Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шаравын хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн онцлох  эшлэлүүдийг хүргэж байна. 

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ.

Тэрбээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. 


Ямар ч суутан цаг үедээ үнэлэгддэггүй ч байж мэднэ.


 Элдэв зөрчил, тэмцлийг сонгодог урлагийн төрөл дээр хурцаар илэрхийлэхгүй бол болохгүй. Ер нь хөгжим гэдэг хүний амьдралтай яг адилхан. Хурцаар илэрхийлэх хэсэг байхад уян зөөлнөөр дүрслэх нь ч байна.


Аливаа бүтээлийг хурдан туурвиснаараа муу, удаан зууралдсанаараа сайн болдоггүй. Тухайн бүтээлийн хувь заяа л мэдэх хэрэг.   


 Уран бүтээлч хүнд бүтээлээ туурвих өрөө байх ёстой. Гудамжинд, аль эсвэл хаа нэгтээ уулын энгэрт хөгжмөө бичнэ гэж байхгүй. Бид төгөлдөр хуурынхаа ард заавал байх шаардлагатай.


Намрын улирал бол амьдралыг ухаарах цаг үе юм. Аливаа бүхэн боловсорч гүйцдэг энэ улиралд би ухаарлын өнгө аястай бүтээлүүд туурвидаг.


Ардчиллаас хавьгүй илүү үнэтэй зүйл бол тусгаар тогтнол шүү. Энэ тусгаар тогтнолд маань сэв суух вий, алдахад хүрэх вий гэж санаа зовдог юм.


Улс эх орныхоо төлөө зүтгэнэ, их зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь хувь хүний хүсэл эрмэлзлээс шалтгаалах болохоос улс төртэй ямар ч холбоогүй зүйл.


Сайн зохиол бүтээл гэдэг мөнх настай эд. Тиймээс зохиогчоос хойш ард түмэн л авч явах ёстой. Хөгжмийн зохиол бичнэ гэдэг бол том үүрэг хариуцлага.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид