Улаанбаатар 1c

Цаг улиравч зүрх догдлуулсаар байх “ЧИМЭЭГҮЙ ИРЭХ ДУРЛАЛ”

Хурд хамтлагийн “Чимээгүй ирэх дурлал” дууны шүлгийг  Ж.Гонгор хэмээх, эгэл даруухан залуу зохиожээ. Түүний шүлэг “Хурд”-ынхны аялгуу, дуу хоолойгоор амилж, ард түмний дунд хит болж чаджээ. Тус хамтлагийг анх байгуулагдсан тэр үеэс энэ дуу өдийг хүртэл хуучрахгүй тоглолт болгонд дуулагдаж ирсэн билээ. Хайр гэдэг мөнхийн сэдэв. Тийм дээ ч өдий 20 гаруй  жил үе, үеийн залуусын сэтгэлд хоногшсон дуунуудын нэгээр гарцаагүй нэрлэгдэж байна. Хурд хамтлагийнхан  “Чимээгүй ирэх дурлал” дуугаараа олон хосыг учруулсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй юм билээ.

Дууны шүлгийг зохиосон Ж.Гонгор энэхүү шүлгээ есдүгээр ангийн сурагч байхдаа орцонд анх бичсэн аж. Харин “хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаярын аялгуугаар та бидэнд хүрсэн энэхүү дуу Монголын анхны рок баллад дуу гэдгээрээ тэсрэлт хийж, уянгын дууны стиль жанрыг үндсээр нь өөрчилсөн бүтээл болсон юм.

Тус дууны шүлгийг бичсэн Ж.Гонгор 1993 онд  Төв аймгийн Алтанбулагт цэргийн алба хааж байх үедээ шүлгээ анх дуу болсон байхыг сонссон байна.  Цэргээс халагдсаны дараа “UB” паласт тус хамтлагийн тоглолтыг зорин очиж үзжээ. Зүрх, зоригоо чангалан нэлээн халамцуухан очсон. Тэрбээр хамтлагийн гишүүдтэй уулзаж, архины халуунд багагүй гомдлын үг чулуудаад амжжээ.  Харин хожим Ж.Гонгор буруу зүйл хийж, хамтлагийн уран бүтээлчдийг гомдоосноо ойлгосон гэдэг. Тэрбээр хожим  “Бодоод байх нь ээ, ”Чимээгүй ирэх дурлал” дууг хит болсон нь үгэндээ биш аялгуундаа байжээ” гэж гэмшингүй ярьсан байдаг.  

Ж.Гонгор “Би, хурд хамтлагийн залуустай найз нөхөд болсон.  Хамтлагийн тоннместер, техникч гээд бүгд миний найз нар.  Би шүлгийг  нь 1991 онд есдүгээр ангид байхдаа бичсэн. Хүүхэд насны гэнэн дэврүүн шүлэг. Гайхуулах юм биш. Хурд хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр аялгуу хийж амилуулан олны сонорт хүргээгүй бол энэ шүлэг одоо хүртэл чимээгүй л үлдэх байж дээ” хэмээн өгүүлжээ.

Дурлал чи чив чимээгүй ирэх юм
Дуулах дуу ярих ярианд тодоос тод
Хайр сэтгэлийн ариун зөөлөн хүсэл минь
Жаргал эдлэн мөрөөдөл болон төгсөх юм
Дусал нулимс унахдаа хацрыг исгэн доошилж
Дурлал дагасан бодол үлдэх юм...

Ж.Гонгор энэ дууныхаа шүлгийг  “Монгол 60”-ын дөрөвдүгээр орцны дөрөвдүгээр давхарт бичиж байжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид