Улаанбаатар 1c

“Хүмүүс бол вирус” буюу эко фашистуудын довтолгоо

Цар тахалд “найдагсад”

Дэлхийн дулаарал хүн төрөлхтөнд заналхийлж, аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засаг агаар, хөрс, ус бохирдуулж, байгалийн баялгийг цөлмөж, үндэстэн дамнасан корпорацууд НҮБ болон улс орны эрх баригчдаас илүү ноёлж байна... Шинэ Зеландын сүмд гал нээсэн террорист Брентон Таррент ингэж боддог. АНУ-д олон хүний аминд хүрсэн Патрик Крусиус ч мөн адил. Эко фашизм хэмээх үзэл санааг дэмжигчид зөвхөн энэ хоёроор ч хязгаарлагдахгүй, олон нийтийн сүлжээ, харилцааны хэрэгслүүдэд суурилсан томоохон бүлэг, төлөөлөл бий болжээ. Дэлхий дахинд дэгдэж буй коронавирусийн халдвар бол хүн төрөлхтний тоог цөөлөх том, чухал үзэгдэл болно гэж тэд “найдаж” байна. Эко фашизм юунаас эхтэй, тэд чухам юу зорьдогийг бид онцоллоо. 

 “Хөөх, эх дэлхий эргэн сэргэж, агаарын бохирдол буурч, ус цэнгэгшиж, амьтдын зоо тэнийж байна. Коронавирус бол эх дэлхийн вакцин, харин бид л вирус” гэсэн пост олон нийтийн сүлжээнд санаанд оромгүй өндөр хандалт авч,олны анхаарлыг татлаа. Үүний араас яг ийм агуулгатай хэдэн мянган сэтгэгдэл, пост, хошин зураг хөвөрлөө. Гудамж талбай, уул толгод, тал, хот суурингаар нэг холхих хүмүүс үгүй болсонд талархсан, баярласан ийм сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээний нэг л давалгаа болж үлдэх байсан ч байж мэднэ. Харин энэ давалгааг эко фашистууд “сэвж”, байгаль орчин, эх дэлхийнхээ төлөө хүн төрөлхтнийг тоог цөөлөх ёстой гэж дэвэргэлээ. Тэдний хувьд коронавирусийн тархалт бол үүнд нөлөөлж чадах зүйл гэнэ. 
Качинский ба түүний нөхөд 

Экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийг чамгүй олон хүн дэмждэг. Тиймдээ ч саяхныг хүртэл “эко фашист” гэгч ёж, доромжлол үг төдий л байв. Зүүний үзлийг баримтлагч-экологч, туйлшрагчдыг л ингэж хэлдэг байсан. Харин жилийн өмнө Шинэ Зеландын лалын шашны сүмд халдсан Брентон Таррент 50 гаруй хүн рүү гал нээхийнхээ өмнө 74 хуудас бүхий тунхагийг долоон том редакц руу илгээжээ. Гэмт этгээд үндэстний хувьд ч, байгаль орчин, экологийн хувьд ч цагаан арьстнууд тусгаар тогтнохыг уриалж байв. Хагас жилийн дараа 21 настай америк Патрик Крусиус түүний жишгийг дагаж, Эль-Пасо дахь Уолмарт руу халдахын өмнө америкчуудын хэрэглээ дийлдэхээ больж, байгаль эхийг цөлмөж буй учир тэднийг устгахад хүрснээ мөн л “тунхагласан”. Үүний хамгийн гол буруутан нь улс төрчдийг ч, хүмүүсийг ч атгандаа оруулсан том корпорацууд гэж 22 хүний амийг хөнөөхөөсөө өмнө тэр хэлсэн. 

Эко фашист хөдөлгөөн олныг хамардаггүй. Интернэт орчинд түрэмгий пост, мэдээлэл, уриалга гаргаж, хүмүүсийг турхирдаг хөдөлгөөний  нэг хэсэг. Гэхдээ тэд байгаль орчны төлөө, эх дэлхийн төлөө тэмцэхдээ сонгож буй арга нь илүү хөнөөлтэй учраас фашизмтай илүү ойр болж буй нь сүүлийн жилүүдэд илт анзаарагдах болов. 
Ногоон хөдөлгөөний эрс тэмцэгч, анархист Теодор Качинскийгаас эко фашизм эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Гялалзсан математикч, 25 насандаа шинжлэх ухааны доктор болсон Качинский технологийн хөгжил, дэвшил нь хүний эрх чөлөөг боомилж, хянаж байна гэж үзэн, Берклийн их сургуулийн профессорын ажлыг орхиод ойд амьдрах болжээ. Качинскийн овоохойн ойролцоо зам тавьж эхлэхэд тэвчээр алдсан тэрбээр 1978 оноос шуудангаар тэсрэх бөмбөг илгээж эхэлжээ. Нийгмийг хянахад голлон оролцож буй их сургуулиуд, нисэх онгоцны буудлууд түүний бай байлаа.

Түүний бөмбөгөнд гурван хүн амиа алдаж, 23 хүн шархадсан бөгөөд Качинский өөрөө 17 жилийн турш Холбооны мөрдөх товчоо, тагнуулынхнаас нуугдаж чадсан юм. "Унабомбер” хочтой болсон Качинский Америкийн сонинд нийтлэхийг шаардсан бичигтээ аж үйлдвэржсэн нийгмийн хор уршгийг шүүмжилсэн юм.  2011 онд Норвегид халдлага үйлдсэн неонацист Андерс Брейвик ч түүний адил үзэл баримтлалтай байв. Одоо ч байгаль орчны төлөө радикал аргаар тэмцэхийг уриалагчид Качинскийн үзэл бодлыг тунхагладаг. Орчин үеийн нийгэм хүнийг байгальд ээлтэй аж ахуйгаас холдуулж, хэт их хэрэглээтэй, зүй бус тогтолцоо бүхий  нийгэмд  шахан оруулж байгаа нь эргээд хүмүүст ч, байгальд ч хортойгоор нөлөөлж байна гэж тэд үздэг. Үүнээс ангижрахын тулд хэдэн зууны өмнөх амьдрал руугаа шилжиж, өөр хот, муж, улс, тивийн хүмүүсийг өөртөө нэгтгэхээс татгалзахыг уриалдаг. Энэ үзлийг финланд тэмцэгч Каарло Петти Линкола анх гаргасан бөгөөд ингэхийн тулд хүнийг үй олноор нь хоморголон устгах, тоталитар дэглэм тогтоох, аж үйлдвэржилтийн өмнөх амьдралын хэв маягийг хүчээр тулгах зэрэг радикал арга барилыг хүлээн зөвшөөрдөг. 

Хоргодох байр-цахим орчин 

Эко фашистуудын үзэл санаагаа бусдад түгээх, уриалах гол талбар нь олон нийтийн сүлжээ, цахим орчин. Фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг хүмүүсийн идэвхтэй ашигладаг олон нийтийн сүлжээнд гэхдээ зүй бус пост, үг хэллэг, зургийг илрүүлэн устгах тусгай модераторууд байнга ажилладаг учир тэдний хоргодох газар нь одоогоор телеграм болоод байна. Нийгмийн эсрэг, террорист, хэт даврагч үзлийг баримталдаг (terrorwave)  хөдөлгөөний адилаар тэд ч хяналт багатай сүлжээ, цахим орчныг сонгодог. Телеграмд одоо хэдэн зуун эко фашист коронавирусийн халдвараар хүмүүс нас барж байгааг, тэр дундаа цагаан арьст бус үндэстэн, ястан өртөж байгааг сайшаан, нацист бэлгэдэл бүхий пост, зураг оруулах нь нэмэгджээ. Мөн цахилгааны шугам таслахаас эхлээд халдлага үйлдэх зэрэг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаанд уриалах нь ч цөөнгүй. Хэдийгээр хэт даврагч байгаль хамгаалагчдын энэхүү үзэл баримтлал хуучирсан, олон орны эрх баригчид ч аливаа террорист үйл ажиллагаанд уриалсан, турхирсан арга хэмжээг хянаж байгаа ч цар тахал газар авсан, эдийн засгийн хүндрэл үүссэн энэ эгзэгтэй үед байдал таагүйгээр эргэхийг үгүйсгэхгүй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид