Улаанбаатар 1c

Дундговь, Говьсүмбэрээс горилогчид

Монголчууд бид сар хүрэхгүй хугацааны дараа ирэх дөрвөн жилд төрд төлөөлөх эрхмүүдээ сонгох хариуцлагатай сонголттой нүүр тулна. Иргэд мөнгө, чихэр, гурил, будаа мэтэд хууртдаг үе ард хоцорч, улс орныг удирдаад аваад явах чадвартай, боловсрол, мэдлэгтэй залуу үеийг сонгохыг эрмэлзэж буй билээ. “Үндэсний шуудан” сонин сонгогчиддоо сонголт хийхэд нь туслах зорилгоор 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь танилцуулж, тэдний хэн нь хэн болох талаарх мэдээллийг хүргэж байгаа. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийг 20 тойрог болгон хувааж, хамгийн цөөн буюу 18 мянга орчим хүн амтай Говьсүмбэрийг Дундговьтой нэгтгэн, сонгуулийн хоёр мандаттай нэг тойрог болгосон юм. Үүнтэй холбоотойгоор тус тойрогт нэр дэвшигчдийн марафон амаргүй байх бололтой. УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймгаас нэр дэвшигчдийг танилцуулж байна.

МАН: Ерөнхий сайд асан, яруу найрагч

Зургадугаар тойрогт эрх баригч намаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, мөн УИХ-ын гишүүн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг нар нэр дэвших нь тодорхой болоод буй. Сү.Батболд бол 2000 оноос эхлэн сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаалд томилогдож, улс төрд сайн, муугаар дуудуулж, өнөөдрийг хүрсэн нэгэн. Түүний хувьд 2016 оны сонгуулиар дөрөв дэх удаагаа парламентад суух эрхээ авсан ч байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй дөрвөн жилийг үдэж буй. “Нэр дэвшинэ, дэвшихгүй” гэх “бор шувуу” ниссээр, сүүлчийн мөчид нэр нь ил болсон. Тэрбээр мөн азтай гэж болох тохиолдлоор Ерөнхий сайд болж байсан. Учир нь Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөд, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгээр 26 дахь Ерөнхий сайд болсон түүхтэй.

Харин 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан МАН ялагдал хүлээснээр тэрбээр намын дарга болон Ерөнхий сайдын албаа өгсөн юм. Мөн түүний нэр холбогдсон оффшор дансны дуулиан ил болсон. “The Guardian” сонин Багамын арлуудад бүртгэлтэй оффшор дансны тухай нийтлэхдээ олон улсад алдартай компани, улстөрчдийн нэрс байгааг мэдээлсэн юм. Тэр дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд бий гэдгийг онцолсон. Харин тэрбээр үүний эсрэг  “Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бидний энэ ажил хуулийн хүрээнд хийсэн бизнес.  “Бату Майнинг” нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Энэ компанид бид нууцаар ороогүй.

Тиймээс нууж хаах зүйл байхгүй. “Бату Майнинг”-ийн 11.9 хувийг С.Батболд миний бие 2013 онд худалдаж авсан. Энэ бол ил тод, хуулийн дагуу худалдаж авсан хувьцаа. Би хувьцаа худалдаж аваад зараад явсан. Монголын бизнесмэнүүдийн нэгэн адил зарчмаар л явсан юм. Оффшор компани байгуулаад, тэнд данс эзэмшээд байгаа зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрөгч сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон бөгөөд энэ жил ээжийнхээ нутаг Дундговийг бараадаж, бэлтгэлээ базааж эхэлжээ. Мөн түүний аавыг Дамдины Сүхбаатар, ээжийг нь Янжмаа гэдэг. Энэ сонин тохиолдлоор маркетинг хийж, сонгуулийн сурталчилгаандаа хэд хэдэн удаа ашигласан.

Мөн түүний нэр холбогдсон өөр нэг хэрэг бол “Чингис” зочид буудлын зүүн хойно, одоогийн “И-март” худалдааны төвийн газрыг 2013 онд авч үлдэхийн тулд авлига өгсөн гэх явдал. Ийм өргөдлийг нэгэн иргэн ил гаргаж, АТГ-т хандсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа. Дундговь аймгийн иргэд, алдартнууд Сү.Батболдыг 2020 оны УИХ-ын сонгуульд Дундговиос нэр дэвшихийг хүсэж, уриалга хүртэл гаргасан. Үүнээс түүний нэр хүнд тойрогтоо нэлээн өндөр байх магадлалтай нь харагдаж буй юм. Түүнтэй дөрөө харшуулах хүн бол УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон тэрбээр энэ жил намынхаа эмэгтэйчүүдийн квотын дагуу сонгуульд өрсөлдөнө.

Гэвч тэрбээр сонгогдсоноосоо хойш тойрогтоо бараг ажлаагүй гэж хэлж болно. Бараагаа харуулах төдий дөрвөн жилийг үдэж буй түүнд иргэд ам муутай байгаа гэнэ. Тэрбээр Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, МУИС-ийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлээр магистр хамгаалсан, Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан намтар нимгэнтэй. Г.Мөнхцэцэг мөн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан. Учир нь яруу найрагч Цоодолын Хулан түүнийг “УИХ-ын гишүүнээр сонгогдох наад захын боловсрол, ёс зүйгүй, МЗЭ-ийг толгойлж байхдаа мөнгө идсэн, 80 сая төгрөг завшсан” гэж зарласан. Ц.Хулан нь “найз” Г.Мөнхцэцэгтээ гишүүн болсных нь дараа зориулан уртаас урт захидал хүртэл бичсэн юм. Гишүүн болсноор түүний хөрөнгө, орлого нь байнга өссөн гэдэг. 

АН: “Парламентын сүнс”, “Чинээлэг малчин” төсөл санаалагч

АН-аас энэ тойрогт УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Одсэр нар дэвшиж байна. Б.Наранхүү Дундговь аймгаас АН-ын данстай парламентад сууж байгаа ч “Парламентын сүнс” хочтой. Тиймээс намын зүгээс түүнийг нэр дэвшүүлэх сонирхол тун бага гэсэн мэдээлэл хөвөрсөн. Гэсэн ч мөнгөтэй л бол шийдэгдэхгүй асуудал гэж үгүйн жишгээр тэрбээр намаасаа мандат авч чаджээ. Ийн түүнийг дэвшүүлсэн нь Б.Наранхүү намынхаа гол санхүүжүүлэгчдийн нэг гэнэ. Мөн тэрбээр ЖДҮ-д нэр холбогдож байсан. Дундговь аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон ч хуралдаа суудаггүй, үндсэн ажлаа хийдүүлж ирсэн гишүүнийг иргэд дахин сонгох нь юу л бол.

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт АН-аас хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч Л.Одсэрийн нэр огт дурсагдаагүй юм. Гэтэл тэрбээр гэнэтхэн л нэр дэвших болчихсон. Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан, “Чинээлэг малчин” төслийг санаачлагч Л.Одсэр нь бизнесийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн, Дундговь аймгийн угшилтай нэгэн аж. 2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан. Малын тоо бус чанар чухал, ашиг шим сайтай мал аж ахуй эрхэлснээр малчдын амьжиргаа сайжирч, тэрбумтан болох боломжтой гэж үзэн эхний төслөө Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж буй нь амжилттай яваа бөгөөд бусад аймгийн малчид ч түүнийг андахгүй болжээ.

Эвсэл: ГЕГ-ын дарга асан, “Онги гол”-ын тэргүүн

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт Зөв хүн электорат эвслээс бизнесийн ухааны магистр, инженер, био технологич Б.Ариунбаяр, ШИНЭ эвслээс ГЕГ-ын дарга асан О.Ганбат нэр дэвшиж байна. Б.Ариунбаяр гэж хэн болох талаар мэдээлэл алга. Харин Эвслийн Засгийн газрын буянаар О.Ганбат гэх хэн ч танихгүй шахам байсан энэ эрхэм  гааль гэх хаялгатай, унацтай их айлыг удирдах аз тохиосон.

Тэрбээр дарга болсон даруйдаа л өөрийн гэсэн хүнээ газар, хороодын даргаар сэмхэн тавьж чадсан гэгддэг. О.Ганбат нь Дундговь аймагт төрсөн бөгөөд Тайваний олон улсын худалдааны дээд сургуулийг зах зээлийн харилцаа судлалаар, Шинэ Зеландын Виктория их сургуульд англи хэлний чиглэлээр, Япон Улсад гүйцэтгэх засаглалын хөгжлийн менежментээр сурчээ. Мөн БНХАУ, ХБНГУ зэрэг улсад эдийн засгийн чиглэлээр, Удирдлагын Академид “Орчин үеийн менежерүүдийн сэтгэлгээний шинэчлэл, мэдлэг, инновацийн менежмент” зэрэг чиглэлээр суралцаж мэргэшсэн байна.

Тэгвэл Та бидний эвслээс Д.Энхсайхан, Ц.Мөнхбаяр нар нэр дэвшиж байна. Д.Энхсайхан нь эрхзүйч мэргэжилтэй, өмнө нь МАХН-аас НИТХ-д нэр дэвшиж байсан. Харин Ц.Мөнхбаяр нь агротехникч, сэтгүүлч мэргэжилтэй. “Онги гол” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд уул уурхайтай холбоотой олон асуудлыг нийгэмд ил болгож байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид