 500 сая ам.долларын дотоод своп хэлцлийн хугацаа энэ сард дуусаж буй. Мөн цар тахлын улмаас манай улсын экспортын гол бараа бүтээгдэхүүний ханш унасан, нүүрсний экспорт зогсонги байдалд байгаа.

Товчхондоо, дээр дурдсан өр төлбөр нь манай улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх билээ. Дээр нь Монгол Улс хар жагсаалтад орох орны тоонд бичигдсэн нь байдлыг улам муутгаж байгаа юм.

Төсвийн орлого тасрах аюул

Манай улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт бүрдүүлдэг. Гэтэл энэ онд гол хоёр түүхий эдэд найдлага тавих аргагүй болоод байна. Цар тахалтай холбоотойгоор зэсийн ханш дэлхийн зах зээлд унасан. 2019 онд 6250 ам.долларт хүрч байсан зэсийн ханш он гарснаас хойш буурсаар энэ оны турш 4500-5000 ам.долларт хэлбэлзэх шинэ төлвийг эдийн засагчид танилцуулж буй. Манай улс энэ оны төсөвт зэсийг тонн тутмыг нь 5991 ам.доллар хэмээн тооцсон нь хэтэрхий өөдрөг төсөөлөл болж хувирав.

Монголын эдийн засагт голлох нөлөөтэй өөр нэг түүхий эд болох нүүрсний хувьд ч байдал сайнгүй байна. Монгол Улс нүүрсний экспортоос 2020 онд 1.4 их наяд төгрөг олно гэж тооцсон. Энэ нь хамгийн багадаа 42 сая тонн нүүрс хамгийн багадаа тонн тутмыг нь 75 ам.доллароор тооцон борлуулж байж олох мөнгө. Гэтэл цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспорт зогсонги байдалд орж, өдөрт 100-гаадхан машин гаргаж буй билээ. Өнгөрсөн жилүүдэд өдөрт 1000 машин гаргаад ч 40 сая тоннд хүргэж байгаагүй юм.

Алтны үнэ дэлхийн зах зээлд өсөж, эрх баригчид алтанд хамаг найдлагаа тавьж буй ч ганц шар металлаар хамаг алдагдлаа нөхөх нь юу л бол. Ингэхээр энэ жил төсвийн орлого, зарлага юу болж дуусахын төсөөлөхөд ч бэрх байна.

Коронавирусийн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл ихэснэ

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн оновчтой арга хэмжээ авахгүй бол бидний тооцоолсноор бол энэ оны тав, зургадугаар сард 250 мянган хүн ажлын байргүй болно. 1.5 сая орчим хүн ядууралд шилжинэ гэсэн тооцоо гарсан” гэж мэдэгдээд буй. Эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх нь эндээс харагдаж буй. Харин эрх баригч хүчин, улстөрчид үүнийг харж, урьдчилан сэргийлэх, иргэдээ эдийн засгийн хүндрэлээс хамгаалах бодлого хэрэгжүүлэх бус, сарын дараа болох сонгуулиа л бодож, улсынхаа эдийн засгийг улам хямрааж, мөнгөн дэвгэртээ үнэгүйдүүлэх, хямрал, хүндрэлд дөтлүүлэх поп шийдвэрүүд гаргаж байна даа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид