Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Зураач С.Заяасайхан

Зураач Самбуугийн Заяасайхан 1975 онд төрсөн бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумаас гаралтай. 15 настайдаа лам болохоор шийдэн 2 жил шашны ном үзэж байхдаа түүний сонирхол уран зураг байсныг ойлгон 1997 онд “Соёл” сургуулийг, СУИС-ийн монгол зургийн ангийг 2002 онд төгсөж  урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнд өөрийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан байна. Ерөнхийдөө тэр жаахан antiactemic талдаа зураач хүн. Заяасайхан зураач болохын тулд заавал сургуульд явах шаардлагагүй гэж боддог. Заяасайхан анх яаж зураг зурж эхэлсэн тухайгаа ярихдаа: аав минь уран зохиол, зургийн багш хүн байсан учраас их гоё зурна. Бага байхдаа аав шигээ гоё зураг зурмаар санагдаад нэг л өдөр зураад эхэлсэн ажээ. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


Зураачийн ажлын зарчим бусад хүнийхээс тэс өөр. Цагт баригдахгүй, дээрээ даргагүй. Төвлөрөхүйц тухтай орчин шаарддаг. Өөрийн хийх бүтээх хүслийг байнга төрүүлэх, хийж буй зүйлдээ шунан дурлах хэрэгтэй байдаг.


Уран бүтээлдээ хамгийн сайн нь байхыг хичээнэ. Одоогийн бүтээлүүдээ өмнөх бүтээлүүдтэйгээ харьцуулж, өөрийгөө сайжирч байгаа эсэхийг хардаг. Бусдынхтай бол харьцуулдаггүй.


Зураач хүний жаргал гэдэг хэмжээлшгүй. Өөрөө өөртөө эзэн болж, бор гэртээ богд байна аа гэсэн үг. Хамгийн том жаргал нь эрх чөлөө. Бүтээлүүд нь хүмүүст үнэлэгдэж, хүрч байвал их баярлана.


10000 цагийн зарчим гэж байдаг даа. Ямарваа зүйлийг 10000 хийвэл түүндээ мэргэшдэг гэх энэ үзэлтэй би санал нийлдэг юм. 


 Өнгө гэдэг хүний сэтгэлд хамгийн түрүүнд хүрдэг, хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Өнгө нь алагласан хоол хүний юм идэх дуршлыг даруй төрүүлдэг шүү дээ. 


 

 Ер нь бүх юмны сэдэл нь чи өөрөө байх ёстой гэж боддог. Хэн нэгнээс болоод сайн юм уу муу байж болохгүй. 


Өөрийгөө ол. Би ч гэсэн өөрийгөө олох гээд явж байна. Өөрийгөө олно гэдэг нь өөрийгөө бүтээх гэсэн үг. Өөрийн хамгийн дуртай зүйлийг олж хийх гэсэн үг. Дуртай зүйлээ олсон бол тултал нь хий. Уран бүтээлийн хувьд хэзээ ч сэтгэл бүү хана. Өөртөө шүүмжлэгч бай. 


Амьдрал уран бүтээл хоёр бүхэл зүйл. Хүний сүүдэртэй ижил. Гэхдээ зураг зурахад асар их төвлөрөх шаардлага гардаг. Тэгж л сайн бүтээл гарна. Төвлөрөхийн тулд ер нь тусгаарлах шаардлагатай.


Эмэгтэй хүн өөрөө их баялаг ертөнц. Эмэгтэй хүнээр дамжуулан олон зүйлийг илэрхийлж болно. Нэг талаараа би эмэгтэй хүн зураад байгаа мэт боловч нөгөө талаараа эмэгтэй хүний дүрслэлээр дамжуулж өөр өөр мэдрэмжүүд л илэрхийлэхийг хүсээд байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид