Улаанбаатар 1c

Хилийн тэнгэр цэлмэг байна

Моддын шилмүүс ногоорч, цэцэгсийн цоморлиг аниргүй дэлгэрсэн уянгат хавраар Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь Хилийн 0286 дугаар ангийг зориод ирлээ. Яарсан сэтгэлд зам хорохгүй мэт санагдан бодолдоо төсөөлж, сэтгэлдээ өндөлзсөөр  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хонгорын хөндийд ирэв. Зорьсон газар дөрөө мултлах үеэст өдөржин тэнгэрт манхайсан нар уулсын цаад руу хэвийж, тэнгэрийн хаяа улайран байлаа. Цагийн зүү 23:00 цагийг заахтай зэрэгцэн хилийн 0286 дугаар ангийн үүдэнд буув.

Эмх цэгцтэй байршуулсан, нэгэн ижил цагаан өнгийн гэрлэн чимэглэл бүхий суурин харагдах нь их хотын, аль нэг хорооллыг санагдуулам. Сурвалжлах багийн машин шалган нэвтрүүлэх хэсгээр ороход, угтан зогсох хилчид амны хаалт зүүж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх баг, бие бүрэлдэхүүн бэлэн байдал хангахаар жагсав. Алсын хөх уулс, аниргүй тал тийш залах хөдөөгийн замд агаарын сайхныг мэдрэн цэнгэхдээ амны хаалтаа хаашаа ч юм хийгээд мартсан би тэрхэн зуур хамгаалалтын горим сахих шалгалтад бэлэн бус байгаагаа сэхээрэн сандрав.

Тушаал авч, тангараг өргөсөн эх орончдын орон зайд эмх цэгц, дүрэм журам ягштал мөрдөгддөгийг үггүйгээр ойлгуулах нь тэр. Машинаас  буумагц хүн бүрийн биеийн халууныг хэмжиж, гар ариутган, Захирагчийн орлогч, Сэтгэл зүй, соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Н.Идэрбал, тус албаны ахлах офицер, ахлах дэслэгч Г.Нямгэрэл нар угтлаа. Моддын сэрчигнээнээс өөр аниргүй саруул шөнийн тэнгэрт төрийн далбаа намирч, БНМАУ-ын баатар С.Лхагвадоржийн морьт хөшөөний сүүдэр сүндэрлэн үзэгдэх нь монгол цэргийн сүр жавхааг илтгэнэ.

09:00 Цаг:Өглөөний цай бэлдсэн ширээнд тавагтай чихэрнээс өөр бэлэн бүтээгдэхүүн байхгүй нь анхаарал татна. Энэ тухай Ахлах дэслэгч Г.Нямгэрэл “Манай ангийн захирагч байгалийн үзэсгэлэн цогцолсон сайхан хангайн дунд байж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэж үздэг. Тиймээс бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан байгалийн цэвэр жимс, эмийн ургамлаар идээ, ундаа бэлдэхийг эрхэмлэдэг” хэмээн тайлбарлав. 

Тус ангийн захирагч Ж.Жамсрандорж  гэх гярхай харц, цэцэн үгтэй, эрхэм хурандаа биднийг өглөөний цайны дараа албан өрөөндөө урьж, томилолтын төлөвлөгөө, ангийн бүтээн байгуулалтын талаар тун чиг ойлгомжтой танилцууллаа.  Дугаар ангийн онцлог нь офицер, ахлагч нарын хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэж үзсэн тул хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчидгүй аж. Тиймээс өдөр тутмын болон байгуулалтын бүхий л ажлыг нас хүйс, албан тушаал үл харгалзан гүйцэтгэдэг байна. Биднийг очих үед штабын өргөтгөлийн барилгын суурь цутгалт, шугам сүлжээ байршуулах, газар шорооны ажил ид өрнөж байсан юм. Энэхүү ажил хил хамгаалах байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд энэ онд ашиглалтад орох юм.

Өглөө нарнаас, үдшийн бүрий хүртэл офицер, ахлагч нар тоостой хутгалдан, халтартсан ч их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа тун ч баяртай байгаагаа илэрхийлж байв. Тус ангийн ногоон байгууламж анхаарал татахгүй байхын аргагүй. Жаахан ёжтойхон хүн бол цэргийн ангийн цэцэг хүртэл цэгцтэй ургах юм гэж хошигномоор.  Байр хооронд сунайх явган хүний замаас бусад газар зүлэг, модтой юм. Өнгөрсөн онд 150 гаруй мод суулгасан нь өдгөө ногоорч, салхины аясаар найгах турьхан мөчир нь хүүхдийн сэвлэгийг санагдуулам анхилам аж. Мод бүхний мөчирт дугаар бичсэн цаас байв. Учрыг тодруулбал, мод бүхэн эзэн, эзэн бүр кодтой гэнэ. Ингэснээр тухайн хүн өөрийн хариуцсан модоо, услаж торддог байна. Жилийн эцэст өөрийн хариуцсан модоо хамгийн сайн арчилсан хүнийг урамшуулдаг гэнэ.  Энгийн хэрнээ маш нарийн тооцоололтой энэхүү удирдах арга барил магад цэргийн хүний толгойд л буух мэргэн санаа гэлтэй. Нээрээ л нийтийн нэртэй хөрөнгө өөдтэй байсан нь ховор. Хувийн данстай байшин өнгөтэй байдаг нь олон гэх бодол эрхгүй төрлөө. 

Хөгжлийн шантай хөл зэрэгцэх хилийн заставууд

Бид тус ангийн харьяа Эрэн, Ангалаг, Төмөрөн, Бургастай зэрэг заставт ажилласан юм. Эргээ халин мэлтэлзэх Харгал нуурын дэргэдүүр өнгөрөхүйд хос хун хүзүүгээ сунган эрхэмсэг хөвөх нь энэ нутгийн үзэсгэлэнг улам ч  чимнэ.  Ирж яваа цагийн аясаар алсын уулс цэнхэртэж, газрын өнгө ногоорсон урин хавраар орос машины арын суудалд тухалж, алсыг ширтэн давхихад ижий аав, элгэн нутгийнхаа сайхныг нүдэнд харагдах сайхан бүхэнтэй харьцуулан бодол, сэтгэлээ онгичсоор явлаа. Хилийн ангийн бор ногоон өнгийн фургон машиныг угтан ёсолж, цагийн байдлыг илтгэх заставын жижүүр  улаан дарцаг өргөнө. Заставын бие бүрэлдэхүүн жагсаж, цагаан өнгийн монгол загварын цамц өмссөн бүсгүй хадаг сүү барьсаар биднийг угтлаа. “Эрхэм дэд хурандаагийн”  гэж хэлээд хэсэг нам гүм болох хугацаанд шувуудын жиргээнээс өөр чимээ үл сонсогдох нь сүрдэм. Бүх офицер, ахлагч нар амны хаалтаа зүүж, зочдыг угтах бүсгүйчүүд гар ариутган хөл хорионы дэглэмийг ягштал мөрдөх нь нэгэнт гайхаш төрүүлэхээ больжээ. 

Хилийн застав гэдэг нүдээр үзээгүй хүний сэтгэлд хөгжлөөс алсарсан, жижигхэн суурин мэт төсөөлөлд бууж байсан ч зориод очиход сэтгэлд торохооргүй өөр орчин угтсаныг дурдах нь зүйтэй. Угаас иргэдийн ихэнх нь хуучны хэдэн киноноос харсан зураглалаар хилийн амьдралыг төсөөлдөг. Гэвч өдгөө хилийн застав гэдэг хөгжлийн шантай хөл зэрэгцэн алхаж, хилчдийн боловсрол, сэтгэлгээ дэлхийн түвшинд жишигдэх ёстой гэх үзлээр төлөвшин, өнгө засаж байна. Хилийн 0286 ангийн харьяа заставууд хүүхдийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг бүрэн шийдвэрлэсэн нь хил хамгаалах байгууллагын хүрээнд сайн туршлага болжээ. Ингэснээр хилчдийн хүүхдүүд сурч боловсрох эрхтэй болж, хилчид сэтгэл амар ажиллах нөхцөл бүрдсэн гэдгийг заставын залуус баяр, хөөр дүүрэн ярьж байлаа. Мөн хилчдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор застав бүрт нэг айлын орон сууц барих ажил эхлүүлжээ.

Энэ ажил биднийг очиход 75 хувийн биелэлттэй байв. Ийнхүү Монгол Улсын хилийн цэргийнхэн нөөц боломжоо ашиглах, шинийг эрэлхийлэх бүтээлч ажлууд санаачлан, хилийн заставуудад өрнүүлсээр байгаа нь бахархалтай, сайхан байв. Энэ тухай Төмөрөн заставын дарга, ахмад У.Бат-Орших  “Манай застав өнгөрсөн онд “Мобиком” корпораци, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгтэйгээр дизель хосолсон цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогдсон. Түүнчлэн айл өрхийг ундны цэвэр усаар хангах, гүний худагтай болгосон. Ингэснээр хилийн холбоо харилцааг сайжруулах, заставт амьдарч буй айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлүүлэх чухал, таатай ажил болсон. Энэ мэт хилчдийн ахуйд анхаарсан ажлууд манай нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд шат дараатай хэрэгжих боломжтой” хэмээв. 

ШИЛДГҮҮДЭЭР МАНУУЛСАН ЭХ ОРНЫ ХИЛ ТАЙВАН БАЙНА

Хилийн фронтод зөвхөн шилдгүүд зогсдог гэвэл дэгсдүүлсэнд тооцохгүй биз. Хилийн нийт бие бүрэлдэхүүний ажил байдал, хилчдийн ахуй амьдралыг сурвалжлах багийнхнийг үдэн гаргаж, торойтол ёслоод хоцрох заставын дарга нарын дундаж нас 27. Ерөөс хилийн зурваст хамгийн ойр, түм түжигнэж, бум бужигнасан олны хөлөөс хол аглагт ажиллаж, амьдрах хилчдийн дийлэнх нь хорь гаруйхан настай аж. Залуу хилчдийн дунд ОХУ-д боловсрол эзэмшиж, сургууль төгсөөд ирсэн нэгэн ч байна. Гэрээт хилчнээр ирээд эндээ үлдсэн нь ч бий аж. Бургастайн заставын орлогч, дэслэгч О.Баасанжаргал ОХУ-ын Курган хотын Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн бөгөөд одоо заставын бие бүрэлдэхүүн, хилчдийн сэтгэлзүйн бэлэн байдлыг ханган ажиллах хариуцлагатай албыг хашиж байна. Тус заставынхан он гарсаар гурван удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлж,  зөрчил гаргасан 12 хүнд зохих хууль журмын дагуу арга хэмжээ авчээ.

Тэдгээрийн нэг тохиолдол нь хил орчмын бүсэд хулгайн ан хийхийг завдсан, зэвсэглэсэн долоон этгээд эсэргүүцэн зугатааж, хилчид таван километр хөөцөлдөн барьж авчээ. Түүнчлэн Төмөрөн заставын бие бүрэлдэхүүн он гарсаар хил орчмын дэглэмийн нэг удаагийн зөрчил илрүүлж, зэвсэгтэй зургаан хүний эсрэг оновчтой тактик баримтлан ажиллаж барьснаар зохих хууль журмын дагуу хил орчмын дэглэм зөрчигчдийг саатуулжээ. Энэ мэт аюул бүхэнд бэлэн байх шаардлага хилчдийг өдөр тутамд сорьж байх магадлалтай ч “Хилчин бүрийн хүлээсэн үүрэг шүү дээ. Дөвийлгөөд, бусдад гайхуулаад байх зүйл биш” хэмээн дэндүү даруухан хариулах идэр эрсийн эх орны төлөөх сэтгэл, үнэмшил юутай гал цогтой.  

Хилийн 0286 дугаар ангийн Эрэн заставын ахлах ахлагч Т.Даваадэлгэр 2003 оноос хилийн цэрэгтэй амьдралаа холбожээ. Анх хугацаат цэргийн албанд мордсон тэрбээр гэрээт хилчин, улмаар ахлагч болон дэвшжээ.  Ийнхүү 2009 оноос хойш 11 жил бүс, орон нутгийн чанартай марш тактикийн тэмцээнд оролцон, тасралтгүй амжилт гаргаж буй тэрбээр тус заставын шилдгүүдийн нэг. Өдгөө 36 настай Т.Даваадэлгэр “Анх би гүйж ч чаддаггүй байсан. Тэгээд аавын олон хүүгээс юугаараа дутах вэ гэж бодон өөрийгөө дайчилсан. Үүний үр дүнд өөрийгөө ялж, багийн нөхөдтэйгөө олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргалаа. Залуучууд надаас урам авч, марш тактикийн тэмцээнд оролцоосой. Би чадахгүй гэдэг бодол л хамгийн хэцүү даваа байдаг. Түүнийг л ялах нь чухал гэдгийг өөрийн биеэр үлгэрлэхийг хичээж байна” хэмээн өгүүлсэн юм. Үнэхээр ч түүнд 2016 онд тэмцээн болоогүй өнжсөн ганцхан жил үзүүлэх сургалтанд оролцсоноос бусдаар түүний амжилтын цуваа тасрахгүй.

Түүнчлэн хил хамгаалах байгууллагын сүр хүч, өнгө жавхаа болсон тусгай томилгоот бүлэг гэж бий. Тус бүлэг ангийн захирагчийн тушаалаар томилогдож, хилийн зөрчил гарсан үед хил зөрчигчийг эрж, саатуулах, шуурхай удирдлагаар хангах үүрэгтэй байдаг аж. Тус ангийн тусгай томилгоот бүлэг улсдаа дээгүүрт жагсдаг байна. Энэ тухай Хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Мэндсайхан “Манай тусгай томилгоот бүлэг өнгөрсөн онд ой тайгын бүсээсээ шалгарч, хил хамгаалах байгууллагын хэмжээнд дөрөвдүгээр байр эзэлсэн. Цаашид амжилтаа ахиулах, бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг өндөр түвшинд бэлтгэн ажиллаж байна” гэж танилцуулав. Ийнхүү бие, сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн хийморь нь цалгиж, сэтгэл нь халгисан идэр залуус энхийн манаанд эгнэгт зогсдог учраас эх орны хил тайван байгаа юм. 

ҮНЭ ЦЭНТЭЙ АМЬДРАЛ

...Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй... 

хэмээх дуу монгол хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, хэн бүхэн хоолойн  бяраар түрэн дуулдаг. Гэвч эх орон, газар шорооныхоо төлөө бид дуулах, уярахаас илүүг зориулж чаддаг сан билүү. Бидэнд тусгаар улсын иргэн гэдгээ мэдэрч, уяран омогших эрх чөлөөг олгож буй хилчдийн яруу алдрыг харин хэр дурсдаг билээ.  Амьдрал гэмээнэ утга учиртай байж, хүмүүн хэрвээ үнэ цэнтэй амьдрах ёстой гэвэл тэдний тод жишээ хилчид аж. Цэл залуухан насаа заставын буйдхан хязгаарт өнгөрөөж, ижий аав, гэр бүлээ умартан байж, эх орны төлөө хэмээн ёсловч эцэстээ чиний, миний төлөө гомдоллох тухай бодох ч үгүй зүтгэх хөвгүүдээр бахархахгүй байхын аргагүй. Тэдний чимэг хачиргүй, эгэл даруухан амьдралыг агшин бүхэн бусдын төлөө урсаж үгээр илэрхийлэмгүй үнэ цэнийг бүтээж буй.

Тэдэнтэй хуучлан суух дэндүү сайхан байв. Хөнгөн гуниг, цагаан атаархал сэтгэлд ээлжлэн заставын хашаанд мөнхөд мандаж, салхины аясаар намирах төрийн далбаа шиг дэвэрсэн омогшил цээж дүүргэнэ. 23 насандаа заставын дарга болж, торгон хилийн зурваст зургаан жил зүтгэж буй ахлах дэслэгч Б.Батхуягтай хэдэн хором хөөрөлдлөө. Тэрбээр “Хилийн манаанд явж байхад хилийн зурвас даваад явчихсан хандгайн мөр харахад л хармын сэтгэл төрдөг. Ан амьтан чөлөөтэй орж гарч, нутаг сэлгэн амьдрах ёстой ч тэр сайхан амьтан эх нутагт минь л байвал бахархам, хайрлам шүү дээ.  Хоног хугацаа нь болоод эргээд хил даваад ирчихсэн байхыг харвал сэтгэл онгойж, үр хүүхэд, хань ижилтэйгээ уулзсанаас дутахгүй баярладаг даа” хэмээн ярих нь сэтгэл хөдлөм. Ховордсон ан амьтныг  мөрөөр нь таньж, хил давсан алга дарам мөрний төлөө эд эсээ шатааж, эргээд ирэх хүртэл нь сэтгэл чилээх нь хилчдийн эгэл даруухан хэрнээ хэтэрхий үнэ цэнтэй амьдралын хамгийн жижиг жишээ. 

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхнэ гэж эх орондоо хэлдэг
Монгол эрсийн хилээ манах удам тасрахгүй нь юутай сайхан. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Маш сайхан нийтэлжээ амжилт хүсье
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хилчид дайчдын яруу алдар бадартугай 👏👮💪💪💪
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
Нийтлэлчид