Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН “Авьяаслаг монголчууд” шоунд 4 настайдаа оролцож “Бөдөн шувуу чоно” хоёрыг уншиж, олны хайрыг татсан Энжи буюу А.Эрдэнэцэцэг охины тухай ТАВАН АСУУЛТ?

“Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан Энжи өнөөдөр цөөнгүй кинонд тоглон, дуу гаргаж, ирээдүйд жүжигчин болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.

Тэрээр Аав ээж ах дүүгийн хамт амьдардаг бөгөөд айлын ганц охин юм. Анх Авъяаслаг монголчууд шоунд 0829 дугаартайгаар оролцож олны хайрыг татсан тэрээр одоо 8 настай бөгөөд сүүлийн үед "BOOM BOOM" дуугаараа олны анхаарлыг татаад байна.

Ингээд  А.Эрдэнэцэцэг буюу Энжи охины онцлох таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

-Энжи шүлэг уншдаг, дуу дуулдаг, кинонд тоглодог, олон талын авьяастай. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

Том болоод дэлхийд алдартай жүжигчин болно гэж боддог. Тэгээд жүжигчин хүн угаасаа дуулах, бүжиглэх чадвартай байх ёстой. Ийм бүх чадварыг агуулсан байх ёстой болохоор жүжигчин болохыг мөрөөддөг. Ука эгч шиг, бусад жүжигчид шиг мундаг хүн болохыг хүсдэг. Бүх улсад алдартай жүжигчин болох нь миний хамгийн том мөрөөдөл.

-Жүжигчин гэснээс ахын дүү цөөнгүй кинонд тоглосон. Хамгийн сүүлд “Халуун зүрх” кинонд дүр бүтээсэн. Мөрөөдлийнхөө үзүүрээс атган, тоглосон киногоо кино театрт үзэхэд ямар санагдав, гоё байсан уу?

Үнэхээр гоё байсан. Миний тоглосон кинонуудаас хамгийн хэцүү нь “Халуун зүрх” байсан. Зураг авалтанд оролцохын тулд 24 цаг унтаагүй. Гадаа, маш хүйтэнд зураг авалт хийсэн болохоор үнэхээр хэцүү байсан. “Халуун зүрх”-ийн гол дүрийн бага насанд би тоглосон юм. Ээжтэйгээ явж байгаад ууланд төөрдөг хэсэг гардаг даа. Зураг авалтын үеэр цас, шороо нүүрэн дээр наалдаад, би маш их даарсан. Тэр кино үнэхээр гоё уран бүтээл болсон болохоор үзэх бүртээ уйлдаг.

-Ахын дүүг хүмүүс Энжи, “Хөөрхөн чоно” гэдэг. Аль нэрэндээ илүү дуртай вэ?

Аль алинд нь дуртай. Тэгээд бас би “Boom Boom” гэдэг нэртэй болсон байна лээ. “Boom Boom” дууг дуулснаас хойш хүмүүс намайг тэгж нэрлэх болсон юм. Энд, тэнд очиход “Хөөх, Boom Boom ирчихэж” гээд л байгаа.

-Энжи мөрөөдөл, зорилгоосоо хуваалцаж болох уу?

Том болохоороо би нэг жилд 20 дуу гаргадаг, чадварлаг уран бүтээлч болно гэж боддог. Болдог бол одоо ч гэсэн гоё гоё клиптэй дуу дуулмаар л байдаг /инээв/. Цагаан сараас өмнө дахиж нэг шинэ дуу маань бэлэн боно. Та бүхэн сонсоорой. Гоё дуу байгаа. Том болоод би дэлхийд алдартай, ядаж Азид алдартай дуучин, жүжигчин болно. Одоогоор бол ингэж боддог.  Өсвөр насан дээрээ өөр мөрөөдөл, зорилготой болохыг бас үгүйсгэхгүй л дээ. 

-Өөрийгөө балчир, жаахан гэж гололгүй уран бүтээлч, хөдөлмөрч байгаагаар нь олон хүн бахархдаг, өхөөрддөг. Ингэж их хичээгээд байхад нь зарим хүн сөрөг сэтгэгдэл бичиж, шүүмжлэхэд гомддог уу?

Үгүй ээ, яах вэ дээ. Гомддоггүй ээ. Угаасаа шүүмжлүүлдэггүй уран бүтээл, уран бүтээлч гэж байхгүй. Хүмүүс намайг шүүмжилж байна гэдэг чинь бид тухайн уран бүтээлээ, клипээ сайн хийсэн байна л гэсэн үг.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид