Улаанбаатар 1c

Я.Санжмятав: Намын залуусаа дэмжихээр өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Таныг Завхан аймагт нэр дэвшинэ гэж байсан ч энэ удаад өнжихөөр болжээ. Энэ намын шийдвэр үү?
-Манай намын дарга энэ удаагийн парламентад сонгогдсон долоо, шинээр элссэн хоёр УИХ-ын гишүүнийг дуртай тойрогтоо нэр дэвшиж болно гэх шийдвэрийг гаргасан. Би өнгөрсөн гурван удаагийн сонгуульд Завхан аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ удаад манай тойрогт залуус нэр дэвших хүсэлтэй байна. Тиймээс өөр өнгө төрх бий болгохоор, залуусаа дэмжиж, өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаад байна. Ер нь төрд бэлтгэсэн залуус  маань эрийн цээнд хүрч, төр түшилцэх чадвартай болжээ. Дөрвөн жилийг ч гэсэн алдмааргүй байгаа учир ийм шийдвэр гаргалаа. 

Тиймээс АН энэ удаагийн сонгуулиар олонх болж, ард түмнийхээ итгэлийг сэргээх, хөгжлийн төлөө бусад улс төрийн хүчинтэй хамтран ажиллах шаардлагатай гэж харсан.Сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлэхээр тодруулсан хүмүүсийн олонх нь 40-өөс доош насны  өмнө нь гишүүнээр сонгогдож байгаагүй, нэр цэвэр залуус байгаа. Хурдан морь байсан ч уяач нь сайн байх хэрэгтэй. Тиймээс намын зүгээс намайг сонгуулийн ерөнхий менежерээр ажиллуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу би АН-ын сонгуулийн ерөнхий штабт менежерээр ажиллах болно. Би олон жил АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдохдоо УИХ-ын дэд дарга, сайд зэрэг өндөр албан тушаалд томилогдож байлаа.  Энэ бүх мэдсэн сурснаа ардчиллын төлөө зориулах цаг болжээ гэж харж байна.

-АН нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгосон бэ?
-Нийгэмд залуу өндөр боловсролтой, төлөвшсөн, хийж бүтээх эд үедээ байгаа шинэ залуу үеийг  дэмжиж, гаргах хүсэл байгаа нь ажиглагдаж байна. Бидний явуулсан судалгаагаар ч энэ  харагдаж байна. Сонгогчдын хүслийн биелүүлэхээс биш хүч хэрэглэж, ялалт байгуулдаг тогтолцоог халах цаг болсон. Амлалтаа биелүүлэхгүй явж байгаад сонгууль болохоос зургаан сарын өмнө амласнаа биелүүлчихлээ гэхээр хэр итгэл үнэмшилтэй байх вэ.

Уг нь одоогийн эрх баригчид болох МАН-ынханд төр барьсан тулхтай, засаглаж чаддаг хэмээн ард түмэн итгэл хүлээлгэж, өнгөрсөн удаагийн сонгуулиар 65 суудал өгсөн. Гэтэл ард түмний итгэлийг дааж чадсангүй. Ингэж 30 жил болсон, хэдийнэ төлөвшсөн намд садаатай зүйлс байгаа учраас төрд өмнө нь ажиллаж, гишүүнээр сонгогдож байсан гишүүдээ аль болох цөөн тоогоор оруулахаар тооцсон.

-Ард түмнийг төлөөлж, төрийн эрх барина гэдэг хариуцлагатай ажил.  Энэ утгаараа төрд туршлагатай гишүүд байх ёстой. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?
-туршлагатай хүмүүс 30 хувиас илүү байж болохгүй. Манай намаас нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ залуу улстөрч, үлдсэн 29 хувь нь туршлагатай, төрд өндөр алба хашиж байсан хүмүүс байна. МАН-ын гэсэн туршлагатай гишүүд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж зэрэг хуулийн эхийг барьж, гаргасан хүмүүс байна. Манай намаас С.Баярцогт, Р.Амаржаргал, З.Энхболд зэрэг туршлагатай улстөрч байгаа.  100 хувь сайн гэж байхгүй. Тиймээс туршлагатай хүмүүсийг халж, солино гэх  нь буруу. Төрийн залгамж холбоо гэж байх ёстой. Тиймээс хамгийн зохимжит хувилбараар хуучин гишүүдээ нэр дэвшүүлж байгаа юм.

-Танай нам нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин гэж авч, сонгуулийн зардлаа санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Нэр дэвшчихээр сонгогдсон гишүүд дэнчингийн мөнгөө төлсөн гэсэн үг үү?
-100 сая төгрөгийн дэнчин гэж байгаа ч намын дүрэмд татвар авч болно гэж заасан. Бид тодорхой хэмжээний зардал гаргахгүйгээр сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс сонгуулийн хууль, АН-ын дүрмийн дагуу сонгуульд шаардлагатай хөрөнгийг урьдчилан тооцоолж, хандив цуглуулсан юм. Энэ нь тухайн хүний нэр дэвших үйл ажиллагаанд зарцуулж байгаа хөрөнгө гэдгийг ойлгох нь чухал. Намын ерөнхий дүр төрхийг бий болгох, ардчиллын үнэ цэнийг хүмүүст ойлгуулах, бэлтгэл ажилд зарцуулагдана. Гэтэл үүнийг 100 саяын авилга гэж хараад байгаа нь өрөөсгөл.  Тухайн нэр дэвшигчийн хандивын мөнгө юунд зарцуулагдахыг өөрсдөө хянах боломжтой. Түүнээс намын дарга энэ мөнгийг авч байгаа хэрэг биш. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох зардал, итгэл үнэмшлийг шингээх үүднээс хийж байгаа шинэлэг, эрүүл менежмент гэж харж болно.  

-Тойрогтой ялалт байгуулах боломжтой хүмүүст дэнчингийн мөнгөөр босго тавих нь өрөөсгөл биш гэж үү?
-Нам ялалт байгуулахаар ажиллаж байгаагийн үнэлэмж гэж бий. Энэ нь мөнгө, материаллаг зүйл, сэтгэлийн дэмжлэг зэргийн аль нь ч байж болно. Намын дотоод дүрмийн дагуу ажиллаж байгаа болохоос заавал 100 сая төгрөгийн хандив өгсөн хүн бүрт төрийн албанд очно гэх ёс зүй байхгүй. Мэдээж хэрэг намдаа тодорхой нөлөө үзүүлж буй хүн болгонд босго тавихгүй. Харин намд дэмжлэг үзүүлж буй асуудлыг үгүйсгэж болохгүй.

-Та АН-ын сонгуулийн штабын менежерээр ажиллана гэлээ. Энэ удаагийн УИХ-ын  сонгуульд танайх ямар бодлого баримталж  байна вэ?
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 жилийг үджээ. Бид хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль, шүүхийн байгууллагыг хараат бусаар ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана. Яам, тамгын газрын ажилтан, төрийн алба хаагчид хэлмэгдүүлэлтэд өртчих вий гэсэн айдастай байна. Үүнээс болж төрийн чадавх буурах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэдлэгтэй боловсон хүчнүүд нь гаднын улс, хувийн байгууллагад ажиллахыг илүүд үзэх боллоо. Тиймээс бид залуу, шинэ үеэ дэмжиж хууль хяналтын байгууллагын тогтолцоог сайжруулж, гэмт хэргийг илрүүлэх талаар анхаарч ажиллахыг зорьж байна.

Энэ парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн алдааг засах гэж хичээлээ. Гэхдээ энэ хуулийг дагалдан гарах зарим хууль, түүний хэрэгжилтийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх боломж байлаа. Харамсалтай нь, тодорхой шийдэлд хүрч чадалгүй чуулганаа завсарлуулчихлаа. Энэ парламентын үед хэрэгт холбогдсон, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа олон асуудал бий. Гэтэл амь тулсан эдгээр асуудлаа шийдвэрлэлгүй алх цохиод чуулганаа завсарлуулсныг иргэд мэдэрч байгаа болов уу. Тиймээс АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг ард түмэн дэмжих байх гэсэн хүлээлттэй байна. Бид 65 суудал авна гэж улайрахгүй. Хэт олонх гэдэг нь нэг талдаа өрөөсгөл гэдгийг энэ парламенаас харлаа. Олонх нь хэт давамгай эрх эдэлж, үүгээрээ цөөнхийг шахан хавчдаг байдал ажиглагдаж байна.

-Энэ дөрвөн жилийн хугацаанд АН сөрөг хүчнийхээ үүргийг хэр гүйцэтгэсэн вэ?
-АН дөрвөн жилийн хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй шийдвэрүүдэд нөлөөлж, үзэл бодлоо тодорхой хэмжээгээр тусгасан. УИХ-д сонгогдсон манай намын гишүүд зайлшгүй хэлэлцэх хуулийн төслүүдийг өргөн барьсан.  Харамсалтай нь, олонх давамгайлсан учир зарим хуулийн төслүүдийг унагаасан. Үүнээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг батлуулаа. Мөн бусад гишүүнтэй хамтран өргөн барьсан хуулиуд ч бий. Харин гишүүдийн дангаараа өргөн барьсан хуулийн төслүүд шахагдаж, цаас болоод үлдлээ. Гэхдээ үүнийг бид  орхиж болохгүй.

Сөрөг хүчний хувьд тодорхой нөлөө үзүүлж, нэргүйгээр алдааг нь зассан олон асуудал байгаа. Ард түмний нүд чих болж байгаагийн хувьд бид алдааг нь засах ёстой. Бид есүүлээ сонгогдож, долуулаа үлдсэн ч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсэн. Одоо биднийг олонх болгох чиглэл өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийн эрх баригчид өмнөх дөрвөн жилийнхээ алдааг давтахаар байна. Сонгогчид сүүлийн гурван сард хэрэгжүүлсэн шийдвэрт хууртаж сонголтоо хийж болохгүй. Энэ хугацаанд хэрэгжүүлж буй ажлыг үргэлжилнэ гэж бодож болохгүй.  Эрх баригчдад Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор төрийн эрхийг барих сонирхол байх шиг байна.  Үүнийг ард түмэн тунгаах хэрэгтэй.

-Та энэ парламентын үед АН-ыг төлөөлж, УИХ-ын дэд даргаар ажиллалаа. Дэд даргын үүрэг хариуцлага нь хэр их байдаг юм бэ? 
-Сөрөг хүчнээс нэг дэд дарга томилогдох хуулийн зохицуулалттай. Миний бие УИХ-ын дэд даргаар ажиллах хугацаандаа гишүүдтэй хамтарч, хэлмэгдүүлэлтийг эцэслэх чиглэлээр анхаарч ажиллалаа. Энэ хуулийг УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд гишүүн дэмжиж,  ажилласан. Хэдийгээр би УИХ-ын даргаас огцруулахад нь 39 дэх хүн болж гарын үсэг зурсан ч, тэрбээр улстөржилгүй Монголын төрд зайлшгүй хэрэгжүүлэх  ажлыг дэмжсэн.

Энэ хуулийг баталснаар гацаанд орсон хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэсэн. Мөн УИХ-ын дэд даргын гол үүрэг хоёр хөршийнхөө хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэдэг. Тухайлбал, Л.Энх-Амгалан дарга ОХУ-ыг хариуцан ажилласан бол би БНХАУ-ын найрамдалт харилцааг идэвхжүүлэх чиглэлд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд “Нэг бүс Нэг зам” гэх эдийн засгийн томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон. Мөн коронавирусийн халдвартай холбоотой манай улс БНХАУ-д тодорхой дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, цар тахлын үед Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчлал хийж,  эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Эдгээрийн үр дүнд БНХАУ-аас авсан своп хэлцлийн гэрээний хугацааг хойшлуулах талаар ярилцаж байна. УИХ-ын дэд даргын үүрэг бусдад мэдэгдэхгүй ч чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тухайлбал, олонх, цөөнхийн харьцааг зохистой хэмжээнд барих, төрийн зөв бодлогыг хэрэгжүүлэхэд дэд даргын үүрэг чухал гэдгийг мэдэрлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид