Улаанбаатар 1c

Н.Энхболд: Улстөрчдөд зовлон ч бий, жаргал ч бий

Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа. 

Хамгийн чухал нь бид их чухал, ач холбогдолтой тогтолцооны өөрчлөлтийг бий болголцлоо

-Эзэмшсэн мэргэжлээрээ бол та манай хэвлэлийн салбарын хүн юм билээ. Ажил, амьдралын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-Төв аймагтаа арван жилээ төгсөөд Москва явж, Хэвлэлийн инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ 16 жил ажилласан. Тэгээд дахин Москва явж, Намын дээд сургуульд улс төрийн боловсрол эзэмшиж, Монголдоо ирээд хэвлэлийнхээ салбарт гурван жил ажиллаж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайд Л.Энэбишийн ажлын албанд зөвлөхөөр ажилд орсон. Түүнээс хойш үндсэндээ төрийн, байгууллагад ажиллаж байна. 

-Та 20 жил УИХ-д суужээ. Таны хувьд батлалцсан хамгийн чухал хууль нь Үндсэн хууль байв уу?
УИХ-ын ямар ч гишүүн “тийм” гэх байх шүү. Учир нь гишүүний үндсэн ажил хууль боловсруулж батлах явдал. Үндсэн хууль түүний нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж батлана гэдэг хүн болгонд тохиох завшаан биш. Сүүлийн 30 жил явж ирсэн төрийн тогтолцоонд болох болохгүй юм их байна гэдэг нь зөндөө харагдсан. Энэ чинь ердөө энэ удаагийн УИХ хийчихсэн өөрчлөлт биш. 

Хоёр, гурван УИХ дамжиж, хувийн, бүлэглэлийн олон янзын ашиг сонирхолыг давж байж, нийгэмд ч “Нээрэн тийм байна” гэдэг уур амьсгал бүрдэж, хамгийн хүчтэй эсэргүүцдэг хүмүүс хүртэл хэлэх үггүй хүлээн зөвшөөрч, жагсаал, цуглаан зохион байгуулалгүй өөрчлөлт орлоо. Одоо энэ тогтолцоогоор дутуу, буруу бүхнийг зөв болгоод явбал Монголын төр цэгцтэй болно гэж бодож байна. Одоо байгаа хөрөнгийн, хүний, туршлагын нөөцөө цэгцтэй байлгаж, тодорхой асуудлуудад зориулж чаддаг хэн юу хийж ямар хариуцлага хүлээх нь илүү ойлгомжтой тогтолцоо руу орж байна гэж би хувьдаа харж байгаа юм. 

-Үүнийг яагаад эрт хийгээгүй юм бэ?
Бид анхнаасаа олуулаа ярьдаг, чөлөөтэй, олон намын, нийгмийнхээ уур амьсгалыг мэдэрч байж  ажлаа хийхгүй бол болдоггүй тогтолцоог сонгоод авчихсан. Тийм учраас нэг хүн, бүлэг хүмүүс хэчнээн хүссэн ч тэр дор нь өөрчлөлт хийх боломжгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд өөрчлөлт оруулж болоогүй олон хүчин зүйл бий. Тухайн үеийн нөхцөл байдал нийгмийн уур амьсгал гээд л. 

Сонгуулийн төлөө биш , би үүнийг хийх ёстой гэж л зүтгэдэг

-Монголчуудын амьдрал сүүлийн 30 жилд хэр өөрчлөгдсөн бол. 
-Намайг анх 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байхад тэр үеийн хүмүүсийн, аймаг, сумдын хүсэж хүлээдэг зүйл их өөр байсан. Энэ хугацаанд олон асуудал шийдэгдсэн. Энэ хугацаанд алдсан оносон зүйл байгаа ч сайн тал нь давна. Эдийн засаг тэр үеэс 12-13 дахин өссөн. Үр шим нь тойруу замаар ч болтугай хүн бүхэнд хүрч байгаа. Хүмүүсийн орлого, амьдралын чанар өөр болсон. Би үүнд итгэлтэй байгаа. 

-Ер нь Төв аймгийн онцлог давуу тал юу вэ. Та хамгийн сайн хэлэх болов уу?
-Төв аймагт Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг Улаанбаатар хотыг дагаж, хотжиж хөгжихийн зэрэгцээ тэжээж ирсэн аймаг. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд аймгийн төвийн нүүр царай маш сайхан өөрчлөгдсөн. Аливаа бүс нутаг, хотыг хөгжүүлнэ гэдэг хүмүүс очоод хийх ажилтай, амьдрах боломжтой болгож, очих сонирхлыг нь бий болгох хэрэгтэй, дэд бүтэц бий болгох хэрэгтэй. Амьдралд нь тустай орчин нөхцөл бий болгох хэрэгтэй. 2005 оны үеэс эхлээд шинэ нисэх онгоцны буудлыг хаана барих вэ гэж хэлэлцэж эхэлсэн.

Төв аймагтаа арван жилээ төгсөөд Москва явж, Хэвлэлийн инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ 16 жил ажилласан. Тэгээд дахин Москва явж, Намын дээд сургуульд улс төрийн боловсрол эзэмшиж, Монголдоо ирээд хэвлэлийнхээ салбарт гурван жил ажиллаж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайд Л.Энэбишийн ажлын албанд зөвлөхөөр ажилд орсон. Түүнээс хойш үндсэндээ төрийн, байгууллагад ажиллаж байна. 

Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулагдсан, удахгүй ашиглалтад орох гэж буй энэ том нисэх онгоцны буудал манай аймгийн хөгжлийг араасаа дагуулж явна. Дөнгөж сая УИХ-аас тогтоол гаргаад шинэ нисэхийн баруун талд Шинэ Зуунмод, зүүн талд нь олон жил яригдсан Майдар хотыг байгуулах тухай шийдвэр гаргасан. Манай аймаг Монгол Улсын хөгжлийн томоохон тулгуур, суурин газар болох, хамгийн чухал нь залуу үеийн хүсэл шаардлагад нийцсэн орчин бүрдүүлсэн аймаг болж чадна гэдэгт итгэлтэй байна. Том зах зээл, дэд бүтцээ дагасан хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжлийн цогц бүс болох бүрэн боломж, давуу тал байна.

-Гол нэг зүйл бий. УИХ-ын гишүүн эсвэл хэн нэг сайд, дарга солигдоход түүний хэрэгжүүлж байсан ажлууд үргэлжилдэггүй, хэчнээн чухал байсан ч орхидог тал манайд түгээмэл?
-Тийм шүү. Төрийн зүгээс томоохон асуудал шийдвэрлэхэд бодлогын залгамж чанар маш чухал. Харин манай аймагт бодлого харьцангуй тогтвортой явж ирсэн болохоор асуудлууд богино хугацаанд, бодитой шийдэгдэж байсан.  Төв аймаг бүхэлдээ түүний дотор Зуунмодыг тойрсон бүс нутгийн хөгжлийн асуудлын ирээдүйг баттай тавигдсан гэж бодож байгаа. 

-Сонирхож асуухад Төв аймагт цэргийн ямар байгууллага байдаг вэ. Цэргийн байгууллагууд байснаар орон нутгийн хөгжил дэвшилд ямар нөлөөтэй вэ? 
-Манай аймгийн нутаг дэвсгэрт зэвсэг хүчний гурван томоохон бүтэц үйл ажиллагаагаа явуулдаг. Хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийнхээ дагуу аймагтай маш сайн хамтран ажилладаг. Энэ хооронд Зуунмодод Хуурай замын цэргийн командлал шилжин байрлалаа. Ажилтан албан хаагчдын орон сууц ашиглалтанд орлоо. 

Хүн орж байгаа усаа гүнзгий юү, урсгал нь ширүүн үү, хаагуур нь цүнхээл, хаана нь гарам байдгийг мэдэж байж орох ёстой

-Улстөрч байх хэцүү юү. Таны шандсыг сорьж байсан, хувь хүний хувьд бачууруулахаар зүйл юу байдаг вэ? 
-Ямар ч хүн дандаа дардан цагаан эсвэл хар бараан замаар явдаггүй. Хэнд ч зовлон зүдгүүр, аз жаргал байж л таарна. Ямар ч тарган цатгалан, баян, эрх мэдэлтэй хүний амьдралд зовлон байж л байгаа. Би өөрийгөө улстөрч гэж бодохоосоо илүү төрийн хүн гэж бодож явдаг. За яах вэ, өндөр албан тушаал хашиж байгаа төрийн албан хаагчдын хувьд гарцаа байхгүй улс төрд татагдаад орж байгаа болохоор “Би улстөрч биш, би төрийн л хар хүн” гэх утга муутай. Хэрэгжүүлж, ажил болгож байсан зүйлс зогсох их харамсалтай байдаг. Хайран юм. Үүний оронд энэ их мөнгийг өөр зүйлд зарцуулж, энэ төсвөөр өөр ажил шийддэг байж” гэж бодох жишээтэй. Мөн хуулийн төсөлд хуулийн заалт ийм байвал хэрэгжихэд дөхөмтэй, арай гол руугаа чиглэсэн гэж бодож байтал төсөөлөөгүй, эсрэгээр батлагдсан үед харамсана.

Би хэчнээн бодоод хэзээ ч бүтэхгүй зүйлдээ цаг, хөрөнгө, нерв зарах хэрэггүй гэж боддог. Миний ухаан, хүч хүрэх боломжийн зүйл байвал би чадна. Би давна гэсэн юмныхаа төлөө бол дуустал нь явах ёстой гэж боддог. Олон нийтэд таньж мэдэгдээд, хамт ажиллаж байгаа хүмүүстээ өөрийгөө таниулаад, тодорхой бодлогуудаа хууль болгоод, хуулиа хэрэгжүүлээд явах сайхан. Сайн хууль нүдэнд харагдаж гарт баригдахгүй үйлчилдэг болохоор ихэнхдээ хүмүүс анзаардаггүй. Аль ч улсад тийм л дээ. Тэгэхээр улстөрчдөд зовлон ч бий, жаргал ч бий. Хүн орж байгаа усаа гүнзгий юү, урсгал нь ширүүн үү, хаагуур нь цүнхээл, хаана нь гарам байдгийг мэдэж байж л орох ёстой. Мэдэхгүй, огт судлаагүй юм руугаа орчихоод живж үхчих гээд сандраад байвал тэр хүний өөрийнх нь л асуудал. 

-Өнгөрсөн дөрвөн жилийн танай “ангийнхан” дунд янз янзын л хүмүүс байлаа. Олон янзын л үйл явдал өрнөлөө. Энэ дөрвөн жилд иргэдийн амыг харж бусдадаа буйр суурьтай үг хэлэх, асуудалд өөр өнцгөөс хандаж дуугарах байх гэж хүлээж байсан цөөн хэдэн хүний нэг нь та. Өөрөөр хэлбэл, улстөрчид дундаа хааяа ч гэсэн хурц үг хэлж, эрс шийдэмгий шийдвэр гаргах ч гэдэг юм уу тийм байдал таниас бараг гардаггүй. Ядаж л өмнөх Засгийн газрыг “унагах” үеэр намынхан болоод бусад хүмүүс таныг ямар нэгэн юм хэлээсэй, хийгээсэй гэж хүсэж байсан байх?  
-Би аливаа асуудлаас хойш сууж, чимээгүй, аятайхан шиг мултарчихая гэж боддоггүй. Эцсийн дүндээ хүний үг яриа биш, гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдэл л хүний баттай байр суурийг харуулна. Улс төрийн амьдралд ч өнөөдөр нэг юм ярьчихаад, маргааш нь өөр юм яриад байдаг явдал зөндөө л байдаг. Төрийн ажлын дадлага туршлага бага,  энэ чиглэлээр ажиллаж байгаад алдаж үзээгүй, алдаанаасаа сургамж авч үзээгүй нэлээд хүн УИХ-д  орсон нь нэр төрд нь  тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж боддог. Яг үнэнээ хэлэхэд манай улс барууны капиталист нийгмийн тогтолцоог аваад хөгжүүлээд явж байгаа улсууд шүү дээ. Тэрнээсээ сайн талыг нь авсан шигээ муу зүйлийг нь ч зөндөө авсан. Эрх ашиг, хөрөнгө мөнгөний төлөө зөрчлүүд гарч байна.

Төрийн зүгээс томоохон асуудал шийдвэрлэхэд бодлогын залгамж чанар маш чухал. Харин манай аймагт бодлого харьцангуй тогтвортой явж ирсэн болохоор асуудлууд богино хугацаанд, бодитой шийдэгдэж байсан.  Төв аймаг бүхэлдээ түүний дотор Зуунмодыг тойрсон бүс нутгийн хөгжлийн асуудлын ирээдүйг баттай тавигдсан гэж бодож байгаа. 

Нэг хэсэг нь “Энэ тогтолцоо чинь болохоо байлаа” гэж байхад нөгөө хэсэг нь “Бид үүнийг сонгосон бол угаасаа л энэ замаар явах ёстой” гэж ойлгосон байдаг. Ингэж явсаар байгаад өнөөдөрт хүрч, шуудхан хэлэхэд баян, хоосны ялгаа гарч нийгэмд үл ойлголцол, эргэлзээ үүсчихлээ. Бидний сонгож аваад явж байсан зам л өөрөө ийм зүйлд хүргэчихсэн байхгүй юу. Үүнээс  болоод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төр доргионтой байлаа. Харин одоо үүнийг өөрчилье, ийм байж болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн цаг ирж байна. Чанга дуугарах, дуугарахгүйн хувьд. Ард түмний асар том итгэл найдварыг хүлээгээд 64 хүнтэй олонх болж УИХ-д сууж байдаг. Тэгээд дотроо янз бүр болоод эхэлдэг. Гэтэл би бас энэ намын нэг бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Би бол ийм том итгэл, ийм олон суудал авчихаад нэг нам дотроо ингэж хагарч болохгүй ээ. Бидэнд асуудал байгаа бол дотроо ярилцаж, шийдэх хэрэгтэй. Хоёр хуваагдаж харагдатлаа хагарч болохгүй. Олны нүдэнд харагдахгүй зөв шийдэх арга замууд байгаа л гэж харж байсан. Аль нэг талд орж нөгөөгийнх нь тухай ярихаасаа илүү “Бид  ингэж болохгүй шүү дээ” гэсэн байр суурийг баримталсан. Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн. Энэ миний үйлдэл байр суурь байсан. 

-Танай намынхан эвтэй байж чадаагүйгээсээ болоод юу алдсан бэ?
- Нэг намд итгэл алдах бол ардчилсан сонгуулийн тогтолцоотой улсад байх л асуудал. Гэтэл нийгэм бүхэлдээ төрийн эрх барих дээд байгууллагадаа итгэл алдана, төр иргэн хоёрын хоорондын итгэл алдарна гэдэг улс орны аюулгүй байдал, хөгжил гээд бүх зүйлд хортой. Би энэ үүднээс хандсан.  УИХ гэдэг институцид итгэл алдарчихсан хүмүүс дараагийн сонгуульд “Хэн нь ч байсан яадаг юм” гэсэн сэтгэлгээгээр сонгуульд хандаж магадгүй. Энэ бол хамгийн их бодох ёстой зүйл. Ахмад гишүүдийн нөлөө гэж бий. Залуучууд уулзана аа, ирээд ярина аа. Энэ нь яах бол, үүн дээр яах вэ гэж. Тэр болгонд нь “Наадах чинь дэмий дээ, урьд нь ингэж алдаж байсан юм.

Ер нь цаашид ингэвэл зүгээр” гэх зэргээр хувийн амьдралд ч, хувьсгалын амьдралд ч намын их хурал, хуульд ч байр сууриа хэлж, зөвлөдөг. Эцсийн дүндээ бодлогын асуудал чинь хэн микрофоны өмнө олон гарч, чанга хашгирсанаар шийдэгддэггүй л байхгүй юу. Ярьж хэлж ойлголцож байж л болдог зүйл. Нэг нам, нэг бүлэг, нэг байнгын хороо ч гэсэн дотроо олонх нь болтлоо ярилцаж, зөвшилцөж байгаад шийдвэр гаргадаг зарчимтай. Бүлэг дээр бол би байр сууриа маш тодорхой хэлдэг, илэрхийлдэг. Заримтай нь муудалцаж, өрөө тасалгаандаа орж, наана цаана болж хүртэл явж л байлаа. Харин энэ асуудалд би ийм байр суурьтай байсан, тийм учраас ингэчихлээ гээд нэг их попроод байдаггүй. 

Батлан хамгаалах салбарыг богино хугацаанд удирдахдаа чадах зүйлсээ хийчихсэн  болхоор өөртөө их итгэлтэй байгаа шүү

-Та энэ Засгийн Газрын гишүүний хувьд, мөн хувь хүнийхээ хувьд хамгийн хариуцлагатай бөгөөд бахархам гэж болох Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг удирдаж ажиллалаа. Энэ хугацаанд та салбартаа, бие бүрэлдэхүүн, албан хаагчид чиглэсэн ямар ажил хийсэн бэ? 
-Батлан хамгаалах бол үнэхээр онцлогтой салбар. Би УИХ-д анх сонгогдсоноосоо хойш хоёрхон байнгын хороонд ажилласан. Нэг нь Төрийн байгуулалтын байнгын хороо, миний сурсан мэргэжил бол улс төрийн удирдлага шүү дээ. ОХУ-д намын дээд сургуульд сурлаа. Тухайн үед чинь нэг намын тогтолцоотой байсан үеийн сургууль. Дараа нь Австрали Улсад төрийн бодлогоор суралцаж төгссөн.

Тэгэхээр би мэргэжлийнхээ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо мөн сонирхлын дагуу Аюулгүй байдал, гадаад бодлого энэ хоёр байнгын хороонд ажиллаа. 20 жилийн хугацаанд УИХ-аар орсон аюулгүй байдал, гадаад бодлого, төрийн байгуулалттай холбоотой бүхий л хууль тогтоомжид оролцож явсан. Үүгээр зогсохгүй нэлээд хэсгийг нь өөрөө санаачилж, ажлын хэсгийг нь ахалж, бүрэлдэхүүнд нь орж ажилласан. Энэ салбарын талаар мэдлэгтэй, боловсролтой, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн, туршлагатай учраас Ерөнхий сайд шинэ Засгийн Газар байгуулахдаа “Та энэ яамыг аваад яваач ээ” гэж надад санал болгосон гэж бодож байгаа.

Хэдийгээр энэ салбарын асуудалд хууль, эрх зүйн орчных нь хувьд орж байсан ч очоод үзэхэд шинэ мэдрэмж. Тухайлбал, сахилгатай, хариуцлагатай, үүргээ гүнзгий ухамсарласан хүмүүс байдаг юм байна. Ер нь цэргийн удирдах албан шатанд алба хааж байгаа хүмүүс бол заавал бүх шатны сургуульд сурсан, тодорхой хэмжээний дамжлагаар албан тушаал хашиж ирсэн. Нэг сонгууль болохоор л цоо шинэ хүн очоод, цэргийн хариуцлагатай албанд томилогдоно гэж бараг байхгүй. Тэр талаас нь авч үзвэл Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэргийн командлалууд дандаа шат, шатандаа бэлтгэгдсэн, дор хаяж бүх дамжлагаар дамжсан байдаг нь салбарын үйл ажиллагаа харьцангуй тогтвортой явж ирэхэд нөлөөлсөн байдаг.

Боловсролын хувьд ч цэргийн алба хаагаад, ахлагчийн сургууль төгсөөд, гадаад дотоодын, шат шатны хоёр ч юм уу сургууль, академи төгссөн хүмүүс ажилладаг болохоор маш цэгцтэй. Ийм л таатай, хүмүүс нь бэлтгэгдсэн орчинд би ажилласан. Ялангуяа энхийг сахиулах ажиллагаанд манай улс сүүлийн 10 гаруй жил оролцож ирсэн нь бие бүрэлдэхүүнийг цэргийн мэдлэг, бэлэн байдал, гадаад дотоод нөхцөл байдлыг үнэлэх, хүнтэй харилцах чадвар, гадаад хэл  зэрэг олон зүйлд сургасан байна. 

-Энхийг сахиулагчдын чадвар, нэр төр бол Батлан хамгаалах яамны өмнөө барьдаг хамгийн сайн үлгэр, жишээ. Гэхдээ энэ салбарт хийж, сайжруулах зүйл бишгүй л байгаа биз дээ. Таныхаар юунаас эхлэх, юу хийх хэрэгтэй вэ, цаашид?
-Батлан хамгаалахын салбарт хамгийн их бодох зүйл төсөв, санхүүжилтийн асуудал. Төр засгаас Батлан хамгаалахын салбарт үнэхээр анхаарал тавих цаг болсон. Би үүнийг нууж хаалгүй хэлж байгаа.  Монгол Улс цэрэгтэй байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэдэг яриа хүртэл 90-ээд оны дараа гарч байсан. Тэр үед дайн, байлдааныг ХХ зууны үеийн дайн байлдаан шиг бодож, цэрэг армитай, хүчирхэг зэвсэг, олон хүнтэй байж үзэлцэнэ гэдэг бодол давамгайлж байсан байх. Гэтэл орчин үеийн дайн байлдаан, зэвсэгт өрсөлдөөний хэмжээ, агуулга хэлбэр, цар хүрээ нь тэс өөр болчихлоо.

Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэдгээ Үндсэн хуулиараа тунхаглачихсан. Цэрэгтэй байх л юм бол буугүй, танкгүй, онгоцгүй цэргээр юу хийх вэ. Энэ талаас нь бодоод ирэхэд одоог болтол хөрөнгө оруулалт дутагдалтай явсаар ирсэн. Энэ л их харамсалтай юм. Үүнд л манай цэргийнхэн сэтгэл дундуур явдаг. Гүйцээж, нөхөж, орчин үеийн болгож хөгжүүлж байгаа нь дандаа гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа. Өдөр тутмын байгаа хөрөнгөдөө тааруулаад барилга, байшин барих нэг асуудал.

Бодлогын асуудал бол өөр. Би түрүүнд хэлсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ажиллах чиглэлээрээ сүүлийн 5-6 жилийн хугацаанд хийгдсэн Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, цэргийн номлол, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албан хаагчийн тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын хууль, Дайчилгааны хууль гээд энэ бүх хуулийг нэг бол өөрөө санаачилж, эсвэл ажлын хэсгийг нь ахалж ирсэн. Ялангуяа сайд болсноосоо хойш гаргасан Зэвсэгт хүчний цаашдын хөгжлийн том суурь болсон 3-4 том хуулийг  гардаж, санаачилж, хариуцаж, Засгийн Газраар оруулж УИХ-аар батлаад, байнгын хороод болон УИХ-ын гишүүдтэйгээ ярьж ойлгуулж, дэмжүүлсэн. Үүндээ сэтгэл хангалуун байгаа.

-Тодруулбал?
-Жишээлбэл, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль. Энэ бол манай зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчимд шинэ өөрчлөлт оруулж байгаа хууль. Цэргийнхэн өөрсдөө маш сайн ойлгож байгаа. Хөгжлийн маш том чиг хандлагыг тодорхойлсон хууль. Дайчилгааны тухай хууль байна. Энэ орон нутгийн хамгаалалт, дайчилгаа, зэвсэгт хүчин гурвын тогтолцоо нийлээд манай батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулуу нь юм. Зэвсэгт хүчний тухай хууль гарчихсан байсан. Харин Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, бусад хуультайгаа уялдуулах, жигдлэх зэргээр ажилласан.

Мөн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой хуулиудад жишээ нь, цалин нэмэгдүүлэх, цалингийн зэрэглэлийг ахиулах зэрэгт анхаарал хандуулсан. Энэ бол манай яамнаас санаачлаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтраад хийсэн асуудлууд л даа. Алслагдсан нутагт ажиллаж байгаа цэргийн албан хаагчид, энгийн албан хаагчдын урамшуулал, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг мөн батлуулсан. Хоёрхон жилийн дотор бид бүхэл бүтэн сумын төв,  урд өмнө нь хэзээ ч монголчууд өөрсдөө хийж байгаагүй нефтийн  хүнд даацын авто зам тавьчихлаа.

Одоо төмөр замын ажилд манайхан үнэхээр манлайлж оролцож байна. Энэ сууриуд дээр үндэслээд бид Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд “Бүтээн байгуулалтыг дэмжих төв” гэж байгуулсан. Энэ төв бүтээн байгуулалтын ажилд цэрэг гараад явлаа л гэвэл араас нь эмнэлэг, хоол хүнс, ахуй хангамж, холбоо гээд бүх зүйлийг нь цэргийн зохион байгуулалтаар шийддэг. Үнэхээр зохион байгуулалт сайтай, бүтээмж өндөртэй ажиллаж чадаж байна. Энэ суурин дээр би чуулган хаагдахаас өмнө нэг хууль батлуулсан. Тэр юуны тухай хууль вэ гэхээр Барилга, инженерийн цэргийг шинээр бий болгох.

Манайд урьд нь байгаагүй кибер аюулгүй байдлын төрлийн бие даасан цэрэг, тусгай хүчний цэрэг тусгайлан бэлдэх асуудал. Ажил эхэлчихсэн явж байна. Жанжин штабын дэргэд байгуулсан кибер аюулгүй байдлын төвийг алхам, алхмаар өргөжүүлээд явж байна. Цаашдаа бие даасан төрлийн цэрэг болгоно. Энэ талаар бас төсөв хөрөнгөө тооцоолчихсон. Одоогийн байгаа Хуурай замын болон Агаарын цэрэг дээр дээрх гурван төрлийн цэрэг нэмэгдсэнээр нийт таван бие даасан цэргийн тогтолцоотой болно. Цэргийнхэн тэр дундаа аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагын хүмүүс үнэхээр том ажил болсныг харж байгаа байх. Үүндээ би бас их эрдэж байгаа шүү. 

-Та ОХУ-д суралцаж төгссөн. Энэ нь танай яамны гадаад харилцаа Оросын талтай сайн харилцаатай байхад нөлөөлж байна уу. Сайд байх хугацаандаа Оростой холбоотой цөөнгүй ажил амжуулж, олон улсад ч энэ талаараа нэлээд ойлгогдох шиг боллоо?
-Манай улсад цэрэг, цэргийн талаар хамтын ажиллагаандаа онцгой анхаарах хэд хэдэн улс бий. Мэдээж ОХУ, БНХАУ хоёр. Мөн манайхыг тойрсон улсууд болох Турк, Вьетнам, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг стратегийн хувьд заавал холбоотой байх ёстой улсууд. Дээр нь Америк, Герман хоёр орно. Би сайдын ажлаа аваад эдгээр бүх орны сайдтай уулзсан. Гадаад харилцаанд ажиллаж байсан туршлага хэрэг болсон.

Өөрийгөө магтаж байгаа юм биш, хэлний мэдлэг чухал хэрэг болж байлаа. Тэр хүмүүстэй шууд ярилцаж, санаа бодлоо илэн далангүй хэлэлцэж байсан нь давуу тал болсон. Би угаасаа жижиг  орны Батлан хамгаалахын сайд юм чинь туслалцаа эрэхэд надад ерөөсөө амар. Тэд ч мэдэж байгаа. Сайд нартай итгэлцсэн харьцаатай байсан нь манай салбарт сайнаар нөлөөллөө гэж боддог. Би энэ хугацаанд Шойгу сайдтай 7, Хятадын сайд Вэй, америк, германы сайдтай тус бүр хоёр удаа биечлэн уулзсан. Хоёр байлдааны онгоц зүв зүгээр бэлэглэнэ гэдэг бол хамтын ажиллагааны түвшинг харуулж байгаа юм. Хэдийгээр олон зуун онгоцтой оросуудад хоёрхон онгоц юу ч биш ч гэсэн манайд бол том олз. Яагаад урьд нь манайд өгч байгаагүй юм гэдэг чинь л гол асуудал байхгүй юу.

БНХАУ-аас олон зуун саяын өртөгтэй тусламж, зэр зэвсэг, тоног төхөөрөмж бусад зүйл нийлүүлсэн. Германы сайдтай сайн харилцаатай байгаа. Одоо тэр сайд маань Европын холбооны дарга болчихоод байна. Ер нь манай  Батлан хамгаалах яамны гадаад харилцаа маш сайн юм билээ. Бид Вьетнам, Турк, Хятад, Орос, Германтай байгуулсан гэрээг шинэчилсэн. Америктай хийсэн гэрээг дахиад тодотгосон. Одоо Солонгос, Япон хоёртой гэрээгээ шинэчлэх гэж байна. Эдгээр нь даян дэлхий, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Монгол Улсын зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд дунд урт хугацаанд үр дүнгээ өгөх ажлууд болсон гэж найдаж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид