Улаанбаатар 1c

Эзгүйрсэн Итен

Кеничүүдийн хувьд хөнгөн атлетикийн спорт бол ядуурал, өлсгөлөнгөөс гарах гарц төдийгүй сайхан амьдралын  “тийз”. Тус улсын тамирчдын 80 хувь нь шагнал болон реклам, сурталчилгааны гэрээнээс олсон мөнгөөр амьдардаг. Тиймдээ ч дэлхийн хамгийн хурдан гүйдэг тамирчдыг бэлтгэдэг бүхэл  бүтэн дүүрэг, хот тэнд бий. Харин коронавирусийн тархалтын улмаас энэ бүхэн өнгөрсөнд хоцорлоо. Спортын төвүүд үүдээ барьж, тамирчид  өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл айсуй. 

Одоогоор Кени улс тамирчдад хоёр цаасан хайрцаг эрдэнэ шиш, будаа, гурил, ургамлын тос, гоймонгоор туслахаар төлөвлөж байна. Спортын сайд Амина Мохамед өнгөрсөн гуравдугаар сараас хойш цалингүй, ажилгүй сууж буй тамирчдаа харж үзэж буй нь энэ. Өөр хоорондоо нэг метрийн зайтай зогсож, бэлтгэл хийж болох ч гадаад, дотоодын уралдаан, тэмцээн бүгд цуцлагдсан энэ үед тамирчид туйлдаж байгаа аж. 

Марафон гүйлтийн олимп, дэлхийн аварга, дэлхийн хамгийн хурдан хүмүүсийн нэг Элиуд Кипчоге олон жилийн зүтгэл, дасгал бэлтгэлийн ачаар алдар нэрд хүрч, амжилт олж, баяжсан тамирчдын нэг. Хэдийгээр түүний амьдралд өлсгөлөн нүүрлэхгүй ч өнгөрсөн дөрөвдүгээр сард болох ёстой байсан Лондоны марафон цуцлагдсаны улмаас хэдэн зуун мянган фунтийн гэрээ цуцлагдаж, энэ зун товлогдсон байсан олимпын наадмаас хоёр дахь алтан медаль авах боломжоосоо хагацлаа. Энэ бол ганцхан хүний жишээ. Гүйлтийн хамгийн алдартай тамирчид төрөн гаргадаг Капсабет хотын  Эльдорет, Итен болон  Каптагат дүүргүүд өдгөө эзгүйрчээ. Гүйлтийн аваргуудын бэлтгэлээ хийдэг томоохон төвүүдэд Элиуд Кипчоге тусламж хэрэгтэй байгаа тамирчдад зориулсан хүнсний бүтээгдэхүүн тарааж байна. Засгийн газар тамирчдаа, хөнгөн атлетикчдаа харж үзэх ёстой, одоо байгаагаас илүү туслах ёстой гэж тэр үзэж буй юм. 

Кенид хөнгөн атлетикийн тамирчид 3000 гаруй бий. Тэдний олонх нь Европ, Ази болон бусад тивд болж буй тэмцээнд оролцож, өөрсдийгөө, гэр бүлээ тэжээдэг. Гэр бүлээ, үр хүүхдээ, өөрсдийгөө тэжээхийн тулд л тэд тэмцээнд оролцох нь цөөнгүй. Мөн реклам сурталчилгааны гэрээ байгуулж, түүгээрээ чамгүй мөнгө олдог байв.“Итен бол хөнгөн атлетикийн Холливуд л гэсэн үг. Тэнд л ирээдүйн гүйлтийн аваргууд, хурдаараа дэлхийг гайхашруулсан хүмүүс бэлтгэгддэг” гэж Энэтхэгийн Напурын марафоны гуравдугаар байрын шагналт, тамирчин Бенсон Ятор ярьж байна. 

Далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших энэ бүс гүйлтийн тамирчдад зориулсан дэд бүтэцтэй, бүр мэргэжлийн тамирчид, сонирхогчдод зориулсан тусгай замуудтай. Мөн зочид буудал, бэлтгэл сургуулилалтын төвүүд, эмнэлэг, такси үйлчилгээ, тамирчдад зориулсан хоолоор үйлчлэх зоогийн газрууд ч олон. Энэ бүхэн одоо хаалгаа барьжээ. 

Нэр хүндтэй, дэлхийд танигдсан тамирчдын хувьд хоногийн хоолоо хэрхэх вэ гэж зовохгүй ч хадгаламжгүй, цалингаас цалингийн хооронд амьдарч байсан тамирчдын хувьд хэцүү нөхцөл байдал айсуй. Тэд засгаас олгож буй багахан тусламж, тун удахгүй хөл хорио тавигдаж, тэмцээн уралдаан болж эхэлнэ гэсэн итгэл хоёроор л амьдрах нь. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид