Улаанбаатар 1c

Бангладешийн экстим буюу галт тэргэн дээр зорчигчид

Галт тэрэгний дотор биш, дээр нь сууж  явах нь  Бангладешт 50 гаруй жилийн өмнө дэлгэрсэн. Өмнөд Азийн энэ орон Бенгал Энэтхэгээс салан тусгаарлахад Зүүн Пакистан хэмээх нэр зүүж байв. Баруун Пакистанаас тусдаа, улс төрийн хавчлаганд амьдарч асан бангладешчүүд 1971 онд тусгаар тогтнолоо зарласан юм. Туурга тусгаарласан залуу улс өлсгөлөн, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн тогтворгүй байдал гээд хүнд хэцүүг туулжээ. Пакистаны армийнхнаас зугтсан хүмүүс хурдалж буй галт тэргэнд үсрэн суун хоёр вагоны хооронд зүүгдэн явж сурснаар энэ бүхэн эхэлсэн .

Хожмоо шашны баярын үеэр галт тэргэнд чихэлдэх олноос залхсан залуус вагоны дээр үсэрч гараад салхи “амтлан” явах болж. Өдгөө хүмүүс улс төр, шашны шалтгаанаар бус, мөнгөө л хэмнэх гэж галт тэргэн дээр аялах болжээ. Тасалбар шалгагчид вагоны дээвэр рүү авирахгүй, хэнтэй ч чихцэлдэхгүй, амар бас аюултай аялал. Гэвч бангладешчүүдийн хувьд энэ нь бараг л урлагийн хэмжээнд хүртлээ хөгжжээ. Тэд эхлээд  цагдаа, тасалбар шалгагч нарт харагдалгүйгээр суух, дараа нь галт тэрэгний дээвэр дээрээс ойчихооргүй эвтэйхэн байрлал олох хэрэгтэй гэнэ.

Томоохон хотод ажилладаг атлаа алслагдсан дүүрэг, хотын ойролцоох тосгон, сууринд амьдардаг хүмүүс галт тэргээр ингэж явах нь элбэг. Хүүхэд, эмэгтэйчүүд ч ялгаагүй аюултай аяллаас татгалздаггүй. Лалын шашны Ид уль-Фитр, Ид уль-Адха баярын үеэр хотод ажилладаг хүмүүс гэрийнхэндээ авсан бэлгээ аваад вагоны дээр гарч суудаг. Унадаг дугуй, барби хүүхэлдэй тэвэрчихсэн, нэг гараараа вагоны дээд өнцгөөс зууран яваа дүр зургийг харж болно.

Цагдаа нар ийм “туулай”-нуудыг шууд саатуулах, баривчлах, шийтгэх эрхтэй. “Туулай” ангуучлахын тулд тэд урт хулсаар зэвсэглэн харуулд гарах нь бий. Гэвч, ийн аялагчийн тоо цөөрсөнгүй, харин ч мөнгө хэмнэх биш зүгээр л зугаацахын тулд ингэж явдаг залуусын тоо нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд адал явдал эрсэн жуулчид ч галт тэрэгний дээвэр дээр суун аялж, үүнийгээ  “Бангладешийн экстрим”, трэйнсёрфинг гэж нэрлэх болов. Гэвч тэд туршлага багатай тул цагдаа нарт баригдах, мөн замын эргэлтэд галт тэрэгнээс унаж бэртэж гэмтэх, тэр бүү хэл амиа алдах нь ч бий.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид