Улаанбаатар 1c

Э.Ган-Очир: “Дурсаж яваарай” киногоороо хүний зүрх сэтгэлийн гүн дэх эмзэглэлийг нээхийг хичээсэн

Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая номыг үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүх. Энэ бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” хэмээх уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киноны уран бүтээлч болох найруулагч Э.Ган-Очир, киноны зөвлөх, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд нартай ярилцлаа.

-“Дурсаж яваарай” МУСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны зохиолыг таны тэмдэглэл бүтээлээс сэдэвлэсэн байх аа?
Б.Н -Энэ нь болсон явдлаас сэдэвлэсэн тэмдэглэл. Би оюутан байхдаа Амгалан цахилгаан станцын ойролцоо агуулахад ажил хийхээр болсон юм. 1990-ээд оны эхэн үед дэлгүүрийн лангуун дээр давс, ургамлын тосноос өөр зүйл байдаггүй байсан үе шүү дээ. Ажил ч тийм амар олдчихдоггүй байлаа. Өвлийн хүйтэнд ажиллах газраа иртэл маш том агуулахын таазанд нь тултал ном хураачихсан байв. Тэр номнуудыг хатуу хавтаснаас нь салгаж, хавтсыг нь нэг хэсэг, доторх цаасыг нь тусад нь ялгах ажил байсан юм. Тухайн үед надтай хамт хорь орчим хүн ажилласан санагдаж байна. Цалин хөлс нь ч өндөр биш.

Эхэндээ ганц хоёр ном урж, хавтаснаас нь салгалаа. Гэтэл миний хүүхэд байхдаа шимтэн уншдаг байсан хэд хэдэн ном гарт минь таарсан. Юу билээ гээд л цочих шиг болж билээ. Орой нь ажлаа дуусгаад зохион байгуулагч эгчээс ажлынхаа хөлсөнд хэдэн ном авч болох уу гэж асуулаа. Гэтэл мөнөөх хүн уурлаж, “Чи олон юм ярилгүй урдах ажлаа хий” гэсэн. Ингээд Алишер Навиогийн шүлгийн түүвэр, Оросын утга зохиол шүүмжлэгч, зохиолч Добролюбовын түүвэр зохиолыг гадуур хувцасныхаа халаасанд хийгээд агуулахаас гарсан. Учир нь, тэр номуудыг воган воганаар ачиж, урд хөрш рүү хаягдал цаас болгон гаргаж байсан юм.

Тэр хоёр номыг хаягдал цаас болгохоос аварсан гэх үү дээ. Нэг номыг нь би гээчихсэн харин үлдсэн нэг нь миний номын тавиурт одоог хүртэл бий. Үүний дараа зуныхаа амралтаар сумандаа очиход “Зил 130” машинаар сумын төвийн номын сангийн бүх номыг ачаад, хаягдал цаас болгон хилээр гаргаж байсан. Мөн л энэ дотор үнэ цэнтэй, сонгодог уран зохиолын олон ном байж таарсан. Энэ нь миний сэтгэлийг эмзэглүүлж байв. Ингээд энэ дурсамжаа тэмдэглэл болгон бичсэн юм.

-Тэр үед яагаад тийм их номыг хаягдал цаас болгодог байсан юм бэ. Юунд ашиглаж байсан юм бол?
-Нийгмийн шилжилтийн үе байсан шүү дээ. Үүнтэй зэрэгцээд өмнөх үед байсан бүх зүйлсийг устган, сөнөөнө гэж хэт туйлширсан. Уг нь монголчуудын оюуны соёлыг дэлгэрүүлсэн цаг хугацаа нь социализмын 70 жил. Үүнээс өмнө манайд аман зохиолын бүтээлүүд баялаг байсан ч бичмэл бүтээлүүд ховор байв. Дундад зууны сүүл үеийн буддын шашны хөлгөн туульс байсан ч ард түмнийг соён гэгээрүүлэхэд нөлөөлөхүйц биш, шашны агуулгатай бүтээлүүд байсан.

Иргэдийг соён гэгээрүүлэх, орчин үеийн шинжлэх ухааныг таних, дэлхийн хөгжлийг сурталчилсан бүтээлүүдийг 1940-өөд оноос эх хэлнээ орчуулан, 1980-аад он гэхэд зохиол бүтээл арвинтай болсон байсан. Социализмыг өөрчлөх байсан уу гэвэл тийм гэж хариулна. Гэхдээ хуучнаа устгаж биш, сайныг авч, муу нь засах ёстой. Тухайн үед хаягдал цаас, зэс, гуулийг хямд үнээр худалдаж аваад БНХАУ руу гаргаж, техникийн спирт гарган авч “найрка” гэх архи хийдэг байсан юм.

-Харин энэ тэмдэглэлийг дэлгэцийн бүтээл болгох санааг хэрхэн гаргаж байв? 
Э.Г -Миний хүүхэд нас ардчилсан нийгэмд шилжээд удаагүй, ороо бусгаа байх цаг үед өнгөрсөн. Одоогоос зургаан жилийн өмнө нь Б.Наминчимэд ахын “Жаал хөвүүн, ном хоёр” гэх тэмдэглэлийг уншсан юм. Үүнийг уншаад хүүхэд насандаа очсон мэт мэдрэмж төрсөн. Учир нь намайг хүүхэд байхад сумын төвд хаягдал цаас авдаг газар байсан юм. Тухайн үедээ хаягдал цаасаар юу хийдэг байсныг нь мэддэггүй байлаа. Гэтэл тэр тэмдэглэлийг уншсаны дараа учрыг нь ойлгож, анзааралгүй үлдсэн чухал түүх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд кино хийх санаагаа авч,  зургаан жил орчим кино зохиол болгоно гэж бодож явсан.

-Кино зохиолоо та бичсэн юм уу?
Э.Г -Залуу уран бүтээлч М.Хангалтай хамтран  кино зохиолоо бичсэн. Мөн манай хоёрдугаар найруулагч, н.Цэвээндулам кино зохиол дээр зөвлөгөө өгч ажилласан. Зохиолоо бичихдээ Наминчимэд ахаас зөвлөгөө авч байлаа.

-Тэмдэглэл нийтлэлийг тань кино зохиол болгох саналыг та хэрхэн хүлээж авсан бэ. Киноны агуулга таны тэмдэглэлийн санаатай хэр нийцсэн гэж бодож байна вэ?
Б.Н -Зургаан жилийн өмнө энэ тэмдэглэлээр кино хийнэ гэхэд нь би огт үнэмшээгүй юм. Гэтэл миний эмзэглэж харсан бүхнийг найруулагч маш нарийн мэдэрсэн байсан. Түүнийгээ кино зохиолд тун аятайхан гаргасан байна лээ. Энд номыг нь урж шатаахаас гадна олон бэлгэдэл бий. 1990-ээд оны үед ном, зохиолыг устгахаас гадна ёс суртахууны уналтад орж, оюун санааны задрал хүчтэй өрнөсөн. Нэг ёсондоо цаас, зэс гуулийг хаягдал гэж гаргаж байсан ч маш үнэ цэнтэй баялгаа үгүй хийсэн байгаа юм. Энэ үнэхээр мартаж болохгүй цаг үе шүү.

Ийм гашуун түүхийг бид дахин давтах учиргүй. Бид оюун санааны доройтол гэх зүйлээс аль болох ангид байх хэрэгтэй. Нөгөө талдаа энэ кино Монголын кино урлагт шинэчлэл хийсэн гэж харж байгаа. Сүүлийн үед манайхан уран сайхны кино их хийдэг болсон ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь ховор. Монголын кино урлагт мөн чанар үгүйлэгдэж байна. Харин “Дурсаж яваарай” гэх энэ кино хүний зүрх сэтгэлийн гүн дэх эмзэглэлийг нээх гэж хичээсэн утга уянгын кино болсон.

-Тэмдэглэлийг хэрхэн кино зохиол болгосон нь сонин байна. Киноны утга санааг гол дүрээр илэрхийлнэ гэдэг  нь найруулагчийн ур чадвар болов уу?
Э.Г –Киноны гол дүрдээ өсвөр насны хоёр хүүхэд тоглуулсан. Учир нь хүний хамгийн эмзэг хийгээд мэдрэмтгий үе нь өсвөр нас. Шилжилтийн наснаасаа хүний төлөвшил явагдаж энэ нь хүний насан туршийн өгөгдөл болж үлддэг. Тэгэхээр 1990-ээд оны тэр үйл явдал хүүхдийн өсвөр нас шиг үймээнтэй өнгөрсөн юм биш биз гээд, одоогийн нийгэмдээ онош тавих гэж оролдсон гэж хэлж болно. Кино зохиолоо бичихийн тулд хүүхэд насны дурсамжаараа аялах хэрэгтэй болсон. Энд уран сайхны хэтрүүлэгтэй, зохиомол сцен нэг ч байхгүй. Бүх үйл явдлыг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэсэн үг.

-Харин кино багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
Э.Г -Би анхнаасаа гол дүрд мэргэжлийн жүжигчин тоглуулахгүй гэж шийдсэн. Энгийн амьдралыг гаргахад илүү жүжиглэлт шаардлагагүй шүү дээ. “Босго” фильмийн уран бүтээлчидтэйгээ хамтран ажилласан. Киноны туслах найруулагчаар СТА Эрдэнэбат, зөвлөхөөр Б.Наминчимэд ажиллалаа. Манай зураглаачдын баг баримтат киноны чиглэлээр дагнасан уран бүтээлчид учраас бид хоорондоо маш сайн ойлголцож чадсан.

-Энэ таны анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юу?
Э.Г -NTV телевизийн баримтад кино багт ажиллаж байсан. “Өвгөн шувуу” “Ванган”, “Ойдов”, “Оюун” зэрэг үе үеийн алдартай монгол киноны найруулагчдын намтраар баримтат кино хийж байлаа. Харин анхны уран сайхны кино нь “Дурсаж яваарай” гэх бүтээл. Киногоо үзэгчдийн хүртээл болгоно гэдэг маш их айдас, эргэлзээ байдаг юм байна. Би өөрөө баримтат киноны хүн учир киногоо аль болох бодитой байлгах гэж хичээсэн.  Намайг уран сайхны кино хийхэд чиглүүлсэн гол хүн нь Ж.Жамьянсүрэн найруулагч.  Тэрбээр “Чи амьдрал, урлаг хоёрыг хэр зөрүүгүй мэдэрч чадна, тэр чинь жинхэнэ уран бүтээл болно” гэж сургадаг байв. Энэ ч утгаараа мэргэжлийн бус жүжигчдийг тоглуулахад түлхэц болсон.

Б.Н –Кино найруулагч нь баримтат киногоор дагнан бүтээл хийж байсан учир энэ бүтээлд баримтат тавилт нэлээд бий. Дэлхийн уран сайхны киноны чиг хандлага ч ийм болж эхэлж байна. Кинонд мэргэжлийн бус жүжигчин тоглуулсан нь тухайн дүрээ илүү итгэл үнэмшилтэй болсон хэрэг. Жүжигчид илүү арга барил хайхаасаа илүү бодит байдлыг үзүүлж байгаа юм. Би Амгалангийн агуулахаас ном хулгайлаад гарахад дотроосоо “шатаж” байлаа. Энэ мэдрэмжийг залуучууд маш мэдэрч гаргасан. 
Киноны зөвлөхөөр ажилласан учир хэд хэдэн удаа үзсэн юм. Миний тухайн үед авч байсан мэдрэмжийг хөндсөн учир хэдэн ч удаа үзсэн зарим хэсэг дээр суудалдаа тогтож чадахгүй, өөрийн эрхгүй бачимдаж босож байсан. Мөн энэ кинонд нэг онцлог бий. Энд эерэг болон эсрэг дүр гэж байхгүй. Киног ойлгож үзвэл бүгд хайр хүрэм дүрүүд.

-Уран сайхны кинонд эерэг болон эсрэг дүр байж киноны агуулгыг илүү тодотгодог шүү дээ?
Э.Г –Амьдрал дээр эерэг болон сөрөг дүр гэж байхгүй. Яг арга билэг шиг. Бид кинондоо сөрөг дүр оруулсан бол хүнлэг бус зүйл хийж байгаа юм.  
Б.Н –Сайн муу нь нийлж сав дүүрдэг орчлон. Бодит амьрал дээр учиргүй муу хүн гэж байхгүй. Бурхан шиг сайн хүн гэж бас байхгүй. Бидний кино зохиолдоо шингээх гэсэн гүндсэн санаа үүнд бий. Хэдийгээр сөрөг зүйл хийж байгаа мэт боловч, түүний цаана өөр итгэл үнэмшил байдгийг бид анзаардаггүй. Өөртэй нь сөргөлдөөд байвал түүнийг муу хүн гэж харах нь бий.

-“Дурсаж яваарай” киногоо олон улсын кино наадамд сойсон гэлүү?
-Азийн киноны шүүмжээр дагнан бичдэг Панос Котзатанасис гэх кино шүүмжлэгч манай киноны талаар шүүмж бичсэн байна лээ. Мэргэжлийн кино шүүмжлэгчийн хараанд өртөж, шүүмж бичсэн тодорхой хэмжээний амжилт гэж харж байгаа. Би энэ киноноос ашиг хонжоо харж хийгээгүй. Ямар нэгэн кино наадамд ч зориулан бүтээгээгүй. Дээр хэлсэнчлэн бидний анзааралгүй үлдсэн мартаж болохгүй түүх энд байгаа юм.

-Кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Коронавирусийн халдвар гарсантай холбоотой киногоо дижитал хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр болсон. Энэ сарын 24-нөөс юнивишн, ддэш тв-ийн 88 дугаар сувгаар гарна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    "гэж харж байна" гэж яримааргүй л байх юм даа.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
Нийтлэлчид