Улаанбаатар 1c

Б.Оюумаа: СЕХ хууль бус сурталчилгааг шалгаж, тогтоох эрхгүй

УИХ-ын сонгууль ирэх сарын 24-нд болох тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)- ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа. 

-УИХ-ын энэ удаагийн сонгуульд урьд жилүүдээс олон хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа. Нэр дэвшигчдийг ямар тохиолдолд бүртгэхээс татгалзаж  байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь заасан хугацаанд баримт бичгээ ирүүлэх ёстой. Ингэхдээ дутуу материал бүрдүүлсэн, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тохиолдолд СЕХ бүртгэхээс татгалзана.УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33.1-д ямар тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахыг тодорхой заасан.

Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй, нам эвслүүд тавдугаар сарын 10-16-ны хооронд хурлаа хийгээгүй, бие даан нэр дэвшигч нь заасан хугацаанд гарын үсгээ цуглуулаагүй бол хүчингүйд тооцно. Мөн татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох юм. Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн, бүрдүүлсэн материал хуурамч нь шүүхээр тогтоогдвол мөн бүртгэхээс татгалзах үндэслэл болно. 

-СЕХ бүртгэхээс татгалзсан тохиолдолд нэр дэвшигч хэрхэх вэ?
-Нэр дэвшигч зөрчлөө арилгаж, дахин бүртгүүлэх хүсэлт гаргаж болно. Өөрөөр хэлбэл, татварын өртэй бол өр төлбөрөө барагдуулаад, бүртгүүлэх хүсэлт гаргаж болно. Мөн нам, эвслээс тухайн хүнийхээ оронд өөр хүн дэвшүүлж болох зохицуулалт бий.

Хууль зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд нэр дэвшигчийг хасна

-Нэр дэвшигчээр бүртгээд, сонгуулийн сурталчилгаагаа хийж байх явцад нь эргүүлэн татах хуулийн заалт, бий юү?
-Хууль бус сурталчилгаа хийсэн, хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлд бусдын нэр төрд халдсан, хуурамч мэдээлэл, гүтгэлэг тараасан бол гэх мэтээр энэ талаар тодорхой заасан. 75.2-т хуулийн ямар зүйл заалт зөрчвөл СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй болгох талаар заасан. Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг хассан бол саналын хуудаст нэрийг нь бичихгүй. Харин хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр хүчингүй болсон бол тухайн нэр дэвшигчид өгсөн иргэдийн саналыг хүчингүйд тооцно. 

-Хууль бус сурталчилгаа гэдэгт юу орох вэ?
-Хууль бус сурталчилгааг хоёр хэсэгт хувааж авч үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойшхи хугацаанд болон сонгуулийн сурталчилгааны хугацаанд юуг хориглох талаар заасан. Эд мөнгө тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, үйлчилгээ үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүмүүст амлалт өгөх, гэрээ, хэлцэл хийх, сонгуульд оролцохоос татгалзахыг уриалж, хууль, тогтоомж зөрчиж сонгогчийн сонгох эрхэнд халдсан уриалга, ухуулга, сурталчилгаа хийсэн тохиолдолд хууль бус сурталчилгаа гэж үзнэ. Хууль бус сурталчилгаа, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгч болно. Цагдаагийн байгууллага шалгаж, хууль зөрчсөн байна гэвэл Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхээр шийдвэрлүүлэн тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх юм. СЕХ руу маш олон хүн хандаж “Хууль бус сурталчилгаа гарч байна” гэж мэдээлэл өгч байгаа. Гэтэл хуулиараа СЕХ-нд үүнийг шалгаж, тогтоох эрх байхгүй. Тэгэхээр ЦЕГ, ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) үүнд хяналт тавина. 

-Эд мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн нь батлагдвал нэр дэвшигчдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Нэр дэвших эрхийг нь хасна. Мөн хууль бус сурталчилгаа хийж байгаа, мөнгө, эд зүйл тарааж буй талаар мэдээлэл өгсөн иргэнийг тухайн барааных нь үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр урамшуулна. Урамшууллыг гэм буруутай этгээдээр гаргуулахаар заасан. Энэ бол иргэдийн зүгээс тавих хяналт. ЦЕГ, СЕХ зэрэг эрх бүхий байгууллагууд хүн бүрт хүрч ажиллаж чадахгүй. Тэгэхээр иргэдийн мэдээллийн дагуу хууль бус сурталчилгааг илрүүлж, зохих арга хэмжээ авна. 

-Мэдээлэл өгснийхөө төлөө иргэн аюулд өртөх магадлалтай. Тэгэхээр тухайн иргэнийг хамгаалах талаар зохицуулалт байгаа юу?
-Үүнийг бусад хууль, тогтоомжоор зохицуулсан. 

Нэр дэвшигчид заавал эрх авсан радио, телевизээр сурталчилгаагаа цацна

-Нэр дэвшигчид сурталчилгаа хийхдээ юун дээр анхаарах шаардлагатай вэ. Мэдэхгүйгээсээ болж гаргаж магадгүй ямар зөрчлүүд байна вэ?
-
Нэр дэвшигчид радио, телевиз, цахим орчинд сурталчилгаагаа явуулж болно. Ингэхдээ заавал эрх авсан радио, телевизээр цацах юм. Өөрөөр хэлбэл, ХХЗХ-ноос гаргасан жагсаалтад багтсан радио, телевизтэй гэрээ байгуулж, сурталчилгаа явуулна гэсэн үг. МҮОНРТ төлбөргүй сурталчилгааны цагтай. Нам, эсвэл, нэр дэвшигчдэд адил тэнцүү нөхцөл боломжоор хангасан байхаар хуваарийг баталж байгаа. Хуваарь болон радио, телевизийн жагсаалтыг ХХЗХ цахим хуудаст байршуулна. Нэр дэвшигчдийн нэрсийг албан ёсоор зарлахаар хэн гэдэг нэр дэвшигч МҮОНРТ-ээр хэзээ төлбөргүй сурталчилгааны цаг авч болох нь тодорхой болно.

-Сонин, сэтгүүлд үүн шиг тусгайлан заасан заалт байгаа юу?
-Сонин, сэтгүүлийг бүртгэх талаар заасан зүйл байхгүй. Хэвлэмэл  материалаар сурталчилгаа явуулах гэж бий. Ингэхдээ гурван хэвлэлийн хуудас сонин, мөн ийм тооны сэтгүүл, нэг хэвлэлийн хуудас ухуулга байж болно гэж заасан. Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь бичгийн цаасны найман нүүр гэсэн үг. Гурван хэвлэлийн хуудас сонин, сэтгүүлээ хэрхэн хэвлүүлэх нь тухайн нэр дэвшигчийн асуудал. Гэхдээ нийт хэмжээ нь дээрх тооноос хэтрэхгүй. 

Мөн цахим орчинд сурталчилгаа явуулахтай холбоотой зохицуулалт бий. Үүнд тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн вэб сайтууд, мөн олон нийтийн сүлжээний цахим хуудас буюу фэйсбүүк, твиттер, инстаграмм орно. Бусад гэдэгт мэдээллийн сайтууд орж байгаа. Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс хойш гурван хоногийн дотор олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа явуулах цахим хуудсынхаа хаягийг аймаг, нийслэлийн Сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ. Ингэснээр тухайн сайт, цахим хуудсыг тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь албан ёсных гэдгийг үүгээр нотолж, хууль бус сурталчилгаа, хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон агуулгатай зүйл цацагдахаас сэргийлэх юм.  

Сонгуулийн үеэр “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллана

-Хэрэв цахим хуудсаа бүртгүүлээгүй бол ашиглахыг хориглоно гэж заасан. Бүртгүүлсэн эсэхэд хэрхэн хяналт тавих вэ. Бүртгүүлээгүй байж ашиглаж, эсвэл хуурамч хаяг нээсэн бол хэрхэх вэ?
-Сонгуулийн үеэр ХХЗХ “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллаж байгаа. Уг нь Монголд оффис нээж, ажиллана гэж байсан боловч нөхцөл байдалтай уялдуулан онлайнаар ажиллахаар болсон. Мөн монгол хэлтэй хүмүүсийг сурган, ажиллуулж байгаа. Бүртгүүлээгүй аккаунтаар сонгуулийн сурталчилгаа явж байгаа эсэхийг агуулгаар нь хянана. Мөн ЦЕГ, ШӨХТГ, МХЕГ давхар хяналт тавина. 

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журам баталсан

-Ямар нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох вэ?
-Сонгуулийн тухай хуульд заасныг зөрчих юм бол Зөрчлийн тухай хуулиар зохицуулна. Хүн, хуулийн этгээдэд бол торгуулийн арга хэмжээ авахаар заасан. ХХЗХ цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг хууль бусаар явуулж байна гэж үзэх юм бол олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, бууруулах технологийн арга хэмжээ авах боломж бий. Мөн Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих тухай журам баталсан.

Хэрвээ радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаарх журам зөрчвөл эхний удаа сануулж, дараагийн удаад нэвтрүүлэх эрхийг нь санал авах өдөр хүртэл цуцална. Нэр дэвшигчдэд олгох хугацаагаа хэтрүүлэх, нэвтрүүлэх зарчмаа зөрчвөл телевиз, радиогийн зөвшөөрлийг ХХЗХ-ноос хүчингүй болгохоор заасан. Харин сонин, сэтгүүлийн хувьд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ. 

-Хуульд сонгуулийн сурталчилгааг нэр дэвших үнэмлэхээ авсны дараагаас эхлэхээр заасан боловч нэр дэвшигчид эхнээсээ нэвтрүүлэг хөтлөх, нэвтрүүлэгт орох, орчуулсан номоо сурталчлах нэрээр самбарт зургаа өлгөж, сурталчилгаагаа эхэлчихлээ. Энэ хууль бус сурталчилгаа мөн биз дээ. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн СЕХ үүнд хяналт тавих эрхгүй. Бид сонгууль зохион байгуулахаас биш, зөрчлийг шалгаж, шийдвэрлэдэг байгууллага биш. Зарим хүн манайхыг сонгуультай холбоотой бүх зүйлийг хариуцдаг гэж ойлгодог. Тийм биш. Хууль бус сурталчилгаатай холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад нотлох баримттай өгнө. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, зөрчлийн хэрэг байна гэж үзэх юм бол Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиараа шийдвэрлэнэ. 

Сонгогчид халдваргүй орчинд саналаа өгнө

-Коронавирустэй холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, цуглаан хийхийг хориглоод байсан. Харин сонгуулийн үед нэр дэвшигчид уулзалтаа хэрхэн хийх вэ?
-Засгийн газрын өчигдөр (уржигдар)-ын хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвараас сэргийлэх журам гарсан. Тус журмаар санал өгөх болон сурталчилгааны үед нам, эвсэл, нэр дэвшигчид, иргэд юуг анхаарах, сонгуулийн байгууллага иргэдийг аюулгүй, халдваргүй орчинд яаж саналыг нь авах талаар зохицуулсан. Сонгуулийн сурталчилгааг аль болох цахимаар зохион байгуулна. Хэрэв уулзалт, хурал, цуглаан хийх бол хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

Байранд сурталчилгаа хийх бол өмнө нь заавал ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хийж, уулзалтын хугацаа хоёр цагаас ихгүй байх юм. Мөн хурал, цуглаанд оролцогчид аль болох нэгэндээ хүрэхгүй, гар барихгүй байж,  заавал амны хаалт зүүнэ. Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхдээ тухайн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг амны хаалтаар хангах үүрэгтэй. Сургуулийн заал, танхимд уулзалт, цуглаан хийх бол хүмүүсийнхээ халууныг шалгаж, амны хаалт өгч, гарыг нь халдваргүйжүүлэх шаардлага тавьж байгаа. Халуун хэмжигч, амны хаалт, гар ариутгагч зэргийг тухайн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллага, шадар туслагч нар хариуцна. Гэхдээ нэг хүнд нэг л амны хаалт өгнө.

Мөн амны хаалт дээр ямар нэгэн лого, сурталчилгааны шинж чанартай зүйл байж болохгүй. Учир нь амны хаалтын ариун цэвэр алдагдахаас сэргийлж байгаа. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газар хурал, цуглаанаа аль болох хийх зөвлөмж өгнө. Ухуулах байранд ажиллаж байгаа хүмүүст байнга агаараа сэлгэж, хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур зэрэг хатуу гадаргууг хоёр цаг тутам халдваргүйжүүлэх бодистой уусмалаар цэвэрлэх шаардлага тавьж байгаа. Мөн ажиллаж байгаа хүмүүсийнхээ биеийн халууныг өдөрт хоёроос доошгүй удаа хэмжиж, тэмдэглэх хэрэгтэй. Түүнчлэн ухуулга сурталчилгаа хийх, хурал цуглаанд очих, санал өгөхдөө сонгуулийн насанд хүрээгүй хүнийг дагуулж явахгүй байх заавар бий. Тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүсийн амны хаалт, бээлий, бусад хог хаягдлыг цуглуулж, тодорхой нэг ажилтан хогоо гялгар уутанд битүүмжилж, зориулалтын хогийн цэг дээр хаяна. 

-Санал өгөх үеэр ямар зохицуулалт хийж байна вэ?
-Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авахдаа ажилтнууд амны хаалттай, бээлийтэй байна. Мөн айлд орохдоо нэг удаагийн улавч өмсөж, сонгогчийн саналыг авахаар заасан. Саналын хайрцаг, үзэг, бүхээг, хатуу гадаргуутай зүйлсийг халдваргүйжүүлэх уусмалаар байнга цэвэрлэхээс гадна санал өгч байгаа сонгогчдод амны хаалт, бээлий өгнө. 

Сонгогчид зургадугаар сарын 24-нд санал өгөхдөө санал авах байрны гадна болон дотор аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метрт барих ёстой. Орж ирж байгаа хүний халууныг үзэж, амны хаалт өгч, гарыг нь халдваргүйжүүлээд, бүртгэл хийлгэснийх нь дараа дахиж гараа халдваргүйжүүлнэ. Энэ бүхнийг алхам алхмаар заасан зааварчилгааг тун удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэддээ хүргэнэ. Санал өгөхөөр ирж байгаа хүн бүрт амны хаалт, бээлий тараана. Сонгогчид халдваргүй орчинд аюулгүйгээр саналаа өгөх нь гэж ойлгох хэрэгтэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид