Улаанбаатар 1c

“Үнсүүлээд, инээгээд гарсан хүү минь амьд байсан ч болоосой”

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тогтоол ус үүсээд зургаан жил өнгөрчээ. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаар бий болсон тус тогтоол усанд шумбаж тоглохоор нийслэлийн гэр хорооллын арван сурагч зорьсон ч дөрөв нь эргэж ирэхгүйгээр мөнх бусыг үзлээ. Эдгээр арван хүүхэд нийслэлийн 39, 57, 61, 138 дугаар сургуулийн V-IX ангийн сурагчид бөгөөд Чингэлтэй дүүргийн IX, XII хороонд амьдардаг байж. Хэрэг гарсан өдөр буюу тавдугаар сарын 27-ны 11:00 цагийн үед тэд гэрээсээ гарч, XIX гудамжны үзүүрт тохирсон газраа тогтсон цагтаа уулзав. Хөвгүүдийн гэр хамар хашаа шахуу, нэг, нэг гудамжны зайтай оршдог болохоор байнга уулзаж, тоглоомын талбайд тоглодог байсан гэнэ.

Бид усанд осолдсон хөвгүүдийн гэрийнх нь ойролцоо очиход дунд ангийн болов уу гэмээр хоёр хүү хэнгэнэтэл уйлаад, гудамж өөд алхаж байлаа. Тэд ослын газарт байсан, нас барсан хүүхдүүдийн найз гэнэ. Болсон үйл явдалд итгэж ядан, тоглоомын талбайд найзуудыгаа хүлээж байх мэтээр санан, тэр хавиар эргэлдэж, эргэж ирэхгүйгээр нэг мөсөн одсонд нь эргэлзсэн ч бодит нөхцөл байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд уй гашууд автан, нулимс дуслуулан, гэрийнхээ зүг алхаж буй нь энэ. Тэд ослын талаар “Бидэнд тэр өдөр нэг найз маань “Олон жараахай байдаг газар олсон. Тийшээ явж зугаалъя” гэсэн юм. Бид автобусанд сууж, тэр газарт очсон. Тэгээд хөөсөнцрийг завь болгон, дээр нь суугаад, усан дотор тоглож байтал гэнэт салхи гарч хөөсөнцөр хөмөрчихсөн.  

Билгүүнтамир, Осгонтамир, Бүрнээ, Гантогтох ах хөөсөнцрөөс унаж, юу болсныг харахын завдалгүй ийм зүйл болчихсон. Бид хоёр эрэгт ойрхон, өвдгөөр татсан усанд жараахайгаар тоглож байсан юм. “Авраарай” гэж дуудах шиг болсон. Ус маш гүнзгий болохоор бид тэднийг аврах гээд чадаагүй. Тэр хавьд байсан хүмүүст хэлж байж, аврах хүмүүс ирсэн. Найзууд маань үхчихээд байхад хүмүүс зурагтаар “Биднийг хараа хяналтгүй явж байгаад үхсэн” гэх мэтээр худлаа яриад байна. Тэглээ гээд найзууд маань босоод ирэхгүй шүү дээ. Бид өмнө нь тэр газарт очиж байгаагүй. Зөвхөн энэ хавьдаа л тоглодог юм.  Дахиж хэзээ ч тийшээ очихгүй. Бид нар дөнгөж сая (өчигдөр 14:00 цагийн үед) Бүрнээ ахынхаар очиж, сүү өгөөд ирсэн.

Эгч нь аймар уйлаад, үнэхээр хэцүү байна лээ” хэмээн уйлан байж, арайхийн ярив. Хүний нялх үр хамар хашаанд олон жил амьдарч, дотно танилцаж, нөхөрлөсөн найзыгаа, ахыгаа алдчихсан байгаа болохоор бид өөр зүйл асууж чадсангүй. Харин хөвгүүд биднээс ах нарынхаа талаар “Үнэн бичээрэй” гэж чин сэтгээлээсээ гуйсан юм. Тэд хамгийн дотно хүмүүсээ хоёрхон алхмын цаана амь тэмцэж, тусламж хүсэж байхад нь юу ч хийж чадаагүй болохоороо насаараа  харамсаж, шаналж, зүрхэндээ хар толботой үлдлээ. Тэндээс холгүйхэн орших гудамжинд амь үрэгдсэн 15 настай хүү Б.Бүрэнтөгсийнх байдаг аж. 

Д.Бүрэнбаяр: Усанд уначихсан нэгийгээ аврах гэж байгаад бүгд живчихсэн гэсэн

Бид талийгаачийн аав Д.Бүрэнбаяраас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм. 

-Хүү нь гэрээсээ хэдэн цагийн үед гарсан бэ? 
-Би гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Охидууд маань 17, 20 настай. Харин хүүг маань Б.Бүрэнтөгс гэдэг, 15 настай. Би тогтсон ажилгүй учраас хааяа ажил олдвол хийдэг юм. Уг нь барилгын өрлөгчин мэргэжилтэй. Гэвч сахарын өвчтэй учраас тэр бүр ажил хийх боломжгүй.  Хэрэг гардаг өдөр 70 ширхэг төмөр буулгаж, 30 мянган төгрөг авах цагийн ажил олдоод, өглөө 05:00 цагт гэрээсээ гарсан.

Тэгээд ажлаа гялс амжуулчихаад гэртээ 09:30 цагийн үед ирэхэд хүү маань “Аав аа, би найз охинтойгоо уулзмаар байна” гэж хэлсэн. Төлөв, даруу хүүхэд болохоор миний зөвшөөрөлгүй бараг гэрээс гардаггүй. Хааяа нэг гэрийн хойд талын сагсны шийдэн дээр тоглодог. Тэгэхээр нь би “Чи хэдэн цаг явах юм бэ” гэхэд “Ганц, хоёрхон цаг явчихаад ирнэ. 11:00-12:00 цагийн үед уулзаад ирнэ” гэж хэлсэн. Тэгээд худгаас усаа авчихаад 11:00 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. 

-Гэрээсээ гарснаасаа хойш тань руу залгасан уу? 
-Өөрийнх нь утас эвдэрчихсэн болохоор утасгүй байсан. Миний утсаар л найзууд руугаа чат бичдэг байсан. Гэрээсээ гарснаасаа хойш над руу ч, хоёр эгч рүүгээ ч яриагүй. Бид хамгийн сүүлд дөрвүүлээ ширээгээ тойрч, хоолоо идээд, хүү маань явсан. Том охин маань тогооч болохоор “Ганц өдөр амарч байгаа дээрээ сайхан хоол хийчихлээ” гээд намайг ирэхэд сууж байсан. Гэрээсээ гараад, төд удалгүй буцаж орж ирэн нэг юм авчихаад надад үнсүүлээд, инээгээд гарсан. Тэрнээс хойш хараагүй хүүгээ. Харин хүүг гарсны дараахан манай эгчийн охин ирээд “Бүрнээ ах хойшоо найзуудтайгаа явж байна.

Найз охинтойгоо уулзана гэж хэлсэн” гээд орж ирсэн. Өнгөрдөг ах, дүү хоёртой цуг, бас амиа алдсан хүүгийнх рүү явж байсан нь тэр юм билээ. Найзындаа очоод, тэр гурав “Ус руу явах уу. Тэнд загас, жараахай байдаг гэж байна” гэсэн утгатай зүйл өнгөрдөг хүүгийн ахад хэлсэн гэсэн. Нөгөөх нь миний хүүтэй нас ойролцоо байх аа. Тэр хүү “Би явахгүй ээ. Ажилтай байна” гэж хэлээд, гэртээ орох хойгуур дүү нь тэдний яриаг сонсоод, хойд хаалгаараа нууцаар гараад ирсэн юм шиг байна лээ. Тэгээд тэд нийлж аваад, арвуулаа болоод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явсан гэж надад хэлсэн.  

-Цагдаагийн газраас танд хэдэн цагийн үед хэл дуулгасан бэ? 
-Өчигдөр (уржигдар) 19:40 цагийн үед цагдаагаас над руу залгаад “Тантай ярих юм байна. Та Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт хүрээд ир” гэхээр нь хүүгээ хэрэг төвөгт орооцолдчихлоо. Хүн амьтантай зодолдож барьсан юм болов уу гээд л хар хурдаараа сандарч, эгчийнхээ хүүхэдтэй гүйгээд очсон. Очиж замдаа нөгөө дүүдээ манай хүүтэй ойр дотно байдаг болохоор нь “Дүү чинь болох бүтэхгүй хүнтэй нөхөрлөөд, хэрэгт орчихсон бол яана. Чи дүүгээ сайн харж байхгүй” гээд жаал бухимдсан. Бас миний хүү төлөв, даруу хүмүүжилтэй юм чинь тийм үйлдэлд орооцолдохгүй байх гэж итгэж байсан.

Цагдаагийн газрын хаалгаар ороход нэг байцаагч “Та тайван байгаарай” гээд хэсэг чимээгүй болсон. Хүн хүүхдээ үхчихнэ гэж боддоггүй юм билээ. “Яагаад тайван бай гээд байгаа юм бэ. Хүнтэй зодолдсон юм уу” гэхэд “Таны хүү найзуудтайгаа усанд тоглож байгаад, нас барчихсан байна” гэсэн. Тэгээд л би нэг мэдэхэд Цагдаагийн газрын хаалгаар гараад, сандлын хажууд сөхрөөд уначихсан байсан. Тэр үед ухаан самуурч, юу ч ойлгоогүй. Хэрэг гарсан гэдгийг дүү маань дуулаад ,ээжийгээ дуудсан. Эгчийгээ ирэхэд арайхийн ухаан орж, юу болсон талаар цуг явсан хүүхдүүдээс нь асуусан юм. 

-Цуг явсан хүүхдүүд нь тухайн үед юу болсон талаар юу гэж ярьсан бэ? 
-13:00-14:00 цагийн үед тэнд очсон шиг байгаа юм. Тэд хэлэхдээ “Бид хүрээлэн дээр очоод, барилгын том том хөөсөнцөр голд хөвүүлж тоглосон. Тэгээд бүгдээрээ нэг, нэг хөөсөнцөр дээр гишгээд, завь болгож суусан юм. Бүрнээ ах доороо том хар лагтай хөөсөнцөр авчирч, хөвж байсан” гэсэн. Эхлээд тэдэнтэй хамт явж байсан хамгийн бага хүүхдийн хөөсөнцөр хөмөрч, усанд уначихсан гэсэн.

Тэгээд бүгдээрээ нийлж байгаад, нөгөө хүүхдээ уснаас гаргасан байгаа юм. Үргэлжлүүлэн хөөсөнцөр дээр завь болгон тоглож байгаад осолдчихсон. Эхний удаа нэгнээ аварч чадсан болохоор хамт явсан хүүхдүүд нь “Чаддаг юм бол дахиад авраарай” гээд нэгийгээ хөөсөнцрөөс унагаачихсан бололтой. Тэгээд тэрийгээ аврах гэж байгаад, нэг нэгнийхээ араас ус руу ороод уначихсан гэж байна лээ. Гэхдээ энэ зөвхөн хүүхдүүдийн л яриа. Нүдээр хараагүй болохоор яг юу болсныг мэдэхгүй. 

-Та хэргийн газарт очиж үзсэн үү?
-Үзээгүй. Хүүгийнхээ шарилыг ирэх мягмар гарагт авна. Хүүгээ сүүлчийн удаа гэрт нь хонуулаад, хөдөөлүүлнэ. Бид хамаатан, садан цөөтэй учраас хүүгийнхээ зургийг хэвлүүлж ч амжаагүй явна. 

-Хүү нь энэ жил IX анги төгсөх байсан уу ? 
-Дунд сургуулиа төгсөөд коллежид сурахаар төлөвлөж байсан. Манай ээж токарчин хүн байсан юм. Хүү маань “Аав аа, та хүүгээ харж байгаарай. Би эмээгийнхээ мэргэжлийг эзэмшиж, том амьдарна аа. Таныг сайхан авч явна” гэж их ярьдаг, мөрөөддөг байсан. Эхнэр маань хүүгээ хоёр сартай байхад, элэгний хорт хавдраар нас барсан юм. Хүүгээ би хар нялхаас нь эгчтэйгээ хамт өсгөсөн. Өөрийнхөө нэрнээс улбаалаад, хүүдээ Бүрэнтөгс гэдэг нэр хайрлаж байлаа. Ийм юм болно гэж бодож, зүүдэлж ч үзээгүй. Цагдаагийн газар руу явахдаа хүүгээ буруутгаж, хэрэг тарьсан байх вий гэхээс үхтлээ айж очсон. Гэтэл ийм зүйл болчихсон байсан. Хэрэг тарьсан ч хамаагүй миний хүү амьд л байсан болоосой.

Хүүгээ гэртээ ороод ирэх болов уу гэсэн шиг гэрийнхээ хаалгыг онгойлгож, байн байн хашааныхаа хаалга руу харуулдаж суугаад ийн ярихдаа тэрбээр хэдэнтээ нулимс унагаасан. Идэрхэн хүү нь иргэнийхээ үнэмлэхийг ч авч амжилгүй, аавдаа амласан мөрөөдлөө ч биелүүлж чадалгүй холын холд одчихсонд тэрбээр харуусан байв. “Ээж рүү яарсан юм байх даа” гэж хоолойгоо чичрүүлэн байж хэлсэн түүний  эгчийн үг гол зурам. 

Дүү нар маань тоглоомын талбай дээр жаахан тоглоод ирнэ гээд гарсан

Б.Бүрэнбаяр хүүтэй хамт явсан есөн хүүгийн гурав нь амиа алдсан. Хамт явсан ах, дүү хоёрын дүү нь эхэлж усанд унаж, ах нь аврах гэж ороод, араас нь бусад нь амиа алдсан гэнэ. Энэ талаар ах, дүү хоёрын нагац ах Т “Би амиа алдсан ах, дүү хоёрын бараг төрсөн ах шиг нь хүн. Ээжийнх нь төрсөн дүү нь байгаа юм. Бид хамт амьдардаг. Тэд Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд VI, VII ангид сурдаг. Хэрэг гардаг өдөр би амарч байсан болохоор дүү нарыгаа гарах үеэр гэртээ унтаж байсан юм. Тэр хоёр эгчдээ “Тоглоомын талбай дээр жаахан тоглоод ирнэ” гээд гарсан гэсэн.

Зөвхөн тоглоомын талбай дээрээ л тоглодог учраас ийш, тийшээ явна гэж огт бодоогүй. Хэрэг гарсан газар руу ганц ч удаа очиж үзээгүй. Яагаад тийшээ явсныг бид үнэхээр гайхаад, олохгүй байна. Аав, ээж хоёр нь гандан орж ном уншуулаад, шарилыг нь авахаар явсан. Өчигдөр (уржигдар) орой 19:45 цагийн үед Цагдаагийн газраас над руу “Хурдан хүрээд ир. Ярих юм байна” гэж хэлсэн. Ах, эгч рүү бас тэгж ярьсан гэсэн. Дүү нарын талаар очин очтол юу ч хэлээгүй. Аав, ээж хоёр нь үнэхээр хэцүү байгаа. Манай хоёр дүү сэргэлэн, цовоо хүүхдүүд. Хичээлдээ сайн, хүний үгэнд оромтгой. Хэн уруу татаад, тийм газар руу явсныг мэдэхгүй. Үнэхээр итгэж ч чадахгүй байна. Өөрийн мэдэлгүй л тоглоно гээд гарсан тоглоомынх нь талбайд ирчихсэн байж байна” гэв. 

Хотын дарга аа, таны албан тушаал бяцхан үрсийн аминаас үнэтэй юм гэж үү

Хөвгүүдийн бүлээн амь тасрахтай зэрэгцээд нийслэлийн холбогдох албан тушаалтнууд  “Тавдугаар сарын 10-нд тухайн газарт очиж ажилласан. Тэр үеэрээ зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан” гэх мэдээллийг өгөв. Тэдэнд ядахнаа хүүхдүүдийн төлөө ганцхан хором чимээгүй суугаад, эмгэнэл илэрхийлчих зүрх сэтгэл байсангүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” компанийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй. Аюулгүй ажиллагааны журам баримтлаагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэг ажлаас нь чөлөөллөө. 

Хотын дарга та хэрэв энэ бүх зүйлийг мэдэж байсан юм бол яагаад тэр дор нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан компанийг зогсоогоогүй юм бэ. Тэгээд гэнэтхэн л бусад руу алдаагаа чихэж, ажлаас нь халсан болгоод хэргийг дарах бодолтой байгаа хэрэг үү. Өөрөө уснаас хуурай гарахаар улайран зүтгэж байгааг чинь харах үнэхээр эмгэнэлтэй байна. Таны албан тушаал бяцхан үрсийн аминаас үнэтэй юм гэж үү.  

 Газрын наймааны балаг

Хэрэг гарсан газрын 3.36 га газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл "Хан талст" компанид наран шарлагын цогцолборын зориулалтаар ашиглуулах зөвшөөрлийг 2014 оны зургадугаар сарын 23-ний 01/2129 дугаартай албан бичгээр олгож байжээ. Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн санд “Хан талст” компанийн эзэмшигчээр Монгол Улсын гавьяат барилгачин Ш.Бат-Энх гэдэг хүн байдаг аж. Тэрбээр “Баянзүрх” захын эзэн гэнэ. Харин түүний эхнэр И.Нарантуяа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан.

Ш.Бат-Энх, И.Нарантуяа, тэдний охин Б.Энхжаргал нар “Гэр бүлд ээлтэй шийдэл” ТББ ажиллуулдаг гэнэ лээ. Хууль зөрчин байж олгосон газрын наймааны балгаар дөрвийн дөрвөн хүүхдийн халуун амь тасарчихлаа. Тэд хаана ч тоглох эрхтэй. Харин Улаанбаатар хотын удирдлагууд аюулгүй орчныг бүрдүүлсэн байх учиртай. Хүүхдүүд эзгүй хээр газар очоод, голын эргээс унаж, амиа алдчихсан юм биш. Эзэмших эзэнтэй, амралтын цогцолбор газарт, харуул хамгаалалтай бүсэд амиа алдсан нь асуудал юм. Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан эмэгтэйгийн нөхрийн эзэмшлийн газарт хүүхдүүд амиа алдана гэдэг бүүр ч аюул юм.

Үргэлжлэл бий...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид