Улаанбаатар 1c

Цэцгийн шим боловсрох цагаар далавчит оточийн өргөөнд

Нарсан ойн дунд налайх, анир чимээ багатай амгалан сууринг Шаамар гэнэ. Сумын төвөөр хаа нэг үзэгдэх хүмүүс бие биенээ андахгүй бөгөөд хаа холоос гар даллан мэндчилж, ойр явбал гар барин мэндэлж, хууч хөөрч тухлах нь найрсаг.  Хэзээнээс аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлээр алдартай энэ сумын иргэн бүр ажилсаг. Тиймдээ ч гудамж, талбай нь бөртийх ч хоггүй, хашаа, хайсны өнгө будаг өчүүхэн  халцархайгүй цэмбэгэр. Орчныг ажин зогсохуйд “Хүлээлгэсэнд уучлаарай“ гэсээр гартаа хэд хэдэн тортой зүйл барьсан настайвтар эмэгтэй ирсэн нь Ц.Батжаргал байв. Тэрбээр “Органик бал” хоршооны дарга хэмээх хариуцлагатай албыг хашдаг. Өдгөө 66 нас хүрч байгаа гэхэд үеийнхнээсээ хөнгөлүүхэн, ярих хэлэх нь тун ч цэгцтэй юм. Тэднийх сумын төвөөс арван километр орчим зайтай. Зөгийн суурин нь мөн л сумын төвөөс баруун тийш арваад километрт оршино. Нааш, цааш холхиход багагүй хугацаа орох энэ зайд огт түүртэхгүй нь ажилдаа хайртайнх биз ээ.
Орхоны хөндийгөөр багваахай цэцэг нэлэнхүй ургасан нь алсаас харахад шар ширдэг дэвссэн мэт туяарна. Ц.Батжаргал “Энэ жил багваахай цэцэг  жил жилээс их ургажээ. Хамгийн бал ихтэй цэцэг байгаа юм. Зөгий шимтэй цэцгийн бал хүртвэл, тамир тэнхээ нь нэмэгдэнэ. Аштай юу даа” хэмээн ярих нь хэдэн зөгийндөө үргэлж сэтгэл чилээж байдгийн илрэл. Бид цэцэгс алагласан замаар  давхисаар зөгийн сууринд ирлээ. Биднийг очих үед Ц.Батжаргалын том хүү Н.Батсайхан ирчихсэн, бусад ажилдчын хамт нүүдлийн сууцаа тохижуулж, ажил эд ундарч байв. Зөгийн суурингийн манаачаар Л.Лхагвасүрэн энэ жилээс ажиллаж байгаа аж. Эхнэр, охин хоёр нь тус хоршоонд элсэж, зөгий үржүүлэх болсон тул тэрбээр ийнхүү гар бие оролцож байгаа нь энэ. Нүүдлийн сууцны хаалгаар ормогц хананд нь эх зөгийний үржлийн хуанли болон балт ургамлын танилцуулга бүхий зурагт хуудсыг байршуулсан нь нүдэнд тусна. Мөн ногоон өнгийн дэвсгэртэй, шар  алаг зөгийнүүд бүхий ханын цаас, ширээн дээр тавьсан идээ, ундааны дунд зөгийн зурагтай цаас бүхий чихэр байх нь энэ хүмүүсийн ажил, амьдралд зөгий хэмээх жижигхэн амьтан дэндүү том орон зай эзэлдгийг илтгэнэ.

Цагаан өнгийн цэцэгсээр мөчир бүрээ гоёж, салхины аясаар ганхаж, цэл залуухныг нь илтгэх шүүслэг ногоон мөчрөөрөө урин дуудах монос тэргүүтэй төглийн дунд цагаан цэнхэр, ногоон алаг өнгийн жижгэвтэр модон хайрцагнууд дурайн харагдана. Ойртох тусам зөгийнүүдийн дүнгэнэх дуу тодхон сонсогдоно.

Ц.Батжаргал гэрээс сумын төв, сумын төвөөс нааш авчирсан богцоо задалбал талх, ургамлын тос, саван вок зэрэг байх аж. Бүр буцалсан ус халуун саванд хийж, хэдэн ширхэг кофе, ундаа ч авсан байна. Худалдаа үйлчилгээнээс хол суугаа нөхдөдөө хэрэгцээт зүйлсийг нь дөхүүлж иржээ. Бид таван хором сууж цайлсны дараа зөгийнүүдийг эргэхээр зэхлээ. Хүн бүр хамгаалалтын хувцас, бээлий өмсөж хувийн бэлтгэл хангах ба зөгийчин Т.Батсайхан утуурт аргал хийж, Ц.Оюунчимэг “Зөгийн аж ахуйн эрхлэгчийн талбайн түүхийн дэвтэр”  авч талбайн зүг алхлаа.  Цагаан өнгийн цэцэгсээр мөчир бүрээ гоёж, салхины аясаар ганхаж, цэл залуухныг нь илтгэх шүүслэг ногоон мөчрөөрөө урин дуудах монос тэргүүтэй төглийн дунд цагаан цэнхэр, ногоон алаг өнгийн жижгэвтэр модон хайрцагнууд дурайн харагдана. Ойртох тусам зөгийнүүдийн дүнгэнэх дуу тодхон сонсогдоно. Амгалан аж төрж буй тэднийг тавгүйтүүлэхгүйн тулд зөгийчид аяархан алхална. Хоёр талдаа бариултай, хайрцагны доод ирмэг хэсэгт тонгойж харахаас нааш анзаарагдамгүй,  зөвхөн зөгий л шургаж багтах нарийхан, урт нүхтэй, нүүхэд бэлдээд гэрийн буурин дээр орхисон авдар мэт жижиг модон хайрцаг доторхыг нүдээр харах гэж яарсандаа түрүүлээд гүйчихмээр байвч, зөгийчдийн алхаанд тааруулан ганц, хоёр гишгэх  хугацаа юутай удаан өнгөрсөн гэж санана. Суурингийн эргэн тойронд мод бут, цэцэг навч өнгө өнгөөр алаглах бөгөөд энхүүхэнд Орхон гол мэлтэлзэн харагдаж, урсгалын аяз чихэнд тодхон сонсогдоно. Энэ мөчид өнөөх модон хайрцагнууд яг л амралтын газрын дүнзэн байшин шиг санагдахад, үргэлж байгалийн сайхныг дагаж, цэцэгсийг сорчлон бал, шимийг нь хүртэн аж төрөх зөгийнүүдэд атаархах шиг. Түүнчлэн аргагүй л туршлагатай зөгийчид, андахгүй зөв газраа сонгож дээ хэмээн бодогдоно. Хоршооны дарга Ц.Батжаргал “Зөгийчид балт ургамлаа дагаж нүүдэллэдэг. Ургамал, цэцэгтээ ойрхон байрлавал зөгий ойр зайд нисэж, ядрахгүйгээр балаа цуглуулан, боловсруулна. Нүүхдээ таван километрээс хол зайнд буйраа сэлгэх хэрэгтэй. Бид зарим жил Зүүнбүрэн, Цагаануур зэрэг зэргэлдээ сум руу ч нүүдэл хийдэг”  хэмээн тайлбарлав. Талбайд ирэх үед зөгийнүүд дүнгэнэлдэн нисэх бөгөөд суурингийн хойд талын нилмэгэр том моносны саяхан дэлгэрсэн цагаан цэцгийн дэлбээн дээр нэгэн зөгий тухлажээ. Тэр дэргэд хэн нэгэн ирж, гэрэл гялтгануулан зургийг нь дарж буйг үл анзааран цэцгийн баланд шунан, хошуугаа лав гэгч дүрж тонголзоно.

                                                                         ЗӨГИЙНӨӨС Ч АЖИЛСАГ ЗӨГИЙЧИД

Биднийг ирэх үед бага зэрэг салхитай байсан тул үүрийг нь  нээлгүй түр азнав. Учир нь зөгий салхи шуургатай болон бороотой үед дургүй гэнэ. Хэдэн хором өнгөрч салхи намдсаны дараа зөгийн үүрийн гадна талын бэхэлгээ уяаг тайлж, дулааны хамгаалалт бүхий зөөлөвчийг аяархан авч, эгнүүлэн хийсэн зөгийн бал бүхий хавтангуудын дээр байрлах цаваг даавууг зөөлөн хуулах агаад энэ үед тусгайлан бэлдсэн аргалын утаагаар хөөрөгдөнө. Ийнхүү утах нь зөгийнүүдийг тайвшруулж, гэнэт үргэж, дайрахаас сэргийлдэг байна. Ерөөс зөгийн үүр онгойлгох, балт хавтангуудыг нээж үзэх үйл ажиллагаа маш нямбай, нярай хүүхэд хуурайлж байгаа мэт намдуухан байх аж. Гэвч арвин туршлагатай зөгийчний гар эвлэгхэн гэж жигтэйхэн. Нэг хайрцагт зөгийн бал хураах зориулалттай арван хавтан эгнүүлэн хийсэн байх бөгөөд зөгийнүүд борви бохис хийлгүй ажилласаар байв. Хамгийн захын хавтанг аяархан сугалан гаргаж ирэхүйд тоолж үл барам зөгийнүүд бужигналдана. Хавтан нилэнхүйдээ шаргалтан харагдах  бөгөөд ажилчин зөгийнүүд зургаан талст хэлбэрийн жижиг нүх рүү тонгойн балаа шахаж байх нь тэр. Харин эх зөгий гэх хүнээр бол дүүхэлзсэн өндөр хүүхэн гэмээр бусдаасаа хавьгүй биерхүү, тод эрээн алаг бөгстэй зөгий зөгийнүүдийг яран хөндлөн гулд, хүссэн зүгтээ туучна.

Зөгийчин Ц.Батжаргал “Энэ бүлийн эх зөгий залуу учраас өндөглөлт сайн байна. Эх зөгий сайн өндөглөж, ажилчин зөгий олон төрвөл арвин бал хураадаг. Сайхан үржжээ” хэмээхдээ морьны хорхойтон хурдан хүлэг шинжиж суугаа аятай харагдана. Тэрбээр хавтангийн балаар дүүрсэн хэсгийг хуруугаараа заан “Энэ хэсэгт зөгий балаа шахсан байна. Бүрэн шахаж дууссаны дараа зөгий лаваараа хааж, баринтагладаг. Тэр үед бал гүйцэт боловсорсон гэж үзэж, хураана. Бал боловсрох хугацаа 14 хоног. Гүйцэт боловсорсон бал хураавал  чанартай, органик бал гарна. Гэвч зарим аж ахуй эрхлэгч, худалдаачид ашгаа бодоод хугацаанаас нь эрт хураачихдаг” гэж тайлбарлав.

Өдгөө энэ сууринд 250 орчим бүл зөгий өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж, аж төрж байна. Нэг хайрцагт нэг эх зөгий, арваад эр зөгий, 20-30 мянга орчим ажилчин зөгийн байх бөгөөд тус тусийн үүргээ тун ч гарамгай гүйцэтгэнэ.  Зөгий ажилсаг төдийгүй зохион байгуулалттай амьтан аж.

Өдгөө энэ сууринд 250 орчим бүл зөгий өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж, аж төрж байна. Нэг хайрцагт нэг эх зөгий, арваад эр зөгий, 20-30 мянга орчим ажилчин зөгийн байх бөгөөд тус тусийн үүргээ тун ч гарамгай гүйцэтгэнэ.  Зөгий ажилсаг төдийгүй зохион байгуулалттай амьтан аж. Энэ тухай зөгийчин Т.Батсайхан “Зөгийнүүд өглөө бүр бэлчээрт гарна. Бэлчээрт гарахын өмнө хайгуулын зөгий ойр орчимд нисэж, хоол тэжээлийн судалгаа хийдэг. Хэрвээ балт ургамал 100 метрт байвал наймын тоо хэлбэртэй нисэж, 50 метр байвал нар зав ганц эргэж дохио өгдөг юм. Үүний дагуу зөгийнүүд бэлчээрт гарч, харуулын зөгий үүрээ манан үлдэнэ. Зөгий өглөө гарсан үүрээ өөрөө олоод ирдэг. Харин бэлчээрт гарсан хойно үүрийг нь хөдөлгөж болохгүй, төөрчихдөг юм” хэмээн тайлбарлав. Тэгвэл цэрэгжилтийн зохион байгуулалттай үй олон амьтныг өсгөж үржүүлэх, сайн чанарын бал хураан авч, хэрэглэгчдийн гарт хүргэнэ гэдэг зөгийчнөөс нөр их хөдөлмөр шаардана.  Хүн бүр өөрийн үүрэгтэй, үүргээ бүрэн гүйцэтгэж гэмээнэ үр дүн гарна. Зөгийн суурингийн манаач малын хөлөөс хамгаалах, салхи шуурга байгалийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Харин зөгийчид өөрийн хариуцсан зөгийгөө эргэж, тойрч, эх зөгийний эрүүл мэнд, өндөглөлтөд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд зөөвөрлөн солих,  өсөж, үржих ая тухтай орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Хоттой хонь шиг тоолж, толгой дараалан зүсэлж болохгүй үй олон зөгийг ширхэгчлэн хамгаалж, бүл, бүлээр нь өсгөн өрхийн хэрэгцээнээс давуулан үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг яггүй ажил аж.                                                                               ОРГАНИК БАЛНЫ ЭРЭЛД

Гоё шошго, уран тайлбартай олон бүтээгдэхүүнээс органик буюу цэвэр байгалийн гаралтай бал сонгоно гэдэг хэн бүхний мэдлэг дутсан асуудал биз. Харин зөгийн балны чанартай холбоотой олон асуултын хариултыг зөгийн сууринд өнжихдөө олсон юм. Ц.Батжаргал Хөвсгөл аймгийн ЧандманьӨндөр сумын хүн бөгөөд ОХУ-д тракторч, комбайнч мэргэжил эзэмшсэн нэгэн. 18-хан насандаа Сэлэнгэ аймгийн Шаамар суманд томилогдон ирснээр энэ сумын үйлдвэрлэл, хөгжилд гар бие оролцон яваа аж. Олон хүүхэдтэй тул эрт тэтгэвэрт суусан тэрбээр 2000 оноос зөгийн аж ахуйтай амьдралаа холбожээ. Анх хоёр бүл зөгий хүнээс худалдан авч үйлдвэрлэлээ эхэлж байсан бол 2014 оноос “Органик бал” хоршоог үүсгэн байгуулсан байна. Өдгөө энэ хоршоод 14 өрхийн 20иод хүн нэгдэж  органик бал үйлдвэрлэлд гар бие оролцон, хүчин зүтгэж явна.  Таныг хоршооны захирал гэх үү гэж асуухад “Үгүй, үгүй. Захирал гэж болохгүй шүү. Яахав, дарга гэж явдаг юм. Хувь хувьдаа зөгий үржүүлж, баг сагахан бал хурааж байхаар нэгдэж, бизнесийн түвшинд өргөжүүлэн ажиллах зорилготой хоршоо байгуулсан. Манайд Ц.Оюунчимэг, Е.Оюунцэцэг, Г.Одонсүрэн, Д.Оюунчимэг, Т.Батсайхан, Д.Оюунтуяа гэх мэт сайн зөгийчин олон бий. Бид гүйцэт боловсруулсан бал хурааж, хамтдаа загвар зөгийн суурин болохын төлөө ажилладаг” гэж сандрангуйхан хариулж, бусдыгаа магтах нь нэг л сайхан. Тэрбээр хийсэн бүхэндээ сэтгэлээ шингээдэг хуучны хүмүүсийн ховордсон зангаар зөгийн аж ахуйд бие, сэтгэлээ зориулж яваа нь хийсэн үйлдэл, хэлэх үг бүхнээс нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд “Зөгийчний унших бичиг”, “Эрүүл мэндийн далавчит оточ” зэрэг номыг орос хэлнээс хөрвүүлэх ажлыг санаачилж, зөвлөхөөр ажилласан нь өдгөө зөгийчдийн ширээний ном болжээ. Тус хоршооны албаны байраар орвол сарын төлөвлөлт бүхий самбар,  ХХААХҮЯ, Монголын зөгийчдийн нийгэмлэг, аймаг, сумын ЗДТГ-ын талархал, өргөмжлөл тэргүүтнийг байршуулсан ширээ бүхий цомхон тавилгатай өрөө угтлаа.

Харин ажилчдын өрөөнөөс цааш тусгаарлагдсан хэсэгт ариутгалын төхөөрөмж, бал боловсруулах машин зэргийг байршуулсан цэмцгэр тасалгаа байх нь савлагааны өрөө аж. Ц.Батжаргал “Чанартай зөгийн бал үйлдвэрлэн гаргахад тоног төхөөрөмж, стандарт чухал.  Тиймээс төсөл хөтөлбөр, сургалтад хамрагдаж олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй болсондоо баяртай байдаг” хэмээн ярив. Хүмүүс зөгийн бал сонгохдоо өнгийг чухалчлах нь бий.  Харин ямар ургамлаас тоосонцорыг цуглуулж, хураасан бал гэдгээс шалтгаалан өнгө болон царцах хугацаа харилцан адилгүй байдаг гэнэ.  Гагцхүү гүйцэт боловсорсон хойно нь хураасан бал хамгийн органик. Харин гүйцэт боловсорсон эсэхийг хараад мэдэх боломжгүй учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөгийн балны үйлдвэрлэл, худалдаа, чанар стандартад хяналт тавих хэрэгтэй гэдгийг зөгийчид дуу нэгтэй хэлж байв. Ерөөс эрхэлсэн ажилдаа сэтгэл хангалуун байж, зүтгэл өрнүүн байхыг энэ хэдэн зөгийчдөөс харж болно.   Эцсийн бүтээгдэхүүн хүний гарт очиж, тэдний эрүүл мэндэд нөлөөлөх учраас   хөнгөн хуймгай хандаж болохгүй хэмээн үзнэ. Мөн эрүүл мэндэд гойд ашиг тустай энэхүү амьтныг өсгөн үржүүлэхийн сацуу, байгаль дэлхийд хамгийн ойр аж төрөх тэд ширхэг цэцгийг ч хайрлах нь бахархмаар.
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид