Улаанбаатар 1c

Трамп дахин ялах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хачирхалтай мэдэгдэл, үйлдэл, хэт хатуу шийдвэрээрээ олныг гайхашруулдаг, заримдаа дургүйг нь хүргэдэг. Америкчууд ч бүгд түүнд дуртай байсангүй, гэхдээ ард түмэн эрс өөрчлөлтийг хүссэн. Ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр ялах магадлал бий юү? Энэ талаар CNN товч онцоллоо. 

Жеймс Вүүдс бол Дональд Трампыг дэмжигч Холливудын цөөхөн алдартнуудын нэг. Өнгөрсөн ням гарагт тэрбээр ирэх сонгуульд ч Ерөнхийлөгчийг дэмжихээ илэрхийллээ. “Дональд Трамп бүдүүлэг хүн. Тэр ихэрхүү, мэдрэмжгүй, хал үзээгүй. Гэхдээ миний санаж буйгаар, өмнөх ямар Ерөнхийлөгчөөс илүүтэйгээр Америкт хайртай” гэж Вүүдс “жиргэжээ”. Трамп ч үүнийг магтаалд тооцож, талархсанаа илэрхийлсэн.  Мэдээж, энэ магтаал биш. Хэн нэгэн таныг ихэрхүү, мэдрэмжгүй, “ногооноороо” амьтан гэвэл танд таалагдах уу?

Гэхдээ ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд Трамп хэрхэн дахин ялалт байгуулахыг Вүүдс энэ гурван үгэндээ багтаажээ. Үнэн хэрэгтээ, Дональд Трамд 2016 онд сонгогдож байхдаа ч, одоо ч америкчуудад таалагддаг, бахаддаг хүн нь байсангүй, болсонгүй. 2016 оны олон нийтийн тандалт, санал асуулгаас харахад 10 сонгогчийн дөрөв нь Трампт таатай ханддаг гэсэн бол гурван сонгогч тутмын нэг нь түүнийг шударга, итгэл даахаар хүн гэж хариулсан. Сонгогчдын 35 хувь нь Ерөнхийлөгч байхад тохирсон зан чанартай хүн гэж түүнийг үнэлж байлаа. 

Ийм байхад тэр хэрхэн ялав? Америкчууд эрс өөрчлөлтийг хүсэж, үүнийг хийж чадах хүн нь Трамп болж таарсан. Нэр дэвшигчээс “өөрчлөлтийг хийж чадах” чанарыг сонгогчид хүссэн болоод л тэрбээр Клинтоныг илт давуугаар ялсан. 

Вүүдсийн хэлж буйгаар, тэр үнэхээр бүдүүлэг, тэнэг хүн байж мэднэ. Гэхдээ Америкийн ашиг сонирхлын тухайд ярих юм бол түүнээс илүү хүн гэж байхгүй. Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа үнэхээр ч үр дүнтэй ажиллаж чадсан. Татварыг багасгаж, олон улсын тавцанд Америкийн нөлөө, нэр хүнд өсөж, худалдааны бодлогод өөрчлөлт хийн, холбооны шүүхийн тогтолцоог шинэчлэх алхам хийсэн гэдгийг түүнийг дэмжигчид онцолно. Харин энэ бүх өөрчлөлт, шинэчлэлүүд Америкт тус хүргэсэн гэхээс илүү хор учруулсан гэж өрсөлдөгчид нь үзэж байна.

Гэхдээ дэмжигчид, үзэн ядагчдын алин нь ч бай,  түүнийг “Өөдгүй амьтан. Гэхдээ амжилт гаргасан өөдгүй амьтан ” гэж бодно. Трампад хоёр дахь удаагаа итгэл хүлээлгэх, эсэхээ шийдээгүй яваа сонгогчид ч ингэж бодож байна. 
Ажилгүйдлийн түвшин бага, хөрөнгийн зах зээл өссөн үед, өөрөөр хэлбэл гурван сарын өмнө Вүүдс энэ үгээ хэлсэн бол бүр ч үнэмшилтэй байх байлаа. Одоо цар тахлын улмаас тогтоосон хөл хорио бизнес, эдийн засаг, хөрөнгийн зах зээл, түүхий эдэд сөргөөр нөлөөлж эхэллээ. 

Гэлээ ч Трампын хувьд Ерөнхийлөгчөөр ахин сонгогдох боломжийг олгох үр дүнтэй ганц зам бол бүхэнд таалагдах хичээлгүйгээр тавьсан зорилтоо биелүүлж чадаж байгаа гэдгээ харуулах юм. Ингэхийн тулд тэр өөрийгөө хүчлэх ч шаардлагагүй. Бараг өдөр бүр Трамп Ерөнхийлөгч бүү хэл энгийн, соёлтой иргэнд ч баймгүй зан, үйлдэл гаргадаг. Өнөөдрөөс ирэх арваннэгдүгээр сар хүртэл “өөрчлөгдөөд”, ард түмэнд таалагдах гэж хичээлээ ч тусыг эс олно. Харин сонгуульд ялалт байгуулахын тулд үлгэр жишээч Ерөнхийлөгчийн бүх дүр зурагт нийцэхээр биш ч Вашингтонд өөрчлөлтийг эхлүүлж, ажлаа хийсэн, амласандаа хүрдэг гэдгээ харуулах л зам бий.
Хэрэв Трамп ингэж чадвал, ялж чадвал бид Ерөнхийлөгчөө сонгоход нөлөөлдөг хүчин зүйлс одоо яаж өөрчлөгдөж буйн жишээ болно.  Хамтдаа суугаад хундага тулгачих хүний төлөө саналаа өгөх ёстой гэсэн ардын мэргэн үгээр биднийг сургадаг байв. Гэтэл  бидний олонх нь Трамптай шар айраг уухыг хүсэх нь юу л бол. Харин түүний төлөө саналаа өгөх болов уу. Вүүдс ч, өөр олон хүн түүнийг өмнө нь нэг удаа сонгосон шүү дээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид