Улаанбаатар 1c

Иргэдээ эх оронд нь авчрах нэрээр коронавирусийн халдвар тээгч болгож орхив уу

Манай улсад коронавирусийн халдвартай 140 иргэн бүртгэгдсэн билээ. Халдвар авсан хүмүүсийн 89 хувь нь ОХУ-аас ирсэн иргэд байгаа юм. ОХУ-аас Алтанбулагийн хилээр орж ирсэн иргэд, тээвэрлэлтийн явцад халдвар авсан гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан. Халдвар авсан 37 иргэн нэгдэж “Боож үхмээр байна” гэх фэйсбүүк  хуудас нээж, бодит нөхцөл байдлын талаарх баримтуудыг дэлгээд байна. Тээвэрлэлтийн талаарх мэдээллийг хамгийн анх н.Алтанхундага  гэх эмэгтэй өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан мэдээлсэн билээ. Бид түүнтэй холбогдож дараах тодруулгыг авлаа. 

н.Алтанхундага: Бид хилээс тусгаарлах байр хүртэлх замд халдвар авсан

-ОХУ-аас ирсэн 37 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Харин халдвартай хүмүүс тээвэрлэлтийн явцад халдвар авсан гэж үзэж байгаа юм билээ. Тээвэрлэлтийн талаар тодруулахгүй юу?
-Би ОХУ-ын Санкт-Петербург хотод уламжлалт анагаах ухааны эмчээр ажилладаг юм. Харин коронавирусийн халдварын тархалтаас болж гуравдугаар сарын 28-наас хойш манай ажил карантилсан. Түүнээс хойш би гэрээсээ гаралгүй, хөл хорионд байж байгаад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Новосибирскээр дамжиж, нөхөр, хүүхэд болон таньдаг гурван хүнтэйгээ хамт Улаан-Үд хотод ирсэн.

Очоод бид 14 хоногийн турш хаашаа ч гараагүй хөл хорионд байсан бөгөөд тавдугаар сарын 2-нд авсан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Дараа нь Улаан-Үдийн Консулын газраас сүүлийн 2-3 хоногт шинээр шинжилгээ хийлгэсэн байх ёстой тухай зарласан. Бид тавдугаар сарын 8-нд дахин шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариугаар мөн л вирус илрээгүй. Биднийг анх хил нэвтрүүлэхдээ 20, 20-оор нь тусад нь суулгасан боловч хилээр гарахаас өмнө нэг майханд хамтад нь цаг гаруй хугацаанд байлгасан. Дараа нь 40 хүнийг нэг автобусанд бүх ачаатай нь зэрэгцүүлж суулгаад, вагон руу зөөсөн.

Энэ үед хоорондын зай зэрэгцээ суусан бол 10 см, нөгөө талын сандлаас бол 50 см л байсан байх. Вагонд 40 хүнийг бүх ачаатай нь чихэж суулгасан. Нийтдээ хоёр вагоны дөрвөн хэсэгт яг ийм байдалтай 140 орчим хүн ачаатайгаа сууж ирцгээсэн. Вагоны хүмүүсийг 13:00 цагаас оройн 21:30 цаг хүртэл есөн цаг ямар ч агааргүй орчинд түгжсэн. Сүүлд нь бүгд амь тэмцээд байсан учир ярьж, шаардаж байж цонхнуудаа арайхийж онгойлгуулсан. Бид вагоноос 04:00 цагт буусан. Манай вагонд явсан хүмүүс 15 цаг агаар дутмаг нөхцөлд байсан гэсэн үг. Харин нөгөө вагоны хүмүүсийг биднээс хойш зургаан цагийн дараа суулгасан хэрнээ тусгаарлалтад оруулахдаа эхэлж вагоноос буулгасан. Сүүлд вагонд суусан хүмүүсээс вирус илрээгүй.

Харин вагонд эхэлж ирж суусан нэг вагоны 70 орчим хүмүүсээс 37 нь халдвартай гэж гарсан.  Мөн биднийг вагоноос буулгаад автобусанд шилжүүлж суулгахдаа нэг автобусанд 50 хүн чихсэн. Суудал хүрээгүйн улмаас 5-6 хүн ачаануудын зай суудлуудын хооронд зогсож явж сувилалд очсон. Уг нь эхлээд заавал шинжилгээ өгсөн хүмүүсийг л хилээр нэвтрүүлнэ гэж зарласан. Гэтэл шинжилгээний бичигтэй, бичиггүй хамаагүй нэг дор суулгасан. Мөн манай гэр бүлийнхэн өөрсдийн оёсон хамгаалалтын хувцас болон нэг удаагийн амны хаалт, бээлий зэргийг өмсөөд хил нэвтэрсэн. Би Монгол Улсынхаа хилээр эрүүл орж ирсэн. Харин хил нэвтэрснээр хойш тусгаарлах байр орох замдаа халдвар хамгаалалтын дэглэм зөрчсөн нөхцөлд зорчигчдыг тээвэрлэснээс халдвар авсан гэж үзэж байгаа.

-Тэгэхээр халдварын үед баримтлах дэг журам алдагджээ дээ?
-Халдвар хамгааллын дэглэм буюу бие, биеэсээ зай барих, агаар салхи чөлөөтэй нэвтрүүлэх зэрэг дэглэм тэнд огт хэрэгжээгүй. Вагоноос буусны дараа нь нэг автобусанд 50 хүн, фургонд 15 хүнийг суулгасан. Фургонд суусан хүмүүс “Бид нар багтахгүй байна” гэж хэлэхэд ч тоогоогүй. Би “Надад халдвар өгчихлөө” гэж эмзэглэж байгаа хэрэг биш. Эрүүл мэндийн салбарынхандаа бид баярлаж байгаа. Хамгийн гол нь бид ийм эрсдэлтэй нөхцөлд санаа нэгдэж зүтгэх ёстой. Над шиг тэгж хамгаалж ирсэн хүн халдвар авчихаад байхад зүгээр л амны хаалт, бээлийнээс хэтрээгүй хамгаалалттай байсан оюутнууд халдвар авсан байх нь аргагүй. Бид хилээр иргэдээ оруулж ирэх үедээ тавих халдвар хамгааллын дэглэмээ эргэж нэг харахгүй бол онгорхой, цоорхой зүйл их байгаа гэдгийг л үүгээр сануулах гэсэн юм.Холбогдох олон байгууллагад энэ талаар албан журмаар хэлэхийг хүссэн ч одоо хүртэл хариу өгөөгүй.

-Цуг ирсэн таван хүн нь халдвар авсан уу?
-Би болон манай хүүхэд халдвар авсан. Уг нь бид зургаа сүүлийн 14 хоног хамт байж, шинжилгээ өгч эрүүл саруул гэдгээ шинжилгээгээр тогтоож, хил дээр ирсэн юм. Бид ОХУ-д байхдаа халдвар авсан бол бүгд өвдөх ёстой шүү дээ. Гэтэл надтай хамгийн ойрхон байсан нөхрөөс маань вирус илрээгүй.

-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Бид сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна.

Мөн тэрбээр “Би олон хүнийг төлөөлж ярьж байгаа. ОХУ-д байхдаа короновирусийн шинжилгээ өгөхөд халдваргүй гэсэн бичигтэй 13 хүн байсан. Гэтэл тэр хүмүүсээс халдвар илэрсэн. Бид эх орондоо ирсэндээ баярлаад, чимээгүй эмчлүүлээд гарч болно. Харин дараа дараагийн хүмүүс бидэн шиг ийм нөхцөл байдлаар ирж, хохирогч болох вий л гэж айж байна. Бид эмнэлгийн ажилчид болон эмчилгээг буруутгаагүй. Харин тээвэрлэлтийн зохион байгуулалт ийм байгаад гомдолтой байна” гэсэн юм.

Бүтэн хоёр сарын хугацаанд “хоригдож”, халдвартай тэрсэлдэж байсан хүмүүс үнэхээр эх орныхоо хилээр орж ирээд, тусгаарлалтын байр руу явах замдаа халдвар авсан бол яах вэ. Манай улс коронавирусийн эсрэг тэмцэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ халдвар аваагүй хүмүүсээ хонь мал шиг ачиж авчраад, халдвар тээгч болгоод байгаа юм биш үү. Үнэхээр тэгж байвал хилээ нээгээд, иргэдээ бүгдийг нь тайван замаар авчирсан дээр юм биш үү. Эсвэл бүр хэнийг ч авчрахгүй байсан нь дээр бололтой.

ЭМЯ-наас өдөр бүр коронавирусийн халдварын талаар мэдээлэл өгдөг билээ. Өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ОХУ-аас ирсэн иргэдийн гомдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Бид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй. Нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн Монголд ирээд коронавирус авсан гэх мэдээллийг цацсан. Энэ бол хуурамч мэдээлэл. Тухайн иргэн ОХУ-ын Улаан-Үд хотод түр амьдарч байсан юм билээ. Улаан-Үд хотод, дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл зургуулаа түрээслэх байранд амьдарч байсан гэсэн.

Харин эх орондоо ирээд тусгаарлах байранд байхад коронавирусийн халдвар илэрсэн. Тэрбээр Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн, сөрөг гарсан гэж мэдүүлсэн. Тухайн иргэн Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд бид бүхэн өнөөдрийг хүртэл иргэдээ хамгаалж ирлээ. Халдварын нууц үе дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ тэдэнд тусалж байхдаа халдвар авах эрсдэл өндөр” хэмээлээ.

Харин энэ мэдээллийн дагуу бид н.Алтанхундагаас тодруулахад “Би Эрхүүд байхдаа өвчтэй хүн эмчлээгүй. Харин Санкт-Петербургт байхад 20 орчим хүүхдэд толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байсан. Бид зөвхөн утсаар холбогдож, нэг нэгнийхээ талаар асууж байсан. Тэрнээс би тэдний нэгтэй ч уулзаагүй, тэднээс халдвар аваагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Irehgui bhgui yasiin,yaj 1.1 r chini avchrah ve,haldvar avah chini ta nar shig nuudliin shuvuudad tsag hugatsaanii l asuudal bsan.durgui hurev
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
Нийтлэлчид