Улаанбаатар 1c

Өнөөдөр бол “Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр”

Нийгэм:
NPost.mn
2020-05-22 11:44

Жил бүрийн тавдугаар сарын 22-нд "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр"-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил "Байгаль бидний шийдэл" уриан дор зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр Монгол орны биологийн төрөл зүйлүүдийг танилцуулах виртуал үзүүлэнг толилуулах юм байна.  Их Британийн Засгийн газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн юм.

Их Британийн ЭСЯ болон Монгол Улсын БОАЖЯ "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан энэ талаар ард иргэдэд мэдээлэл, ойлголт өгөх виртуал үзүүлэнг Шангри-Ла Моллд байрлуулна. Тус үзүүлэнгээр Монгол орны биологийн төрөл зүйлүүд, тэдгээрийг хэрхэн хамгаалах талаарх танин мэдэхүйн мэдээллүүд гарах аж.

Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр”-ийн талаар хэлэхдээ: "Биологийн олон янз байдлыг хамгаалах нь тогтвортой хөгжлийг цогцлооход нэн чухал үүрэгтэй. Бид техник, технологийн хувьд өндөр дэвшилт гаргасан ч бидний эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, байр сууц, эрчим хүч зэрэг наад захын хэрэглээ нь эрүүл, амьд экосистемээс шууд хамааралтай. Дэлхий даяар нүүрлээд буй коронавирусний тахлын үед бидний хамааралтай байдал болоод бид илүү уян хатан, дасан зохицох чадвартай болох хэрэгтэйг, улс орнууд байгаль дэлхийгээ улам илүү хамгаалах шаардлагатайг сануулж байна. Энэ жил биологийн олон янз байдлыг тэмдэглэхдээ итгэл найдвар, эв нэгдлийг цохон тэмдэглэж байгаа бөгөөд байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээх нь чухал юм" хэмээн онцлов.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид