Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Гэрэл зурагчин С.Туяагийн тухай ТАВАН АСУУЛТ?

Гэрэл зурагчин С.Туяагийн тухай хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

-Гэрэл зураг танд ямар үнэ цэнтэй зүйлтэй вэ? 

-Гэрэл зургийн төрөл, жанраас үл хамаараад энэ бол бодит зүйл шүү дээ, тэр утгаараа түүх бичдэг. 100, 200 жилийн дараа тухайн үед байсан нийгэм, байгаль зэргийг харуулдаг, мөн мэргэжил бүрт хэрэгтэй, хамаатай, баримт гэдгээрээ надад маш үнэ цэнтэй. Хэл бичгийн хүмүүс ном, материалаа, археологийн мэргэжилтнүүд олдвороо гэхчлэн баримтжуулж авч байдаг. Би нэг хэсэг МУИС-д гэрэл зургийн цагийн багш хийж, гэрэл зургийг өөрийн мэргэжилд хэрхэн ашиглах вэ гэдэг тухай янз бүрийн ангийн оюутнуудад заадаг байсан шүү. 

Орчин цагт бол дурсамж гэгддэг байсан гэрэл зураг амьдралын салшгүй хэрэглээ болчихлоо. Хүүхдүүд маань зураг дарна, байнга дарна, надаас ч илүү шүү дээ. 

Та хийж байгаа ажлаа ямар үед боллоо гэж үзэж сэтгэл ханамж авдаг байв? 

-Сэтгэл ханамж авах гэхээс илүүтэй үргэлж л мэрийдэг, хичээдэг байлаа. Нэг сонирхолтой зүйл нь миний зураг хүнд таалагдахгүй бол яагаад, таалагдвал бас яагаад гэсэн асуулт л надад төрөөд байдаг юм. Энэ хүнд юу нь таатай санагдав, юу нь онцгүй байна гээд үргэлж яагаад гэсэн асуулт эрж, сониучирхаж ажилладаг байлаа. 

Гэрэл зурагчнаар ажиллах эсвэл багшлахын аль нь танд илүү сайхан байдаг вэ? 

-Багшлах сайхан шүү. Хүүхдүүдийг нийгэмд байр суурьтай болгох, дэм өгөх ажил гэдэг ямагт сайхан байдаг. “Хүүхэд ба дуран” төсөл маань таван жил хэрэгжээд цааш санхүүжилтгүйн улмаас зогссонд харамсдаг юм. Хүрч ажиллая гэвэл манайд маш их нөхцөл бололцоо бий шүү дээ. Ямартай ч багшилж ажиллаад миний хувьд сурагч, оюутнууд гээд 1000 шахам хүүхдэд хичээл заажээ. 

Сайн гэрэл зураг гэж ер нь ямар зургийг хэлдэг юм бэ? 

-Хүн зургийг хараад шууд уншдаг. Тиймээс сайн гэрэл зураг гэдэг уншигдах ёстой. Уншигдана гэдэг нь зураг зөв зохион байгуулалттай байна уу, гэрэл тусгал нь зөв байна уу гэхчлэн олон зүйлийг хамарна. Гэрэл зураг гэдэг бол гэрлээр зурна л гэсэн үг шүү дээ. Тиймээс гэрлээр зөв зурж, бичих чухал. Уран зохиол, сэтгүүл зүйд үгээ зөв сонгох гэж байдаг шиг, гэрэл зурагт техникээ зөв сонгох, форматаа зөв ашиглаж сурах нь чухал байдаг. 

Та 25 настайдаа юу хийж байсан бэ? Тэр үеийн өөртөө хандаж юу хэлэх бол? 

-Тэр үед оюутан байжээ. Тэнэг байсан байна. Миний үеийн хамт сурч байгаа оюутнуудын хувьд өөрсдийгөө хөгжүүлж, ирээдүй хойчид юу хийхээ мэддэг, зорилго ухамсартай байсан. Би түүнийг нь харж их суралцсан шүү. Мөн гэр бүл зохиох онцгой насыг ч хэлэх үү, герман оюутнууд тэдний аж амьдралаас үлгэрлэж амьдралаа хэрхэн зохиох талаар ч их боддог байлаа. Энэ нь миний амьдралд их тус болсон санагддаг бөгөөд хүүхдүүдтэйгээ ч энэ талаар нээлттэй ярилцдаг байсан юм. 

Одоогийн залуусын хувьд нээлттэй, хэлэх гэснээ шууд хэлдэг, чөлөөтэй байдал нь надад их таалагддаг. Бидний үеийнхэн шиг цэгнээд, нэрлэхээд байхгүй. Тэр утгаараа би залуучуудтай найзлах дуртай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид