Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Фантастик Продакшны захирал, найруулагч, жүжигчин Бат-Өлзийн Тамир

Фантастик Продакшны захирал, найруулагч, жүжигчин Бат-Өлзийн Тамирын хэлсэн үнцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Хариуцлагыг маш өндөрт тавьж ажилладаг. Энэ үгийн үндэс нь хариуц гэсэн үг. Тэгэхээр багаараа хийх гэж байгаа ажлынхаа эцсийн цэг буюу уулын оргилыг хамтдаа хараад, модтой замаар явах уу, шавартай замаар явах уу гэх мэтээр арга замаа сонгоод, тус бүрнээ өөрийн өөрийн ажлыг хариуцаж авч явах ёстой. Би найруулагчийн хувьд бусдадаа тохирох ажлыг нь өгч, хариуцлага нэхэж явна гэсэн үг.


Урлагийн олон салбарын зангилаа болсон кино гэдэг сайн төлөвлөлтгүйгээр ямар ч амжилт олох боломжгүй ажил. Тэр дундаа хүн төлөвлөсөн ажлаа зоригтойгоор хаяж сурах хэрэгтэй байдаг. Төлөвлөчихсөн юм чинь яаж ийгээд болгочихмоор байна гэж цаг алдаж байснаас, энэ болох уу, болохгүй юу гэсэн нэг асуулт тавиад л дор нь шийдээд явчихвал цаг их хэмнэдэг.


Найруулагч хүн уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд хүргэх гэсэн санаануудаа хүргэж чаддаг нь хамгийн сайхан. Уран бүтээл нь сайн болж, хүнд хүрч чадвал нийгмийг ч тодорхой хэмжээгээр өөрчлөх боломжтой.


Нэг кино бүтээсний дараа аав минь юу ч хэлэлгүй хазаар, ташуур, чөдөр надад бэлэглэсэн юм. Энэ л надад өгсөн хамгийн том урам бөгөөд захиас байсан гэж боддог.


Би бол азтай л аавын хүү. Сайхан эцэг эх, сайн жүжигчдийн хүү болж төрсөн. Надад байгаа өгөгдөл бүхэн тэр хоёроос ирсэн. Эцэг эхээрээ овоглуулахгүй хүн гэж хаа байх вэ. Гэхдээ энэ хоёрын хүүхэд гэдгээр маань Бат-Өлзийн Тамир гэдэг хувь уран бүтээлчийн ажил бүрийг эцэг эх нь хийгээд өгчихдөг мэтээр даапаалж баалдаг хүмүүст би шууд л өөрийнхөө юу хийж чаддагийг шээсийг нь гоожтол үзүүлмээр болдог.


Монгол хүн итгэлгүй болчихож. Сайн яваагаа муулна, муу яваагаа муулна, 76-гаа муулна, хууль цагдаадаа итгэхгүй, өөрт тусалсан хүндээ итгэхгүй, бүр юунд ч итгэхгүй. Үнэт зүйл ч үгүй. Эрхэм зүйл минь гээд эх орон, газар шороо ярихаар улстөржүүлнэ гэж..


Гишгэж байгаа газар нутагтаа цээж дүүрэн амьсгаа аваад, ирээдүйгээ төлөвлөчихсөн, зорилгодоо хүрэхээр ажиллаж хөдөлмөрлөөд, алсыг хараад алхах чинь монгол хүний аз жаргал шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид