Улаанбаатар 1c

Ж.Баттулга: Дахиж битгий ирээрэй, чамд таэквондо сурах ямар ч авьяас, чадвар алга гэсэн

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа, таэквондогийн дэлхийн хошой аварга, ОУХМ  Ж.Баттулгатай ярилцлаа.

-Хэдий үеэс спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Намайг Дэнжийн мянгын 39 дүгээр дунд сургуулийн нэгдүгээр ангид ордог жил жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбат бөхийн сонгон шалгаруулалт явуулсан. Энд олон хүүхэд шалгуулсан ч яагаад ч юм мэдэхгүй, тэднээс ганцхан  намайг сонгож авав. Тэгээд  л Спортын төв ордны жүдо бөхийн секцэнд жил гаруйн хугацаанд хичээллэсэн. Гэтэл нэг өдөр Эрдэнэбат багш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах болсноор бидэнд өөр багш хичээл заах болсон юм. Тэр багшийн заах арга барил  надад тааламжгүй байсан тул багшаа иртэл секцэндээ явахгүй хүлээхээр шийдсэн. Багшийгаа тэмцээнээс ирсэн, эсэхийг үзэхээр Спортын төв ордон руу ойр ойрхон очдог байлаа. Гэсэн ч багш ирдэггүй. Олон сар хүлээсэн, сүүлдээ очихоо байсан. Бэлтгэл хийх хүсэл тэмүүлэл оргилоод болдоггүй. Тэгээд  сургуулийнхаа сагс, волейболын дугуйланд  явж эхэлсэн.

-Таэквондогийн спортоор хэзээнээс хичээллэв?

-1991 оны намар Спортын төв ордонд Өмнөд Солонгосын таэквондогийн дугуйлан нээгдэж, элсэлт авч байгаа тухай сураг сонсоод маргааш  нь найзуудтайгаа  очиж бүртгүүлээд орсон. Тухайн үед Таэквондогийн холбооны нарийн бичгийн дарга Зоригт  багш байсан. Секцэнд ороод эхний өдрийн бие халаалт хийгээд дундаа орж байхад  л би хөөгдсөн. Зоригт багш “Чи маргаашнаас битгий ирээрэй. Чамд таэквондо сурах ямар ч авьяас, чадвар алга. Ингэж цаг алдаж байхаар өөр спортоор хичээллэ” гээд хасчихлаа. Дөнгөж секцэнд орсон хүүхэд, эхний өдөр яаж шууд хөл, гарын цохилтууд, техник элемэнтийг төгс хийж чадах вэ дээ. Хөдөлгөөний эвсэл муутай, болхи харагдсан шиг байгаа юм. Зоригт багшид  гомдоод гэртээ харьсан. Тулааны урлагт дуртай,  дур байсан болохоор би заавал  сурна гэж бодоод маргааш нь дахиад очсон. Зоригт багш “Би чамайг битгий ирээрэй гэж хэлсэн биз дээ. Чамд тулааны урлаг сурах ямар ч авьяас, чадвар алга. Гэхдээ яахав, наашаа гээд ирж байгаа хүүхдийг бид  цаашаа гэж хөөхгүй. Харин чи сайн хичээнэ шүү” гэж хэлээд секцэндээ явахыг зөвшөөрсөн. Таэквондогийн секцээ таслахгүй, хичээл, зүтгэл, гаргаж байв. Тэгсэн бие өвдөөд эмнэлэгт хэвтээд гараад ирсэн чинь Спортын төв ордноос манай секц нүүгээд явчихсан байсан. Тэр үед одоогийнх шиг гар утас, харилцаа холбоо сайн хөгжөөгүй байсан үе. Би секцийнхээ хүүхдүүдтэйгээ дотно найзалж чадаагүй явсан. Тийм болохоор хаашаа нүүснийг нь хайгаад олоогүй.

-Ер нь яагаад анхнаасаа ахынхаа хичээллэдэг  Хойд Солонгосын таэквондо руу ороогүй юм бэ?

-1990 онд миний ах Олон улсын таэквондогийн тамирчин байсан.  Хойд Солонгосын таэквондоод бага насны хүүхдүүдийн секц нээгдээгүй байсан үе л дээ. 1991 оноос эхлэн ах тамирчныхаа хажуугаар дасгалжуулагч хийж, анхны клубээ нээсэн. Тэгээд ахынхаа клубийн тамирчин болсон. Солонгос багш ахыг монголын анхны багш, дасгалжуулагч болгохоор бэлтгэж байсан юм билээ. Түүнийх нь ачаар ах маань дасгалжуулагч багш болж, өнөөг хүртэл үе үеийн хүүхэд залууст таэквондогийн арга техникийг зааж, шавь нар нь олон улс, тив дэлхийн тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож байгааг нь хараад үнэхээр их бахархдаг. Миний ах  ОУХМ Ж.Ганболд, Олон улсын таэквондогийн хар бүс дөрөвдүгээр дантай. Ази тивийн аваргын мөнгө, дэлхийн аваргын алтан медальтай.

-Яагаад тулааны спортод бусад спортоос илүү дур сонирхолтой болов?

-Намайг бага байхад Хойд Солонгосын “Хон Гил Дон” гэдэг тулаантай кино гарч ёстой нэг үзэгчдийг байлдан дагуулсан. Жинхэнэ хит болсон кино. Хүүхэд, залуучууд Хон Гил Доныг дууриаж толгойгоо ягаан туузаар ороож, лимбэ хөгжим барьж явдаг моод дэлгэрч байлаа. Манай ах нар Хон Гил Доныг дуурайж тулааны цохилт, хөдөлгөөнийг хийдэг байв. Тэгээд ах нарыгаа  даган  тулааны урлагийг сонирхох болсон. Самбо, жүдо бөх, сагс, волейболын спортын төрлүүдээр хичээллэж байсан ч тулааны спорт намайг эргэлт буцалтгүйгээр хичээллэх сонирхлыг минь хөдөлгөж чадсан юм.

- Хойд Солонгосын таэквондогоор хичээллэдэг байж яагаад Өмнөд Солонгосын  олимпын таэквондогийн тэмцээнд ордог байсан юм бэ?

-Дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн ерөнхий газрын эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад Цагдаагийн академид элсэн орсон. Манай сургуулийн сургалтын төлөвлөгөөнд байлдааны самбын хичээл заадаг ч албаны бэлтгэлийн тэнхимийн  багш Д.Гантөмөр хурандаагийн хоёр хүүхэд нь  Өмнөд Солонгосын таэквондогоор хичээллэдэг байв. Багш өөрөө Олимпын таэквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байсан.  Д.Гантөмөр багш “Чиний хөлийн техник сайн, тэгээд ч адилхан таэквондо юм чинь Өмнөдийн тэмцээнд сургуулиа төлөөлөөд оролцож бай” гэж зөвлөснөөр Цагдаагийн академийн нэрийн өмнөөс Өмнөдийн таэквондогийн тэмцээнд сургуулийн дөрвөн жил тогтмол оролцож, амжилтаа ахиулснаар спортын мастерын болзол хангасан. Сургуулиа төгссөний дараа  Өмнөдийн таэквондогийн тэмцээн уралдаанд ШШҮХ-ийн болон ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны нэрийн өмнөөс тогтмол оролцдог байлаа.

-Өмнөд Солонгосын таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд та ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Надад олимпын таэквондогийн тэмцээний 10 гаруй медаль бий. Харин УАШТ-д нэг удаа түрүүлж үзсэн. Ихэнхдээ 2-3 дугаар байрт шалгардаг байлаа. Миний жинд  Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Б.Онон ордог байв.  Тэмцээн бүхэнд Б.Ононтой  таарч хожигдож мөнгөн, хүрэл медаль хүртдэг байлаа. Онон үнэхээр шилдгийн шилдэг тамирчин байсан.

- Оюутан байхдаа “Сонсогчийн алдар” тэмцээнд ордог байсан уу?

-“Сонсогчийн Алдар” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Миний жинд сонирхогчдын боксын  Монгол Улсын 13 удаагийн аварга Зул ах байнга л түрүүлдэг “Дархан аварга” шиг л тулаанч байлаа.  Би Зул ахын мөрөөр татна. Зул ах урт мөчтэй. Урт мөчөө ашиглаж зайнаас биедээ хүргэхгүй тулалддаг байв. Богино мөчтэй, намхан тамирчид  Зул ахаас оноо авна гэж бараг байхгүй. Солгой өрөлттэй болохоор тулаан хийхэд, тал таарахгүй их хүнд, хэцүү байдаг сан. Зул ах олон жил бокс, кикбоксоор тулалдсан. Гар, хөлийн цохилт сайтай, туршлагатай шилдэг тамирчин байсан тул би түүнээс  хожил авч чадахгүй ч хагас онооны зөрүүтэй хожигддог байсан.  Сонирхогчдын бокс, кикбоксын УАШТ-д ч Зул ахтай олон удаа таарч тулалдаж байлаа.

-Боксын спортоор бас хичээллэж байсан юм уу?

-Хойд Солонгосын таэквондод гар, хөлийн цохилтыг зөвшөөрдөг дүрэмтэй болохоор тулааны спортын бусад төрлүүдээр хичээллэх, тэмцээнд оролцох боломжтой байдаг.  Би хойд, өмнөд солонгосын таэквондогийн спортоор хичээллэхээс гадна бокс, кикбокс,  гардан тулаан, байлдааны самбо, киокушинкай каратэ зэрэг тулааны спортын төрлүүдээр хичээллэж тэмцээн уралдаанд оролцдог байсан. Би 1998 онд “Олимпус” клуб дээр  манай Олон улсын таэквондо, боксын клубтэй хамт нэг зааланд хичээллэдэг байлаа. Бэлтгэлийнхээ хажуугаар боксын МУГД Д.Оюунболд багшаар анх боксын техник заалгаж байв. Түүнээс хойш эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд цагдаагаар ажиллах хугацаандаа байлдааны самбо болон “Хүч” спорт хорооны боксын дасгалжуулагч Б.БатОрших багш дээр бэлтгэл хийж боксын хэд хэдэн тэмцээн уралдаанд амжилттай оролцож боксын спортын мастерын болзол хангасан.

-Анхны олон улс, тив, дэлхийн тэмцээнд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?

-Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох зардал, ивээн тэтгэгч байхгүйн улмаас төдийлөн олон тэмцээнд оролцож чадаагүй. Анх 2001 онд Олон улсын таэквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Түүний дараа 2002 онд Казахстаны  Алма-Ата хотод зохиогдсон гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2006 онд Испани Улсын Венидорм хотод зохиогдсон  Олон улсын таэквондогийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн. Улмаар 2011 онд  БНАСАУ-ын Пхеньян хотод зохиогдсон тэмцээн, 2015 онд Болгар Улсын Пловдив хотод, 2017 онд БНАСАУ-ын Пхеньян хотод, 2019 онд Болгар Улсын Пловдив хотод зохиогдсон тэмцээнүүдэд  амжилттай оролцож байв.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгөн, нэг хүрэл медальтай. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгөн медаль авсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алтан медаль, хоёр мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж байлаа.  

                                                                                                                                    Дэлхийн хошой аварга, ОУХМ Ж.Батулга, ах дасгалжуулагч Ж.Ганболдын хамт

-Тэмцээний зардлаа хувиасаа гаргадаг уу?

-Манай гэр бүлийхэн тэмцээн, уралдаанд оролцоход  дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Бэлтгэл сургуулилалт хийлгэж, үнэтэй зөвөлгөөг миний төрсөн ах Ж.Ганболд, болон  Олон улсын таэквондогийн багш, дасгалжуулагч, хамт бэлтгэл хийж нэг баг болж гар нийлдэг багийн тамирчид, бусад тулааны спортыг зааж сургасан туршлагатай, сайн багш дасгалжуулагч нарт баярлаж талархаж явдаг. Миний тэмцээний зардлыг байнга ивээн тэтгэдэг “Эбо холдоинг” ХХК-ны захирал Д.Отгонбаатар ахдаа болон тусалж дэмждэг найз нөхөд, ажлын хамт олныхоо тусламжтайгаар би энэ бүх амжилтыг гаргаж чадсан.

-2015 онд анх удаа дэлхийн аварга болжээ. Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаана болов?

-Олон улсын таэквондогийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгар Улсын Пловдив хотноо зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд манай улсын баг, тамирчид дэлхийн 81 орноос нийлбэр дүнгээр хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэж дөрөвдүгээр байрт шалгарсан.  Би хувийн хатуу биет хугалах төрөлд алтан медаль авсан. Манай эрэгтэй багийн тамирчин  Б.МөнхОргил, Э.Энхтөр, Б.Даваажамц, Р.Сайнжаргал, А.Дөлгөөн бид нар мөнгөн медаль хүртсэн. Таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа болдог онцлогтой.

-2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин түрүүлж, дэлхийн хошой аварга болжээ?

-2017 оны дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн  БНАСАУ-ын Пхеньян хотод болсон. Тэмцээнд дэлхийн 69 орны 500 гаруй шилдэг тамирчин, 
хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Багийн хатуу биет хугалах төрөлд манай эрэгтэй баг алтан медаль хүртсэнээр би дэлхийн хошой аварга болсон юм. Хувийн хатуугийн төрөлд Хойд Солонгосын тамирчинтай оноо тэнцэж, цаг сунган,  сугалаа сугалсан.  Тэгсэн иоп чаги цохилт хийхээр болов. Би өмнө нь дөрвөн хавтан захиалж хугалсан учир банзны тоог нэмж тав болгож даалгавараа амжилттай гүйцэтгэж хүрэл медалийн болзол хангаж,  Хойд Солонгосын тамирчин хугалж чадалгүй медалиас мултарч тавдугаар байрт шалгарсан.

-2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилт гаргав?

-Би тэр тэмцээнийг өнжих бодолтой байсан ч тэмцээнд явахыг шигшээ багаас надад санал болгосон. Тэгээд богино хугацаанд бэлтгэл хийгээд явсан. Тэр тэмцээнээс манай эрэгтэй багийнхан болох К.Сейтхан, М.Төрбаяр, Ө.Гантөмөр бид нар багийн хатуу биет хугалах  төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн. Энэ тэмцээнээс Ө.Гантөмөр хувийн тулааны төрөлд алтан медаль, эмэгтэй тамирчин Н.Гэрэлмаа хувийн хатуугийн төрөлд алтан медаль, хувийн тулааны төрөлд мөнгөн медаль хүртсэн.    

-Одоо ажлын хажуугаар дасгалжуулагчаар ажиллаж байгаа юу. Өөрийн клубийг нээж, гарын шавиа бэлтгэн гаргах бодол бий юу?

-Би өнгөрсөн 2019 оны аравдугаар сараас эхлэн “Тулга” тулааны спортын төв клубээ “Логарифм” ерөнхий боловсролын дунд сургууль дээр нээж, элсэлт авсан. Манай клуб Олон улсын таэквондо, олимпын таэквондо, бокс, кикбокс, кокушинкай каратэ, байлдааны самбо, гардан тулаан,  крав мага гэсэн төрлөөр тамирчдыг бэлтгэн гаргах зорилготой байгаа. Би өөрөө төрийн тусгай чиг үүргийн байгууллагад ажилладаг болохоор өдөр бүр гэмт хэрэг, зөрчлийн мэдээ сонсдог.  Үүний дундаас өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг өсөх хандлагатай. Хүүхэд хүчирхийлэлд өртөх нь олширч байна. Тиймээс хүүхэд, залуучуудыг бие бялдрыг өв тэгш хөгжилтэй, шударга, энэрэнгүй зөв хандлагатай, ёс зүйтэй сайн тамирчин бэлтгэхийг эрмэлзэж байгаа. Би 1990 -ээд оноос өнөөг хүртэл тулааны спортын олон төрлөөр хичээллэсэн.  Энэ хугацаанд нэлээд туршлага хуримтлуулж чадлаа. Хойшид ч анхаарах зүйл олон байна. Тэр бүгдийгээ  өөрийн шавь нартаа зааж сургахыг эрмэлзэж явна. Багш, дасгалжуулагчид надад “Тамирчин хүн гэдэг мундаг сайн тулаан хийдэгтэй биш.  Харин ёс зүйтэй, бусдыг хүндэтгэж чаддаг хүнийг л жинхэнэ тамирчин гэдэг юм” гэж зааж, сургадаг байлаа. Анх багшдаа хөөгдөж байсан үеэс өнөөг хүртэл би олон жил тууштай, зорилготой эргэж, буцалтгүй хичээсний үр дүнд Монгол Улсын 16 удаагийн аварга, дэлхийн хошой аварга тамирчин болж чадсан гэж боддог. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zaisan
    мундаг шүү
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Jandos
    Mundag ah shuu ulam ih amjilt husie tanid
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
Нийтлэлчид