Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг нарын ганц охин Ц.Анударийн тухай ТАВАН АСУУЛТ?

Урлагийн гэр бүлээс гаралтай Ц.Анударь нь Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан Их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралдцаг.

Мөн усан сэлэлтийн авъяас ч байдаг байна. Ингээд Ц.Анударийн тухай Онцлох таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

-Та урлагийн гэр бүлээс гаралтай болохоор урлагийн мэдрэмж өндөр юм шиг санагдлаа. Тэгвэл таны хувьд мэдрэмж гэж юу вэ? Юунаас гоё мэдрэмж авдаг вэ?    

Ээж маань надад хүн ямар ч тохиолдолд хүнээрээ байх ёстой гэж байнга хэлдэг. Хүн байх гэдэг ухагдахууны талаар эргүүлэн бодоход мэдрэмж юм билээ. Хүн болгон эргэн тойрноосоо ямарваа нэгэн зүйлээс мэдрэмж авч амьдардаг. Гэхдээ юунаас мэдрэмж авч байгаа нь тэр хүний сонголт л доо. Миний хувьд эцэг эхийн минь баяр хөөр, найз нөхдийн минь надад өгсөн итгэл, хийж буй подкаст, уншиж буй ном зэрэг маш олон зүйлээс сайхан мэдрэмж авдаг. Хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэг шиг үргэлж аз жаргалтай, баяр баясгалантай байна гэж байхгүй шүү дээ. Хүн юм чинь гуниглах үе бас бий. Гунигласан үедээ тэр мэдрэмжээ хурдан хөөн явуулах биш илүү их мэдрэхийг хичээдэг. Гунигаа ч гэсэн мэдрээд аз жаргалтай амьдарч болно шүү дээ.   

-“Дэлхийн нүүдэлчид” хэмээх подкастаар тань хүмүүс сайн мэднэ. Анх яагаад подкаст хөтөлж эхэлье гэж бодсон бэ? 

Монголд подкаст хөгжөөгүй байхад би өөрийн зохиосон уран зохиолын өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр фэйсбүүк хуудаснаа байршуулдаг байв. “Дэлхийн нүүдэлчид” подкастыг эхлүүлэх санаа нь өгүүллэгтэй холбоотой. Манай ээж хоолой чинь хүмүүст таатай сонсогддог юм чинь подкаст хийвэл яасан юм гэж хэлсэн.  Үүний дараа “Дэлхийн нүүдэлчид” подкастаа хийж эхэлсэн юм. Би шинэ хүнтэй танилцаж тэр хүний ертөнцөөр аялах дуртай. Тухайн хүнтэй ярилцаж амьдралын философиос нь суралцдаг. Түүнчлэн ЕБС-аа төгсөх гэж буй сурагчид болон олон хүүхэд залуус Хятадад сурах, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар зэрэг олон асуултуудыг миний цахим хуудас руу илгээдэг байсан. Дэлхийн нүүдэлчид подкастын дугаар бүрт үр өгөөжтэй зочдыг урьж тэд нараар дамжуулан надад ирж буй асуултуудад хариу өгөх мөн хүүхэд залуусын сонголтод нь туслахыг хүссэн юм. Монголын залуучууд дэлхийн хүн болох асар их потенциалтай гэж боддог. Түүнийг бий болгоход энэ подкастын үүрэг, үнэ цэнэ оршиж буй. “Дэлхийн нүүдэлчид”-ээс гадна өгүүллэгийн подкаст бас хөтөлдөг.   

-Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг гэдэг. Өдрийг хэрхэн эхлүүлж, оройг хэрхэн дуусгадаг вэ? Та хэр эртэч вэ?   

-Би эртэч хүн биш. Өглөө найман цагт хичээлтэй үед хоёр цагийн өмнө босдог. Өглөө босоод угаалгын өрөөнд нэг цагийг өнгөрүүлдэг уламжлалтай. Дараа нь тайван дуу хөгжмийн аянд өглөөний кофегоо ууж, таашаал авах дуртай. Оюутны дотуур байрныхаа тагтан дээр суунгаа өдрийг хэрхэн өнгөрүүлэх тухай эргэцүүлж, дуртай хөгжмийн аянд найган бүжиглэдэг. Өглөөг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдрийн үр бүтээмжид нөлөөлнө. Би дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээдэг болохоор өдөрт нэг цаг дасгал хийдэг. Ер нь эртэч байхыг хичээж байгаа. Цаг төлөвлөлтийн тухайд хамгийн чухал гэж бодож байгаа ажлуудаа эхэнд амжуулахыг хичээнэ.   

-Та орос, англи, хятад хэлтэй. Гадаад хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ?    

-Би есдүгээр анги хүртлээ Орос гуравдугаар сургуульд сурсан. Орос школоор өссөн болохоор өөрийгөө хатуу диктатуртай өссөн гэж боддог. Дараа нь American School of Ulaanbaatar ахлах сургууль руу шилжин суралцсан. Оростой харьцуулахад Америкийн боловсролын систем нь шал ондоо. Сурагчдад бие даан сурах хугацааг илүү их олгодог. Анх энэ сургуульд орж байхад миний англи хэлний түвшин тийм ч сайн байгаагүй. Гэсэн ч хичээл зүтгэлийнхээ ачаар түвшнөө ахиулж чадсан. Сургуулиа төгсөөд гуравдагч хэл буюу хятад хэлийг сурах шийдвэр гаргасан. Орос хэл миний хувьд уянгалаг, франц хэл шиг санагддаг. Дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийг Орос хэл дээр нь унших дуртай. Англи хэл бол дэлхийн хэл. Англиар ярьж чаддаггүй хүн дэлхийтэй хөл нийлүүлж алхаж чадахгүй.

Харин 21 зуун бол Хятадын эрин зуун. Хятад хэлний түвшин маань англи, орос хэлний түвшинд арай хүрэхгүй. Гэхдээ түвшнөө ахиулахаар өдөр болгон хичээж байна. Энэ гурван хэлийг төрөлх хэл шигээ эзэмших зорилготой.    

-Ц.Анударийг би маш өөдрөг хүн гэж хардаг. Гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцгөө өөрчлөх талаар бодлоо хуваалцаач?     

-Надад хэцүү байна гэж хэлэх эрх байхгүй. Би  сэтгэлээр унах үедээ би яагаад ийм байдалд хүрэв, яагаад сэтгэлээр унасан бэ гэж асуудлын үндсийг олохыг хичээдэг. Аливаа асуудлыг бид өөрөөсөө холдуулж өрөөл нэгнээс хайх гэж оролддог. Би ямар ч асуудал гарсан хамгийн түрүүнд алдааг өөрөөсөө хайдаг. Хүн болгоны амьдрал өөр. Өдрийн 99 хувь нь муухай сөрөг байлаа ч гэсэн үлдсэн нэг хувиас нь аз жаргалыг мэдрээрэй. Аз жаргалыг мэдрэх нэг хувь байгаа шүү гэдгийг битгий мартаарай.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид