Улаанбаатар 1c

Б.Амартүвшин: Аавыг нутаг буцахад Г.К.Жуков жанжин сэлмээ бэлэглэхэд нь эмээгээд аваагүй гэдэг

1970-аад оны үед Г.К.Жуков жанжин цус харвасны улмаас хэвтэрт орж, ЗХУ-ын эмч нар аргаа бараад байсан цаг дор Монголоос нэгэн алтан гартныг залж аваачсан нь нэрт бариач, ардын эмч Р.Бихаанз байсан юм. Тэрбээр Г.К.Жуковыг 14 хоног барьж, аюулт өвчнөөс нь салгаж, хөл дээр нь босгосон гэдэг. Өдгөө олны дунд  домог мэт дуурсагдах болсон энэ хүмүүний амьдрал, замналын тухай түүний хүү Б.Амартүвшинтэй ярилцлаа.

-Таны аавыг нутаг усандаа төдийгүй, ард олонд танигдсан бариач байсан гэж сонсоод таныг зорилоо. Аавынхаа тухай сайхан дурсамж хуваалцаач?
-Миний аав мундаг ой тогтоолттой хүн байсан. Хотоос гараад Завхан хүртэлх бүх уул, толгод, гол усны нэр, үүх түүхийг ярьдаг, мэдлэгийн уурхай болсон хүн байлаа. Уртын дууг цангинатал дуулчихдаг байв. Урлагийн томчууд манайхаар их орж, гарна.

Аавын сайхан дуулдгийг гайхна, хамтдаа дуулна. Бариач учраас бие нь өвддөг байсан уу унтахынхаа өмнө заавал 100 грамм татчихаад хэвтдэг байсан. Академич Б.Ширэндэв гуай аавын минь дотны нөхөр. Хааяа ганц шил юм дундаа тавьчихаад, сайхан хууч хөөрч суухыг нь сонсох дуртай хүү байлаа. Ингээд ярьвал аавтай минь холбоотой дурсамж дуусахгүй л дээ. 

-Бихаанз гуай аль нутгийн хүн бэ.  Бага залуу насныхаа тухай танд ярьдаг байв уу?
-Миний аав Рагчаагийн Бихаанз 1932 онд Завхан аймгийн Наран суманд, ганц охинтой, таван хүүтэй айлын ууган хүү болон мэндэлсэн.Тухайн үеийн хүмүүс төрсөн өдрөө сайн мэддэггүй. Мал төллөж байх үеэр, цагаан сарын дараахан төрсөн гэх мэт аж амьдралын онцлох үйл явдал, улирлаар багцаалддаг байсан даа. Аав өөрийгөө өвлийн эхэн сард мэндэлсэн гэж ярьдаг байв. Наран сум гэдэг нь одоогийн Тосонцэнгэл, Их уул сумын нутаг. Удам судраар нь хөөвөл, Засагт ханы Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Тариат, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумаар нутагладаг байжээ. “Цагаан гэрүүд” овгийнхон гэж хүмүүс бий.

Аавын минь аавынх жирийн малчин айл байсан учраас аав бусад хүүхдийн адил, хурга ишигтэй ноцолдож, хонь хариулж өссөн гэдэг. Өвөөгийнх цайны сүүний хэдэн үнээ, малтай хэрнээ дайнд хандив өгч байсан юм билээ. Угаасаа тийм ядруухан айл юм уу гэхээр нутгийн зарим хөгшин танайхны адуу малыг малладаг байсан гэж дурсах юм билээ. Тэгэхээр өндөр өвөөгөөс дээш удам нь бийлэгжүү, мал, хөрөнгөтэй байсан шиг санагддаг. Зарим нарийн ширийнийг нь би тодорхой хэлж мэдэхгүй юм. Ямартай ч аавын маань хүүхэд нас  дайны үед өнгөрсөн болохоор хүнд хэцүү, ядарч зүдэрч явсан гэдэг. Тухайн үед сургуульд орж, дотуур байранд амьдарч, балчир байхаасаа гэр орноосоо хол өссөн учраас аав ээж хоёр минь их эрт хэрсүүжсэн юм билээ. Завхан аймгийн Нөмрөг суманд  сургууль төгсөж, хожмоо 16 настайдаа эрдмийн мөр хөөхөөр сүүний машинд дайгдаад, Улаанбаатар хотыг зорьсон байгаа юм. 

-Хүмүүс Р.Бихаанз гуайг  бариач гэдгээр нь мэддэг. Гэтэл өндөр боловсролтой хүн байсан юм билээ?
-Тийм. Би аавыгаа тухайн үеийн сор болсон сэхээтнүүдийн нэг гэж боддог.  Аав Новосибирскийн Политехникийн дээд сургуулийг гидро-инженер мэргэжлээр төгссөн. Нутгаасаа гарч, явсаар 18 насандаа хотод ирж, шалгалт өгч тэнцсэнээр ЗХУ-д сурах эрхтэй болсон юм билээ. Хүссэн хүнд олдохгүй боломж шүү дээ. Тэгж бодохоор аав минь тэр холоос их хотыг зорихдоо тун ч алсыг харж, зорьж тэмүүлж, ирсэн мэт санагддаг. Үндсэн мэргэжлээсээ гадна ажил, амьдралын явцад Марксизм Леннизмийн сургууль, Төмөр замын сургууль гээд хоёр ч дээд сургууль төгссөн байдаг.

Олон ч ажил, алба хашиж явсан. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын үеэр 40, 50 мянгатын байшингуудыг ихэвчлэн модоор барьсан юм билээ. Модыг нь Туул голын эх буюу Хэнтийн нуруунаас бэлтгэдэг байсан бөгөөд аав бригадын даргаар нь ажилласан гэдгийг би мэднэ.  1980-аад оны үед Урчуудын эвлэлийн хорооны харьяа Хэвлэл, чимэглэлийн үйлдвэрийн даргаар, хамгийн сүүлд Боловсролын яамны Сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрт Ерөнхий инженерээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа. 

-Төрийн чухал алба хашдаг сэхээтэн хүн яаж яваад ардын эмчилгээтэй холбогдчихсон юм бол. Аавын тань удамд бариач байсан юм болов уу?
-Аавын ээжийн талд, хоёроос гурван үе дээшээ нутагтаа нэртэй бариач байсан тухай ам дамжсан яриа бий. Гэхдээ хэн гэж хүн байсан, яг хэдийд амьдарч байсныг нь тодорхой мэдэхгүй. Аавын бариач болсон түүх их сонирхолтой. Хэнтийн нуруунд мод бэлтгэлийн бригадын даргаар ажиллаж байх үед ажилчдын хоол, цай хийдэг бүсгүй хөл хүнд байсан юм билээ. Төрөх хугацаа нь болчихсон ч нярайлж чадахгүй дуншаад гурав, дөрөв хоносон байгаа юм. Сумын төв рүү эмч дуудсан ч, тэр холоос мориор очиж, хэл хүргээд, буцаад эмчээ аваад ирнэ гэхэд бас удна. Эмч ирэхийг хүлээвэл эх, хүүхэд хоёулаа эндэх аюултай.

Тэгээд аавын сэтгэлд багтаад, аргалж болмоор санагдаад байсан тул нөгөө эмэгтэйн хэвлийг барьж, хүүхдийг нь эх барьж авсан гэдэг. Одоогийнхоор бол хүүхэд буруу байрлалтай, хүйгээ ороочихсон байсан юм билээ. Сургуулиа төгсөж ирээд удаагүй, хорь гаруйхан настай, зоригтой ч байсан биз. Тэгж л анх гартаа мэдрэмжтэй гэдгээ мэдэж, ам дамжин яригдсаар, олон түмэнд бариач, ардын эмч хэмээн хүндлэгдсэн.  Юм гэдэг сонин. Би хэдэн жилийн өмнө Тэрэлжид ажлаар явж байгаад, нэг айлд цайлж, хууч хөөрч суутал, 80 гаруй настай эмгэн “Эгч нь өглөө бүр баруун хойд зүгт сүү өргөдөг. Анхны төрөлт дээр уулын мухарт, төрж чадахгүй зовж байхад Биханз гэдэг ачтан тус болж, амь насыг минь аварч байсан” гэж ярилаа. Нөгөө Хэнтийн нуруунд аавын анх барьж, төрүүлсэн эмэгтэй болж таарсан. “Би тэр хүний хүүхэд нь байгаа юм” гэтэл баярлаж байгаа гэж жигтэйхэн. Түүнээс хойш дөрвөн хүүхдийн ээж болж, том хүүхэд нь 60 хүрч, үр ачаа тойруулсан сайхан буурай налайж сууна билээ.  

-Танайхаар эмнүүлж, домнуулах гэсэн хүний  хөл тасардаггүй байв уу. Төрийн үүрэгт ажлын хажуугаар хаагуур нь барьж, домнох үйлийг амжуулдаг байсан юм бол?
-Аав өөрийгөө бариач гэж дуудуулах  их дургүй. Бариа хийснийхээ төлөө өргөл барьц ч авдаггүй,  олны тусын тулд өөрт заяасан мэдрэмж, авьяасаа зориулсаар дууссан хүн. Өглөө ажилдаа явахаас нь өмнө бариулах гэсэн хүмүүс  үүрийн таван цагаас эхэлж хаалга нүднэ. Орой ажлаасаа ирэхэд нь хүлээгээд сууж байдаг сан. Тэгээд шөнө дөл өнгөртөл хүн барина. Аав түүнд ерөөсөө түүртэхгүй, цааргалахгүй. Ийм л байх ёстой юм шиг хандана. Тэр их ажлын хажуугаар  байшин сав, хашаа хороогоо янзална. Зарим шөнө нойргүй хонох нь ч бий.

Ерөөсөө зүгээр сууна гэж байдаггүй, ундарсан  эрч хүчтэй, бүтээлч хүн байлаа. Зарим үед бариулж, эмчлүүлсэн хүмүүс үр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндээ даатгаж байгаа гээд эмчилгээгээ дуустал манайд байрлаж, хооллож, ундалж байгаад явсан. Ээж тасралтгүй гал тогоотой зууралддаг байж дээ. Зөвхөн ядарсан ард олноос гадна төрийн томчууд, Монголын сор болсон сэхээтнүүд  их ирнэ. Тухайн үеийн улс төрийн товчооны 11 хүнээс Ю.Цэдэнбал маршалаас бусад нь бүгд ирдэг байлаа. Ер нь манайх гэдэг айл дандаа л хүний хөлд дарагддаг  байсан.

-Толгой тархи, бөөр нуруу барихаас гадна хорт хавдар эмчилж байсан гэж сонссон?
-Аав 1960-аад онд Төмөр замын татах албаны даргаар ажилладаг байсан юм.  Тухайн үед ажилладаг, инженер н.Сэд гэж хүний эхнэр  хөхний хорт хавдар тусаж, эмчилгээгүй гэгдэж байсан. Хорь гаруйхан настай залуу бүсгүй, залуу гэр бүлийн хувьд маш хүнд туссан мэдээ байсан нь дамжиггүй. Тэгээд  ааваар бариулаад эдгэрсэн учраас буян санаж, насаараа гэр бүлийн найзууд  явсан. Тэд таван хүүхдийн эцэг эх болсон бөгөөд н.Нина эгч одоо ч амьд сэрүүн байгаа. Миний мэдэх нь л энэ. 

-Танай хашааг цэцэрлэгт хүрээлэн шиг, байшинг үлгэрт гардаг шиг хачин сайхан тохижилттой байсныг хүмүүс дурсан ярьдаг юм билээ? 
-Аав гарын дүйтэй, модоор их юм хийдэг байлаа. Найман настайгаасаа үүчүүр тоглоомын хээ зурж, айлын авдар хээлж, шанд нь төлөг авдаг додигор хүү байсан тухайгаа ярьдаг юм. Манайх анх Цагаанхуаранд байсан ч газарт орж, Чингэлтэй рүү нүүсэн юм. Аав  найман ханатай гэрээ томсгож, арван ханат болгосон. Үүдэнд нь том гонхон хийж, эсгий гэрийн гадуур модон саравч барьж, тохижуулсан. Ингэснээр гэрээ буулгах шаардлагагүй, гаднаасаа модон гэр шиг харагддаг. Мөн нам даралтын зуух хийж,  паараар халдаг болгосон тул  орон сууцнаас дутуугүй тохилог байв.

Түүнчлэн  дотор талд нь монгол гэрийн хээ хуар бүхий гоёмсог сийлбэр хийсэн. Энэ бүгдийг аав өөрийн гараар бүтээсэн. Хашаандаа олон төрлийн  мод  тарьж, ургуулсан тул бичил цэцэрлэгт хүрээлэн шиг л байлаа. Одоо манай ах тэр хашаанд амьдардаг. Тавь гаруй жилийн  настай бүдүүн моднууд бий. Нэг сонин түүх хуучлахад III, IV хорооллыг барихад аав барилгын даамал буюу одоогийнхоор талбайн инженер байсан юм. Тэр үед лифтнүүд том модон хайрцагтай ирдэг байж. Лифтийг нь авч угсраад, модыг нь хаячихдаг байсан болохоор аав модоор нь байшингаа барьчихсан гэнэ. Тэгтэл улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргээр зургаан сар Ганц худагт хоригдсон байдаг юм.

-Социализмын үед бариа засал, ардын эмчилгээ хийлээ гэж гадуурхагдаж байсан тал бий юү?
-Тэр үед Оросын анагаах ухаанаас бусдыг нь буруу номын гэж үздэг байлаа. Намайг багад манай гэрийн хажуугийн ууланд цагдаа зогсдог байсан. Р.Бихаанзынхаар хэн ирж, хэнтэй уулзаж байгааг нь тагнаж буй хэрэг. Эрхгүй улс төрийн томчууд өөрсдөө орж гардаг байсан тулдаа л ачаад явчихдаггүй байсан байх. Манайхаар социализм ардчиллынхан гэгддэг дарга, томчууд ирж, бариулдаг байсан. Аав гандангийн хамба лам агсан н.Гомбожавтай ойр дотно найзууд учраас уламлжалт эм тангийн талаар нэлээд суралцсан байдаг. Аавын минь туулж өнгөрүүлсэн амьдрал, бүтээн байгуулалт дэндүү олон.

Үе үеийн хамт олондоо нэр хүндтэй. Гэвч ганц нэг ойн медалиас өөр гавьяа шагналгүй, даруухан амьдраад буцаж дээ. Аавыг минь томоохон албан тушаалд томилох гэхээр бариач гэдэг нь садаа болно, шагнал өгчихвөл буруу номын эсэргүүг шагнасан болчих гээд, өгсөн, авсан хэн хэн нь хэрэгт уначих гээд болдоггүй байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би муу аавыгаа өрөвдөөд  цол, тэмдгийн наймаа ид цэцэглэж байх үеэр ээжтэйгээ ярьж байгаад “Ард түмний гавьяат” тэмдгийг мөнгөөр нь аваад өгчихсөн. Худалдаж авч өгсөн гэж мэдээгүй болохоор хөөрөөд, бурхан болтлоо  энгэртээ зүүж явсан даа, хөөрхий. Яах вэ, аавдаа шагнал худалдаж авч өгсөн гэж хүн муу хэлвэл тэр л биз. Тэртээ тэргүй аавыг минь түмэн мэднэ. Би аавынхаа сэтгэлийг л бодсон юм. 

-Аав тань Зөвлөлт холбоот улс руу залагдаж, хүнд өвчний улмаас хэвтэрт байсан Г.К.Жуков маршалыг эмчилсэн гэдэг. Энэ тухай дурсаач?
-Нэг орой аавыг гэртээ ажлаа хийгээд сууж байтал хар машинтай хүмүүс ирээд, “Бидэнтэй хамт явах хэрэгтэй байна” гэсэн гэнэ лээ. Тэр үед би хоёр настай, дүү дөнгөж төрсөн, ээж нялх биетэй байлаа. Ээж минь хэдэн хүүхдээ тэврээд, Чингэлтэй уулын мухарт уйлаад хоцорч байсан гэдэг. Энэ бол маш чухал, төрийн нууц гээд нэг ч тайлбар хийгээгүй.  Өмссөн хувцастай нь онгоцонд суулгаад, Москвад аваачсан хойноо нэг өрөөнд оруулчихсан гэсэн. Юу болоод байгааг ч мэдэхгүй,  хүн амьтан, орчноос тусгаарлаад байсан учир аав маш их айсан байгаа юм.

Маргааш нь машинд суулгаад, дагуулж явахдаа Зөвлөлтийн том удирдагчийн бие тун муу байгаа, энэ хүнийг илааршуулах хэрэгтэй хэмээн тайлбарлахад нь бага зэрэг тайвширсан гэсэн. Ингээд аавыг Г.К.Жуковын лагерийн байшинд аваачиж, нэг өрөөнд байршуулжээ. Тухайн үед Г.К.Жуков цус харваад, хэвтэрт орчихсон байсан юм билээ. Турж эцэн, бие нь жижгэрсэн ч атга дүүрэн том эрүүтэй хүн байсан гэж дурсдаг. Түүнийг 14 хоног барьж, эмчлэн хөл дээр нь босгосон хүн бол миний аав. Хамгийн сайн эмчилгээ хийгээд ч үр дүн гараагүй байхад, Монголоос ирсэн нэг бариач түүнийг хөл дээр нь босгочихно гэдэг гайхалтай шүү дээ. Үүнээс хойш аавын тухай яриа, нэр хүнд улам өссөн байдаг. Аавыг нутаг буцах болоход Г.К.Жуков жанжин өөрийн сэлмээ бэлэглэхэд нь аав  айгаад аваагүй гэсэн. Тухайн үеийн нийгэм нэг л буруу гишгэчихвэл хардагдаж, сэрдэгдэх асуудалтай байсан учраас тэгж болгоомжилсон байх. Хожим “Тэр сэлмийг нь авчихдаг байж, үр хүүхдэд минь дурсгалтай” гэж ярьж байж билээ. 

-Ер нь хэдэн нас хүртлээ бариа хийсэн бэ?
-Нас эцэстлээ бусдын төлөө явсан даа. Аав минь 82 насандаа улаан хоолойн хорт хавдраар өөд болсон. Хавдартай, хэвтэрт байхад нь ч хүн тасрахгүй,  ганцхан бариад өгөөч гээд гуйгаад суучихдаг байсан. Аав өөрийгөө яая гэж байж, тэсэхгүй босч ирээд барьдаг. Түүнийгээ “Би ийм л хувь тавилантай хүн юм даа” гэнэ. Олон хүнд буян үйлдэж явсан болоод ч тэр үү нэг их зовоогүй бурхан болсон. Өөрөө ч хүний гарт орчихгүй, өтгөн шингэнтэйгээ хутгалдчихгүй  юм сан гэж их ярьдаг. Тэр нь ч биеллээ олсон.  Аав ер нь их зөн совинтой хүн байсан. Өөд болохынхоо өмнөх орой “За би маргааш морин цагт амьсгал хураана байх” гэж хэлсэн нь ёсоор болсон. Өглөө нь нутаг, усандаа мөргөж, гэрээ тойрч ирчихээд, сууж байгаад л тэнгэр болсон.  

-Аав болгон хүүхдэдээ баатар. Гэхдээ олонд хүндлэгдсэн, үлгэр домог шиг үе дамжин яригддаг, мундаг бариач, сод билэгтний хүүхэд байх бахархмаар биз?
-Аавынхаа мундгийг өнгөрсөн хойно нь их мэдрэх юм даа. Бурхан болоод өчнөөн жил болсон ч хүмүүс дурсаад, баярлаж талархаж явдгаа илэрхийлэх сайхан. Миний аав төрийн том зүтгэлтэн, сайд дарга, байнга зурагтаар гардаг хүн биш. Хүн чанар, билэг авьяасаараа олны дунд цуу алдар нь түгнэ гэдэг бахархмаар. Багадаа бол манай аав бариа хийдэг л гэж боддог байсан. Аав биднийг загнана гэж ер үгүй. Хүнийг ялгаж харьцаж болохгүй, олонтойгоо явсан хүн алздаггүй юм аа гэж сургана. Хэдий биднийг хөрөнгө мөнгө, амттан шимттэнээр эрхлүүлж өсгөөгүй ч бүгдийнх нь гарыг ганзаганд хүргэж, дээд боловсрол эзэмшүүлсэн.

-Р.Бихаанз гэдэг эрхэм хүмүүний үр ач өдгөө өнөр өтгөн болсон биз. Удам залгасан хүн бий юү?
-Одоо ач, гуч нь нийлээд 50 гарчихлаа. Ээжийг минь Хасбаатарын Янжинлхам гэдэг, нягтлан бодогч мэргэжилтэй хүн бий. Аав, ээж хоёр 1969 онд ханилан сууж, таван хүүхдийн ээж аав болсон. Би айлын дунд хүү юм. Нэг эмэгтэй дүү маань өвчний улмаас өөд болсон.  Одоогоор яг удам залгасан бариач  төрөөгүй л байна. Том эгч Б.Энхтуяа маань сэргээн засахын эмч мэргэжилтэй. Одоо Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг. Биднээс арай дөхүү мэргэжилтэй нь юм уу даа. Бусад нь инженер, эрх зүйч, орчуулагч, сэтгэл судлаач мэргэжилтэй.

Аав маань өмнө нь амьдрал зохиож байсан  бөгөөд хүү, охин хоёртой. Бид нэг эцгийн хүүхдүүд учраас сайн харилцаатай байдаг. Харамсалтай нь, эх ондоотой том ах маань ч мөн бурхан болчихсон. Бид сүүлд  2011 онд нэг эгчтэй гэдгээ олж мэдсэн юм. Аав хойшоо сургуульд явахынхаа өмнө нэг охинтой үерхэж байсан юм билээ. Тэр эмэгтэй бие давхар болж хоцроод, бага залуу байсан учраас охиноо хүнд өргүүлчихсэн байгаа юм. Харин өргөж авсан ээж, аав нь  бурхан болохынхоо өмнө аавын тухай хэлснээр бид бие биенээ олж уулзсан. Тэр эгч маань манай  дүү Б.Энхтуултай хачин адилхан. Амьдрал тэгээд баян, сайхан юм даа. Сайн хүний үр сад гэдгээрээ бахархаж, нэрийг нь өндөрт өргөж явах чухал үүрэг л бидэнд үлддэг юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Бямбабаатар
    Ачтай буянтан байсан үр хүүхэд нь аз жаргал эрүүл энхийг хүсьe
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
  • Bi odoo ch bn
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Бямба
    Баяраллаа танд болон танаа гэр булд аз жаргал сайн сайхан бухныг хусэн ероое 1
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Кк.Аавын охин гайхсан уу?
    2020 оны 05 сарын 28
  • Баярлалаа. Таньд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
    2020 оны 05 сарын 28
  • Эрдэм
    Үнэхээрийн ажилсаг, жинхэнэ инженер хүн.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • 80 оны эхээр бага байхдаа эмээтэйгээ гэрт нь хэд очиж билээ залгаа гэр нь хээ хуар сийлбэр болсон хашаанд нь олон мод ургасан хачин сайхан цэвэрхэн айл байсан Бихаанз гуай сайхан ааштай өндөр хүн байсан санагдаж байна
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Бихаанз гэхэд Чингэлтэйд мэдэхгүй хүн байхгүй. Залгаа 2 гэртэй алдартай бариач хүн байсан.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Аавтай минь найз нэг нутаг нэг овгийн хүн байсныг санаж байна. Манайд ирдэг байсан.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Нараа Р
    Намайг сургуулийн сурагч байхад ээж минь хэд хэдэн удаа дагуулж очсон бодвол бариулах гэж л байх том гэртэй гэрийн үүдэнд залгаа байшинтай байсан гэрийн хөшиг панераар хийгээд орны аравчны хэсэгт гоё зураг зурсан нь сонирхолтой байсан их хүн ирдэг байсан
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • ene ahig sain tanih yum bna.eej mini namiag dagyylj ochij bariylj bsan.ger ni chingelteid ih goyo shan ail bsan.myndag bariach gej bsan.saya l ynshlaa.hvnii hol tasrahgvi.ih myndag hvn baijdee.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Оюу
    Энэ чинь одоо миний аав бна шд
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • Кк.Аавын охин гайхсан уу?
      2020 оны 05 сарын 28
  • Мундаг сайн бариач хүн байж дээ үр хүүхдүүд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • Баярлалаа. Таньд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
      2020 оны 05 сарын 28
Нийтлэлчид