Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Монгол Улсын төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин Намсрайн Сувд

Намсрайн Сувд нь БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин. Тэрбээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.

1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.

Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


Бүхий л кино маш том албыг бүрдүүлж байж бүтдэг. Хийсэн бүтээсэн бүх зүйлээ эргээд харахад сэтгэл 100 хувь дүүрэн байхгүй л дээ. Мэдээж дүрээ хараад энэ үйлдэл дээр арай өөр байх байж гэх бодол төрдөг. 


Эмэгтэй хүн аль болох л сайхан харагдахыг хичээдэг. Тэрний л адил хүсэлтэй. Урлагийнхан олны нүдэнд ил байгаа болохоор сайхан харагдах нь үүрэг гэж ойлгодог.


Хүний хүсэл тэмүүлэл, эрмэлзэлд хүрч ажиллахад манай театрын бодит байдал хэцүүхэн. Тийм учраас залуус цаг хугацааг хүлээхэд хэцүү учраас өөрсдөө бие даагаад уран бүтээлээ хийхээр гарч буйд буруутгах аргагүй шүү.


Манай аав ээж хоёр бидний хэнийг ч урлагийн хүн бол гэж хэлээгүй. Би ч гэсэн хүнийг “Урлагийн хүн бол” гэж хэлдэггүй. Урлагт маш их сэтгэлтэй, маш их дуртай хүн л ажиллана уу гэхээс биш “Сайхан амьдаръя, хөрөнгө мөнгөтэй болъё” гэсэн бодол хүсэлтэй хүмүүс урлагийн ажил хийх шаардлагагүй л дээ.


Миний сайхнаараа залуухан харагдана гэж ч юу байхав дээ. Хүн ер нь байгаа байгаа тэр цаг үеийнхээ цөцгийг нь амталж, шимийг нь мэдэрч амьдарвал их зүгээр юм шиг санагддаг юм . Тэгэхгүй бол насаа мэдэхгүй залуу болох гээд л хичээгээд байх нь өөрийгөө зовоогоод, өрөөлд ч бас нэг  их таатай сэтгэгдэл үлдээдэггүй юм шиг санагддаг юм аа. 


Хагацал гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэгэхдээ хагацал хүн бүхэнд ирдэг учраас давж л байж туулахаас сөхөрч байж туулдаггүй. Тэр тусмаа олон жил өвдөхийг харна гэдэг их хүнд. Олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэтэй болдог байх аа.


Хүн угаасаа хайр гэдэг юмныхаа учрыг ч ололгүй явж байгаад л хайртайгаа учирдаг.


Ер нь үеийн үед хөгжлийн гол тулгуур бол залуучууд л байдаг шүү дээ. Эдний хөдөлмөр, эдний хүч энерги дээр ажил явдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид